| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2019/0130/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/109 |
| Огноо | 2021-08-30 |
| Зүйл хэсэг | 22.4.4., 22.5.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/109
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д ,
орчуулагч, хэлмэрч А.Е,
улсын яллагч Х.Ө ,
шинжээч С.Д , П.Ж , З.А ,
шүүгдэгч Б.Ж ийн өмгөөлөгч Н.О , Ж.Э , А.К /цахим хэлбэрээр/, Х.З , С.Н ,
шүүгдэгч Ж.С ийн өмгөөлөгч С.Т , С.А ,
шүүгдэгч Б.Ж , Ж.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ж д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт; шүүгдэгч Ж.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1913000150040 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга ажилтай , ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын *** дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.Ж , регистрийн дугаар ******,
2. Монгол улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин гэх, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж.С , регистрийн дугаар ******.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
1.Шүүгдэгч Б.Ж нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Нийгмийн даатгалын байцаагч буюу нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд иргэн Ж.С ээс Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос шийдвэрлэх иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох актыг сунгуулж өгнө гэж 380.000 төгрөгийг шаардаж авсан гэмт хэрэгт,
2. Шүүгдэгч Ж.С нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Нийгмийн даатгалын байцаагч ажилтай Б.Ж т Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос шийдвэрлэх иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох актыг сунгуулахын тулд 380.000 төгрөг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, шинжээч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Б.Ж мэдүүлэхдээ: Манай хамаатан болох С гэдэг хүнээс мөнгө авч, тэрхүү мөнгийг буцааж өгснөө хүлээн зөвшөөрч байна. Харин би хуулийн хэрэглээ, зүйлчлэл дээр маргаж байна. Хууль хэрэглээ, зүйлчлэлийн тухайд манай өмгөөлөгч нар тайлбарлана. Харин би яагаад мөнгө авсан тухайгаа тайлбарлая.
Тухайн үед манай бэр эгч С надад хандаж “би тэтгэвэрт гарч чадахгүй байна, өмнө намайг группт гаргаж байсан эмч өндөр насны тэтгэвэрт гарсан учраас одоо надад таньдаг эмч байхгүй. Тийм учраас надад эмч олж өгөөч” гэж мөнгө гаргаж ирсэн. Тэгэхээр нь энэ мөнгө надад хэрэггүй, би групп гаргах комиссын гишүүн нь, дарга нь биш. Надад таньдаг эмч байхгүй мөнгө аваарай гэж хэлэхэд эгч маань дараа нь таньдаг эмч олдож, би эмнэлэгт хэвтэхэд энэ мөнгө хэрэгтэй болно. Одоогоор чамд байж байг, надад байвал би ойр зуурын зүйлд зарцуулах гэж байна. Тэрнээс биш уг мөнгийг надад өгөхөд эмчид өг, эсхүл С , Ө нарт өг гэж надад өгч байгаагүй. Тэгэхээр нь би уг мөнгийг хамаатандаа туслах зорилгоор авсан. Тэрнээс биш эмчид нөлөөлөх эсхүл өөр зорилгоор аваагүй. Би анх ажилд 2007 онд ороход энэ хүн группт хамрагдаж байдаг байсан. Энэ тухай би сайн мэдэж байна. 2006 оноос хойш группт хамрагдаж байгаа хүн. Групп нь ердийн өвчин, төрөлхийн өвчин гэсэн 2 ангилалтай байдаг. Энгийн нь олдмол байдаг бол төрөлхийн гэдэг нь төрөхдөө тахир дутуу төрдгийг хэлнэ.
Энэ хүн болохоор төрөлхийн тахир дутуу гэдэг оноштой явдаг. Энэ хүнийг хамт зусдаг хамаатан хүний хувьд оюуны хомсдолтой гэдгийг мэддэг. 2006 оноос хойш оюуны хомсдолтой гэсэн оношоор тахир дутуугийн тэтгэмж авдаг гэдгийг мэддэг. 2006 онд Ш гэдэг хүн дарга байхад хамрагдаж байсан. Тухайн үед магадлах эмч нь М , дараа нь Е байсан. Түүний дараа А гэдэг хүн дарга хийж байхад мэдрэлийн эмч нь Е . 2010 онд Д , эмч нь Е . 2014 онд Ш , магадлах эмч нь А , мэдрэлийн эмч нь А байсан. 2016 онд Ш , магадлах эмч нь А , мэдрэлийн эмч нь М . Дараа нь Ө , С , А нар байсан. Үндсэндээ эдгээр хүмүүс бол мэдрэлийн 4 мэргэшсэн эмч нар. Эдгээр мэргэжлийн мэргэшсэн мэдрэлийн 4 эмч Ж.С ийг оношийг дандаа худлаа гаргана гэж бодохгүй байна. Иймд Ж.С ийн эмч нь өндөр насны тэтгэвэрт гарсан, эм тунгаа авч чадахгүй байгаа байх гэдэг үүднээс хүнд тусалъя гэж уг мөнгийг нь хадгалсан. Уг мөнгийг авсан шалтгаан нь дараа нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд эмчилгээнд зарцуулах мөнгө гээд өөрөө хэлсэн учраас би хадгалсан.
Харин С д би энэ хүний оношийг тодруулах зорилгоор очсон. Түүнээс биш би мөнгө өгнө, шан харамж өгнө хэмээн огт хэлж байгаагүй. С д энэ хүн өвчтэй хүн, 13 жилийн турш тахир дутуугийн тэтгэмж авч байсан хүн одоо яагаад тахир дутуугийн тэтгэмж авч чадахгүй байна бэ, энэ хүн одоо эм тунгаа ч авч чадахгүй байна гэдгийг хэлсэн. Тэгтэл С , Ө нар бидэнд хандаж энэ хүнийг Ховд аймагт очиж нарийн шинжилгээг нь хийлгэж ир, дараа нь эмчилгээг нь хийлгэ, тэгсний дараа бид нар тусалъя гэж хэлж байсан. Миний хувьд хамаатандаа тусалъя гэж хандсан. Харин мөнгийг өгөхдөө дараа нь эмнэлэгт хэвтэхэд ашиглана хэмээн өгсөн. Тэрнээс биш хэн нэгэнд дамжуулаад хахууль өг гэж надад хэлж байгаагүй. Тиймээс л би тэр мөнгийг нь авсан. Дараа нь дахиад өөрт нь буцаагаад өгсөн гэв.
2. Шүүгдэгч Ж.С мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Болсон үйл явдлын талаар мартсан байна гэв.
3. Шинжээч С.Д мэдүүлэхдээ: Оюуны хомсдолтой гэдгийг нь IQ /Айкүю/ шинжилгээ хийж байж баталгаажуулах ёстой. Айкүю шинжилгээ хийж баталгаажуулсны дараа энэ хүн сэтгэцийн хувьд эрүүл эсэхийг нотлох ёстой. Тэгэхээр Айкүю шинжилгээ буюу нотлох баримт нь бүрдээгүй учраас бид нар хүний эрхийг зөрчихөөс урьдчилаад сэтгэцийн хувьд эрүүл гэж гаргасан байгаа.
...IQ шинжилгээг Улаанбаатар хот, Ховд аймагт хийдэг тул хийгдээгүй. Тухайн шинжилгээ нь байхгүй учраас бид Ж.С ийг сэтгэцийн хувьд эрүүл гэж гаргасан.
...Оюуны хомсдол гэдэг оношийг 0-3 нас хүртлээ ямар нэгэн тархины гэмтэлтэй гэсэн төрөх үеийн анамнез байж бид оюуны хомсдол гэдгийг нотолдог. Дээрээс нь тэр картад буй нотлох баримт нь байхгүй, IQ шинжилгээ байхгүй учраас бид энэ хүнийг IQ шинжилгээ хийх хүртэл эрүүл гэж гаргасан.
...IQ шинжилгээ хийлгэсний дараа шинжилгээний хариултыг үзэж байж дахин шинжилгээний дүгнэлт гаргаж болно.
...Тухайн үед Ж.С нь өөрийгөө нуух байдалтай байгааг шинжээчийн өөрийн тусгай арга барилаар тогтоож гаргасан.
...Бид нар IQ шинжилгээг хийсний дараа дахин дүгнэх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан. Гэхдээ дүгнэлтээ энэ хүн одоогоор хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлтийг гаргасан. Үндэслэл нь гэвэл Ж.С нь сүүлийн хэдэн жил манайд хэвтэн эмчлүүлээгүй, сэтгэцийн эмч нарын хяналтад байгаагүй үүднээс Ж.С ийг хэрэг хариуцах чадвартай гэж гаргасан байгаа.
...Сэтгэцийн шинжлэх ухаанд ерөөсөө ар гэрийн асуумжийг үндэслээд дүгнэлт гаргах практик ач холбогдолтой байдаг. Тийм учраас бид нар нэмэлт анализыг заавал ар гэрээс нь авдаг. Мэдрэлийн практикт бид нар томограф, тархины шинжилгээ зэргийг оношилж гаргадаг. Энэ оюуны хөнгөн хомсдолтой гэсэн оноштой байгаа учраас ар гэрийн асууж зайлшгүй шаардлагатай байсан. Тэрийг бид бас үндэслэх нь шаардлагатай.
...Энэ эргэлзээтэй дүгнэлт биш. Бид нар IQ шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан. Бид ямар нэгэн хууль бус шийдвэр гаргаагүй.
...Хэрвээ өнөөдөр IQ шинжилгээ байсан бол төгс хариулт байх байсан гэв.
4. Шинжээч П.Ж мэдүүлэхдээ: З.А бид хоёр мэдрэлийг үзсэн. Бид хоёрыг Ж.С ийн толгой байнга өвддөг гэснээр оролцуулсан. Манай мэдрэлийн талаас группт хамрагдахаар ямар нэгэн үндэслэл, шинж байхгүй. Урьд өмнө харвалт өгсөн эсхүл тархины гэмтэл, унаж татдаг ямар нэгэн өвчин Ж.С д байхгүй байсан.
...12 хос мэдрэлийн шинжилгээ, бодит үзлэгээр мэдрэлийн өвчин илэрдэг. Өөр ямар нэгэн оношилгоо хэрэггүй.
...Ямар нэгэн хүн хөндлөнгөөс оролцож шахсан зүйл байхгүй. Бид гурав хамт дүгнэлээ гаргасан. Тэр үедээ шууд үзээд дүгнэлтээ гаргасан. Тухайн үед дагуулж ирсэн хүн яаралтай дүгнэлт гаргаж өг гэсэн. Мөн нэмэлтээр IQ хийх шаардлагатай гэдгийг дүгнэлтдээ бичсэн гэв.
5. Шинжээч З.А мэдүүлэхдээ: Мэдрэлийн талаас гэхэд хамгийн түрүүнд 12 хос мэдрэлийг шалгана. 12 хос мэдрэлийн талаас эмгэг байгаагүй. Унаж татдаг, сааталд ордог гэх мэт анализ өөрөө хэлээгүй болохоор бусад нарийн шинжилгээнүүдийг хийлгэх шаардлагагүй байсан. Иймд байгаа баримтуудад үндэслээд эрүүл гэж үндэслэсэн. Бүр нарийн шинжилгээ хийлгэн гэвэл тархины нарийн шинжилгээнүүд шаардлагатай гэв.
Хоёр: Эрүүгийн 1913000150040 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Иргэн Ж.С ээс 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдол /1 дүгээр хавтасны 7 дугаар хуудас/,
2. Иргэн Ж.С , Б.Ж нарын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр бичсэн баримтууд /1 дүгээр хавтасны 13-20 дугаар хуудас/,
3. Хохирогч Ж.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 21-30 дугаар хуудас/,
4. Гэрч М.Т ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 31, 32, 118, 2 дугаар хавтасны 78-79, 98-99 дүгээр хуудас/,
5. Гэрч Н.С ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 34-35 хуудас, 2 дугаар хавтасны 89-90 дүгээр хуудас/,
6. Гэрч Т.Ө ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 93-94 дүгээр хуудас/,
7. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х.Б гийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай бичиг судлалын адилтгалын шинжилгээний дүгнэлт /1 дүгээр хавтасны 84-90 дүгээр хуудас/,
8. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 134 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтасны 120 дугаар хуудас/,
9. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0021670 дугаартай иргэн Ж.С д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /1 дүгээр хавтасны 121 дүгээр хуудас/,
10. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 131 дүгээр албан бичгээр ирүүлсэн иргэн Б.Ж ийг Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилсон тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хавтасны 122-127 дугаар хуудас/,
11. Яллагдагч Ж.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 117-122, 3 дугаар хавтасны 15-17 дугаар хуудас/,
12. Иргэн Ж.С ийн амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /1 дүгээр хавтасны 135-167 дугаар хуудас/
13. Иргэн Ж.С ийн 2007-2018 оны хооронд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгож байсан актын хуулбарууд /1 дүгээр хавтасны 233-242 дугаар хуудас/,
14. Яллагдагч Б.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 102-107, 3 дугаар хавтасны 6-8 дугаар хуудас/,
15. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 5/02 дугаартай “Мөрдөгчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай” тогтоол /2 дугаар хавтасны 108 дугаар хуудас/,
16. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжээч нарын Шүүх сэтгэц гэм судлалын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 14 дугаартай Ж.С ийн сэтгэцийн байдлыг тогтоосон магадалгаа /2 дугаар хавтасны 141-143 дугаар хуудас/,
17. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц гэм судлалын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаартай Ж.С ийн сэтгэцийн байдлыг тогтоосон магадалгаа /3 дугаар хавтасны 187 дугаар хуудас/,
18. Б.Ж т холбогдох эрүүгийн хэргийг өмнө шийдвэрлэж байсан анхан шатны шүүхийн цагаатгах, шийтгэл тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол, бүх шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Ж , Ж.С нарын холбогдсон эрүүгийн хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Ж , Ж.С нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон тул шүүгдэгч Б.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; шүүгдэгч Ж.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Ж ээс “Хамаатан болох Ж.С гэдэг хүнээс мөнгө авч, тэрхүү мөнгийг буцааж өгснөө хүлээн зөвшөөрч байна. Харин би хуулийн хэрэглээ, зүйлчлэл дээр маргаж байна. Би гэмт хэрэг үйлдээгүй тул цагаатгаж өгнө үү” хэмээн,
Шүүгдэгч Б.Ж ийн өмгөөлөгч Ж.Э , Н.О , А.К , С.Н , Х.З нараас “хавтаст хэргийн материалыг бүрдүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Зүйлчлэлийн хувьд буруу оруулж ирсэн байна. Дээд шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүрэн гүйцэт биелүүлээгүй байна, шүүгдэгч Б.Ж нь нийтийн албан тушаалтан мөн үү, нийтийн албан тушаалтан гэж хэнийг хэлэх бэ гэхээр Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна гэсэн байгаа. Тэгэхээр Авлигын эсрэг хуулийг харахаар төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан байна. Б.Ж нь ерөөсөө Улсын байцаагчаар ажиллаагүй юм байна. Хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Б.Ж ийн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хангалттай тогтоогдохгүй байгаа. Яллах дүгнэлтэд үндэслэл болгосон нотлох баримт өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан нөхцөл байдлыг зөрчсөн байна. Гэрч М.Т ээс мэдүүлэг авахад Б.Ж албан тушаалын байдлаа ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдуулан авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт мөрдөгч мэдүүлгийн эхэнд тухайн хүний хувийн бичиг баримтыг шалгаж түүнд ямар зорилгоор мэдүүлэг авахыг, хэн хэзээ, ямар прокурорын шийдвэрээр ирүүлж, танилцуулах тухай энэ хуульд зааснаар тэмдэглэлд тусгана хэмээн хуульчилсан байгаа. Шүүгдэгч Б.Ж нь уг мөнгийг надад авч ирсэн хүн Т гэдэг хүн байгаа юм гэж мэдүүлсэн. Прокурор тайлбар хэлэхдээ уг мөнгийг Т өгөөгүй, шүүгдэгч С ийн зүгээс өгсөн байна гэсэн эргэлзээтэй асуудлууд явагдаж байгаа. Гэтэл гэрч Т ий мэдүүлэгт энэ мөнгийг би өгсөн гэж гэрчилсэн байгаа. Энэ хахууль өгөх гэмт хэргийг хэний ашиг сонирхлын өмнөөс хэн хахууль өгсөн бэ, үнэхээр энэ Т гэх хүний гэрчийн мэдүүлгээр явах уу эсхүл энэ хүн өнөөдөр шүүгдэгч байх ёстой юу гэдэг тухай эрх зүйн байдлыг нь гүйцээд тодруулаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй. Гэрч С , Ө нарын мэдүүлгийг прокурор яллах дүгнэлтийн үндэслэл болгож үнэлсэн байгаа. Энэ хоёр хүн гэрчээр мэдүүлэг өгөхдөө Ж.С ийг Б.Ж т хахууль өгсөн тухай үйл баримтыг эдгээр гэрч нар мэдэх ямар ч боломжгүй. Энэ хоёр гэрч ямар байдлаар мэдүүлэг өгөх бэ гэхээр С ий хувьд Ж.С ийг группт гаргаж өгөх тухай гуйсан талаар мэдүүлсэн. Ө ы хувьд ч гэсэн ийм байдлаар хандаж байсан. шүүхийн шатанд өмгөөлөгчөөр орж ирээд шинжээч томилуулах тухай хүсэлтээ олон удаа гаргасан боловч харамсалтай нь шүүх үүнийг хүлээж аваагүй. Сая шинжээч нар шүүх хуралдаанд орж ирж мэдүүлэг өгөхдөө энэ хүнд IQ шинжилгээ хийгдэж байж хэрэг хариуцах чадвартай эсэх асуудал шийдэгдэнэ гэж мэдүүлсэн. Бид шүүгдэгч Ж.С ийн сэтгэцийн байдалд эргэлзэж байна. Шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн ийм зүйл заалтад заасан гэмт хэргийн шинж байна уу гэдгийг шалгаад тогтоогоорой гээд прокурорт хэлээд хэргийг буцаахаар яг тэр зүйл заалтаар нь нэг удаа мэдүүлэг аваад шүүх рүү шилжүүлчихдэг. Энэ гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд мөнгө авсан эсэхийг шалган тогтооно уу гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг мөрдөн байцаалтын шатанд дутуу шалгаж Б.Ж ийг яллагдагчаар татсан гэж үзэж байгаа. Энэ гүйцэтгэх ёсгүй үйлдэл гэдгийг юу гэж ойлгох бэ. Ямар үйлдэл байж гүйцэтгэх ёстой үйлдлийг хийхийн тулд энэхүү мөнгийг авсан байна гэж үзэж түүнийг яллагдагчаар татаж байгаа яллах санал нь хуулийг тайлбарлахгүйгээр түүнийг яллагдагчаар татсан байна гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ж.С ээс “Мэдүүлэг өгөхгүй. Болсон үйл явдлын талаар мартсан байна” хэмээн,
Шүүгдэгч Ж.С ийн өмгөөлөгч С.Т , С.А нараас “Бид шүүгдэгч Ж.С ийн гэм буруугийн талаар маргахгүй, гэхдээ шүүгдэгч Ж.С хэрэг хариуцах чадвартай эсэхийг түүний IQ шинжилгээг нэмж тогтоох зайлшгүй шаардлагатай байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:
- Иргэн Ж.С ээс 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “Би нөхөр, 4 хүүхдийн хамт, хэдэн малынхаа өуянгаар амьдарч байгаа бөгөөд архаг хууч өвчний улмаас 15 жил өвчний группт байж тэтгэмж авч байсан юм.
Манай сумын нийгмийн даатгалын улсын байцаагч Б.Ж нь 2018 онд манайд ирээд “Чи Өлгийд эмнэлэг магадлалын эмчийн үзлэгт очих шаардлагагүй. Би эмч нарт хэлж, эмч нарын гарын үсгийг зуруулаад өвчний группын хугацааг сунгуулж чамд тусалъя. Надад өвчний картаа өгчих” гэж хэлээд надыг итгүүлж, миний олон жилийн өвчний тухай бичигдсэн картыг нийгмийн даатгалын дэвтрийн хамт аваад явсан юм.
Маргааш нь дахин ирж би утсаар эмч нартай ярьсан чин өвчний группын хугацааг сунгахгүй хасаж байгаа юм байна. Чи сунгуулахыг хүсвэл 380.000 төгрөг өг, одоо би аймаг явах гэж байна. Баттай сунгуулж ирнэ гэж хэлэхээр нь би түүнд итгэж 380.000 төгрөг олж өгсөн. Гэтэл энэ өдрөөс хойш Б.Ж нь надтай уулзахаас зугтааж, утсаар ярихгүй болсон ба би арай гэж уулзахад тэр өвчний картыг гээгдүүлсэн, харин чи надад 380.000 төгрөгөө өгснөө нотолж чадахгүй тул хаана, хэнд хандсан ч гэсэн надаас юу ч олж долоохгүй шүү гэж доромжилсон тул цагдаад хандаж байна. Шалгаж өгнө үү. Би одоо тэтгэмж ч үгүй, мөнгө бичиг баримт ч үгүй болж хохирлоо” гэх гомдол /1 дүгээр хавтасны 7 дугаар хуудас/,
- Иргэн Ж.С , Б.Ж нарын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр бичсэн “Ж овогтой С миний бие 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 380.000 төгрөгийг картын хамт Алтанцөгц сумын иргэн Ж т өгсөн юм.
2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Алтанцөгц сумын нийгмийн даатгалын байцаагч Ж надад карт, 380.000 төгрөгийн хамт авчирч өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Баримт бичсэн С ”;
“Ж С ээс карт 380.000 төгрөгийг картын хамт авсан маань үнэн. 4 дэх өдөр группт оруулж өгнө. Т.Ж . 2018.12.12” гэх орчуулга, казах хэл дээр бичигдсэн эх баримтууд /1 дүгээр хавтасны 13-20 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х.Б гийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай бичиг судлалын адилтгалын шинжилгээний “1. Шинжилгээнд ирүүлсэн шинжлэгдэж буй 1913000150040 дугаартай, 78 хуудастай, эрүүгийн хэргийн хавтаст 18, 20 дугаар хуудсанд байгаа гар аргаар бичигдсэн баримтууд нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжлэгдэж буй 1913000150040 дугаартай, 78 хуудастай, эрүүгийн хэргийн хавтаст 18, 20 дугаар хуудсанд байгаа гар аргаар бичигдсэн баримтууд нь Б.Ж ээс авсан бичгийн чөлөөт, туршилтын загвартай тохирч байна.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 84-90 дүгээр хуудас/,
- Гэрч М.Т ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед гэртээ байхад сургуулийн захирал С.А , иргэн Б.Ж нар манайд орж ирээд эхнэр Ж.С бид хоёроос уучлалт гуйхад миний бие уучлалт өгөөгүй юм. Тэгээд хэсэг сууж байгаад иргэн Б.Ж миний эхнэр Ж.С ийг дагуулж гараад тэр хоёр хоорондоо тохирсон байна лээ. Тэгээд удалгүй байж байгаад дахиад ороод ирсэн юм. Би уучлахгүй гээд гүрийгээд сууж байгаад иргэн С.А т хандаж чи юугаа хийж энэ нөхрийг дагаж ирсэн бэ гэхэд С.А шууд гараад машиндаа суугаад байж байхад Б.Ж хойноос нь очоод суугад хамт яваад өгсөн. Эхнэр Ж.С , Б.Ж хоёр гадаа тохирсон байна лээ. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бид хоёр цагдаагийн хажууд ирж байхад сургуулийн захирал С.А , иргэн Б.Ж хоёр биднийг дагуулж Б.Ж ийн өрөөнд оруулж Б.Ж өөрийнхөө гараар баримт бичиж өгөөд за тохирсон ёсоор гээд эхнэр Ж.С бид хоёрыг цагдаагийн хэрэг рүү явуулсан. Тэгээд цагдаагийн байгууллагад худлаа мэдүүлэг өгсөн минь үнэн.
...Тэр үед Б.Ж эхнэр Ж.С бид хоёрт би ямар ч байсан эмч нартай ярьсан байгаа, танай эхнэрийг группт өгнө гээд эхнэр Ж.С ээс 380.000 төгрөг, өвчний картыг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өөрийнхөн өрөөнд авсан юм.
...2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эхнэр бид хоёр гэртээ байхад манай сумын нийгмийн даатгалын байцаагч Б.Ж ганцаараа ирээд танай эхнэрийн группын хугацаа дуусаж байгаа юм байна, та нар группаа сунгуулахыг хүсвэл надад 380.000 төгрөг өгчих, би сунгуулаад өгье гээд байхаар нь эхнэр бид хоёр Б.Ж т маргааш хүргээд өгье гэж хэлээд явуулсан юм.
...Тухайн үед би коридорт байсан ба эхнэр Ж.С Б.Ж т тухайн мөнгийг өөрийнхөө шийдвэрээр өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 32, 2 дугаар хавтасны 78-79, 98-99 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 134 дугаартай “Тус аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр багийн иргэн Ж н С нь анх 2010 онд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгож тахир дутуугийн тэтгэвэр авч байсан байна.
2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр уг хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд орж сунгуулах боловч сунгуулаагүйгээс уг тэтгэврийг зогсоосон байна. Сүүлд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоолгосон актыг хавсаргав” гэх албан бичиг /1 дүгээр хавтасны 120 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0021670 дугаартай иргэн Ж.С д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон /2017-02-01-нээс 2018-02-01 хүртэл хугацаанд/ акт /1 дүгээр хавтасны 121 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 131 дүгээр албан бичгээр ирүүлсэн иргэн Б.Ж ийг Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилсон тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хавтасны 122-127 дугаар хуудас/,
- Яллагдагч Б.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...уг 380.000 төгрөгийг унааны зардал болон хоол авч идсэн ба зарим мөнгийг өөртөө хэрэглэсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 107 дугаар хуудас/,
- Яллагдагч Ж.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.Ж т 2018 оны хавар /сар өдрийн/ одоо мартсан байна. Б.Ж манай гэрт ирээд таны группийн хугацаа дуусаж байна та группээ сунгуулах уу гэж надад санал тавьсан ба маргааш нь над руу утсаар яриад би эмчтэй ярьж тохирсон байгаа та надад 380.000 төгрөг өг гэж хэлэхээр нь би түүний албан өрөөнд 380.000 төгрөг болон өөрийнхөө өвчтөний картын хамтаар өгсөн юм. Тухайн мөнгө болон картыг авсны дараа Б.Ж намайг группт гаргаж өгөөгүй ба тэр их удаад байсан дээр нь миний карт болон надаас авсан 380.000 төгрөгийг буцааж өгөхгүй байсан тул би түүнийг цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулсан юм. Б.Ж т өргөдөл гаргах болсон шалтгаан нь түүнээс карт болон 380.000 төгрөгийг олон удаа асуусан ба тэр сүүлдээ намайг ажлын өрөөнөөсөө хөөж гаргадаг болсон ба мөнгийг чинь өгөхгүй гэж хэлсэн.
... Б.Ж тухайн үед надад би эмчтэй ярьж тохирсон байгаа та мөнгө өгч байж группт гарах юм байна гэж хэлээд надаас уг 380.000 төгрөгийг шаардаж авсан. Түүнээс биш би Б.Ж ийг намайг группт гаргаад өг гэж гуйсан, түүнд 380.000 төгрөгийг хоол, унаа болон хэрэгтэй зүйлдээ зарцуул гэж хэлж өгсөн зүйл байхгүй. Б.Ж ийг манай сумын нийгмийн даатгалын байцаагч ажилтай ба намайг группт гаргаж өгнө, харин 380.000 төгрөг хэрэгтэй, эмч нарт өгнө гэж хэлсэн тул түүнд өгсөн.
...Би одоо болсон бүх асуудлыг үнэн зөвөөр мэдүүлж байна. Мөн Б.Ж надтай ярилцаж намайг группт гаргаж өгнө гэж хэлээд 380.000 төгрөг авах талаар хэлсэн тул тухайн үед би өөрөө шийдвэр гаргаж түүнд 380.000 төгрөгийг өгсөн ба Б.Ж т мөнгө өгсөн үйлдэлд миний нөхөр М.Т ямар ч холбоо байхгүй. Харин Б.Ж группт гаргаж өгнө гээд надаас 380.000 төгрөгийг авсныг мэдэж байгаа” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 118-122 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар (1) шүүгдэгч Б.Ж нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Нийгмийн даатгалын байцаагч буюу нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд иргэн Ж.С ээс Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос шийдвэрлэх иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох актыг сунгуулж өгнө гэж 380.000 төгрөгийг шаардаж авсан; (2.) шүүгдэгч Ж.С нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Нийгмийн даатгалын байцаагч ажилтай Б.Ж т Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос шийдвэрлэх иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох актыг сунгуулахын тулд 380.000 төгрөг өгсөн үйл баримт тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Ж нь 2007 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчаар ажилласан байх ба түүний ажлын байрны тодорхойлолтод “иргэд, ажил олгогчдыг нийгмийн даатгалд хамруулах ажлыг зохион байгуулах”, “нийгмийн даатгалын шимтгэлийн орлого төвлөрүүлэх, тэтгэвэр, тэтгэмж олгох ажиллагааг зохион байгуулах”, “иргэд, даатгуулагчийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх” үүргийг гүйцэтгэхээр заасан байна. Үүнээс үзэхэд шүүгдэгч Б.Ж ийн шүүгдэгч Ж.С ээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох актыг сунгуулж өгнө хэмээн 380.000 төгрөг авсан үйлдэл нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын ажил, үүрэгтэй холбоогүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс өөрт нь олгогдоогүй эрх үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хуулийн үндэслэл тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн субъектийг “нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д “Нийтийн албан тушаалтан" гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ”,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт, Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолд заасны дагуу төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд; мөн Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг тус тус ойлгохоор зохицуулжээ. Үүнээс дүгнэж үзэхэд шүүгдэгч Б.Ж ийг гэмт хэрэг үйлдэх үед нийтийн албан тушаалтан гэж үзэх үндэслэл тогтоогджээ.
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжээч нарын Шүүх сэтгэц гэм судлалын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 14 дугаартай Ж.С ийн сэтгэцийн байдлыг тогтоосон магадалгааны “Одоогийн сэтгэцийн байдал: 50 орчим насны дунд нуруутай боровтор царайтай өөртөө арчаатай, зөв цэвэр хувцасласан эмэгтэй орж ирэн заасан сандалд суув. Асуусан асуултад мэдэхгүй байна, санахгүй байна, толгой өвдөж байна гээд ярина. Давтан асуулт асуухад толгойгоо барьж, толгой өвдөөд байна гээд доошоо харж сууна. Өнгө нэрлүүлэхэд зөв нэрлэнэ. Бичиг үсэг, тоо нэрлүүлэхэд буруу зөрүү хариулна. Үсэг, мөнгө харуулаад асуухад би харахгүй байна, заримдаа би хараагүй болчихдог гэж хариулна. Ухамсарт ухаан саруул, өөрийн болон орчны баримжаатай. Хий юм харагдаж байгаагүй, заримдаа хашхирсан дуу чимээ сонсогдоно гэнэ. Мэдрэлийн үзлэгээр: Орон зай, цаг хугацааны баримжаатай. Гавал тархины 12 хос мэдрэлийн хүрээ сайн. Хүүхэн хараа зөв дугуй. Нүдний алимны хөдөлгөөн чөлөөтэй, нистагмгүй, дух хамар уруулын нуглаас хоёр талд ижил, хэл голын шугамаар, зөөлөн тагнайн агшилт ижил /-/ мөчдөд булчингийн хүч, тонус хэвийн, шөрмөсний рефлекс 4 мөчдөд d=s жигд, эмгэг рефлекс үгүй. Мэдрэхгүй болон тэнцвэрийн хүрээ хэвийн. Дагзны булчингийн хөшингө үгүй” хэмээн үзээд 1.Иргэн Ж.С нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл. 2.Ж.С нь оюуны хөнгөн хомсдолтой байхыг үгүйсгэхгүй. Жич: IQ шинжилгээгээр тодруулах шаардлагатай. 3. Ж:С нь болсон явдлыг зөв тусгана, үнэн зөв мэдүүлэг өгч чадна. 4. Ж.С нь хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэлт гарсан байх ба гэм буруугийн шүүх хуралдаанд шинжээчээр оролцсон С.Д оос “...Ж.С ийн сэтгэцийн байдлыг тогтооход IQ шинжилгээний хариу хэрэгтэй байсан” хэмээн мэдүүлснийг эрүүгийн хэрэгт авагдсан шүүгдэгч Ж.С ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон, эмчилгээ хийлгэсэн нотлох баримтууд, шүүгдэгч Ж.С ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй тус тус тал бүрээс харьцуулж дүгнэж үзэхэд шүүхээс шүүгдэгч Ж.С ийн сэтгэцийн байдалд эргэлзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.С нь 2007 оноос хойш 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал “Олигоф ия” буюу оюуны хөнгөн зэргийн хомсдол оношоор өвчилж, хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдан, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “Тахир дутуугийн тэтгэвэр” тогтоолгон авч байжээ. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ж.С ийн тахир дутуугийн тэтгэврийн хугацаа дууссан бөгөөд тэрээр шинжилгээ өгч оношоо баталгаажуулаагүйгээс дахин оюуны хөнгөн хомсдол гэсэн оношоор тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах боломжгүй болсон үед хамаатан нь гэх Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нийгмийн даатгалын улсын байцаагч ажилтай Б.Ж нь Ж.С д таньдаг эмч байгаа, 380.000 төгрөг өгөх юм бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгах боломжтой талаар санал болгоход тэрээр зөвшөөрч Б.Ж эд 380.000 төгрөгийг өвчний түүхийн хамт өгсөн болох нь нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан байна.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүгдэгч Б.Ж ын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байх ба 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй болно.
Шүүгдэгч Б.Ж , Ж.С нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүсийн хувийн байдал, болсон үйл баримтын талаар мэдүүлсэн байдалд нь тус тус тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь дүгнэлт хийхэд гэрч М.Т нь шүүгдэгч Ж.С ийн нөхөр нь, шүүгдэгч Б.Ж тэй хамаатан, нэг сумын иргэд болох нь тогтоогдож байх ба гэрч М.Т д өөрийн болон гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Монгол Улсын Үндсэн хуульд баталгаажуулсан суурь эрхийг сануулахад хэргийн үйл баримттай холбоотой мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлнэ гэснээр хууль сануулж мэдүүлэг авсныг шүүгдэгч Б.Ж , Ж.С нарын эсрэг санаатай худал мэдүүлэг өгсөн гэж үзэх боломжгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т ээс нотлох баримтаар гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц гэм судлалын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаартай Ж.С ийн сэтгэцийн байдлыг тогтоосон магадалгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг үндэслэн нотлох баримтаар үнэлээгүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авах, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамаарах, агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгч Б.Ж , Ж.С нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл тогтоогдоогүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байх бөгөөд хууль бус үйлдлээ гүйцэлдүүлж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хахууль авснаар төгсдөг бол хахууль өгөх гэмт хэргийн гол шинж нь хахууль өгөгч, авагч нарын харилцан ашиг сонирхол нэгдмэл байж, энэхүү хууль бус үйлдэл нь нийгмийн шударга ёсыг зөрчсөнд оршдог.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүхээс шүүгдэгч Б.Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авч “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; шүүгдэгч Ж.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдал нь холбогдуулан эд зүйл өгч “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Ж нь нийтийн албан тушаалтны хувьд амар хялбар аргаар хөрөнгөжих, шүүгдэгч Ж.С нь өөртөө давуу байдал олж авах буюу эрх бүхий байгууллага болох Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст холбогдох хууль, журамд заасны дагуу өргөдөл, нотлох баримтуудаа хуулийн дагуу гаргахгүйгээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг хууль бусаар сунгуулах гэсэн гэм буруугийн шууд санаа, зорилго нь тус тус энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь болсон гэж үзэх үндэслэлтэй.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ж , Ж.С нар нь бусдад төлөх төлбөргүй болох нь эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тус тус тогтоогдсон тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын тухай.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж ийн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хорих ял шийтгэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Ж ээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, торгох ял шийтгэж өгнө үү хэмээн,
Шүүгдэгч Б.Ж ийн өмгөөлөгч Ж.Э , Н.О , А.К , С.Н , Х.З нараас шүүгдэгч Б.Ж нь өөр хүнд туслах зорилгоор 380.000 төгрөгийг нь авсан, хэрэг удаан хугацаанд шалгагдсан явдалд шүүгдэгч буруугүй, шүүхээс 380.000 төгрөгийг төлөх боломж олгоогүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял шийтгэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ж.С ээс эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйл байхгүй хэмээн,
Шүүгдэгч Ж.С ийн өмгөөлөгч С.Т , С.А нараас шүүгдэгч Ж.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дүгнэлтийг тус тус гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Ж , Ж.С нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч Б.Ж , Ж.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Мөн шүүгдэгч Б.Ж , Ж.С нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Ж нь одоогоор Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажи, шүүгдэгч Ж.С нь тус суманд нөхрийн хамт мал маллаж амьдардаг малчин хүн зэрэг нөхцөл байдал нотлогдсон.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.”, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөн найруулсан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1913000150040 дугаартай, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолоор шүүгдэгч Ж.С ийн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн бөгөөд дараа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож зүйлчилсэн, өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.С ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байхад яллагдагчаар татсан тул шүүгдэгч Ж.С ийн өмгөөлөгч С.Т , С.А нарын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дүгнэлтийг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч Н.О ийн 380.000 төгрөгийг төлөх ёстой байхад шүүх завсарлага авах эсэхийг асууж тодруулсангүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас үзэхэд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болохоор зохицуулсныг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.Ж нь нийтийн албан тушаалтны хувьд хахууль өгөгч болох шүүгдэгч Ж.С ийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авч “Хахууль авах” гэмт хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч Б.Ж ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдлыг нь тус тус харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял,
Мөн шүүгдэгч Ж.С нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, Эрүүгийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч Ж.С ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдлыг нь тус тус харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж
шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж т оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ж ийг хорих ялаар шийтгэж, биечлэн эдлүүлэх; шүүгдэгч Ж.С д торгох ял шийтгэх нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зорилгод бүрэн нийцнэ үзлээ.
Мөн шүүгдэгч Б.Ж ийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор тогтоов.
Шүүгдэгч Ж.С д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.С д мэдэгдэх нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Ж , Ж.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй зэргийг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ж ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 380.000 төгрөгийг шүүгдэгч Б.Ж ийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Ж т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авч “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж ийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж т оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж ийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч Б.Ж , Ж.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй зэргийг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ж ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 380.000 (гурван зуун наян мянга) төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын орлого болгосугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Ж т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Ж т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ж.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ