Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 1874

 

Ц.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/01461 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.Бгийн, “ТХ” ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны нөхөн төлбөр, ажлаас халагдсаны тэтгэмж, ээлжийн амралтын олговорт нийт 21 207 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний нөхөр талийгаач Ж.Б нь “ТХ” ХХК-тай 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан Төв аймгийн нутаг "Н" алтны уурхайд баяжуулагчаар ажиллаж байсан.

Тэрээр 20 хоног ажиллаад 10 хоног амардаг байсан. 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө ээлжинд гараад 10-ны өглөө ажлаасаа буун, уурхайгаас Улаанбаатар хот руу автобусаар хүргэгдсэн.

Улаанбаатар хотоос гэртээ харихаар өөрийнхөө автомашинаар Эрдэнэт хот руу явсан. Гэр рүүгээ харих замдаа авто осолд орж, амь насаа алдсан. Энэ ослын дараа "ТХ" ХХК-д үйлдвэрлэлийн ослыг тогтоолгох хүсэлтийг удаа дараа тавьж байсан.

2014 онд зам тээврийн осол гаргасан Б.Э-д холбогдох хэргийн шүүх хурал болж 12 тоот шийтгэх тогтоол гарсан, үүнд талийгаач Ж.Б-ын буруутай үйлдэл тогтоогдоогүй.

Дээрх тогтоолоор үйлдвэрлэлийн ослын талаар дүгнэлт гаргахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт даалгасан бөгөөд улсын байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт гарч, Ж.Б-ыг үйлдвэрлэлийн ослоор нас барсан болохыг тогтоосон.

Талийгаачийн үндсэн цалин 396 000 төгрөг, хээрийн нэмэгдэл 88 000 төгрөг, нийт 484 000 төгрөгийн цалинтай байсан.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар 36 сарын цалинтай тэнцэх олговорт 17 424 000 төгрөг, мөн ээлжийн амралт, гэнэт халагдсаны олговорт 3 786 600 төгрөг, нийт 21 207 600 төгрөгийг "ТХ" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ажилтан Ж.Б нь нас барснаар хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Уурхайгаас Улаанбаатар хотод ирээд, гэр рүүгээ харих замдаа осолд орж, нас барсан учраас үйлдвэрлэлийн осолд хамаарахгүй.

Мөн нэхэмжлэлийн шаардлага болсон үнийн дүнг ямар тооцооллоор тооцож хариуцагчаас шаардаж байгаа нь тодорхойгүй, ээлжийн амралт болон гэнэт халагдсаны мөнгийг нэхэмжлэх үндэслэлгүй бөгөөд 36 сараар олговор тооцохдоо хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон үндсэн цалингаас тооцох нь зөв учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасныг баримтлан “ТХ” ХХК-иас 17 424 000 төгрөг гаргуулан Ц.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 3 786 600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ТХ” ХХК-иас 245 070 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх “... нэхэмжлэгч нь Ж.Б-тай 1990 онд гэрлэлтээ бүртгүүлсэн, улмаар 4 хүүхэд төрүүлж өсгөсөн байх ба нөхөр Ж.Батжаргалыг үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсны нөхөн олговрыг гаргуулахаар шаардах эрхтэй …”, “... талийгаач Ж.Б нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үндсэн цалин 396 000 төгрөг, хээрийн нэмэгдэл 88 000 төгрөг, нийт 484 000 төгрөгийн цалинтай байсан учраас хариуцагч “ТХ” ХХК-иас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг 1 удаа шаардах эрхтэй ...” гэж дүгнэсэн нь эрх зүйн үндэслэлгүй.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т "үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар, гэрт 36 сар ба түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэж заасан ба энэхүү заалтад 36 сар ба түүнээс дээш сарын нөхөн төлбөр тооцохдоо сарын цалинг нь сарын үндсэн цалингаар, эсхүл үндсэн цалин ба нэмэгдлийн нийлбэрээр тооцох эсэх нь тодорхойгүй байхад шүүх энэ заалтыг хэрэглэхдээ ямар нэгэн тайлбар хийгээгүй атлаа нөхөн төлбөр олгох цалинг үндсэн цалин ба хээрийн нэмэгдлийн нийлбэрээр тогтоосон нь хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасныг баримтлан шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

            Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “ТХ” ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 17 424 000 төгрөг, мөн ээлжийн амралт болон гэнэт халагдсаны төлбөрт 3 786 600 төгрөг, нийт 21 207 600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч, үндэслэлээ “... талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон, ... талийгаач уурхайгаас Улаанбаатар хотод ирээд, гэр рүүгээ харих замдаа осолд орж нас барсан учраас үйлдвэрлэлийн осолд хамаарахгүй ...” гэж тайлбарлан маргажээ.

Хариуцагч “ТХ” ХХК, нас барагч Ж.Бл нарын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, “ТХ” ХХК-ийн 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 95 дугаар тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, нас барагчийн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. /хх-13, 16-18, 53-60 дугаар тал/

Нас барагч Ж.Батжаргал нь Төв аймагт байрлах Нарантолгой алтны уурхайн баяжуулах үйлдвэрт шаазан фильтерийн цехийн ажилтнаар ажиллаж байсан бөгөөд тэрээр 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ажлаасаа гэр рүүгээ буцах замдаа зам тээврийн осолд орж амь насаа алджээ. Уг ослыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 31-06-321/1234 тоот дүгнэлтээр Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад хамаарах үйлдвэрлэлийн осолд тооцсон байна. /хх-21 дүгээр хуудас/

             Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэж заасан тул хариуцагчийн “үйлдвэрлэлийн осолд хамаарахгүй” гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

            Хариуцагч тал, үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохиролд олгох нөхөн төлбөрийг хөдөлмөрийн гэрээгээр тохирсон үндсэн цалингаас тооцох ёстой гэж марган, давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

            Хэргийн 16 дугаар талд авагдсан хөдөлмөрийн гэрээнээс үзэхэд гэрээний талууд үндсэн цалинг 396 000  төгрөг, хээрийн нэмэгдэл цалинг 42 000 төгрөг байхаар тогтсон байх боловч хариуцагч “ТХ” ХХК нь 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 108 тоот албан бичгээр талийгаач Ж.Б-ын нэг сарын үндсэн цалинг 396 000 төгрөг, хээрийн нэмэгдэл цалинг 88 000 төгрөг болохыг тодорхойлжээ. /хх-53 дугаар тал/

            Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтаас харахад үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, урамшуулал зэргээс цалин хөлс бүрдэх бөгөөд энэ зүйлд заасан цалин хөлснөөс мөн хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг тооцох учиртай.

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хариуцагч “ТХ” ХХК-иас, үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтан Т.Б-ын ар гэр болох эхнэр Ц.Бд 17 424 000 төгрөгийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн  тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасантай нийцэж байна.

            Шүүх нэхэмжлэгч Ц.Бг хариуцагч компаниас талийгаачийн ээлжийн амралт, гэнэт халагдсаны олговор шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 3 786 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй ба энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/01461 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “ТХ” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65 640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                            Г.ДАВААДОРЖ

 

                                                                               Ч.ЦЭНД