Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01297

 

017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/01297

Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

             Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэрчний гудамж, 9-1 тоот, Сайн инженеринг ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Баянгол дүүргийн 20-р хороо, Хөсөг трейд ХХК-ний бйр, Норовтүн ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 38 317 157 төгрөг гаргуулахыг хүссэн, Норовтүн ХХК-ний сөрөг нэхэмжлэлтэй Сайн инженеринг ХХК-иас  9 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сүрэнхүү /үнэмлэх 0514/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, гэрч С.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Б.Сүрэнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сайн инженеринг ХХК нь Норовтүн ХХК-тай   2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний 1.4 дэх хэсэгт тохирсноор Багахангай дүүргийн нутагт баригдах газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, зам талбайн газар шорооны ажилд 22000 м.куб ухмал,  6000 м.куб далангийн нийт 28 000 м.кв ухмалын ажлыг 35 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр  тохирсон. Нэг м.кв-ийн үнэ нь 1250 төгрөг гэж тооцсон байгаа. Энэ гэрээг байгуулсан үндэслэл нь Мөнхжилчин ХХК болон Норовтүн ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 04-р сарын 23-ны өдрийн гэрээтэй холбоотой бөгөөд Мөнхжилчин ХХК-ны захиалгаар  Норовтүн ХХК дээрх ажлыг гүйцэтгэхээр тохирсон. Гэрээнд Норовтүн ХХК-ийг төлөөлж захирал Ш.Эрдэнэбаатар, Мөнхжилчин ХХК-ийг төлөөлж Д.Ганбаатар нар гарын үсэг зурсан байна. Харин Норовтүн ХХК нь Сайн инженеринг групп ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар тохирсон тул ерөнхий гүйцэтгэгч нь  Норовтүн ХХК болсон. Ажлынхаа шатанд нэхэмжлэгч нь Норовтүн ХХК-иас 30 000 000 төгрөгийг авсан, харин 5 000 000 төгрөгийг аваагүй байна. Талууд гэрээгээр ажлын тоо  хэмжээ,  үнийг тохирсон боловч гэрээний 4.2 дахь хэсэгт ажлыг гүйцэтгэх явцад төсөвт тусгагдаагүй ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх, санхүүжилтийг Норовтүн ХХК хариуцахаар тохирсон. Норовтүн  ХХК болон Мөнхжилчин ХХК-ний хооронд байгуулсан гэрээний 4.2.11-т зааснаар Норовтүн ХХК нь ИТА-нийг томилж ажиллуулна гэсэн. Д.Ганбаатар ажиллаж гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээнд ажлын хэмжээг тодорхой тусгаагүй, зөвхөн 320 сая төгрөгийн ажил хийхээр заасан  боловч үндсэн зурагт гүйцэтгэх ажил нь тусгагдсан байдаг. Сайн инженеринг ХХК нь ажлаа дуусгаад  талууд гэрээгээ дүгнэсэн протколыг үйлдсэн. Газар шорооныхоо ажлыг куб.м-р тооцоход гүйцэтгэсэн ажил нь 14 774.26 м.куб ажлыг илүү гүйцэтгэсэн гэж баталгаажуулсан.  Өөрөөр хэлбэл, 320 000 000 төгрөгийн төлбөр дээр нэмж 168 415 584.84 төгрөгийн ажил ажил гүйцэтгэснийг баталгажуулсан. Сайн инженеринг ХХК-ийн төсөвт тусгаагаагүй гүйцэтгэсэн ажил нь 17 030.86 м.куб болсон бөгөөд 1250 төгрөгөөр тооцож ажлын хөлс 21 288 575 төгрөг, мөн дутуу төлсөн 5 000 000 төгрөгийн хамт нийт 26 888 575 төгрөгийг төлөөгүй тул 2015 оны 10 дугаар сарын 15-наас нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алдангийг гэрээний 2.3-т зааснаар 11 514 582 төгрөг нийт ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 37 803 157 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн ажил гүйцэтгэх явцад Норовтүн ХХК-ний захирал Эрдэнэбаатар нь “түлшний мөнгө шилжүүлэх гэтэл мөнгө байхгүй байна, манай өмнөөс мөнгө шилжүүлээд өгөөч”  гэсний дагуу Сайн инженеринг ХХК-ний захирал Д.Ганчимэг нь өөрийнхөө ХААН банкны данснаас 340 000 төгрөг, 374 000 төгрөгийг 2 удаа шилжүүлсэн байдаг. Үүнээс 200 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 514 000 төгрөгийг нэмж нийт 38 317 157 төгрөгийг Норовтүн ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Норовтүн ХХК нь Сайн инженеринг ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр Сайн инженеринг ХХК нь 22 000 м.куб ухмал, 6000 м.куб далангийн ажлыг 35 000 000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон байдаг. 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэх 5 000 000 төгрөгийг төлнө, энэ талаар маргахгүй. Харин илүү 14 774,28 м.куб ажил хийсэн гэснийг зөвшөөрөхгүй. Ийм хэмжээний илүү ажил хийсэн талаарх баримт байхгүй. Нэхэмжлэгч нь Мөнхжилчин ХХК, Норовтүн ХХК-ний хооронд хийсэн гэрээ, гэрээ дүгнэсэн актыг үндэслэл болгосон байна. Харин Сайн инженеринг  ХХК болон Норовтүн ХХК-ний ажил дүгнэсэн акт байхгүй. Ийм хэмжээний ажил хийгээгүй, гэрээ дүгнэсэн акт байх ёстой. Мөн түлшний мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Эрдэнэсайханы данс руу Ганбаатар нь мөнгө шилжүүлсэн байдаг. Түүнийгээ нэхээд байгаа. Энэ мөнгө нь манай байгууллагын дансанд ороогүй. Норовтүн ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан нь нотлох баримт байхгүй. Мөн 2015 оны 07-р сарын 04-нд 174 000 төгрөгийг Норовтүн ХХК-д шилжүүлээгүй. Д.Ганбаатар нь Норовтүн ХХК-д инженерээр ажиллахдаа 28 000 м.куб газар шорооны ажлыг хийсэн, харин илүү ажил хийгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч байна. Нэхэмжлэгчээс 9 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлээ татан авч байна. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Энэ нь компанитай холбоогүй тул Д.Ганбаатарт холбогдуулан тусад нь нэхэмжлэлийн шаардлага гаргана гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон гэрчийн мэдүлгийг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

              Нэхэмжлэгч Сайн инженеринг ХХК нь Норовтүн ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 38 317 157 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг, Норовтүн ХХК нь Сайн инженеринг ХХК-иас 9 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх Сайн инженеринг ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагаас 32 448 048 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Харин шүүх хуралдааны шатанд хариуцагч Норовтүн ХХК нь Сайн инженеринг ХХК-иас 9 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Мөнхжилчин ХХК нь Норовтүн ХХК-тай 2015 оны 4-р сарын 23-ны өдөр 09/2015 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, Багахангай дүүргийн 2-р хорооны нутагт баригдах газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, түгээх терминалын зам талбайн газар шорооны ажлыг 2015 оны 4-р сарын 28-наас 2015 оны 8-р сарын 01-ний хооронд 320 000 000 төгрөгийн хөлсөөр гүйцэтгүүлэхээр тохирчээ.

 

            Ажил гүйцэтгэгч Норовтүн ХХК нь энэ ажлыг гүйцэтгэхдээ туслан гүйцэтгэгч ажиллуулахаар Сайн инженеринг ХХК-тай 2015 оны 4-р сарын 28-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, дээрх газарт 22 000 м.куб ухмал, 6000 м.куб далангийн ажлыг  2015 оны 4-р сарын 28-наас 1 дүгээр, 2015 оны 7-р сарын 1-нээс 2 дугаар үе шаттайгаар гүйцэтгүүлэх, ажлын хөлсөнд 35 000 000 төгрөг төлөхөөр тохирсон /хх 6-7/ байна.

 

            Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан, энэ тохиолдолд ерөнхий ажил гүйцэтгэгч Норовтүн ХХК нь захиалагч, туслан гүйцэтгэгч Сайн инженеринг ХХК нь гүйцэтгэгч болно.

 

            Гэрээгээр тохирсон ажлыг Сайн инженеринг ХХК гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлын хугацаа, ажлын үр дүнгийн талаар захиалагч маргаагүй /хх 217-233/ , Норовтүн ХХК  нь ажлын хөлс 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн /хх 13-17/, энэ талаар талууд маргаагүй байна. 

 

            Харин ажил гүйцэтгэгч Сайн инженеринг ХХК нь захиалагч гүйцэтгэсэн ажлын хөлс 5 000 000 төгрөгийг төлөөгүй, гэрээний 4.2-т заасан “Төсөвт тусгагдаагүй ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд санхүүгийн гүйцэтгэлээр тооцохоор тохирсны дагуу илүү гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөөгүй, ажил гүйцэтгэх шатанд захиалагч шатахуунаар хангахаар тохирсон боловч шатахууны зардалд 514 000 төгрөгийг төлүүлсэн, энэ мөнгийг төлөөгүй талаар маргажээ.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, бусад шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...Сайн инженеринг ХХК нь илүү 14 774,28 м.куб газар шорооны ажлыг гүйцэтгээгүй, ажил дүгнэсэн акт байхгүй, харин  Мөнхжилчин ХХК, Норовтүн ХХК-ний хооронд хийсэн гэрээ дүгнэсэн актыг үндэслэл болгосон, Д.Ганбаатар нь Эрдэнэсайханы дансанд мөнгө шилжүүлсэн, энэ мөнгө Норовтүн ХХК-ийн дансанд ороогүй, үйл ажиллагаанд зарцуулсан нь нотлогдоогүй” гэж тайлбарлажээ.

 

            Захиалагч Мөнхжилчин ХХК болон ерөнхий ажил гүйцэтгэгч Норовтүн ХХК-тай газар шорооны ажлын эцсийн гүйцэтгэл, санхүүжилт, нэмэлт ажлын тоо хэмжээг ерөнхий болон туслан гүйцэтгэгчийн 2 талын актаар баталгаажсан ажлын гүйцэтгэлийг үндэслэн тооцож акт үйлдсэн /хх 8, 92-186, 2-р хавтас 21-133/  байх ба актад эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Ерөнхий ажил гүйцэтгэгч нь дээрх ажлыг гүйцэтгүүлэхээр Сайн инженеринг ХХК-тай гэрээ байгуулснаас өөр ямар нэг компанийг ажиллуулаагүй нь зохигчийн тайлбар, гэрч С.Баасансүрэнгийн “...Норовтүн ХХК нь давхар Сайн инженеринг ХХК-иар ажлаа гүйцэтгүүлсэн, ажлын эхний үе шатыг хийгээд дараа нь нэмэлтээр ажил хийлгэсэн, Сайн инженеринг ХХК-д Норовтүн ХХК мөнгөө төлөх ёстой, манайх Норовтүн ХХК-тай бүх төлбөр тооцоогоо хийсэн, газар шорооны бүх ажлыг Ганбаатар удирдаж зохион байгуулж ажилласан, бүх үе шатны актыг Ганбаатар бид 2 гарын үсэг зурж баталгаажуулсан” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Нямдорж, С.Батсүх, Д.Алтаншагай, Ү.Мөнхдэлгэр нарын /хх 117/ мэдүүлгээр тус тус тогтоогдсон байх ба энэ актад, барилгы угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлд тусгагдсан гүйцэтгэлээс туслан гүйцэтгэгчийн нэмж хийсэн ажлыг тооцох боломжтой.

            Норовтүн ХХК-ний 22 000 м.куб ухмалын ажил, 7000 м.куб дүүргэлтийн ажлыг нийт 320 сая төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсныг актад тусгаснаас гадна нийт 31 721.56 м.куб ухмалын, 12 052.27 м.куб дүүргэлтийн ажлыг хийж гүйцэтгэснийг баталгаажуулж дүгнэсэн, үүнээс 9 721.56 м.куб ухмалын, 5 052.7 м.куб дүүргэлтийн буюу нийт 14.774.26 м.куб ажлыг нэмж гүйцэтгэснийг /хх 8, 199-203/ баталгаажуулжээ.  

 

            Эдгээр ажлын гүйцэтгэлийн тоо хэмжээний талаар Мөнхжилчин ХХК болон Норовтүн ХХК хоорондоо маргаагүй бөгөөд хийсэн ажлын хөлсийг Мөнхжилчин ХХК бүрэн төлсөн /2-р хавтас 208-215/ байна.

 

            Эдгээрээс дүгнэвэл, Сайн инженеринг ХХК нь 9 721.56 м.куб ухмалын ажлыг, ерөнхий гүйцэтгэгч нь 7000 м.куб дүүргэлтийн ажлыг гүйцэтгэхээс туслан гүйцэтгэгч Сайн инженеринг ХХК 6000 м.куб буюу энэ ажлын 85.7 хувийг гүйцэтгэхээр тохирсноос тооцож нэмж гүйцэтгэсэн 5.052.7 м.куб ажлын 85.7 хувь буюу 4.330.1 м.куб хэмжээний ажлыг туслан гүйцэтгэгч гүйцэтгэсэн гэж үзнэ.

 

            Харин дүүргэлтийн ажлаас үлдэх хэсэг болон буцаан булалтын ажлыг ерөнхий гүйцэтгэгч Норовтүн ХХК гүйцэтгэсэн /хх 31-47/ гэх үндэслэлтэй.

 

            Сайн инженеринг ХХК-ний ажлын хөлсийг тооцохдоо 28 000 м.куб ажилд 35 000 000 төгрөгийн хөлсөөр гүйцэтгэхээр тохирсноос тооцож 1 куб.м ажлын хөлс 1 250 төгрөг гэж үзнэ. Иймд 9 721.56 м.куб ажлын хөлс 12 151 950 төгрөг, 4 330.1 м.куб ажлын хөлс 5 412 625 төгрөг нийт 17 564 575 төгрөгийн ажлыг нэмж гүйцэтгэсэн гэж дүгнэлээ.

 

Талууд гэрээний 2.3 дахь хэсэгт “...захиалагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги төлөх”-өөр тохирсон байх тул үндсэн үүргээс төлөөгүй 5 000 000 төгрөг, нэмж гүйцэтгэсэн ажлын хөлс 17 564 575 төгрөг нийт 22 564 575 төгрөгийг захиалагч Норовтүн ХХК төлөөгүй, өөрөөр хэлбэл, 2015 оны 8-р сарын 15-наас 2016 оны 10-р сарын 26-ныг хүртэл 438 хоногоор хэтрүүлсэн байна.

 

Норовтүн ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22 564 575 төгрөг, алданги 9 883 470 төгрөг нийт 32 448 048 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Харин иргэн Д.Ганчимэгээс Эрдэнэсайханд шилжүүлсэн шатахууны үнэ гэх 514 000 төгрөгийг Сайн инженеринг ХХК-иас Норовтүн ХХК-д төлсөн, өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой гэж үзэх үндэслэлгүй /хх 9-12, 195-198, 2-р хавтас 136-139/ байна. 

 

Хэргийн 86-90 талд авагдсан ярианы тэмдэглэл, СД бичлэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй, 230-247 дахь талд авагдсан баримтууд нь эрүүгийн   хэрэгтэй холбоотой, Мөнхжилчин ХХК болон Норовтүн ХК-ний хооронд байгуулсан гэрээний 1, 2 дугаар хавсралтыг нотлох баримтаар гаргуулахаар шаардсан боловч энэ талаарх баримт талуудад байхгүй, хавсралт 1 гэх гадна зам талбай, бетон цутгалтын ажлын төсөвт өртгийн талаар талууд маргаагүй, хавсралт 2 гэх газар шорооны ажлын зургийн талаар маргаагүй болно.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Норовтүн ХХК-иас 32 448 048 /гучин хоёр сая дөрвөн зуун дөчин найман мянга дөчин найм/ төгрөг гаргуулж Сайн инженеринг ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 5 869 109 /таван сая найман зуун жаран есөн мянга нэг зуун ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Сайн инженеринг ХХК-иас 9 000 000 /есөн сая/ төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч Норовтүн ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэг, 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 491 160 төгрөг, хариуцагчаас төлсөн 158 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Норовтүн ХХК-иас 320 190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сайн инженеринг ХХК-д олгосугай.

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

             

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА