Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 01462

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г. О/РД: /-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: У/РД: /-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баярхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн, гэрч Б.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гөлөгөө овогтой О миний бие 1998 оноос Ут тасралтгүй 20 гаран жил ажиллаж ирсэн. Дуурь бүжгийн эрдмийн театрын үе үеийн удирдлагуудтай хөдөлмөрийн гэрээ байсуулан эд хариуцагч няравын албан тушаалд ажиллаж байсан.

Ажиллаж байх хугацаандаа ямар нэг зөрчил гарган сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй бөгөөд тогтвортой сайн ажиллаж байсан.

2018 онд Дуурь бүжгийн эрдмийи театрын удирдлага солигдож намайг энэхүү албан тушаалд удсан тул өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулна гэх болсон. Миний бие удирдлагын зүгээс тавьсан энэхүү шаардлагыг зөвшөөрч 2018 оны 4 сарын 5-ны өдөр өөр албан тушаалд шилжин ажиллахад татгалзах зүйлгүй гэсэн утгатай хүсэлтийг бичсэн. Гэтэл 2018 оны 04 сарын 06-ны өдрийн Б/67 дугаартай Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын тушаал гарч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх болсон гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-г үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна.

Миний бие өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх ямар ч хүсэлт гаргаагүй бөгөөд шинэ удирдлагын зүгээс өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулна гэснийг зөвшөөрч хүсэлт гаргасан байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан байна.

Иймд миний бие ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тул урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баярхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь эд хариуцагч няраваар 2001 оноос 20 жил тасралтгүй ажилласан туршлагатай ажилтан байсан байна. Зөрчил дутагдал гаргасан мэргэжил боловсролдоо тэнцэхгүй талаар шүүх дээр маргаж байгаа асуудал Хөдөлмөрийн тухай хуулийн 38-р зүйлд заасан үндэслэл байгаа. Тэгэхээр зөрчил дутагдал гаргасан талаар ярих шаардлагагүй гэж үзэж байна. Мэргэжил, ур чадвараар  тэнцэхгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлээр халах ёстой байсан. Мэргэжилдээ тэнцэхгүй гэдгийг зүгээр нэг уулзалт хийгээд тогтоодог биш. Төвшин тогтоох, атистачлалын комисс болох холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарч байж мэргэжилдээ тэнцэхгүй гэсэн үндэслэл хэлэх учиртай. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.1-т зааснаар өөрийн өргөдлийг үндэслэж халсан гэж байгаа боловч нэхэмжлэгч тушаал гарахын өмнөх өдөр буюу 4 сарын 5-ны өдөр өөрийн гараар хүсэлт бичсэн байдаг. Энэ хүсэлтийг тухайн үед ямар хүсэл зоригоор бичсэн гэдэг нь агуулга болон өөрийнх нь тайлбараас харагдаж байна. Зөрчил гаргасан ажилдаа тэнцэхгүй гэж даргынх нь зүгээс дарамт ирж байсан учраас ажлын байраа сольё гэсэн агуулгатай хүсэлт бичсэн байдаг. Улсын дээд шүүхийн тогтоолын тайлбарт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт нь ямар агуулгатай вэ? гэхээр ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлт байна гэж байгаа. 4-р сарын 5-ны өдрийн хүсэлтэд ажлаас чөлөөлөгдөх биш ажлын байраа чөлөөлөхөд татгалзах зүйлгүй. Харин өөр ажлын байраар хангагдъя гэсэн агуулгатай байсан. Энийг бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл гэж үзэх боломжгүй. Хариуцагч байгууллагын захирлын тушаал үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэстэй гэж үзэж байна.” гэв. 

 

Хариуцагч Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд иргэн Гөлөгөө овогтой Оюун-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч доорхи тайлбарыг гаргаж байна.

Г.О нь Ут эд хариуцагч няраваар ажиллаж байгаад, уг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасны дагуу түүнийг ажлаас чөлөөлсөн болно.

Г.О нь тухайн ажлын байранд тавигдах шаардлага болох нягтлан бодох, бүртгэл, санхүүгийн боловсрол мэдлэггүй тул эд хариуцагч, бэлэн мөнгөний няравын ажлын байрны шаардлага хангахгүй байгаагаа хүлээн зөвшөөрч бичгээр уг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан болно.

Ажил олгогчийн зүгээс түүнтэй харилцан ярилцаж, өөр ажлын байр буюу эмэгтэй хувцасны эрхлэгч, үйлчилгээний ажилтан гэсэн орон тоон дээр ажиллахыг санал болгосон боловч тэрээр эдгээр ажлыг гүйцэтгэж чадахгүй гэсэн болно.

Иймд Г.Оюун-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Ут холбогдуулан эд хариуцагч няравын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч У нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу түүнийг ажлаас чөлөөлсөн гэж маргасан.

 

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Нэхэмжлэгч нь 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хариуцагчид эд хариуцагч няравын албан тушаалд ажиллаж эхэлсэн болох нь № А 0451278 нийгмийн даатгалын дэвтрийн болон 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 125 дугаар хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

          Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтад заасныг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчийн тайлбар, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/67 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална:”, 38.1.1-т “ажилтан санаачилсан;” гэж заасан.

 

Хариуцагч нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өөрийн байгууллагад хяналтын тооллого хийсэн болох нь зохигчийн тайлбар, Б/67 тушаалын хуулбар, Б.Сарангэрэлийн гэрчийн мэдүүлэг, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ажилтантай хийсэн ярилцлагын тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгчтэй хяналтын тооллогын үр дүн болон ажлын байранд гарсан гэх зөрчлийн талаар хэлэлцэж, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь мэргэжил, ур чадварын хувьд албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэж байгаа тухай мэдэгдэж, одоо эрхэлж байгаагаас өөрд ажилд ажиллахыг санал болгосныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй болох нь зохигчийн тайлбар, Б.Сарангэрэлийн гэрчийн мэдүүлэг, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ажилтантай хийсэн ярилцлагын тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцлахаар санаачилсан болох нь Б.Сарангэрэлийн гэрчийн мэдүүлэг, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ажилтантай хийсэн ярилцлагын тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэгч нь сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт өгсөн гэх тайлбар нь 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ажилтантай хийсэн ярилцлагын тэмдэглэлээр үгүйсгэгдэж байх ба хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцлахаар санаачилсан байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтад заасныг үндэслэл болгон нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ... олговор ... олгоно.” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн эд хариуцагч няравын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар нэхэмжилжээ.

                                                         

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор .... олгоно.” гэж заасан.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 731 666/801000+792000+602000=2195000, 2195000:3=731666/ /долоон зуун гучин нэгэн мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг байх ба 1 өдрийн дундаж цалин хөлс 33 257/731666:22=33257/ /гучин гурван мянга хоёр зуун тавин долоо/ төгрөг болох нь нэхэмжлэгчийн № А 0451278 нийгмийн даатгалын дэвтрийн болон 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 125 дугаар хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчид 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх 1/нэг/ сар, ажлын 34/гучин дөрөв/ хоногийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 1 862 404/33257х34хоног=1130738, 1130738+731666=1862404/ /нэг сая найман зуун жаран хоёр мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болох нь № А 0451278 нийгмийн даатгалын дэвтрийн болон 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 125 дугаар хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Оюун-Эрдэнийг хариуцагч Уын эд хариуцагч няравын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Уаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 862 404/нэг сая найман зуун жаран хоёр мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Од олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Оюун-Эрдэнийг хариуцагч Уын эд хариуцагч няравын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Уаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 862 404/нэг сая найман зуун жаран хоёр мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Од олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Оюун-Эрдэнийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Уаас улсын тэмдэгтийн хураамжид 44 748 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд оруулсугай.

                                                                                                                                               

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ