Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2019/00125

 

Г.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/01462 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1915 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Г.О-энийн нэхэмжлэлтэй

Хариуцагч УДБЖТ-Г-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.О-э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 1998 оноос Улсын УДБЖТ-т тасралтгүй 20 гаран жил ажилласан. УДБЖТ-үе үеийн удирдлагуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулан эд хариуцагч няравын албан тушаалд ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг зөрчил гарган сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. 2018 онд УДБЖТ-удирдлага солигдож, намайг энэхүү албан тушаалд удсан тул өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулна гэх болсон. Миний бие удирдлагын зүгээс тавьсан энэхүү шаардлагыг зөвшөөрч 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өөр албан тушаалд шилжин ажиллахад татгалзах зүйлгүй гэсэн утгатай хүсэлтийг бичсэн. Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр УДБЖТ-захирлын Б/67 дугаартай тушаал гарч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх болсон гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх ямар ч хүсэлт гаргаагүй бөгөөд шинэ удирдлагын зүгээс өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулна гэснийг зөвшөөрч хүсэлт гаргасан байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан.

Иймд миний бие ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тул урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Г.О-э нь Улсын УДБЖТ-т эд хариуцагч няраваар ажиллаж байгаад, уг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасны дагуу түүнийг ажлаас чөлөөлсөн болно. Г.О-э нь тухайн ажлын байранд тавигдах шаардлага болох нягтлан бодох, бүртгэл, санхүүгийн боловсрол мэдлэггүй тул эд хариуцагч, бэлэн мөнгөний няравын ажлын байрны шаардлага хангахгүй байгаагаа хүлээн зөвшөөрч бичгээр уг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан болно. Ажил олгогчийн зүгээс түүнтэй харилцан ярилцаж, өөр ажлын байр буюу эмэгтэй хувцасны эрхлэгч, үйлчилгээний ажилтан гэсэн орон тоон дээр ажиллахыг санал болгосон боловч тэрээр эдгээр ажлыг гүйцэтгэж чадахгүй гэсэн болно. 

Иймд Г.О-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/01462 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Г.О-ийг хариуцагч Улсын УДБЖТ-эд хариуцагч няравын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Улсын УДБЖТ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 862 404 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.О-эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Г.О-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Улсын УДБЖТ-аас улсын тэмдэгтийн хураамжид 44 748 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1915 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/01462 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч УДБЖТ- УТҮГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Давж заалдах шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэж гараагүй, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. ...Нэгэнт ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан тохиолдолд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байхад 2 шатны шүүх Хөдөлмөрийн хуулийн уг заалтыг зөв хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Г.О-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн маргааны зүйлийн талаар мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна. 

Нэхэмжлэгч Г.О-э нь хариуцагч УДБЖТ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Хариуцагч УДБЖТ- шаардлагыг эс зөвшөөрч, Г.О-э ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч Г.О-э 2011 оноос УДБЖТ-т эд хариуцагч няраваар ажиллаж байгаад театрын захирлын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

Ажил олгогч тушаалынхаа үндэслэлд ажилтан ажлаасаа чөлөөлөгдөх санаачилга гаргасан бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1. дэх заалтыг заажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасны дагуу үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийжээ. Тухайлбал, ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн саналын хариуд өөр ажлын байраар хангуулах талаар гаргасан нэхэмжлэгч Г.О-ийн өргөдлийг хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ажилтны санаачилга гэж үзээгүй хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/01462 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1915 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН