Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2023/0509

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Буяндаваа

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Мига-Эрийн” ХХК-ийн эзэмшиж байсан XV-021301 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “М” ХХК-ийн XV-021301 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2023/0381 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0854/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Мига-Эрийн” ХХК-ийн эзэмшиж байсан XV-021301 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “М” ХХК-ийн XV-021301 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2023/0381 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Мига-Эрийн” ХХК-ийн эзэмшиж байсан XV-021301 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “М” ХХК-ийн XV-021301 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 381 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.

3.1. Ашигт малтмал газрын тосны газраас XV-021301 дугаартай Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Элстэй нэртэй газарт орших 4,875.94 гектар талбайд хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай Ашигт малтмалын тухай хуульд заасан сонгон шалгаруулалтын журмын дагуу авсан.

3.2. Хариуцагчийн зүгээс манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4.1, 26.1, 26.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлаагүй байдлыг шүүх харгалзан үзээгүй, хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэхдээ захиргааны байгууллагаас шинээр захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд хэрэглэгдэх хуулийн зохицуулалт гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуульд нийцээгүй байна.

3.3. Мөн гүйцэтгэх захирал ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж ажлын байрыг орхин явах үед компанийн хувьцаа эзэмшигч нь АНУ-д урт хугацаагаар амьдарч байсан. Хувьцаа эзэмшигчид өөр улсад амьдарч байсантай холбоотойгоор дараагийн гүйцэтгэх захирлыг томилох боломжгүй байсан нь хүндэтгэн үзэх шалтгаанд дүйцэхүйц шалтгаан юм.

3.4. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй, биечлэн оролцох боломжоор хангаагүй. Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж талуудын мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын  2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 215 дугаар шийдвэрээр 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зарлагдсан ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад шалгарсан “М” ХХК-д 2019 оны 05 дугаар 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Элстэй нэртэй газарт 4,845.94 гектар талбай бүхий XV-021301 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгожээ.

3.1. Нэхэмжлэгч компаниас 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 05, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар албан бичгүүдээр тус тус Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан дээрх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргасан байх ба хариуцагч захиргааны байгууллагаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 8/3045, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10/4000 дугаар албан бичгүүдээр тус тус “... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг хүлээн авах боломжгүй ...” гэсэн хариуг өгчээ.

3.2. Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгчээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дууссаны дараа 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл гаргасан нь хуульд заасан шаардлагыг зөрчсөн ... мөн хугацаа сунгуулах өргөдөлд хавсаргах ёстой материалуудыг гаргаж өгөөгүй ...” гэж дүгнэн нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, 22.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар  /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлэн хуулбар”, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-д “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэж тус тус заасан.

4.1. Гэвч нэхэмжлэгчийн XV-021301 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дууссан байхад тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр захиргааны байгууллагад гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтад заасныг зөрчсөн байх тул уг хүсэлтийг хангахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэрийг буруутгах боломжгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “1. Шүүх захиргааны байгууллагаас шинээр захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд хэрэглэгдэх хуулийн зохицуулалт гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, 2. Компанийн гүйцэтгэх захирал ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж ажлын байрыг орхин явсан, гүйцэтгэх захирал томилох боломжгүй байсан, 3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь талуудын мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй” гэсэн 3 үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

5.1. “М” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн XV-021301 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд захиргааны байгууллагаас аливаа захиргааны акт гаргахаар Ашигт малтмалын тухай хуульд зохицуулаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан захиргааны акт, гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх үүргийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хүлээхээргүй байна.

5.2. Түүнчлэн “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажлаа хаяж явсан, хувьцаа эзэмшигч нь гадаад улсад амьдарч байгаа тул шинээр гүйцэтгэх захирал томилж чадахгүй байгаа нөхцөл байдал нь тус компанийн дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

5.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11.30 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрхэмбаярт 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн “шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлтийг хэлэлцээд түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэгт шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж заасантай нийцжээ.

Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

                                                                  ТОГТООХ нь:                                                                 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0381 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ