Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 380

 

Иргэн Д.Алимаагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганболд, гуравдагч этгээд Д.Долгормаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 467 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2016/0575 дугаар магадлалтай, иргэн Д.Алимаагийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д заасныг баримтлан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 дугаар захирамжийн Д.Долгормаа, Д.Тамир нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Д.Алимаагийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 дугаар захирамжийн Д.Долгормаад холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2016/0575 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-аас илүүгүй байна” гэж заасан. Гуравдагч этгээд Д.Тамирт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй эзэмшиж байгаа 0,07 га газар дээр нэмж дахин 0,07 га газрыг үнэгүй эзэмших эрхийг маргаан бүхий захиргааны актаар олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхад шүүх үүнийг анхаарч үзээгүй.  Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч ямар нэгэн газрын дуудлага худалдаа зохион байгуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй, шүүх хэрэгт ач холбогдол бүхий дээрх байдлын талаар холбогдох хуулийг хэрэглээгүй. Нэхэмжлэгч Д.Алимаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдагдсан захиргааны хууль бус актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн үндэслэлд эзэмшил газар давхацсан гэж байхгүй атал хэргийг шийдвэрлэсэн шүүх энэ үндэслэлээр нэхэмжлэлийн Д.Тамирт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг зөвтгөсөн тухайд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Газрын тухайхуулийн холбогдох зүйл, заалтыг тодорхойлоогүйн улмаас хяналтын журмаар гомдол гаргахад тавигдах хуульд заасан бусад үндэслэлийг ерөнхий байдлаар томьёолоход хүрсэн. Тухайлбал, Газрын тухай хуулиар нэгээс дээш нэгж талбарыг эзэмшиж болохгүй гэсэн хориглолт байхгүй”, айлууд дунд “нийтээр эзэмших талбайтай байх зохицуулалтгүй гэсэн нь төрийн өмчийн газрыг иргэдэд эзэмшүүлэх эрхийг Засаг даргад олгосон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасантай нийцэхгүй болсон. Мөн төрөөс газрын талаар баримтлах зарчмын тухай Газрын тухай хуулийн 4.1.3-т заасан. Шийдвэр, магадлалд дурдагдсан 14 айлын эзэмшил газруудын дунд байрлалтай хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч амралтын талбай бүхий тодорхой эзэмшилгүй гэх газрын тухай 2014 оны 8 сард гаргасан хүсэлтийг хүлээн авсан атлаа түүнээс хойш Д.Тамирт эзэмшүүлсэн нь хэн нэгний эзэмшилтэй давхцалгүй гэсэн нь хуулийн дээрх заалтад мөн адил нийцэхгүй болсон. Иймд, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

                                                                                   ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 дугаар захирамжаар тус дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд 700 м.кв газрыг Д.Тамирт, 271 м.кв газрыг Д.Долгормаад тус тус зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч Д.Алимаагийн эзэмшиж буй 700 м.кв газартай давхцаагүй, түүний орц гарцыг хаагаагүй болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбар, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэг, кадастрын зургаар нотлогджээ.

Д.Алимаа “бидний хүч хөрөнгөөр барьсан хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, цэвэр, бохир усны байгууламжтай давхцуулан газар олгосон” гэх боловч эдгээр нь түүний эзэмшил газарт бус харин тухайн орчмын 14 айлын дунд байрлах бусдад олгогдоогүй газарт баригдсан нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2015 оны А/08 дугаар захирамжаар Д.Тамирт 700 м.кв газрыг эзэмшүүлсэн нь бусдын хууль ёсны эзэмших, ашиглах эрх бүхий газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй буюу Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчөөгүй байна.

Харин тухайн орчмын айл, өрхүүд өөрсдийн цэвэр, бохир усны хэрэгцээг хангах зорилгоор барьсан усны байгууламжтай давхцуулан Д.Долгормаад 271 м.кв газрыг олгосны улмаас нэхэмжлэгч цэвэр усаар хангагдах боломжгүйд хүрсэн  байх тул ус хангамжийн эх үүсвэр бүхий газрын хэмжээг нарийвчлан тодорхойлж, гуравдагч этгээдийн газартай ямар хэмжээгээр давхцаж байгааг тогтоосны үндсэн дээр Д.Долгормаад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 29.2-т “Энэ хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно” гэж заасан ба энэ хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтаар зохицуулсан.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/08 дугаар захирамжаар Д.Тамирт 700 м.кв, Д.Долгормаад 271 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн байх тул дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг хэрэглэх үндэслэлгүй байхын зэрэгцээ уг захиргааны актын улмаас нэхэмжлэгч Д.Алимаагийн газар эзэмших эрх зөрчигдөөгүй байна.

Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 467 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2016/0575 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                ШҮҮГЧ                                                                 Х.БАТСҮРЭН