Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1721

 

“Сайн инженеринг групп” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 102/ШШ2017/01297 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Сайн инженеринг групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Норовтүн” ХХК-д холбогдох

           

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 38.317.157 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

“Сайн инженеринг групп” ХХК-иас 9.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн                                     Д.Ганчимэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                             Б.Сүрэнхүү

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                      Б.Ганбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Сайн инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Сайн инженеринг групп” ХХК нь “Норовтүн” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний 1.4-т тохирсноор Багахангай дүүргийн нутагт баригдах газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, зам талбайн газар шорооны ажилд 22.000 м.куб ухмал, 6.000 м.куб далангийн нийт 28.000 м.кв ухмалын ажлыг 35.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон. Нэг м.кв-ийн үнэ 1250 төгрөг гэж тооцсон. Энэ гэрээг байгуулсан үндэслэл нь “Мөнхжилчин” ХХК болон “Норовтүн” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээтэй холбоотой бөгөөд “Мөнхжилчин” ХХК-ийн захиалгаар “Норовтүн” ХХК дээрх ажлыг гүйцэтгэхээр тохирсон. Гэрээнд “Норовтүн” ХХК-ийг төлөөлж захирал Ш.Эрдэнэбаатар, “Мөнхжилчин” ХХК-ийг төлөөлж Д.Ганбаатар нар гарын үсэг зурсан байна. Харин “Норовтүн” ХХК нь “Сайн инженеринг групп” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар тохирсон тул ерөнхий гүйцэтгэгч нь “Норовтүн” ХХК болсон. Ажлынхаа шатанд нэхэмжлэгч нь “Норовтүн” ХХК-иас 30.000.000 төгрөг авч, 5.000.000 төгрөгийг аваагүй. Талууд гэрээгээр ажлын тоо хэмжээ, үнийг тохирсон боловч гэрээний 4.2-т ажлыг гүйцэтгэх явцад төсөвт тусгагдаагүй ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх, санхүүжилтийг “Норовтүн” ХХК хариуцахаар тохирсон. “Норовтүн” ХХК болон “Мөнхжилчин” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний 4.2.11-т зааснаар “Норовтүн” ХХК нь ИТА-нийг томилж ажиллуулна гэсэн. Д.Ганбаатар ажиллаж гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээнд ажлын хэмжээг тодорхой тусгаагүй, зөвхөн 320.000.000 төгрөгийн ажил хийхээр заасан боловч үндсэн зурагт гүйцэтгэх ажил тусгагдсан байдаг.

“Сайн инженеринг групп” ХХК  ажлаа дуусгаад талууд гэрээгээ дүгнэсэн протокол үйлдсэн. Газар шорооныхоо ажлыг м.куб-аар тооцоход гүйцэтгэсэн ажил нь 14.774.26 м.куб ажлыг илүү гүйцэтгэсэн гэж баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, 320.000.000 төгрөгийн төлбөр дээр нэмж 168.415.584.84 төгрөгийн ажил гүйцэтгэснийг баталгаажуулсан. “Сайн инженеринг групп” ХХК-ийн төсөвт тусгаагаагүй гүйцэтгэсэн ажил нь 17.030.86 м.куб болсон бөгөөд 1250 төгрөгөөр тооцож ажлын хөлс 21.288.575 төгрөг, мөн дутуу төлсөн 5.000.000 төгрөгийн хамт нийт 26.888.575 төгрөгийг төлөөгүй тул 2015 оны 10 дугаар сарын 15-наас нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алдангийг гэрээний 2.3-т зааснаар 11.514.582 төгрөг нийт ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 37.803.157 төгрөг нэхэмжилнэ. Мөн ажил гүйцэтгэх явцад “Норовтүн” ХХК-ийн захирал н.Эрдэнэбаатар нь “түлшний мөнгө шилжүүлэх гэтэл мөнгө байхгүй байна, манай өмнөөс мөнгө шилжүүлээд өгөөч” гэсний дагуу “Сайн инженеринг групп” ХХК-ийн захирал Д.Ганчимэг өөрийн ХААН банкны данснаас 340.000 төгрөг, 374.000 төгрөгийг 2 удаа шилжүүлсэн. Үүнээс 200.000 төгрөгийг төлсөн тул үлдэх 514.000 төгрөгийг нэмж нийт 38.317.157 төгрөгийг “Норовтүн” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Норовтүн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Норовтүн” ХХК нь “Сайн инженеринг групп” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр “Сайн инженеринг групп” ХХК  нь 22.000 м.куб ухмал, 6000 м.куб далангийн ажлыг 35.000.000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон байдаг. 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэх 5.000.000 төгрөгийг төлнө, энэ талаар маргахгүй. Харин илүү 14.774.28 м.куб ажил хийсэн гэснийг зөвшөөрөхгүй. Ийм хэмжээний ажил хийсэн талаарх баримт байхгүй. Нэхэмжлэгч нь “Мөнхжилчин” ХХК, “Норовтүн” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ, гэрээг дүгнэсэн актыг үндэслэл болгосон байна. Харин “Сайн инженеринг групп” ХХК  болон “Норовтүн” ХХК-ийн ажил дүгнэсэн акт байхгүй. Ийм хэмжээний ажил хийгээгүй, гэрээ дүгнэсэн акт байх ёстой. Мөн түлшний мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр н.Эрдэнэсайханы данс руу н.Ганбаатар мөнгө шилжүүлсэн байдаг. Түүнийгээ нэхээд байгаа. Энэ мөнгө нь манай байгууллагын дансанд ороогүй. “Норовтүн” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан нотлох баримт байхгүй. Мөн 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 174.000 төгрөгийг “Норовтүн” ХХК-д шилжүүлээгүй. Д.Ганбаатар нь “Норовтүн” ХХК-д инженерээр ажиллахдаа 28.000 м.куб газар шорооны ажил хийсэн, илүү ажил хийгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөг төлөхөөр зөвшөөрч байна. Нэхэмжлэгчээс 9.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлээ татан авч байна. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Энэ нь компанитай холбоогүй тул Д.Ганбаатарт холбогдуулан тусад нь нэхэмжлэлийн шаардлага гаргана гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Норовтүн” ХХК-иас 32.448.048 төгрөг гаргуулж “Сайн инженеринг групп” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 5.869.109 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар “Сайн инженеринг групп” ХХК-иас 9.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч “Норовтүн” ХХК татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 491.160 төгрөг, хариуцагчаас төлсөн 158.950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Норовтүн” ХХК-иас 320.190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Сайн инженеринг” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

1. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт: "...Ерөнхий ажил гүйцэтгэгч нь дээрх ажлыг гүйцэтгүүлэхээр “Сайн инженеринг групп” ХХК-тай гэрээ байгуулснаас өөр ямар нэг компанийг ажиллуулаагүй нь зохигчийн тайлбар, гэрч С.Баасансүрэнгийн "...”Норовтун” ХХК нь давхар “Сайн инженеринг групп” ХХК-иар ажлаа гүйцэтгүүлсэн, ажлын эхний үе шатыг хийгээд дараа нь нэмэлтээр ажил хийлгэсэн, “Сайн инженеринг групп” ХХК-д “Норовтун” ХХК мөнгөө төлөх ёстой, манайх “Норовтун” ХХК-тай бүх төлбөр тооцоогоо хийсэн, газар шорооны бүх ажлыг н.Ганбаатар удирдаж зохион байгуулж ажилласан, бүх үе шатны актыг н.Ганбаатар бид 2 гарын үсэг зурж баталгаажуулсан" гэсэн мэдүүлэг, гэрч Э.Нямдорж, С.Батсүх, Д.Алтаншагай, Ү.Мөнхдэлгэр нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон байх ба энэ актад, барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлд тусгагдсан гүйцэтгэлээс туслан гүйцэтгэгчийн нэмж хийсэн ажлыг тооцох боломжтой" гэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал: Шүүгчийн үндэслэл болгосон хэргийн 99, 200, 201, 202, 203 дахь талд авагдсан “Гэрээ дүгнэсэн акт", "Хамтран ажиллах гэрээ" гэсэн баримтуудыг шүүгчийн захирамжаар нотлох баримтаас хариуцагчийн төлөөлөгч миний хүсэлтийн дагуу хассан захирамж авагдсан байхад дээрх баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь өөрөө үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр, миний бие шүүхийн хэлэлцүүлгийн явцад дээрх баримтуудыг нэхэмжлэгч талаас өөрсдөө үйлдсэн, түүнчлэн зарим нэг баримтыг өөрсдөө хуурамчаар үйлдсэн, улмаар шүүх шинжилгээнд шинжээч томилуулахаар хүсэлт гаргаж байсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа хэлсэн боловч шүүгч шийдвэрийнхээ үндслэл болгосон нь хуульд нийцэхгүй байна. Мөн гэрч Э.Нямдорж, С.Баасансүрэн, С.Батсүх, Д.Алтаншагай, Ү.Мөнхдэлгэр нарын мэдүүлгээс Б.Ганбаатар гэж хүн тухайн газар, тухайн цаг хугацаанд ажиллаж байсныг нотлохоос биш Б.Ганбаатарыг яг тэдэн м.кв ажил хийсэн гэж нотлох боломжгүй. Өөрөөр хэлбэл, ямар ч хүн газар шорооны ажлыг хараад энэ компани нь хэдэн м.кв ажил хийлээ, нөгөө компани нь тийм хэмжээний м.кв ажил хийлээ гэж хараад тодорхойлох боломжгүй. Иймээс гэрч нар Б.Ганбаатар хэдэн м.кв ажил хийсэн гэж тодорхойлж мэдүүлэг өгөөгүй. Харин Б.Ганбаатар ажиллаж байсан гэдгийг нотолдог атал гэрч нарын мэдүүлгээр "Сайн инженеринг групп" ХХК-ийн буюу туслан гүйцэтгэгчийн нэмж хийсэн ажлыг тооцох боломжгүй атал шийдвэртээ гэрчийн мэдүүлгээр туслан гүйцэтгэгчийн ажлыг гэрчийн мэдүүлэгээр тооцох боломжтой гэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн, үндэслэлгүй.

2. "... “Норовтүн” ХХК-ийн 22.000 м.куб ухмалын ажил, 7000 м.куб дүүргэлтийн ажлыг нийт 320.000.000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсныг актад тусгаснаас гадна нийт 31.721.56 м.куб ухмалын, 12.052.27 м.куб дүүргэлтийн ажлыг хийж гүйцэтгэснийг баталгаажуулж дүгнэсэн, үүнээс 9.721.56 м.куб ухмалын 5.052.7 м.куб дүүргэлтийн буюу нийт 14.774.26 м.куб ажлыг нэмж гүйцэтгэснийг баталгаажуулжээ. Эдгээрээс дүгнэвэл, “Сайн инженеринг групп” ХХК  нь 9.721.56 м.куб ухмалын ажлыг, ерөнхий гүйцэтгэгч 7000 м.куб дүүргэлтийн ажлыг гүйцэтгэхээс туслан гүйцэтгэгч “Сайн инженеринг групп” ХХК  6000 м.куб буюу энэ ажлын 85.7 хувийг гүйцэтгэхээр тохирсноос тооцож нэмж гүйцэтгэсэн 5.052.7 м.куб ажлын 85.7 хувь буюу 4.330.1 м.куб хэмжээний ажлыг туслан гүйцэтгэгч гүйцэтгэсэн гэж үзнэ" гэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн, үндэслэлгүй болжээ. "Сайн инженеринг групп" ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан "Ажил гүйцэтгэх гэрээ"-ээр ухмалын 22.000 м.кв, далангийн 6000 м.кв нийт 28.000 м.кв ажил хийлгэхээр гэрээ байгуулсан бөгөөд хэрэгт дээрх гэрээ авагдсан, үүнээс өөрөөр "Сайн инженеринг групп" ХХК гэрээнд зааснаас илүү ажил хийснийг тодорхойлох ямар нэгэн акт хэрэгт байдаггүй. Хэрэв "Сайн инженеринг групп" ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан "Ажил гүйцэтгэх гэрээ"-нд зааснаас илүү ажил хийж гүйцэтгэсэн бол гэрээний 4.2-т заасныхаа дагуу илүү гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг харилцан тооцсон баримт буюу акт үйлдэх байсан, илүү ажил гүйцэтгээгүй тул акт үйлдэгдээгүй. Өөрөөр хэлбэл, манай байгууллагатай илүү ажил хийсэн гэж гүйцэтгэл тооцож байгаагүй. Нөгөөтэйгүүр "Норовтүн" ХХК-ийн "Мөнхжилчин" ХХК-тай хийж гүйцэтгэсэн ажлын актыг үндэслээд "Сайн инженеринг групп" ХХК нь ухмалын 9.721.56 м.кв, далангийн 5.052 м.кв ажлуудыг гэрээнд зааснаас тус тус илүү гүйцэтгэсэн гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй, ойлгомжгүй, ямар ч баримт нотолгоогүй болжээ.

Түүнчлэн "Сайн инженеринг групп" ХХК-тай хэдий гэрээ байгуулсан ч энэ компанийг төлөөлөн ганц захирал гэх Б.Ганбаатар нь ганцаараа ажиллаж байсан бөгөөд "Норовтүн" ХХК-ийн зүгээс олон хүмүүс ажиллаж байсан гэдгийг нэхэмжлэгч талаас гэрчээр асуулгасан гэрч н.Нямдаваа мэдүүлдэг, мөн н.Батсүх, н.Алтаншагай, н.Мөнхтөр, н.Улаанхүү зэрэг олон хүмүүсийн нийгмийн даатгалын хуулбар болон нийгмийн даатгалын газрын лавлагаагаар тухайн цаг хугацаанд "Норовтүн" ХХК-д дээрх хүмүүс мөн ажиллаж байсан нь тогтоогддог бөгөөд дээрх хүмүүс бүгд гэрчийн мэдүүлэг өгөхдөө "Норовтүн" ХХК өөрсдөө хүн хүч болон бүх техникээ гарган ажиллаж байсныг нотолсон байдаг. Энэ нь "Сайн инженеринг групп" ХХК нь ганцаараа туслан гүйцэтгэгч гээд тэр ажлыг хийгээгүй, харин Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Газрын тосны агуулахын барилгын газар шорооны ажил"-ыг хурдан хийж гүйцэтгэх үүднээс "Сайн инженеринг групп" ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажилуулсан болохыг харуулж байгаагаас гадна бодит байдал дээр "Сайн инженеринг групп" ХХК-иас Б.Ганбаатар ганцаараа ажиллаж "Норовтүн" ХХК-иас олон хүн, машин механизм ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой байхад ганц хүн бүх ажлыг хийсэн мэтээр ор үндэслэлгүй, байж боломгүй дүгнэсэн байна. "Сайн инженеринг групп" ХХК нь гэрээнд зааснаасаа илүү газар шорооны ажил хийсэн гэх бичгийн ямар ч баримт хэрэгт байхгүй болохыг анхаарч үзнэ үү. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч “Сайн инженеринг групп” ХХК нь хариуцагч “Норовтүн” ХХК-д холбогдуулан  ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 38.317.157 төгрөг гаргуулахуур нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр захиалагч “Норовтүн” ХХК нь гүйцэтгэгч “Сайн инженеринг групп” ХХК-иар Багахангай дүүргийн нутагт баригдах газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, зам талбайн газар шорооны ажилд 22.000 м.куб ухмал, 6000 м.куб далангийн нийт 28.000 м.кв ухмалын ажлыг 35.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, ажлын хөлсөнд 35.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон байна. 

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан бөгөөд ажил гүйцэтгэгч  “Сайн инженеринг групп” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хийж гүйцэтгэсэн, ажлын хөлсөнд 30.000.000 төгрөг авсан, үлдэгдэл төлбөр 5.000.000 төгрөг байгаа талаар зохигчид маргаагүй.

 

Харин зохигчид ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдаагүй нэмэгдэл ажил болох 17.030.86 м.куб газар шорооны ажлыг хийсэн эсэх асуудлаар маргаж, нэхэмжлэгч байгууллага ерөнхий захиалагч “Мөнхжилчин” ХХК болон ерөнхий гүйцэтгэгч “Норовтүн ХХК-тай Багахангай дүүрэг, 2-р хороо “Газрын тосны агуулахын барилгын газар шорооны ажлын эцсийн гүйцэтгэлийн тоо хэмжээ санхүүжилт гэсэн” тооцооны баримтыг үндэслэсэн байна. /хх 8/

 

Дээрх тооцооны баримтад гэрээний тоо хэмжээнээс илүү гарсан галын зам болон нэмэлт ажлын тоо хэмжээний гүйцэтгэлийн нийт үнийг 168.451.584 төгрөг гэж дүгнэжээ.

 

Түүнчлэн хариуцагч “Норовтүн ХХК нь “Сайн инженеринг групп” ХХК-иас өөр компаниар газар шорооны ажлаа гүйцэтгүүлээгүй тухай гэрч С.Баасансүрэн, Э.Нямдорж, С.Батсүх нарын мэдүүлсэн байна. /хх49-50,217,/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар” Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч “Норовтүн” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэмэгдэл ажлыг нэхэмжлэгч байгууллага хийж гүйцэтгээгүй гэсэн тайлбараа нотолосон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. 

 

Анхан шатны шүүх ерөнхий захиалагч “Мөнхжилчин” ХХК болон ерөнхий гүйцэтгэгч “Норовтүн” ХХК-тай хийсэн ажлын гүйцэтгэлийн тооцоо, зохигчдын тайлбарыг үндэслэн 5.052.7 м.куб ажлын 85.7 хувь буюу 4.330.1 м.куб хэмжээний ажлыг туслан гүйцэтгэгч гүйцэтгэсэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Талууд гэрээний 2.3 дахь заалтад алданги төлөхөөр тохиролцсныг үндэслэн шүүх хариуцагчийн төлбөл зохих ажлын хөлс 22.564.575 төгрөгт алданги тооцож, алдангид 9.883.470 төгрөг нийт 32.448.048 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгч нь “Сайн инженеринг групп” ХХК нэмэлт ажлыг хийж гүйцэтгээгүй” гэсэн үндэслэлээр давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 102/ШШ2017/01297 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа “Норвтүн” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320.191 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                            А.МӨНХЗУЛ          

                                ШҮҮГЧИД                            С.ЭНХТӨР

                                                                             Ц.ИЧИНХОРЛОО