Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2019/00515

 

Х ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

        Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02015 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2431 дүгээр магадлалтай,

   Х ын нэхэмжлэлтэй,

            Н ид холбогдох

        Эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 282,535,700.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Г.Баатарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: 2005 онд Н той харилцан тохиролцож, түүний эзэмшлийн газар дээр 100 хувь өөрийн хөрөнгөөр барилга барьсан. Анх 1 дүгээр барилгыг барьсан боловч 2010 оны 5 сард Н ийн хэлснээр 3 дугаар барилгын 1 тоотоор сольсон. 2014 оны 06 сарын 06-ны өдрийн уулзалтаар X.Болдын байшингийн оронд байр өгөх, Н ид гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахыг санал болгосон. Тус уулзалтын тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгт 2016 оны 03 сарын 02-ны өдөр үзлэг хийснээр уг бичгийн хэлбэрт хөрвүүлсэн яриа зөөврийн флашд бичигдсэн ярианы агуулгатай тохирч байгааг тэмдэглэсэн. Үзлэгт 2 талын өмгөөлөгч, гэрч нийт 9 хүн оролцсон. Мөн 2014 оны 05 сарын 26-ны тэмдэглэлд X.Болдод байр санал болгосон боловч саналыг хүлээж аваагүй тул 2014 оны 07 сарын 10-ны өдөр Н , X.Болдын барилгыг буулгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлдээ тооцоо дууссан Г.Долгорсүрэн, Ч.Чимгээсүрэн, П.Нарантуяа нарыг нэр заасан. Дээрх үйл баримтууд нь цаг хугацааны хувьд 2010 оноос хойш болсон үйл явдлууд учир Зайсангийн амны Эко хотхоны 3 давхар 3-р барилгын 1 тоот барилгын эзэмшигч X.Болдтой тооцоо хийгээгүй болохоо Н  хүлээн зөвшөөрсөн баримтууд болно. Нэхэмжлэгч X.Болд нь өөрийн эзэмшлийн 3-р барилгын 50 хувь болох 3-ын 1 тоотын хөрөнгөнд үнэлгээ хийлгэх хүсэлтийг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д гаргасны дагуу 2016 оны 11 сарын 25-ны өдөр газар дээр нь ирж тухайн үеийн зах зээлийн ханшаар 3 давхар барилгад эд хөрөнгийн үнэлгээг гаргасан. Иймд уг үнэлгээний төвийн дүгнэлтийг үндэслэн нураасан 3-р барилгын 50 хувь болох 3-ын 1 тоотод ногдох 282,535,700 төгрөгийн гэм хор учруулсан үнийн дүнг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шаардаж байна. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн тайландаа дурдсан “... барилга нь хоёр айлын нийлүүлж барьсан барилга ба нэг тал нь иргэн X.Болдынх” гэснээс үзэхэд тус 3-р барилга нь 1 ба 2 тоот гэсэн 2 эзэмшигчтэй бөгөөд 1 тоот нь нэхэмжлэгч X.Болдын эзэмшил, 2 тоот нь Ч.Энх-Амгалангийн эзэмшил байсан. Н оос Х , Ч.Энх-Амгалан, Д.Отгонжаргал нарт холбогдуулан дутуу баригдсан барилгыг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх тухай 2014 оны 07 сарын 10-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт иргэн Ч.Энх-Амгалан бие даасан нэхэмжлэлийн шаардлагатай гуравдагч этгээдээр оролцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н той тохиролцсоны үндсэн дээр бие даасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж гарсан бөгөөд энэ талаар 2016 оны 04 сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/03142 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т баталсан. Тус шийдвэрээр X.Болдын барилгын залгаа барьсан 3-ын 2 тоотын эээмшигч Ч.Энх-Амгалангийн барилга эзэмших эрх дуусгавар болсон. 2016 оны 04 сарын 20-ны өдөр 3-р барилгын 2 тоотын хэсгийг нураахдаа X.Болдын хэсгийг үлдээсэн нь 3-ын 1 тоот зөвхөн X.Болдын эзэмшил мөн болохыг нотолсон.

Иргэн Ч.Чимгээсүрэнгийн хувьд Н ийн ашиглалтын газар дээр дутуу барьсан барилгын тооцоог 2007 оны 11 сарын 11-ний өдрийн Хэлцлээр бичгийн баримт үйлдсэнээр уг Эко хотхонд барилга эзэмших эрх нь дуусгавар болсон. 2014 оны 07 сарын 10-ны өдөр Н  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Эко хотхоны 6 хүнээс 3 нь тооцоо дуусаад гарсны нэг нь Н.Чимгээсүрэн гэж нэр заасан. Ч.Чимгээсүрэн өнгөрсөн 4 жилийн хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй, оролцоогүй. Иймд X.Болдын барилгын үнэлгээнд Н.Чимгээсүрэн хамаарахгүй. 3-р барилгын 50 хувийн эзэмшигч байсан Ч.Энх-Амгалангийн хэсгийг 2016 оны 04 сарын 20-ны өдөр нурааснаас жилийн дараа буюу 2017 оны 06 сарын 19-ний өдөр X.Болдын 3-ын 1 тоот барилгад байсан эд зүйлсийг өөр барилгад шилжүүлсэн тухай мессеж X.Болдын гap утсанд ирсний дагуу барилга дээрээ ирэхэд X.Болдын эзэмшлийн 3 давхар барилгын хэсгийг сууриар нь буулгасныг мэдсэн. Иймд 736 дугаар тогтоолын хянах хэсэгт дурдсан иргэн Ч.Энх-Амгалан, Ч.Чимгээсүрэн нарын эээмших эрх дууссаныг дээрх үйл баримтуудаар нотолж байгаа тул энд зөвхөн X.Болдын эзэмшлийн 3-р барилгын 50 хувьд ногдох хэсэг буюу 3-ын 1 тоот барилгын хөрөнгөнд хамаарах хохирлыг нэхэмжилж байгаа тул эд хөрөнгөнд гэм хор учруулсны хохирол болох 282,535,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тодруулга, тайлбарыг эс зөвшөөрч дараах тайлбаруудыг өгч байна. 2014 оны 06 сарын 06-ны өдрийн уулзалт түүнд хууль зөрчин нууцаар бичлэг хийсэн бөгөөд мөн хурлын тэмдэглэлд зөвхөн нэр бүхий хүмүүс гарын үсэг зурсан байх ба энэ нь хуулийн хүчин төгөлдөр биш баримтууд гэдгийг өмнөх шүүхээр шийдвэрлэсэн. 2014 оны 07 сарын 10-ны өдөр дутуу баригдсан барилгыг буулгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, барилга эхлэх, үргэлжлүүлэх ямар нэгэн зөвшөөрөлгүй баригдсан хууль бус үйл ажиллагааг зогсоох Улсын байцаагчийн “... Дутуу баригдаж орхигдсон барилгыг 2014 оны 07 сарын 10-ны дотор буулгах, ... Зөрчлийг арилган албан шаардлагын хариуг хамгаалалтын захиргаанд ирүүлэх” Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хууль ёсны албан шаардлагыг биелүүлэх хууль зүйн үндэслэл нь байсан. Х ын 2010 оны 10 сарын 20-ны өдөр төлбөр тооцоогүй гэсэн өөрийн гараар бичсэн баримт нь хэрэгт авагдсан ба мөн нотлох баримтаар үнэлэгдсэн. Хэрэгт өгсөн үнэлгээний төвийн тайлангаар тогтоогдсон 282,525,700 төгрөг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй. Тус барилга нь Н ийн Ч.Чимгээсүрэн, Г.Долгорсүрэн нараас худалдан авсан барилга юм. Хөрөнгийн үнэлгээний төв нь барилгын эзэмшил өмчлөлийг тогтоох эрх зүйн субъект биш учир хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Ч.Энх-Амгалан бие даасан шаардлагаасаа татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан нь уг барилга Х ын эзэмшил болохыг нотлохгүй. Ч.Чимгээсүрэн өөрийн барилгатай холбоотой гарсан зардлыг бэлэн мөнгөөр төлбөр тооцоог дуусган Н ийн өмчлөлд шилжүүлсэн нь уг барилга нь Н ийн өмч болохыг нотолдог. Хууль бусаар ямар нэгэн зөвшөөрөлгүй баригдсан, Н  өөрийн өмчлөлийн барилгыг буулгасан байдаг. Дээрх тайлбаруудаас харахад Х  нь ямар баримтыг үндэслэн өөрийн өмчлөлийн хөрөнгө болохыг нотолсон болон нэхэмжилж байгаа зүйлийнхээ үндэслэл болсон анхан шатны нэг ч баримтыг шүүхэд гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн үндсэн болон тодруулсан тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. 2013 оны 06 сарын 23-ны өдөр Богд хаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагч 2013 оны 07 сарын 10-ны өдрийн дотор уг барилгаа буулга гэсэн албан шаардлагыг үндэслэж барилгыг буулгасан. Барилгыг зөвшөөрөлгүй буулгасан асуудал дээр 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж Х  тухайн барилгыг эзэмших ашиглах эрхгүйг тогтоосон. Тус шүүхийн шийдвэрүүдийг үндэслэж барилгыг нураасан. Өмнөх эзэмших ашиглах, өмчлөх асуудлыг 3 шатны шүүх шийдсэн. Мөн 1-р барилгаас 3-р барилга руу шилжсэн гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч тэр талаар ямар ч баримт байдаггүй. Шилжсэн бол гэрээ хэлэлцээр эсвэл дутуу баригдсан барилгын гэрчилгээ ч юм уу байх ёстой. Тухайн барилгад оруулсан хөрөнгө оруулалтаа буцааж авсан талаар Х ын өөрийн тодорхойлт байдаг. Мөн барилга барихтай холбоотой “Омо барилга” ХХК-аас 10,000,000 төгрөгийг буцааж авсан. 2016 оны 04 сарын 18-ны шийдвэрээр бүгдийг тогтоосон. Ямар ч нотлох баримтгүйгээр нэхэмжлэгч 280,000,000 төгрөг нэхэмжилж байна. Өмнөх шүүхийн шийдвэрээр Х ыг өмчлөх эрхгүй болохыг тогтоосон гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02015 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н оос нийт 180,719,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х од олгон, үлдсэн 101,816,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,570,629 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н оос улсын тэмдэгтийн хураамжид 1,061,545 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х од олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2431 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02015 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсайханы хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2431 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан зарчмыг зөрчсөн. Учир нь давж заалдах шатны шүүхэд зохигчдын хэн аль нь гомдол гаргасан бөгөөд тэдгээрийн гаргасан гомдлоор давж заалдах шүүх хуралдаан зарлагдан хуралдсан билээ. Гэвч магадлалын Тогтоох хэсэгт зохигчдын гаргасан гомдлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд заасны дагуу хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй байгаа нь шийдвэр хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх өөрийн санаачлагаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасан мэт харагдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үндэслэлээр хянах эрхийг нь үгүйсгэхгүй боловч зохигчдын гаргасан гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” аль үндэслэлд нь хамааруулж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь ойлгомжгүй байна. Хэрэв дээрх хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт хамаарч байгаа гэж үзэж байгаа бол энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан хүсэлтээр бүрдүүлэх нотлох баримтад хамаарч байна.

Магадлалын Хянавал хэсэгт “Талуудын хоорондын маргааны зүйл болж байгаа барилга нураасан хэмжээг шүүх тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний тайлан гэх баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх шаардлагыг зөрчсөн.” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нэхэмжлэгч Х ын барилгыг хариуцагч Н  нурааж бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан эсэх талаар зохигчид маргасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж оролцсон. Тухайлбал, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т “... хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах эрхийг хариуцагч хэрэгжүүлэх боломжтой байсан. Харин нэхэмжлэгч энэхүү хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ... түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх” үүргээ хэрэгжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан заалтыг анхан шатны шүүх хязгаарлаагүй бөгөөд зөвхөн нэг талын гаргасан баримтаар нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг үнэн зөв эргэлзээгүй тогтоогдсон гэж дүгнэх нь учир дутагдалтай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхэд хариуцагчийн зүгээс гэм хор учруулсан эд хөрөнгийн үнэлгээний талаар маргаагүй болно. Иймд давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2431 дугаар магадлалыг хүчингүй болгуулах, анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/02015 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзоригийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018.12.10-ны өдрийн 2431 тоот магадлалыг эс зөвшөөрч, ИХШХШТухай хуулийн 172 дугаар зүйл 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Х  нь 2017 оны 6 сард нэхэмжлэл гарган эд хөрөнгөнд гэм хор учруулсны хохиролд 282,535,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж уг хэргийг тус дүүргийн ИХАШШүүх хянан хэлэлцэж 2017.11.15-ны өдрийн 181/ШШ2017/02893 тоот шийдвэрээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Мөн Нийслэлийн ДЗШШүүх 2018.01.19-ний өдрийн 232 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Монгол улсын Дээд шүүх 2018.05.08-ны өдрийн 001/ХТ2018/00736 тоот тогтоолоор байрны хувьд хэний эзэмшил нь тодорхойгүй, хохирлыг бүхэлд нь шаардах эрхтэй эсэх нь ойлгомжгүй, тухайн барилгыг буулгасан эрх зүйн үндэслэл тодорхойгүй байгааг дурдан хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан болно. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018.10.02-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн 181/ШШ2018/02015 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж тайлбарлан, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг буруу үнэлж хэргийг тал бүрээс нь үнэн зөв шийдвэрлээгүй гэж үзэн давж заалдах гомдол гаргасан болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг нь өөрийн өмчлөлийн барилга болохыг нотолсон анхан шатны нэг ч баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэжээ. Гэтэл уг барилгыг Ч.Чимгээсүрэн, Г.Долгорсүрэн нараас авч тооцоо хийсэн хэлцэл баримтыг шүүх хуралд гарган өгсөн болно. Харин эсрэгээрээ барилгыг өөрийнх гэснийг нотолсон Х  гэсэн нэртэй анхан шатны нэг ч баримт, хэлцэл, гэрээг гаргаж өгөөгүй. Барилгыг барьсан эзнээс худалдан авсан баримт байсаар байтал Ч.Энх-Амгалангийн нэр гарын үсэг бүхий барилга үргэлжлүүлэн барих зөвшөөрөл хүссэн өргөдлийг Х од барилгаа шилжүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Энэхүү өргөдөлд барилга шилжүүлсэн талаар нэг ч үг үсэг байхгүй болно. Дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч болон хариуцагч гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна гэсэн боловч тухайн гэрээг дуусгавар болгон талууд гэрээнээс гарсан болохыг тогтоосон. Баянгол дүүргийн ИХАШШүүхийн 2016.4.18-ны өдрийн 102/ШШ2016/03142 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.7.20-ны өдрийн 1350 тоот магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2016/01326 тоот тогтоолоор тогтоосныг ямар үндэслэлээр үгүйсгэж хүчингүй болгосон нь тодорхойгүй, хуулийн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Х  нь өөрийн дутуу баригдсан барилгыг хариуцагчид шилжүүлж, хариуцагч нь Ч.Чимгээсүрэнгийн дутуу баригдсан барилгыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн болох нь Ч.Энх-Амгалангийн 2010.06.15-ны өдрийн өргөдлийн хуулбараар нотлогдож байна гэж дүгнэсэн нь илт хууль бус үндэслэл болжээ. Тухайн өргөдөлд зөвхөн Ч.Энх-Амгалан өргөдөл гаргасан байгааг Х ынх гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан заалтыг зөрчсөн байна. Улсын байцаагчийн 2014.06.23-ны өдрийн албан шаардлагыг Н ид гэж нэр зааж өгсөн байтал илт эсрэгээр нь Х ынх болгон дүгнэжээ. Гэрч Ч.Чимгээсүрэнгийн гэрчийн мэдүүлэгт уг барилгыг зөвхөн Н ид шилжүүлэн өгсөн болохыг гэрчилж мэдүүлэг өгсөн байтал шүүх бүр эсрэгээр нь Х од шилжүүлсэн болох нь нотлогдож байна хэмээн үндэслэж зарим шаардлагыг хангасан нь хууль зүйн болон бодит үндэслэлд нийцээгүй байна. Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн барилгад оруулсан хөрөнгийн талаар шүүх хуралдааны явцад өгсөн тайлбарт дурдсан үнийн дүнг харгалзан үзэлгүй, зөвхөн хөрөнгийн үнэлгээний төвийн тайлангийн дүнд үндэслэн нэхэмжлэлийн нийт шаардлагаас хэрхэн яаж зарим шаардлагыг хангасан нь ойлгомжгүй түүнийгээ тайлбарлаагүй нь үндэслэлгүй байна.

Хэргийн материалд Хөрөнгийн үнэлгээний төвийн тайлан байх боловч уг компани нь төрийн эрх бүхий байгууллагаас хэдэн онд хөрөнгийн үнэлгээ хийлгэх тусгай зөвшөөрөл авсан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, хавсаргаагүй байсаар байтал тайланд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2016/01326 тоот тогтоолоор Х од холбогдох газар, барилгыг эзэмших, ашиглах эрхгүй болохыг тогтоосон анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. Монгол Улсын 3 шатны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүйдүүлэн өмчлөх, ашиглах, эзэмших эрхгүй, Х ын барилга гэж шийдвэрлэн гэм хор учруулсан гэж үзэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02015 тоот шийдвэрээр үндэслэлгүйгээр хариуцагч Н ид холбогдуулан 180,719,100 төгрөгийг гаргуулан Х од олгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасныг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү хэмээн гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх үндэслэлүүдэд бүрэн гүйцэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Мөн Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйл 47.1 дэх хэсэгт заасныг үндэслэн мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж үзэн хуульд заасан шаардлагыг зөрчсөн, хуульд заасан журмын дагуу нотлох баримтаар бүрдүүлээгүй, үнэлгээ гаргасан үйл ажиллагаа шүүхийн хяналтад хийгдээгүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу юм хэмээн дүгнэсэн. Хуульд заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох үүрэгтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байтал дахин нотлуулахаар анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүх нэхэмжлэгч маргаж байгаа зүйлийнхээ үндэслэлийг баримтаар нотолж чадаагүй тохиолдолд хуульд заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Нийслэлийн ИХДЗШ-ны шүүхийн 2018.12.10-ны өдрийн 2431 тоот Магадлалын “...хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.” гэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгч нь “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх”-ээр, хариуцагч нь магадлалын “...хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай гэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-аар зохигчид гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч Х  нь хариуцагч Н ид холбогдуулан эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 282,535,700.00 төгрөг гаргуулах  шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, өмнө нь шүүхийн шийдвэрээр Х ыг өмчлөх эрхгүй болохыг тогтоосон,  өөрийн өмчлөлийн хөрөнгө болохыг нотолсон баримт гаргаагүй гэж маргасан.

2006 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Х , иргэн Г.Долгорсүрэн, Д.Отгонжаргал, Д.Цэндсүрэн, Ч.Чимгээсүрэн, Ч.Энх-Амгалан, хариуцагч Н  нар Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан “Хамтын үйл ажиллагааны тухай гэрээ“ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, гэрээний хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1350 дугаар магадлал болон Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01326 дугаар тогтоолын хуулбараар тогтоогджээ.

Дээрх гэрээнд зааснаар Х , Г.Долгорсүрэн, Д.Отгонжаргал, Д.Цэндсүрэн, Ч.Чимгээсүрэн, Ч.Энх-Амгалан нар нь хөрөнгө нийлүүлэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсангийн ам нэртэй газарт орших ашиглах эрх бүхий хариуцагчийн 1.5 га газарт Эко хотхон аялал жуучлалын цогцолбор барихаар харилцан тохиролцож, барилга барьсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Иргэн Г.Долгорсүрэн, Д.Цэндсүрэн, Ч.Чимгээсүрэн, Ч.Энх-Амгалан нар нь хамтран ажиллах гэрээнээс гарч, өөрсдийн дутуу баригдсан барилгыг хариуцагчид шилжүүлэн, Х  нь өөрийн дутуу баригдсан барилгыг хариуцагч Н ид шилжүүлж, хариуцагч нь Ч.Чимгээсүрэнгийн дутуу баригдсан барилгыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн болох нь Ч.Энх-Амгалангийн 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн өргөдлийн хуулбар, Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1238 дугаар шийдвэрийн хуулбар, Н ийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн нэхэмжлэлийн болон 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 08 Улсын байцаагчийн албан шаардлагын хуулбар, гэрч Ч.Чимгээсүрэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсангийн ам нэртэй газарт орших хариуцагчийн 1.5 га газарт барьсан барилгуудыг нураасан талаар зохигчид маргахгүй байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр түүний дутуу баригдсан барилгыг нураасан нь  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан Бусдын ... эд хөрөнгөд ... гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг үүсэх үндэслэл болжээ. Нэхэмжлэгч нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн  2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 753 дугаар үнэлгээний тайланг үндэслэн 282,535,700.00 төгрөгөөр өөрт учирсан хохирлын хэмжээг тооцсон байна. Дээрх тайланд 272 м.кв барилгын өртгийн хандлагаар тооцсон нийт үнийг 180,719,100.00 төгрөг гэсэн байх бөгөөд энэ нь тухайн барилгыг дахин барихад гарах зардал буюу нэхэмжлэгчид учирсан хохирол гэж дүгнэн, хариуцагчийн хүлээх хариуцлагыг энэ хэмжээгээр тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн, шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна. Иймээс хариуцагчаас эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд нийт 180,719,100.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж буруутган, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн “Барилга үнэлсэн тухай тайлан”-г шүүхэд ирүүлснийг хариуцагч үгүйсгэж татгалзаагүй, шүүхэд дахин үнэлгээ хийлгэх, шинжээч томилох хүсэлт гаргасан тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул “...зөвхөн нэг талын гаргасан баримтаар нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг үнэн зөв эргэлзээгүй тогтоогдсон гэж дүгнэх нь учир дутагдалтай, ... үнэлгээ гаргасан үйл ажиллагаа шүүхийн хяналтад хийгдээгүй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн. 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.6, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж,  давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2431 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Х ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,570,629.00 /нэг сая таван зуун далан мянга зургаан зуун хорин ес/ төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзоригийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,570,630.00 /нэг сая таван зуун далан мянга зургаан зуун гуч/ төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН