Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 744

 

МАГАДЛАЛ

 

2018.8.09                                                  Дугаар 744                              Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ц.Б, Б.Б, Б.О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Р.Машлай,

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 248 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Р.Машлайн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ц.Б, Б.Б, Б.О нарт холбогдох 1841000020092 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Ооёо овгийн Баярцогтын Б.Б, Сүхбаатар аймгийн Баянтэрэм суманд 1987 оны 6 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто ашиглалтын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Шохой цагаан булаг” ХХК-д хүнд машин механизмын операторчоор ажиллаж байсан, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Халуун усны 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЛБ87060416/;

 

2. Тайж овгийн Барамсайн Б.О, Улаанбаатар хотод 1968 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арьс шир боловсруулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Хар бургастайн 1-3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УС68011656/;

 

3. Лам овгийн Цэрэндашийн Ц.Б, Улаанбаатар хотод 1984 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын технологич мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Ти Эм Би Эн” ХХК-д тэсэлгээний инженерээр ажиллаж байсан, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Яармаг 2-45 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: НГ84112777/;

 

Ц.Б нь “Шохой цагаан булаг” ХХК-ийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах шохойны ил уурхайн тэсэлгээг 2017 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд, хариуцан ажиллаж байхдаа тэсэлгээний ажлаас үлдсэн тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмж болох эмульсийн тэсрэх бодис 168.6 кг, хүчитгэсэн энгийн тэсрэх бодис 75 кг, КД-8 маркийн тэслэгч-бялт 74 ширхэг, ОШ маркийн гал дамжуулах шижим 5 боодол, ДШ маркийн тэсрэлт дамжуулах шижим 18 боодлыг Б.Бд хууль бусаар шилжүүлсэн,

Б.Б нь Б.Отай бүлэглэн “Шохой цагаан булаг” ХХК-ийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах шохойны ил уурхайг 2017 онд хариуцан ажиллаж байхдаа Ц.Боос тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмж болох эмульсийн тэсрэх бодис 168.6 кг, хүчитгэсэн энгийн тэсрэх бодис 75 кг, КД-8 маркийн тэслэгч-бялт 74 ширхэг, ОШ маркийн гал дамжуулах шижим 5 боодол, ДШ маркийн тэсрэлт дамжуулах шижим 18 боодлыг хууль бусаар олж авч хадгалан, 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт борлуулах зорилгоор Б.От өгч тээвэрлүүлсэн,

Б.О нь 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Б.Баас тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмж болох эмульсийн тэсрэх бодис 168.6 кг, хүчитгэсэн энгийн тэсрэх бодис 75 кг, КД-8 маркийн тэслэгч-бялт 74 ширхэг, ОШ маркийн гал дамжуулах шижим 5 боодол, ДШ маркийн тэсрэлт дамжуулах шижим 18 боодлыг хууль бусаар олж авч, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт борлуулах зорилгоор тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ц.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б, Б.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, Б.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, 1 жил дэсэрч дэлбэрэх бодис өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох, Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, 1 жил дэсэрч дэлбэрэх бодис өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох, Ц.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 6 сар дэсэрч дэлбэрэх бодис өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох саналтайгаар, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын мэдүүлэг өгөхгүй, нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг болон улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэргээс шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэн шүүгдэгч Ц.Б, Б.Б, Б.О нарын гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж үзжээ.

Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасан ялын төрөлд хуульчлагдаагүй хорих ял оногдуулж, тэнсэх гэсэн ял тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялыг шүүгдэгч хүлээн зөвшөөрөөгүй зэрэг нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэсэн үндэслэлээр Ц.Б, Б.Б, Б.О нарт холбогдох хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Ц.Б, Б.Б, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Р.Машлай бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх Ц.Б, Б.Б, Б.О нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбоотой мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүхийн шатны бүх тусгай журмууд хуульчлагдсан байна. Яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн буюу нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн байхыг хуулиар шаардсаны дагуу тухайн хэрэгт яллагдагч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, хохирогч эвлэрсэн тухай баталгаа гаргах зэрэг ажиллагаа хийгдсэн байна.

Яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна” гэж хуульчлагдсан. Хуулийн дээрх зохицуулалтуудаас харахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үйл явц нь хорих ялтай хэргийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлтэй холбогдож ирэх бөгөөд прокурор хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж хэргийг шүүхэд шилжүүлэхээр байна.

Энэхүү заалтын дагуу яллагдагч нарт үүсэх нөхцөл байдал ялын төрөл хэмжээ, ялыг хэрхэн хуульд зааснаас доогуур хөнгөрүүлэх боломжтой болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл журам, ач холбогдлын талаар танилцуулсныг яллагдагч Ц.Б, Б.Б, Б.О нар хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байна.

Яллагдагч нарын холбогдон шалгагдсан хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд багтах ба 1-5 хүртэлх жил хорих ялтай. Прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж үзэж, яллагдагч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар дээрх 1-1.3 жилийн хугацаанд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэхээр ял тохиролцон, яллагчийн зүгээс энэ саналаа шүүхэд гаргасан.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргахаар заасан байна.

Гэтэл шүүх хуралдааны явцад шүүгч, шүүгдэгч нараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялтай хэрэг байна. Танд хорих ял оногдуулахыг зөвшөөрөх үү гэж асуусан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг шүүх гаргах гэж байгаа шийдвэр гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасан ялын төрөлд заагаагүй хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэсэн ял тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялыг шүүгдэгч зөвшөөрөөгүй зэрэг нь хуулийн шаардлагад нийцээгүй гэж буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулна” гэсэн заалтад тусгагдсан эрүүгийн хариуцлагыг шүүхээс шууд ялтай холбож, ойлгож байгаа нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол 5 жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасан нь хорих ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь эрүүгийн хариуцлага гэсэн ойлголтод бүрэн хамаарагдахаар ойлгогдож байгаа тул яллагдагчтай энэ зүйл, хэсгийн дагуу ял тохиролцож хэргийг шүүхэд шилжүүлсэн болно.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн.” гэв.   

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ц.Б, Б.Б, Б.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж зааснаас үзвэл уг зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн онцгой бүрэн эрхэд хамаарч байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан яллагдагчийн хүсэлтийг шийдвэрлэх прокурорын эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна”, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл, мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлийн хүрээнд гарсан байх учиртай.

 

Хууль тогтоогч тэнсэх зохицуулалтуудыг Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын төрөлд хамааруулаагүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргах эрх прокурорт алга байна.

 

Гэтэл прокурор, яллагдагч Ц.Б, Б.Б, Б.О нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргаж, хуулиар өөрт олгогдоогүй эрх эдэлсэн байх тул энэ асуудлыг хөндөж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 248 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Р.Машлайн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                          М.АЛДАР

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН