Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2019/0011/З |
Дугаар | 263 |
Огноо | 2019-04-30 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 263
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,
Нэхэмжлэгч: “Ө” ХХК
Хариуцагч: АМГТГКХ
Нэхэмжлэлийн шаардлага: “Ө” ХХК-ийн 71******* хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэсэн АМГТГКХ-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн “Ө” ХХК-ийн 71******* ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сэргээн шийдвэрлэж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг АМГТГКХ т даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ө” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь анх “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт орших Ц******* гэдэг газарт 71******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах үүргээ биелүүлээгүй болох эс үйлдэхүйг тогтоолгох, тус компанийн боловсруулсан хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар хадгалж, кадастрын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Захиргааны хэрэг үүсч, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсныг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх...” магадлал гарсан. Үүнийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гарган 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол гарч, магадлалыг хэвээр үлдээсэн.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн магадлалд “...хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч хуульд заасан хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргах эрхээ алдсан эсэх, эсхүл уг хугацаа тасалдсан эсэх талаар дүгнэлт хийгээгүй, хугацаа сэргээлгэх хүсэлтээ тус шүүхэд гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй...” гэж дүгнэсэн юм.
Үүний дагуу манай компани нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлтээ хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болон холбогдох баримтуудыг хавсарган гарган өгсөн бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 8306 тоот захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн болно.
Манай компани Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт орших Ц******* гэдэг газарт 71******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан бөгөөд өөрийн тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагааг хуульд заасны дагуу хийж гүйцэтгэн тайлан, төлөвлөгөөгөө Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд хүргүүлж, жил бүрийн төлбөрийг бүрэн гүйцэд төлж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зөрчил дутагдал гаргаж байгаагүй болно.
Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас өмнө ордын нөөц, эрэл хайгуулын ажлын үр дүнгийн нэгдсэн тайланг хүргүүлэн 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шинжээч томилуулан “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-өөр хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа болно. Уг тайланг Ашигт малтмалын газраас томилогдсон шинжээч нь “...хайгуулын ажлыг дахин нарийвчлан хийх шаардлагатай” гэж үзэж буцаасан.
Үүний дагуу манай компани хайгуулын ажлыг дахин нарийвчлан хийх гэтэл Баян-Өлгий аймгийн Сагсай суманд 2013 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарыг дуустал малын гоц халдварт Шүлхий өвчин гарсны улмаас тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуулын ажил хийж чадаагүй юм. Энэ хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байгаа тухай Ашигт малтмалын газрын хариуцсан ажилтнуудтай удаа дараа харилцан ярилцаж, 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр албан бичгээр 71******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгохгүй байх талаар хүсэлт гаргаж байсан.
Манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаж ажиллаж байсан тул ордын нөөцийг хуулийн дагуу батлагдах хүртэл хугацаанд тусгай зөвшөөрлийг эзэмших эрх хадгалагдаж байгаа гэж үзэн ажиллаж байсан. Гэтэл Улсын Их Хурлаас 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээтэй холбоотой заалтыг хүчингүй болгож, цаашид ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулахгүй болсон.
Түүнчлэн тус талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг шинжээчийн дүгнэлтийн дагуу өөрчлөн, хайгуулын зарим ажлыг хийж дуусган, “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлэх гэтэл тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн тул хэлэлцүүлэх боломжгүйд хүрч, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөд байна.
Энэ тухай Ашигт малтмалын газрын даргад 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр албан бичгээр хандсан боловч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс “...тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон тул сунгах боломжгүй” гэсэн хариуг 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 6/3771 тоот албан бичгээр ирүүлсэн болно.
Манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасан хугацаа дуусахаас өмнө холбогдох шинжээч томилуулан “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаар тайланг хэлэлцүүлэх шатанд тус газрын Кадастрын хэлтэс нь хугацааг дуусгавар болгон бүртгэл хийсэн, тусгай зөвшөөрлийн 9 жилийн хугацаа дуусч, цаашид сунгуулах хуулийн боломжгүй, ашиглалтын өмнөх үйл ажиллагаа явуулж байгааг харгалзан үзээгүй нь цаашид ордын нөөцийг “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах боломжгүй болгож, манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.
Тус шүүхэд хандан “АМГТГКХ-ийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт орших Ц******* нэртэй газарт 71******* дугаартай, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хэвээр хадгалах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг тогтоолгох, тус компанийн боловсруулсан хайгуулын ажлын үр дүнгийн тайланг “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх хүртэлх хугацаагаар хадгалж, кадастрын бүртгэлд өөрчлөлт оруулахыг АМГКХ-т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэр 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба хариуцагч талын гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж, 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “...хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан” магадлал гарсан бөгөөд үүнийг хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн магадлалд “...хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч хуульд заасан хугацааг хэтрүүлж, нэхэмжлэл гаргах эрхээ алдсан эсэх, эсхүл уг хугацаа тасалдсан эсэх талаар дүгнэлт хийгээгүй, хугацаа сэргээлгэх хүсэлтээ тус шүүхэд гарган, шийдвэрлүүлэх эрх нээлттэй...” гэж дүгнэсэн.
Үүний дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх” тухай хүсэлтээ гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 8306 тоот захирамжаар уг хугацааг сэргээж шийдвэрлэсэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.
Иймд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах боломжгүй болсон тул тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлд зохих өөрчлөлт оруулахыг тус газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.
Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Ө” ХХК-ийн 71******* хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэсэн АМГТГКХ-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн “Ө” ХХК-ийн 71******* ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сэргээн шийдвэрлэж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг АМГТГКХ т даалгах, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ц******* нэртэй газарт орших 71******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд тус тус даалгах” гэж өөрчлөн нэмэгдүүлсэн бөгөөд өнөөдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, АМГТГКХ т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Ө” ХХК нь 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03/2013 албан тоотоор 71******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дуусч байгаа тул Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дуустал тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгаж өгөхийг хүссэн бөгөөд тухайн үед үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн хугацаа дуусгавар болж байгаа тул тусгай зөвшөөрлийг сунгах эрх төрийн захиргааны байгууллагад олгогдоогүй бөгөөд сунгах хууль зүйн үндэслэл байхгүй.
Ашигт малтмалын газрын даргын Тусгай зөвшөөрлийн маргаантай байх хугацааны бүртгэл хөтлөх тухай 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 69 дүгээр “Үүрэг болгох тухай” 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 155 дугаар тушаалуудаар тусгай зөвшөөрлийн эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж тусгай зөвшөөрлийн эрхийг дуусгавар болгох, цуцлах, хүчингүй болгох буюу уг асуудлаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг хэрхэн тооцох асуудлыг шийдвэрлэдэг байсан бөгөөд дээрх тусгай зөвшөөрлийн хувьд төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй тул хугацааг сэргээн шийдвэрлэх боломжгүй юм.
“Ө” ХХК нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1645 дугаартай шийдвэрээр шинжээч томилуулсан хэдий ч тусгай зөвшөөрлийнхөө хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ордын нөөц хэлэлцүүлэх тайлангаа өгөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссаныг Кадастрын бүртгэлийн системд 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дуусгавар болгож бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах үүрэг нь төрийн байгууллагын үүрэг биш харин тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ө” ХХК-ийн хуульд заасан үүрэг бөгөөд энэ тухай Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу хайгуулын 71******* тоот тусгай зөвшөөрлийг сунгах, тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оруулах үндэслэлгүй юм.
“Ш” ХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ц******* нэртэй 8318.47 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 71******* дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 806 тоот шийдвэрээр шилжүүлж авсан.
Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө.”, 48.4-т Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасан нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас боломжит хугацааны өмнө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хандана гэсэн үг юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлд Төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээг зааж өгсөн бөгөөд 10.1.9-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий мэргэшсэн мэргэжилтнээс бүрдсэн гишүүдтэй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний дүрэм, шинжээчийн ажлын хөлс тооцох аргачлалыг батлах” гэсэн чиг үүргийнхээ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Дүрэм, аргачлал батлах тухай” А/46 дугаар тушаалаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталсан. Уг дүрмийн 2.1.2, 2.2.2-т тус тус заасны дагуу Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн үр дүнгийн тайланд шинжээчийн дүгнэлт гаргуулж төрийн захиргааны байгууллагын асуудал хариуцсан нэгжээр хянуулж, хэлэлцүүлэх тухай санал авсны үндсэн дээр Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн зөвлөмж, дүгнэлтийг гаргах зэрэг процессийн болон холбогдох заавар, журам, нөөцийн ангилалд нийцсэн эсэх үйл ажиллагааг зохицуулсан байгаагаас үзвэл хүчин төгөлдөр бүртгэлтэй тусгай зөвшөөрлийн хувьд хамаарагдахаар байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй.” гэж зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өргөдөл гаргах эрхтэй боловч мөн хуулийн 25 дугаар зүйлд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах журмыг зохицуулсан байх бөгөөд өргөдөл “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр”-ийг хавсаргахаар заасан байдаг.
Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж хуулийн хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй нь Төрийн захиргааны байгууллага болон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийг буруутгах үндэслэлгүй юм.
“Ө” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан шаардлагыг хангаагүй тул Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна.” гэж заасны дагуу хянан шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч “Ө” ХХК нь тус шүүхэд хандан “Ө” ХХК-ийн 71******* хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэсэн АМГТГКХ-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн “Ө” ХХК-ийн 71******* ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сэргээн шийдвэрлэж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг АМГТГКХ т холбогдуулан гаргасан.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Маргаан бүхий үйл баримтын тухайд:
1. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг, Ц******* нэртэй газарт орших 8322 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын 71******* дугаар тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны /хуучин нэрээр/ даргын 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр иргэн С.Т-д олгожээ.
Улмаар С.Т-с гаргасан хүсэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 1375 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг “Ш” ХХК-д шилжүүлснийг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэж,
“Ш” ХХК-иас гаргасан хүсэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2008 оны 806 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын 71******* дугаар тусгай зөвшөөрлийг “Ө” ХХК-нд шилжүүлснийг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэж шийдвэрлэжээ.
2. Энэ хугацаанд /Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2004 оны 207 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын 71******* дугаар тусгай зөвшөөрлийг анх олгосноос хойш/ уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2007 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1361 дүгээр шийдвэрээр 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 356 дугаар шийдвэрээр 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаагаар тус тус сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэл хийн, энэ тухай мэдэгдлийг 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 6-2720 дугаар албан бичгээр “Ө” ХХК-д мэдэгдсэн байна.
3. Улмаар нэхэмжлэгч “Ө” ХХК-иас 2013 оны 3 дугаар сарын 18-ны огноо бүхий “Шинжээч томилуулах тухай” хүсэлтийг Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гаргасныг тус газар ирсэн бичгийн бүртгэлийн 1645 дугаар бүртгэн авч, 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шинжээчээр О.Ч-г томилжээ.
Энэ дагуу шинжээч О.Ч 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Ө” ХХК-д “...20-40 м-ээс цааш гүнд ямар ч судалгаа хийгээгүй байна. ... ордын судалгааг бүрэн хэмжээнд хийж, нөөцийг тооцон бодох шаардлагатай. ... хайгуулын судалгааг бүрэн гүйцэд хийж, түүний үр дүнгээр нөөц тооцсон бодсоны дараа хайгуулын ажлын үр дүнгийн нөөцийн тооцоотой тайланг шинжээчид дахин танилцуулахыг зөвлөж, ордын хайгуулын ажлын тайланг” буцаасан байх бөгөөд үүнээс хойш маргаан бүхий акт болох “Ө” ХХК-ийн эзэмшиж байсан 7162 Х дугаар тусгай зөвшөөрлийг дуусгавар болсныг бүртгэсэн бүртгэл хийгдсэн 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлэх хүсэлтийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд дахин гаргаагүй,
энэ хооронд нэхэмжлэгч “Ө” ХХК-иас Ашигт малтмалын газрын Геологийн албанд хандан 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 03/2013 дугаар албан бичгээр “...тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 3 дугаар сарын 29-нд дуусч байгаа тул ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцүүлж дуустал тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунган өгч бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү” гэсэн хүсэлтийг гаргасан байна.
4. Үүнээс хойш “Ө” ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 89 дүгээр албан бичгээр АМГКХ-т хандан “... тус компани эзэмшилд байсан ... 7162 Х тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дуусгавар болгосон байна. ... манай компани хайгуулын үр дүнгийн тайланд 2014 оны 3 дугаар сарын 20-нд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс шинжээч томилуулсан. ... тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байх боловч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 6-4888 дугаар албан бичгээр хариуг өгсөн,
нэхэмжлэгчээс дахин 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмалын газрын даргад хандан “...манай эзэмшиж байгаа 71******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээж, хүчин төгөлдөр хэвээр хадгалж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасныг хариуцагчаас 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 6/3771 дүгээр албан бичгээр “... гомдол гаргах хугацаа өнгөрсөн тул хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүйг” гэсэн хариуг тус тус өгчээ.
5. Хариуцагчийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “...тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хэвээр хадгалах үүргээ биелүүлээгүй болох эс үйлдэхүйг тогтоолгох, ... хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх хүртэл хугацаагаар хадгалж, кадастрын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 405 дугаар тогтоолоор “...анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлэн гаргасан уг нэхэмжлэлийг шууд хүлээн авч ...шийдвэрлэсэн нь буруу болсон” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
6. Нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх тухай” хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШЗ2018/8306 дугаар захирамжаар “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж” шийдвэрлэснээр “Ө” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд хандан “АМГТГКХ манай компанийн 71******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хэвээр хадгалах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг тогтоолгох, АМГТГКХ-ийн тусгай зөвшөөрлийн бүртгэлд “Ө” ХХК-ийн 71******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “хүчин төгөлдөр” гэсэн өөрчлөлт оруулахыг АМГТГКХ т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг АМГТГКХ т холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа,
АМГТГКХ т холбогдуулан “Ө” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэсэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн “Ө” ХХК-ийн 71******* ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр хугацааг сэргээн шийдвэрлэж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах хэмээн өөрчилж,
Уул уурхайн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ц******* нэртэй газарт орших 7162 Х тоот тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгах” хэмээн нэмэгдүүлжээ.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Уул уурхайн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болохоо тус шүүхэд бичгээр илэрхийлсэн тул шүүгчийн 2019 оны 128/ШШ2019/0262 дугаар захирамжаар “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдох нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг тусгаарласан.
7. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газар болон уг газрын Кадастрын хэлтсийн архив, бичиг баримтад хийсэн үзлэгээс үзэхэд,
“Ө” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 71******* дугаар тусгай зөвшөөрөл анх олгогдсон 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 2 удаа тус бүр 3 жилийн хугацаагаар сунгагдан, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн дээд хугацаа болох 9-н жилийн хугацаа 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болохоор байтал хариуцагчийн зүгээс хуульд заасан хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн дээд хугацаа өнгөрснөөс хойш 1 жил 1 сарын дараа буюу 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ашигт малтмалын хайгуулын 71******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэснийг нэхэмжлэгчид сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэх боломжгүй.
8. Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, бид тухайн үед Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлэхээр өгсөн байсан хэмээн тайлбарлан маргаж байх боловч тус хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 363 дугаартай шийдвэр бүхий 128/2015/0767/3 индекстэй хэргийн 41 дэх талд авагдсан “Хайгуулын ажлын тайлангийн тухай” бичиг болон 104 дэх талд авагдсан гэрч Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шинжээч О.Ч-н мэдүүлгээр, шинжээч нь “Ө” ХХК-ийн хайгуулын ажлын тайланг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө буюу 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тус компанийн хайгуулын ажлын тайлангийн буцаасан болох нь тогтоогдож байна.
Үүнтэй холбогдуулан, нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 71******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөл нэхэмжлэгчийн хайгуулын ажлын тайланг буцаасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тодорхой нотлогдож байхад хуулиар тогтоосон хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааны дээд хязгаар 9 жилийн хугацаа дуусгавар болсноор хойш 1 жил 1 сарын дараа нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 71******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн хариуцагчийг буруутан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сэргээж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй байх тул “Ө” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаа дууссан үйл баримт нь хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болох хууль зүйн факт болохын хувьд хэн нэгэн эрх бүхий этгээд эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэл зориг, шийдвэрээс үл хамааран хэрэгжих учиртай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасныг тус тус үндэслэн АМГТГКХ т холбогдуулан гаргасан “Ө” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэсэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн “Ө” ХХК-ийн 71******* ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр хугацааг сэргээн шийдвэрлэж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА