Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01461

 

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/01461

Улаанбаатар хот

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж,  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, 12-р баг, Булгийн 22-7А тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ФН70032744, Бугалдар овогтой Цамбын Бадамсүрэнгийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, 1А байрны 14 тот, Тэн хун ХХК-д холбогдох  үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрт 21 207 600 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Бадамсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших /үнэмлэх 0273/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Бадамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр талийгаач Ж.Батжаргал нь Тэн хун ХХК-тай 2012 оны 01 дүгээр сарын 09 өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан Төв аймгийн нутаг “Наран толгой” алтны уурхайд баяжуулагчаар ажиллаж байсан. Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 20 хоног ажиллаад 10 хоног амардаг байсан.  2012 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө ээлжинд гараад 10-ны өглөө ажлаасаа буугаад уурхайгаас Улаанбаатар хотруу автобусаар хүргэгдсэн. Тэгээд Улаанбаатараас Эрдэнэт рүү гэртээ харихаар өөрийнхөө машинаар Эрдэнэт хотруу явсан. Гэрлүүгээ харих замдаа автын осолд орж амь насаа алдсан. Энэ ослын дараа “Тэн хун” ХХК-д үйлдвэрлэлийн ослыг тогтоолгох хүсэлтийг удаа дараа тавьж байсан. 2014 онд зам тээврийн осол гаргасан Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурал болж 12 тоот шийтгэх тогтоол гарсан, үүнд талийгаач Батжаргалын буруутай үйлдэл тогтоогдоогүй. Энэ тогтоолоор үйлдвэрлэлийн ослын талаар дүгнэлт гаргахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт даалгасан бөгөөд улсын байцаагчийн 2015 оны 07-р сарын 29-ний өдрийн өдрийн дүгнэлт гарч, Батжаргалыг үйлдвэрлэлийн ослоор нас барсан болохыг тогтоосон. Ж.Батжаргал нь үндсэн цалин 396 000 төгрөг,  хээрийн нэмэгдэл 88 000 төгрөг нийт 484 000 төгрөгийн цалинтай байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар 36 сарын цалинтай тэнцэх олговорт 17 424 000 төгрөг, мөн ээлжийн амралт, гэнэт халагдсаны олговорт 3 786 600 төгрөг нийт 21 207 600 төгрөгийг “Тэн хун” ХХК-иас нэхэмжилж байна гэв.  

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилтан Ж.Батжаргал нь нас барснаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон. Уурхайгаас Улаанбаатар хотод ирээд, гэрлүүгээ харих замдаа осолд орж нас барсан учраас үйлдвэрлэлийн осолд хамаарахгүй гэж үзэж байгаа. Тухайн үед ажилтан нас барснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул ээлжийн амралт болон гэнэт халагдсаны мөнгийг нэхэмжлэх үндэслэлгүй. 36 сараар олговор тооцохдоо хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон үндсэн цалингаас тооцох нь зөв гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүзй болгож өгнө үү гэв.

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Бадамсүрэн нь Тэн хун ХХК-д холбогдох үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрт 21 207 600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 17 424 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад 3 786 600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Ж.Батжаргал нь Тэн хун ХХК-тай 2012 оны 01-р сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан Төв аймгийн нутаг дахь “Наран толгой” алтны уурхайн Баяжуулах үйлдвэрт шаазан фильтерийн цехийн ажилчнаар ажиллаж байгаад 2012 оны 07-р сарын 10-нд Улаанбаатараас Эрдэнэт явах замдаа зам тээврийн ослын улмаас /хх 53-60/ нас баржээ.

 

 Сум дундын 22 дугаар шүүхийн 2014 оны 02-р сарын 27-ны өдрийнх 12 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Эрдэнэбатыг 2012 оны 07-р сарын 10-ны шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р багийн нутаг, Дарханаас Эрдэнэтийн чиглэлийн замд Ж.Батжаргалын жолоодож явсан 97-89 ОРХ дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж түүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож /хх 24-27/, уг ослыг үйлдвэрлэлийн осолд тооцох  эсэх талаар дүгнэлт гаргахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт даалгасан байна.

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 07-р сарын 29-ний өдрийн 31-06-321/1234 тоот дүгнэлтээр дээрх ослыг үйлдвэрлэлийн осолд тооцсон /хх 21/ байх ба дүгнэлтийг эс зөвшөөрч Тэн хун ХХК нь шүүхэд гомдол гаргасан, улмаар Тэн хун ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08-р сарын 24-ний өдрийн 589 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11-р сарын 03-ны өдрийн 0718 тоот магадлал хүчин төгөлдөр болсон /хх 28-36/ байна.

 

Нэхэмжлэгч Ц.Бадамсүрэн нь Ж.Батжаргалтай 1990 онд гэрлэлтээ бүртгүүлсэн, улмаар 4 хүүхэд төрүүлж өсгөсөн байх ба нөхөр Ж.Батжаргалыг үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсны нөхөн олговорыг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Талийгаач Ж.Батжаргал нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үндсэн цалин 396 000 төгрөг,  хээрийн нэмэгдэл 88 000 төгрөг нийт 484 000 төгрөгийн цалинтай байсан нь цалингийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон байх тул Тэн хун ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг 1 удаа олгох олгох үндэслэлтэй.

 

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.2 дахь хэсэгт зааснаар ажилтан нас барснаар хөдөлмөрийн гэрээ  дуусгавар болох бөгөөд энэ тохиолдолд ээлжийн амралт, гэнэт халагдсаны олговорыг ажил олгогчоос шаардахгүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон      

                                                                                                       ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлийн 97.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Тэн хун ХХК-иас 17 424 000 /арван долоон сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга/ төгрөг гаргуулж Цамбын Бадамсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 3 786 600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, энэ хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Тэн хун ХХК-иас 245 070 /хоёр зуун дөчин таван мянга дал/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                            Р.АЛТАНТУЯА