Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бяхаржавын Баярцогт |
Хэргийн индекс | 122/2019/0004/з |
Дугаар | 06 |
Огноо | 2019-04-17 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 06
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Ч.Эийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Снд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн Сны улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 31-03/54 тоот “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.А, нэхэмжлэгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэгбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Сны улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-03/54 тоот актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Уг актад аймгийн Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Эрдэнэтуяад олгосон 2.1 сая төгрөгийг оруулан тусгасан, хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлсний төлөө төлбөр тавьсан, хууль бусаар мөнгө авсан этгээдээр төлүүлээгүй зэрэг зөрчилтэй байх ба санхүүгийн улсын байцаагчийн акт нь хууль, шударга ёсонд нийцсэн, эргэлзээгүй, гарцаагүй байдлаар тогтоогдож нотлогдсон, нотлох баримтад үндэслэсэн, бусдын эрх хууль ёсны эрх ашгийг хохироохгүй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Акт гарах болсон шалтгаан Сүхбаатар аймгийн Засаг даргын баталсан 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 30 тоот удирдамжийн дагуу Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016, 2017, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийнэ гэж заасан байна. Аймгийн Сны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны 02 тоотоор баталсан хяналт шалгалтын удирдамж, хавсралтаар баталсан 2018 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын удирдамж хэрэгт авагдсан байгаа. Үүний 4-т Засаг даргын Тамгын газрын 2016-2017 оныг шалгана гэж тусгасан байгаа. Гэтэл энэ удирдамжид 2018 оны 09 дүгээр сарын 01 хүртэл гэж тусгагдсан байна. Би 2018 оны 08 дугаар сарын 1-ний өдрөөс ажлаас халагдсан. Миний ажиллаж байсан хугацааг хамруулж удирдамжид тусгасан байгаа. Удирдамждаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг удирдлага болгохоор заасан байгаа. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар “хяналт шалгалтын төлөвлөгөөг эрсдэлийн үнэлгээг харгалзан мэргэжлийн хяналтын төв байгууллага өмнөх жилийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор баталж, олон нийтэд мэдээлнэ” гэсэн байна. Энэ заалтын дагуу төлөвлөгөөг нь хуучин аймгийн Засаг дарга З.Энхтөр баталсан.
Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр энэ төлөвлөгөөнд батлагдаагүй. Гэхдээ Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийх зохицуулалт байгаа. Тус хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ” гэж заасан байна. Тэгтэл төлөвлөгөөт бус шалгалтад энэ нөхцөл үүсээгүй. Тус хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж өргөдөл хүсэлтээ нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад хүргүүлнэ. Энэ нотлох баримтыг үндэслээд 5 хоногийн дотор хяналт, шалгалтыг хийх эсэхээ шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатарын баталсан хяналт шалгалтын удирдамжид яагаад энэ шалгалтыг хийх болсон тухай шалтгаанаа заагаагүй байгаа. Төлөвлөгөөт бус шалгалт гээд үзэхээр яагаад энэ шалгалтыг хийх болсноо заагаагүй. Төлөвлөгөөт бус шалгалт дээр Засаг дарга хүсэлт гаргасан байж болно гэхдээ нотлох баримт хэрэгт авагдаагүй. С шалгалт хийсэн боловч ямар үндэслэлээр шалгалт хийсэн тухай баримт нь хэрэгт авагдаагүй байгаа. Би энэ асуудлыг аймгийн Засаг дарга хууль бусаар ажлаас халсан үндэслэлээ хаацайлах гэж хууль ёсны болгох зорилгоор захиалгаар хийлгэсэн. Энэ захиалгыг аймгийн С биелүүлсэн гэж үзэж байгаа. Би тухайн үед Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Мөн Сны даргыг ажлаа өг гэж Засаг дарга шаардаж байсан. Харин намайг ажлаас халагдсаны дараа Эрдэнэчимэгийг миний даалгаврыг биелүүлсэн тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгалах юм шиг тохиролцоо хийсэн. Гэвч аймгийн Засаг дарга хэлсэн амнаасаа буцаж, актыг Эрдэнэчимэгээр тавиулсныхаа дараа ажлаас нь халсан. Гэхдээ энэ тухай хэрэгт албан ёсоор авагдаагүй ч саяын миний дурдсан зүйлсээр нотлогдоно.
Актад дурдахдаа бүтэц орон тоо шинэчлэгдсэнтэй холбогдуулан Засаг даргын Тамгын газрын даргын тушаал гарч нэр бүхий 7 албан хаагч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тухайн актад нэр бүхий 7 албан хаагчийн нэр, албан тушаалыг нь тодорхой дурдаагүй байгаа. Эдгээр албан хаагчдын ажилгүй байх хугацааны цалин хөлсний олговорт 52.496.512 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн. Сны шалгалтын материал нь байхгүй байгаа учир нотлох баримтгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг үзэхэд нэр бүхий 7 албан хаагч нь Б, Ч, Э, А, Б, М гэх хүмүүсийг ойлгож байна. 7 дахь албан хаагчийг нь мэдэхгүй байна. Яагаад энэ хүмүүсийг гэж ойлгож байна гэхээр ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хүмүүсээр тооцож байна. Энэ хүмүүст шүүхийн шийдвэрээр 52 сая төгрөгийн нөхөн олговор тогтоогдоогүй. Тэгэхээр энэ актад дурдсан 52 сая төгрөг хаанаас гарсан, үндэслэлтэй эсэх нь асуудалтай байна. Хэргийн материалд авагдсанаар нягтлан бодогч Эрдэнэцэцэгийн гаргасан судалгаагаар гарсан 52 сая төгрөг гэж үзэхэд ажилгүйдлийн тэтгэмж олгосон 13 сая төгрөгт хамаарахгүйгээр Батсуурь гэх хүний нэр ороод ирсэн. Энэ тоо хаана ч байхгүй гэхдээ Эрдэнэцэцэгийн судалгаан дээр л гарсан байгаа. 2018 онд ажилгүй байх хугацааны нөхөн олговорт 28 сая төгрөг гээд заасан. Энэ 7 албан хаагчид хэдэн оны хэдний аль шүүхийн шийдвэрээр хэнд хэдэн төгрөгийн тэтгэмж, нөхөн олговор хэд гэдэг нь тодорхойгүй, бөөн дүнгээр нягтлан бодогчийн гаргасан дүнг аваачаад тавьчихсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасан байна. Зөвхөн энэ тоо нь дээрээс харахад тухайн заалт зөрчигдсөн байна. Би өөрөө тооцоо хийж үзэхэд энэ 6 хүний шүүхээс олгосон нөхөн олговор нь 50.899.050 төгрөг болж байна. Гэтэл 7 хүн, 52 сая төгрөг гээд гаргасан нь хаанаас хэрхэн энэ тоог гаргасан нь тодорхойгүй. Уг тушаал нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон гэж актад дурдсан.
Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 тоот тушаал, түүний хавсралтаар нэр бүхий хүмүүсийг ажлаас чөлөөлсөн. Гэхдээ шүүхийн шийдвэрээр энэ тушаал, хавсралтын тухайн албан тушаалтнуудад заасан холбогдох хэсгийг хүчингүй болгосноос биш, А/10 тоот тушаалын ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудад 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох энэ заалтыг хүчингүй болгоогүй. Би энэ А/10 тоот тушаалаар 13 албан хаагчийг ажлаас чөлөөлснөөс 10 хүн нь шүүхээр маргаантай явсан. Ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа гэсэн үндэслэлээр 5 хэлтсийн дарга, 1 мэргэжилтэн ажилдаа буцааж томилогдохоор шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл актад 7 хүн гэж гаргасан асуудал байна.
Цалин хөлстэй тэнцэх орлогод 28.051.922 төгрөгийг олгосон гэж заасан. Энэ төлбөрийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн төлбөрийн хүсэлтийн шилжүүлэгт би өөрөө гарын үсэг зураад Э, Б, Б, А гэх хүмүүсийн данс руу тус бүр 1.000.000 буюу 4.000.000 төгрөг шилжүүлсэн байгаа, үүнтэй маргахгүй.
Харин 2018 оны 07 сарын 09-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 24.501.922 төгрөгийг татсан байгаа. Уг нь шүүхийн шийдвэрийг үндэслээд Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга хариуцагч учраас нэр дурдсан 6 хүн рүү шилжүүлэх ёстой байсан боловч шилжүүлээгүй. Энэ мөнгийг шүүхийг шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Бгийн хаан банкны дансанд 2.924.463 төгрөг, Аын дансанд 7.504.144 төгрөг, Бийн дансанд 5.776.214 төгрөг, Эийн дансанд 5.691.786 төгрөг шилжүүлсэн, эдгээр мөнгө нийтдээ 21.874.604 төгрөг болж байна. Нийт шилжүүлсэн мөнгөнөөс 2.177.000 төгрөгийн зөрүү гарсныг Эрдэнэтуяа гэх хүний хаан банкны 5630283417 тоот дансанд шилжүүлсэн. Энэ Эрдэнэтуяа гэх хүн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 27 тоот шийдвэр гарсан байдаг. Энэ хэргийн хариуцагч нь Аймгийн Засаг дарга байдаг. Энэ хүний шүүхийн шийдвэртэй хэрэг дээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын хувьд ямар нэгэн оролцоо байдаггүй. Э гэх хүнийг ажилд авахаас өмнө Эрдэнэтуяаг ажлаас халсан шийдвэр гаргасан хүн нь аймгийн Засаг дарга байтал Э гэх хүн рүү нялзаагаад 28 сая төгрөгийг актад оруулсан байдаг. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд тодорхой заагаагүй. Гэхдээ хуулиар тодорхой заагаагүй зүйлийг дүрмээр зохицуулна гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Энэ акт тавихдаа дотоод аудитын дүрмээ барьж акт тавьсан байдаг. Дотоод аудитын дүрэмдээ санхүүгийн хяналт шалгалт акт тавих эрхтэй гэхдээ актыг тавихдаа баримт нотолгоонд үндэслэн актад байгаа тоо баримтыг үндэслэх нотолгооны үнэн зөвийг тухайн байцаагч хариуцна гэсэн байдаг. Гэтэл 2 дахь удаагийнх нь тоо 28 сая төгрөгийн худлаа тоо гарч байна.
Энэ 28 сая төгрөгийг дүгнэхдээ ажилгүй байх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гэж актдаа заасан. Гэтэл энэ дотор улсын тэмдэгтийн хураамж нийт 421.200 төгрөг орсон. Актад цалин хөлсний олговор гэж заасан болохоос улсын тэмдэгтийн хураамж гэж заагаагүй. Үүний зөрүүгээс 28 сая төгрөг нь 27.630.722 төгрөг болсноос Эрдэнэтуяагийн 2.100.000 төгрөгийг хасвал тоо мөн өөрчлөгдөнө. Энэ актад дурдсан тоо баримтууд нь дотоод аудитынхаа дүрэмд заасан шаардлагыг хангахгүй байна. 2017 онд бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөний тэтгэмж 13.678.701 төгрөг гэж заасан байгаа. Ажлаас чөлөөлсөн А/10 тоот тушаалын 4 дүгээр заалтаар би энэ ажилтнуудад тэтгэмж олгосон. Тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар “ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудад 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан байдаг. Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаанд мөн тооцогдож явдаг. Энэ баталгааг эдлүүлж 13.000.000 төгрөгийг нэр бүхий 6 албан хаагчид олгосон байдаг. Би хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн. Тухайн шүүхийн шийдвэрүүдийг нотлох баримтаар өгсөн. Энэ шүүхийн шийдвэрүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байсан. Гэтэл шүүхийн шийдвэрүүдээр А/10 тоот тушаалын 2 дугаар хавсралтын тухайн албан тушаалтнуудад холбогдох хэсгийг хүчингүй болгосноос биш А/10 тушаалын 4 дүгээр заалтыг хүчингүй болгоогүй. Тэгэхээр энэ тэтгэмж олгосон заалт хүчингүй болоогүй учир хууль зүйн үндэслэлтэй олгогдсон тэтгэмж гэж ойлгож байна. Актад мөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон гэж заасан. Энэ заалт нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр заалт юм. 13.678.701 төгрөгийг хууль бус шийдвэр гэж үзэх, нөхөн төлүүлэх үндэслэл байхгүй гэж үзэж байна.
Актдаа нэр бүхий иргэдийн ажилгүй байх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 41.730.623 төгрөгийг олгохдоо байгууллагын төсвийг нэмж тодотгон төсвийг үр ашиггүй, илүү зарцуулсан нь Монгол улсын Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт зааснаар “төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гэснийг зөрчсөн байна гэсэн. Хариуцагчийн хүсэлтээр Тамгын газрын нягтлан бодогч Эрдэнэцэцэгийг гэрчээр асуусан байдаг. Гэрчээр асуугдахдаа энэ асуудалд төсвийг нэмж тодотгоогүй гэдгийг хэлсэн. Төсвийг нэмж тодотгоогүй гэдгийг гэрч өөрөө нотолсон учир хурлын тогтоолыг авахыг илүүц гэж үзсэн. Тэгэхээр хяналт шалгалтын акт бодит байдалтай нийцээгүй, төсвийн тодотгол хийгээгүй байхад хийсэн гэж дураараа дүгнэлт хийсэн. Энэ дүгнэлт гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэнэ.
Хуучин Төсвийн тухай хууль зөрчсөн тохиолдолд 70 дугаар зүйлээр зохицуулалт хийгээд хариуцлагуудыг тодорхой заасан байдаг. Харин Зөрчлийн тухай хууль батлагдсанаар тэр заалт хүчингүй болсон. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлд зааснаар Төсвийн тухай хуульд зөрчсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулиар хариуцлага хүлээнэ гэсэн байдаг. Төрийн албаны тухай хуулиар ямар хариуцлага хүлээх юм гээд үзэхээр Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсгийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх заалт Төрийн албаны тухай хуульд байхгүй, шинэ хуульд ч байхгүй. Харин Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлд жинхэнэ албан хаагчийн хориглох зүйлийг зохицуулсан. Миний хувьд төрийн жинхэнэ албан хаагчийн үүрэг гүйцэтгэж байсан. 48 дугаар зүйлд сахилгын шийтгэл оногдуулахыг зааж өгсөн. Тэгэхдээ тус 37, 39 дүгээр зүйлийг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулахаар заасан. Төрийн албаны тухай 37, 39 дүгээр зүйлд санхүүгийн асуудалд хариуцлага хүлээлгэх зохицуулалт байхгүй. Нийт 5 шийтгэлийг оногдуулахаар заасан боловч холбогдох зохицуулалт байхгүй гэж үзэж байна. Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн учир надад Төрийн албаны тухай хуулиар хариуцлага хүлээлгэх ёстой байсан гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”гэсэн зохицуулалт байгаа.
Гэхдээ 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан. Энэ Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтаар бол энэ асуудлыг Төрийн албаны төв зөвлөл шийдвэрлэж шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулсан байна. Тэрнээс би биш С нэхэмжлэл гаргана гэсэн зохицуулалт байхгүй.
Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаагүй асуудлыг Төрийн албаны тухай хуульд зааснаар “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулагдаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан, гэхдээ эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхийг асуудлыг 135 дугаар зүйлээр зохицуулсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.Ажилтан дор дурдсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ: 135.1.1.ажилтны хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон; 135.1.2.хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан; 135.1.3.дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эгүүлж төлөөгүй; 135.1.4.эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь холбогдуулан өөрт нь бүрэн хариуцуулахаар олгосон ажлын багаж, хамгаалах хэрэгсэл, тусгай хувцас зэрэг эд хөрөнгийг үрэгдүүлсэн; 135.1.5.согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаагүй үедээ байгууллагад хохирол учруулсан, тохиолдолд байгууллагад учруулсан бүрэн хохирлыг төлүүлэхээр заасан байдаг. Мөн 135.2.Зарим төрлийн эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг ашиглан шамшигдуулсан, дутагдуулснаас байгууллагад учирсан хохирлыг төлүүлэх өөр журмыг гагцхүү хуулиар тогтоож болно.,135.3.Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна, 135.4.Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж заасан. Энэ хэрэгт Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээг нотлох баримтаар авхуулсан байгаа. Тамгын газрын дарга нь Засаг даргаар 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ажлын байрны тодорхойлолтоо батлуулсан байдаг. Үүнд эд хөрөнгийн хариуцлага алдсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэнэ гэсэн зохицуулалт байхгүй байгаа. Мөн үр дүнгийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх зохицуулалт байхгүй. Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдахаар надад хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт аль нэг дээр нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх талаар ямар нэгэн заалт тусгагдаагүй.
Иймд би эд хөрөнгийн хариуцлага хүлээх боломжгүй. Төсвийн тухай хууль зөрчлөө гээд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзэж байна. Актад Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь хэсгийг барьсан. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь заалтыг барьсан, тухайн заалтад “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж заасан байна. Тус хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэсэн зохицуулалт байна. Тус хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дах хэсэгт зааснаар захиргааны байгууллага гэж Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага” гэнэ.
Аймгийн Засаг дарга болон түүний тамгын газар нь орон нутаг дахь захиргааны байгууллага түүний харьяа байгууллага С харьяалагдана. Аймгийн Засаг дарга Тамгын газар нутгийн захиргааны байгууллага тул дээд шатны байгууллага нь Засгийн газар юм. Тэгэхээр Санхүүгийн хяналт дотоод аудит бол Засгийн газраас хэрэгжүүлэх, 2016 оны Засгийн газрын 09 дүгээр тогтоол бол тамгын газрын бүтэц орон тоог баталсан. Энэ тогтоолоор аймгийн Санхүү хяналт, аудитын албыг аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагаар зааж өгсөн байдаг. Тэрнээс биш дээд шатны байгууллага гэж зааж өгөөгүй. Санхүү хяналт, аудитын алба нь Засаг даргын Тамгын газрын дээд шатны захиргааны байгууллагын дотоод аудитын нэгж биш юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх байгууллага биш гэж ойлгож байна.
Хэрэгт авагдсан дотоод аудитын дүрэм нь Засгийн газрын 483 дугаар тогтоолоор батлагдсан. Энэ дүрмийн 4.1-т Төсвийн ерөнхийлөн захирагч нь хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх дотоод аудитын нэгжтэй байна”, “Дотоод аудитын нэгж нь төсвийн ерөнхийлөн захирагчид ажлаа хариуцан тайлагнана “ гэж заасан байна. Энэ нь Засаг даргын дээд шатны биш өөрийнх нь харьяанд байхаар заасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дах хэсэгт захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж гэж заасан байгааг анхаараарай.
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг барихаар заасан байгаа “энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан байдаг. Актад гэм хор гэж заагаагүй, иргэний хохирол барагдуулахаар зарцуулсан гээд мөнгөн дүнг тавьсан. Тэгэхээр энэ нь гэм хор мөн үү биш үү гэдэг асуудал гарч ирнэ. Гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг нэхэмжилнэ. Хэрэгт авагдсан баримтаар Засаг даргын Тамгын газраас мөнгө явсан байгаа тэгэхээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн зохицуулалтаас харахаар гэм хорыг арилгасан байгууллага нь Засаг даргын Тамгын газар өөрөө нэхэмжлэхээр харагдаж байна. Энэ аймгийн Санхүү хяналт, аудитын газарт хохирол учирсан уу гэдэг асуудал гарч ирнэ. Өөрт учирсан хохирол гэхээр Санхүү хяналт, аудитын газарт хохирол учраагүй, энэ хөрөнгийг нэхэмжлэх эрхгүй юм гэж харагдаж байна. Төрийн албаны тухай хууль, Иргэний хууль, Захиргааны ерөнхий хуулиуд хоорондоо зөрчилдөж байна. Монгол улсын хэмжээнд Захиргааны ерөнхий хууль мөрдөгдөж эхэлснээр тус хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2 дахь хэсэгт зааснаар акт тавиад энэ маргааныг шийдвэрлэсэн асуудал байдаггүй байна. Тэгэхээр гэм хор уу, хохирол уу гэдэг ойлголт эргэлзээтэй. Түүнээс гадна тус хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай албан тушаалтнаар төлүүлнэ гэж заасан байдаг. Би өнөөдөр албан тушаалтан биш энгийн иргэн. Хуульд албан тушаалд ажиллаж байсан иргэнээр гэсэн зохицуулалт байхгүй байгаа. Энэ актад Тамгын газрын даргаар ажиллаж байсан Эээр гэж заасан байна. Э гэх хүн иргэн үү, албан тушаалтан уу гэдэг дээр дүгнэлт хийхийг хүсэж байна. Эдгээр үндэслэлийг харгалзаад “Сүхбаатар аймгийн Сны ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай 31-03/54 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Сны дарга Б.Гантулга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.Эийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараахи тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Сүхбаатар аймгийн С нь аймгийн Засаг даргын баталсан 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 30 тоот удирдамжаар аймгийн Засаг даргын Тамгын газарт 2016-2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.
Шалгалтаар 2017 онд бүтэц орон тоо шинэчлэгдсэнтэй холбогдуулан Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар нэр бүхий 7 албан хаагч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. Уг тушаал нь хүчин төгөлдөр бус болохыг шүүхийн байгууллагаас тогтоосон бөгөөд тэдгээр албан хаагчдын дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 52496612 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн байна.
2017 оны 02 дугаар сарын 22-нд 13678701 төгрөгийг ажлаас чөлөөлсөн тэтгэмж хэлбэрээр, 2018 оны 07 дугаар сарын 05-нд нэр бүхий 4 иргэний дансанд тус бүр 1000000 төгрөг буюу нийт 4000000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 24051922 төгрөгийг Засаг даргын тамгын газрын данснаас барилт хийж Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд татсан байсан. Засаг даргын Тамгын газрын төсвөөс 2017 онд 13678701 төгрөг, 2018 онд 28051922 төгрөг нийт 41730623 төгрөгийн хохирол барагдуулахад зарцуулж Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасныг зөрчсөн тул улсын ахлах байцаагчийн 31-03/54 тоот акт тавигдсан.
2. Тус актыг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь заалт дотоод аудитын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.5-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх заалтыг үндэслэн Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ч.Эээр төсөвт учруулсан хохирол болох 41730623 төгрөгийг хуулийн дагуу төлүүлэхээр тогтоосон болно.
3. 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар Засаг даргын Тамгын газар нь шүүхийн шийдвэрийн дагуу цалин хөлсний нөхөн олговорт нэр бүхий 7 иргэнд 35239011 төгрөгийн өртэй гэж бүртгэлтэй байсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 24051922 төгрөгийг татсан байсныг Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан 7 иргэний цалин хөлсний нөхөн олговрын өрийг барагдуулахад зарцуулсан гэж үзсэн.
4. 2018 оны 07 дугаар сарын 09-ний байдлаар аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү нь 35239011 төгрөгийг Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан нэр бүхий 7 хүнд өглөгтэй гэж бүртгэгдсэн бөгөөд Эрдэнэтуяатай холбоотой өглөг авлагын ямар нэгэн тооцоо байгаагүй болно.
Гэтэл Ч.Эийн нэхэмжлэлд дурдсан аймгийн Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Эрдэнэтуяад олгосон гэх 2.1 сая төгрөгийг актын нөхөн төлбөрийн дүнд оруулсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байх тул улсын ахлах байцаагчийн 31/03/54 тоот актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэгбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газарт би шалгалт хийсэн. Нэхэмжлэгчийн дурдсан 52.000.000 төгрөг болон 7 хүний асуудал ярьж байна. Тухайн үед Тамгын газар дээр ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн гэсэн 7 хүний шүүхийн шийдвэр ирсэн байсан. Б, Ч, Э, А, Б, М, Батсуурь гэх 7 хүний 6 хүн нь шалгалтыг хийж гүйцэтгэх хугацаанд нөхөн төлбөрийн болоод тэтгэмж авсан асуудал байгаа. Хяналт шалгалтын материал нотлох баримтаар хавсралтаар ч орсон байгаа. Тэр 7 хүний мөнгөн дүн нийлээд 52.496.000 төгрөг байгаа. Энэ нь сая актад дурдагдаад орсон. Яг нөхөн төлбөр тавигдахдаа тухайн байгууллагын данснаас гарсан мөнгөн дээр төсвийг хохироосон байна гэж үзэж акт тавьсан. 13.000.000 төгрөгийн хувьд шүүхийн шийдвэр Тамгын газрын даргын тушаалын 4 дүгээр заалтыг хүчингүй болгоогүй гэж байгаа боловч, тухайн нэр бүхий хүмүүстэй холбоотой шийдвэр нь буруу гэдэг үүднээс үндэслэлгүй халагдсан, чөлөөлөгдсөн нь буруу бол тэтгэмжийг өгөхгүй ёсгүй. Ажилгүй болсонтой холбогдуулан гаргасан тэтгэмж бол төсвөөс гарсан нь үнэн. Акт бол “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” гэж гаргасан болохоос буруутай этгээдийн шүүхийн шийдвэрийн заалт болгоноор авч үзээгүй. 13.000.000 төгрөгийн тэтгэмж олгохдоо шүүхийн шийдвэрт нийт мөнгөө нэхэмжилсэн хүмүүс ажилгүй болсон өдрөөсөө хойш нийт хэдэн төгрөгийг хохирол гарсанг буцааж олгохоор шийдвэрлэсэн байгаа. Тэр дотор 13 сая төгрөг байгаа, үүнийг нь гарт олгохдоо хасаад олгоорой гэж оруулсан байх гэж бодож байна. Шүүхийн шийдвэрт ажилгүй болсонтой холбоотой тэтгэмжийг хасаж олгоё гэсэн байсан. Өмнө нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө 3 сарын тэтгэмж авсан байгаа. Иймд 13 сая төгрөг нь төсвөөс давхардаж гарсан нь үнэн, төсөв давхардуулан олгосон гэж үзэж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газар 2017 оны төсвийг эхэлж батлахдаа тэтгэмжийн сан их мөнгөтэй байгаагүй.
Нөхөн төлбөр олгохдоо байгууллагын төсвийг зардал хооронд шилжүүлэг хийж төсвийг тодотгосон гэж үзэж байгаа. Яагаад гэвэл тухайн байгууллагын төсөв зардал ангилал бүрээрээ батлагдсан төсвийн захирагч өөрөө зохицуулалт хийлгэхээр төрийн санд хүсэлт тавиад нөхөн төлбөр олгохын тулд зохицуулалт хийж гаргасан байсан. Нэмэгдсэн болон өөр зардлаас орж ирсэн эх үүсвэрээр тавигдсан гэсэн үг. Тэрнээс биш төсвийн тодотголыг заавал хурлаар хэлэлцэнэ гэж ойлгож болохгүй. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн 24 сая төгрөгийг бид нотлох боломж тухайн үед гараагүй, тодруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу холбогдсон боловч одоо хэлэх боломжгүй, холбогдох хүн нь байхгүй гэсэн. Тэр Эрдэнэтуяа гэх хүнтэй холбоотой ямар нэгэн шүүхийн шийдвэр Тамгын газарт байгаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулаад нэр бүхий 7 хүний тэтгэмжүүд бүгд дутуу байсныг гүйцээж өгөх ёстой, тэрнээс хойш өгсөн байгаа. Эрдэнэтуяатай холбоотой асуудал манай актад дурдагдаагүй. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын буруутай ажиллагаа гэж бодож байна. Санхүүгийн хяналт дотоод аудитын алба акт тавих эрхтэй эсэхэд дотоод аудитын дүрэмд зааснаар дээд шатны байгууллагатай зөвшилцсөн бол шалгалт хийх эрх манай дүрэмд байдаг. Засаг даргын Тамгын газрын дэргэдэх болохоос Засаг даргын шууд удирдлагын агентлаг нь биш. Засаг даргын Тамгын газар бол Засаг даргын өөрийнх нь шууд удирдлагад байдаг. Манайхыг дээд шатны байгууллага нь гэж үзэж болно.
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд “иргэн болон аж, ахуй нэгж төсөвт хохирол учруулсан бол хохирлыг буруутай шийдвэр гаргагчаар төлүүлнэ” гэснээр Засаг даргын Тамгын газрын даргын шийдвэр гаргасан учир төлүүлнэ гэж үзсэн. 52 сая төгрөг бол миний дурдсан 7 хүний нэртэй шүүхийн шийдвэрийн дүнгээс гарсан дүн юм. Мөн актыг тавихдаа хувь хүн, иргэн гэж чиглээгүй, тухайн төсвийг үзээд хохирол учруулсан гэж үзэж байгаа. Тухайн албан тушаалтан буруу шийдвэр гаргасан ажлын байр хэвээр хадгалагдсан гэдэг үүднээс оронд нь орсон хүмүүс бүгд төсвөөс цалин хөлс аваад явсан. Тийм учраас ийм буруу шийдвэр гараагүй байсан бол цалин, хөлсний давхардал гарахгүй байсан. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасанчлан төсвийн зарчмыг алдсан, төсвийг зөв зохистой удирдаж, зарцуулах гэсэн зарчим байгаа. Төсвийг зөв зохистой удирдах хүн бол төсвийн шууд захирагч өөрөө, тийм учраас Э нь тухайн үед Тамгын газрын дарга байсан учир төсвийн хөрөнгийг төлөх ёстой гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Маргаан бүхий төлбөр тогтоосон захиргааны акт болох Сүхбаатар аймгийн Сны улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 31-03/54 тоот “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” актын ТОГТООХ хэсэгт зааснаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэг, Дотоод аудитын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.5- д заасныг үндэслэн захиргааны буруу шийдвэрээр ажилгүй болсон нэр бүхий 6 иргэний хохирлыг барагдуулахад төсвөөс зарцуулж шийдвэрлэсэн 41730623 /дөчин нэгэн сая долоон зуун гучин мянга зургаан зуун хорин гурван/ төгрөгийг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасны дагуу Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ч.Эээр төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий төлбөр тогтоосон захиргааны актад Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяад олгосон 2.1 сая төгрөгийг оруулан тусгасан, хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлсний төлөө төлбөр тавьсан, хууль бусаар мөнгө авсан этгээдээр төлүүлээгүй зэрэг зөрчилтэй байх ба санхүүгийн улсын байцаагчийн акт нь хууль, шударга ёсонд нийцсэн, эргэлзээгүй, гарцаагүй байдлаар тогтоогдож нотлогдсон, нотлох баримтад үндэслэсэн, бусдын хууль ёсны эрх ашгийг хохироохгүй байх шаардлагыг хангаагүй гэж, хариуцагч нь 2017 онд Засаг даргын Тамгын газрын даргын бүтэц, орон тоо шинэчлэгдсэнтэй холбогдуулан нэр бүхий 6 албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлсөн тушаал нь хууль бус болохыг шүүхээс тогтоосноор Засаг даргын Тамгын газрын төсвөөс 2017 онд 13678701 төгрөг, 2018 онд 28051922 төгрөг, нийт 41730623 төгрөгийг хохирол барагдуулахад зарцуулж, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т заасныг зөрчсөн гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нь санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагчийн төлбөр тогтоосон актыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Сангийн сайдад гомдол гаргаж, Сангийн сайдаас тухайн актыг хууль эрх зүйн үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээсэн хариу өгсөнийг гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч Ч.Э нь Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар буюу төсвийн шууд захирагчаар ажиллах хугацаандаа 2017 онд бүтэц, орон тоо шинэчлэгдсэнтэй холбогдуулан тухайн үед ажиллаж байсан С.Б, А.Ч, Х.Э, Д.А, У.Б, Б.М нарын 6 албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, шийдвэр нь 3 шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр хууль бус болох нь тогтоогдож, ажилдаа эгүүлэн тогтоогдсон албан хаагчдад, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх нөхөн олговрыг аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс олгосон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
1. Нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүдийн талаар
а.маргаан бүхий актад Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяад олгосон 2.1 сая төгрөгийг оруулан тусгасан талаар
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоогдсон албан хаагчдад ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх нөхөн олговрыг олгохоор аймгийн Засаг даргын Тамгын газрын 5644031270 данснаас 24.051.922 төгрөгийг 2018-07-09-ний өдөр татан авч 5 төлбөр авагчид хуваан шилжүүлэхдээ Б.Эрдэнэтуяад 2.177.316 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Б.Эрдэнэтуяа нь Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын шийдвэрээр ажлаас чөлөөлөгдөөд шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг аймгийн Засаг даргын Тамгын газраас түүнд олгохоор шийдвэрлэсэн болно. Тиймээс түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргаагүй Ч.Эт холбогдуулан шүүхийн шийдвэрээр Б.Эрдэнэтуяад олгосон 2.1 сая төгрөгийг нөхөн төлүүлэх үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь актын төлбөрийн дүнд Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяад олгосон 2.1 сая төгрөгийг оруулан тооцсонтой маргасан байх ба энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул төлбөр тогтоосон актын төлбөрийн дүнгээс 2.1 төгрөгийг хасаж төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
б. хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлсний төлөө төлбөр тавьсан талаар
Нэхэмжлэлийн агуулга, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг албан хаагчдад олгосны төлөө надад төлбөр тавилаа гэсэн агуулгаар маргаж байна.
Санхүүгийн актаар шүүхийн шийдвэрийг биелүүлсний төлөө биш харин хууль бус шийдвэр гаргасан гэдэг нь 3 шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож, олон албан хаагчид ажилгүй байсан хугацааны цалин, хөлс олгож гарах ёсгүй зардал гаргаж, өр авлага үүсгэж төсөвт хохирол учруулсан гэсэн үндэслэлээр төлбөр тавигдсан байх тул нэхэмжлэгчид хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлсний төлөө төлбөр тавьсан гэж үзэх үндэслэлгүй байна.
в. хууль бусаар мөнгө авсан этгээдээр төлүүлээгүй талаар
Ч.Эийн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллах хугацаандаа гаргасан хууль бус шийдвэрийн улмаас цалин хөлсөөрөө хохирч шүүхийн шийдвэрийн дагуу цалин, хөлсөө нөхөн авсан албан хаагчдыг хууль бусаар мөнгө авсан гэж үзэж тэднээр төлүүлэх боломжгүй юм. Хэрэгт авагдсан баримтуудаар ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдыг хууль бусаар мөнгө авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2.Шүүх хуралдаанаар хэлэлцсэн үндэслэлүүдийн талаар
Нэхэмжлэгч нь өнөөдөр би албан тушаалтан биш учраас надад Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасан албан тушаалтан гэж үзэж акт тогтоосон нь буруу гэсэн агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь: Ч.Эийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа гаргасан хууль бус шийдвэрийн улмаас төсөвт учирсан хохирлыг төлүүлэхтэй холбоотой маргааныг шүүхээс шийдвэрлэж байна. Төлбөр тогтоосон акт нь тухайн үедээ төрийн өндөр алба хашиж, албан тушаалтан байхдаа гаргасан шийдвэртээ нь холбогдуулан гарсан учраас өнөөдөр иргэн байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Мөн Сүхбаатар аймгийн Сны “2018 онд хийгдэх санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын нэгдсэн удирдамж”-ийг баталсан эрх бүхий этгээд Сүхбаатар аймгийн Засаг дарга нь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016-2017 он, 2018 оны 09 дүгээр сар хүртлэх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийх буюу шалгалтын хамрах хүрээ, хугацааг тогтоосон 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаар хяналт, шалгалтын удирдамжийг баталсан байх ба уг удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн улсын байцаагчийг 2018 оны хяналт, шалгалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 2018 оны 9 дүгээр сарыг хүртлэх санхүүгийн баримтад шалгалт хийж акт тогтоосон гэж буруутгах боломжгүй байна.
Төлбөр тогтоосон актад тусгагдсан бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн албан хаагчдад олгосон тэтгэмж 13.678.701 төгрөг, ажилгүй байх хугацааны цалин, хөлстэй тэнцэх нөхөн олговорт олгосон 28.051.922 төгрөг /2018 оны 07 дугаар сарын 05-нд нэр бүхий 4 иргэний дансанд тус бүр 1000000 төгрөг буюу нийт 4000000 төгрөг шилжүүлсэн, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 24051922 төгрөгийг Засаг даргын Тамгын газрын данснаас барилт хийж Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд татаж хувиарласан/ нь хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлт, дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүхээс улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснээр энэ дүнд улсын тэмдэгтийн хураамж орсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” А/10 тоот тушаалын 4 дэх ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудад 3 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгосон заалтыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоогүй учраас төлбөр тогтоосон нь буруу гэсэн агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь: Дээрх тушаалын нэгдүгээр хавсралтаар Засаг даргын Тамгын газрын ажилчдыг бүгдийг нь ажлаас чөлөөлөөд, хоёрдугаар хавсралтаар ажилд томилохдоо зарим албан хаагчдыг буцааж томилолгүй орон тоон дээр нь өөр хүмүүсийг томилсон нь шүүхээс энэ тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэл болж, ажилдаа эгүүлэн тогтоогдсон албан хаагчдад ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх нөхөн олговрыг олгохдоо энэ 3 сарын тэтгэмжийг буцааж олголгүйгээр нийт олгох мөнгөн дүнгээс хасаж тооцож байсан учраас тэтгэмж олгосон асуудлыг шүүхээс хөндөлгүй орхисон гэж үзэж нэхэмжлэгч өөрийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.
Өөрөөр хэлбэл шүүхээс ажилдаа эгүүлэн тогтоогдсон албан хаагчдад ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх нөхөн олговор олгохдоо 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж нэгэнтээ төсвөөс олгосон учраас, давхардуулан олголгүй нийт дүнгээс хасаж тооцсон болохоос тэтгэмж олгосныг зөв гэж үзээгүй, энэ 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж нь ажилгүй байсан хугацааны цалин, хөлсөд орж тооцогдсон болно.
3.Төлбөр тогтоосон хууль зүйн үндэслэлийн талаар
Захиргааны байгууллага хохирлоо барагдуулах асуудлыг нарийвчлан зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлан төлбөр тогтоосон захиргааны актыг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь:
2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирлыг төрөөс барагдуулсны дараа төрийг буцааж хохиролгүй болгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа нь төрийн албан хаагчдыг хариуцлагагүй шийдвэр гаргах замаар иргэн, хуулийн этгээдэд хохирол учруулах явдлыг улам бүр нэмэгдүүлж байх тул буруутай этгээдээр хохирлыг төлүүлж, төрийг буцааж хохиролгүй болгох асуудлыг хуульчлан зохицуулжээ.
Хохирол, нөхөн төлбөртэй холбоотой харилцааг зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийн зүйл, заалтын агуулгаас дүгнэхэд нэхэмжлэгчийн хууль бус шийдвэрийн улмаас ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг эхний ээлжинд Ч.Эийн ажилладаг аймгийн Засаг даргын Тамгын газраар төлүүлээд дараа нь өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлэхээр зохицуулжээ.
Түүнчлэн захиргааны байгууллага хохирлоо барагдуулах асуудлыг зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийн 103.1-д “иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, 103 дугаар зүйлийн 103.2-д “энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар төлүүлөх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны дотоод аудитын нэгж хариуцна” гэж захиргааны байгууллагыг үүрэгжүүлжээ.
Энэхүү ажиллагаа гарцаагүй байх үүднээс буруутай албан тушаалтнаас хохирлыг төлүүлэх үүргийг захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр хуулиар зохицуулсан байх ба Ч.Эийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилсон албан тушаалтан аймгийн Засаг даргын дэргэдэх С Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-д “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх; гэж заасны дагуу төсвийн хөрөнгийг нөхөн төлүүлэх акт тогтоосныг буруутгах боломжгүй байна.
Ийнхүү хариуцагч улсын ахлах байцаагчаас Сүхбаатар аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016, 2017, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртлэх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар 2017 онд Засаг даргын Тамгын газрын даргын бүтэц, орон тоо шинэчлэгдсэнтэй холбогдуулан нэр бүхий 6 албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлсөн тушаал нь хууль бус болохыг шүүхээс тогтоосноор Засаг даргын Тамгын газрын төсвөөс 2017 онд 13.678.701 төгрөг, 2018 онд 28.051.922 төгрөг, нийт 41.730.623 төгрөгийг ажилдаа эгүүлэн тогтоогдсон албан хаагчдад олгохдоо байгууллагын төсвийг зардал хооронд шилжүүлэг хийх замаар нэмж тодотгон төсвийг үр ашиггүй зарцуулсан зөрчил илэрснийг хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр дээрх маргаан бүхий 2018 оны 31-03/54 дугаар актыг тогтоосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.4.8-д “төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх”, 16 дугаар зүйлийн 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих” гэж тус тус заасантай нийцсэн байна.
Иймд Сүхбаатар аймгийн Сны улсын ахлах байцаагчийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 2018 оны 31-03/54 дугаар актаар тогтоосон төлбөрийн хэмжээг 2.177.316 төгрөгөөр багасган, бусад хэсгийг нь хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6- д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103,1, 103.2 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-д заасныг баримтлан төлбөр тогтоосон захиргааны акт Сүхбаатар аймгийн Сны улсын ахлах байцаагчийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 2018 оны 31-03/54 дугаар актын төлбөрийн хэмжээг 2.177.316 төгрөгөөр багасгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Снаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.БАЯРЦОГТ