Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнийн Одхүү |
Хэргийн индекс | 129/2016/0055/Э |
Дугаар | 57 |
Огноо | 2016-07-01 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Н.Цогтбаяр |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж,
Улсын яллагч: Н.Цогтбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэцогт,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Өөлд овогт Дорждэрэмийн Өлзийд холбогдох 129/2016/0055/Э индекстэй, эрүүгийн 201603000117 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хэлэлцэхэд
Шүүгдэгч: Монгол улсын иргэн,1988 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Өөлд овогт Дорждэрэмийн Өлзий /РД:НШ88120671/ гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Д.Өлзий нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй баг, сумын төвийн хойд талаас хохирогч С.Ганболдын 2 тооны эр хонийг машин механизм ашиглан хулгайлж, хохирогч С.Ганболдод 240.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Өлзийгийн өгсөн: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Ганбаа ахын 2 хонийг янзлаад, төв рүү оруулж өгсөн нь үнэн. Би хөдөөнөөс орж ирэх замдаа хонийг янзлаад шөнө оруулж ирсэн бөгөөд маргааш өглөө нь хүнээр заруулаад, мөнгийг нь авсан гэх мэдүүлэг,
201603000117 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч С.Ганболдын өгсөн:
Манайх Архангай аймгийн Өгийнуур сумын төвд хэдэн малтайгаа амьдардаг юм. 2016 оны 03 дугаар сарын 04-ний орой хонио хашаад хоносон. Маргааш өглөө нь босоод хонио гаргасан чинь манай 2 эр хонь алга болсон байсан. Тэгэхээр хонио хайсан чинь гэрээс хойш хогон дээр нохой байгаад байхаар нь очсон чинь хонины гэдэс байсан. Түүнийг нохой идээд байж байсан. Тэгэхээр манай хонийг энд алаад махыг нь авч явсан байна гэж үзээд сумын цагдаа дээр очиж бүртгүүлсэн юм. Намайг хонио хайгаад явж байхад манай сумын Д.Өлзий гэх залуу хонины мах зарна гээд явж байсан талаар хүнээс сонссон. Тийм болохоор Д.Өлзийг сэжиглэж байгаа. Үүний үндсэн дээр цагдаа нар Д.Өлзийг барьж шалгаж байгаа. Түүнээс хойш Д.Өлзий манайд ирээд хонийг чинь авсан, хохирлоо өгнө гээд явсан боловч одоо хүртэл хохирол төлөөгүй байгаа. Би нас бие гүйцсэн хонь байсан тул тус бүрийг нь 150.000 төгрөгөөр үнэлж байна. Нийлээд 300.000 төгрөг болно. Би хохирлоо авчих юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/, Нэг эр хонь эвэртэй, улаан толгойтой, зүүн чих нь буюу зөв талын чих нь шоргоолж имтэй, харин нөгөө эр хонь нь ягаан толгойто, нуруун дээрээ улаан тохомтой, баруун талынх нь буруу талын чихэндээ сам имтэй хонь байсан. Би 2 эр хонины үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Намайг дээрэлхсэн байдалтайгаар миний хашаатай хониноос хулгай хийж авсан болохоор гомдоод байна. Харин нэхэмжлэх зүйл байхгүй. Би Д.Өлзийгийн ар гэрээс 300.000 төгрөгийг бэлнээр авч дээрээс нь нэг шүдлэн хонь авсан. Тиймээс надад учруулсан хохирлоо бүрэн төлсөн гэж үзэж байна. Харин дээрэлхүүлсэндээ л гомдоод байна. Би хэдхэн цөөхөн эр хоньтой хүн байгаа юм гэх мэдүүлэг. /хх-ийн 30 дугаар тал/
Гэрч Г.Ганпүрэвийн өгсөн:
Би 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэртээ сууж байтал Д.Өлзий манай гэрт орж ирээд та хонь мал авч байгаа юу гэж асуусан. Би түүнд гайгүй хонь байвал үнэ тохироод авна гэж хэлтэл Д.Өлзий надад хандаж би 2 тооны хонь зарах гэж байна гэж хэлсэн. Би түүнээс хулгайн юм биш биз дээ гэж асуухад манай ахын хонь, Магнай ах хүүхэддээ мөнгө шилжүүлэх гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би Д.Өлзийгийн хамт Магнайгийн гэрт очиж тухайн хонийг үзье гээд очтол Магнайгийн автомашины тээшинд 2 хонины гулууз мах байсан. Тухайн үед Магнай гарч ирсэн. Би Магнайгаас Д.Өлзий хонь зарах гэж байгаа нь үнэн юм уу гэж асуутал Магнай надад хандаж тийм гэж хэлсэн. Тэгээд тухайн 2 хонины гулуузыг өөрийн дэлгүүр дээр Д.Өлзий, Магнай бид гурав ирээд жинлээд үзэхэд нийт 48 кг болсон. Нэг хонь нь 26 кг, нөгөө хонь нь 22 кг болсон. Тэгээд 1 килограммыг нь 2500 төгрөгөөр үнэлээд 120000 төгрөгөөр авсан. Тухайн мөнгийг шууд тоолж өгсөн. Ийм л зүйл болсон. Д.Өлзий Магнай нараас өөр мах шөл аваагүй. Надад анх Д.Өлзий хонь байгаа гээд байсан ба намайг очиж үзэхэд төхөөрөөд гулууз хийсэн байсан. Намайг очиход 15-16 цаг л болж байсан. Хонь авах уу гээд байхаар нь санаанд ч ороогүй авчихсан юм гэх мэдүүлэг. /хх-ийн 32 дугаар тал/
Гэрч О.Дэлгэрцэцэгийн өгсөн:
Д.Өлзий 2016 оны 03 дугаар сарын 04-ний орой 22-23 цагийн орчимд манайд орж ирсэн. Тэгээд Д.Өлзий Баярмагнайд хандаж хөдөөнөөс 2 хонины махтай орж ирлээ, зараад өгөөч гэж хэлсэн. Д.Өлзий манай гэрт орж ирж суучихаад гарахгүй байсан. Би Баярмагнайгаас Д.Өлзий яагаад манайхаас гарахгүй байгаа юм бэ гэж асуухад Баярмагнай надад хандаж Д.Өлзий хөдөө гэрээсээ 2 хонины махтай орж ирсэн байна, намайг зараад өгөөч гээд гуйгаад байна гэж хэлсэн. Тэгээд Д.Өлзий тухайн 2 хонины махаа Баярмагнайгийн машины тээшинд үлдээгээд явсан. Д.Өлзий мотоцикльтой ирсэн. Ямар мотоцикльтой ирсэн талаар нь мэдэхгүй байна. Д.Өлзий өөрөө улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой. Манай гэрт ирэхдээ өөрийнхөө мотоцикльтой л ирсэн байх. Баярмагнай 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ганпүрэв гэх хүнд Д.Өлзийтэй хамт очиж зарж өгсөн гэсэн. Тухайн өдрөө л хоёр хонины махаа авсан байх. Би хониных нь махыг хараагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 33 дугаар тал/
Гэрч Ц.Баярмагнайгийн өгсөн:
2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр би гэртээ байсан. Манайд Д.Өлзий 2016 оны 03 дугаар сарын 04-ний шөнө 22-23 цагийн үед ирсэн. Тэгээд надад хандаж надад мөнгөний хэрэг болоод гэрээс 2 хонины мах ганзагалаад ирлээ, мах авч байгаа хүн байвал зараад өгөөч гэсэн. Би Д.Өлзийд хандаж өглөө болохоор зараад өгье гэж хэлсэн. Тэгээд Д.Өлзий манайхаас гэрлүүгээ явсан ба 2 хонины махаа миний машины тээшинд хийгээд үлдээсэн. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 03 дугаар сарын 05-ны өглөө Д.Өлзий манай гэрт ирсэн. Тэгээд Д.Өлзий бид хоёр Орхонсэлэнгэ гэдэг хүүхэнд зарах гээд очиход мах аваагүй. Орхонсэлэнгэ Д.Өлзий бид хоёроос арьс болон толгой шийрийг нь асуусан. Арьс, толгой, шийр нь байгаагүй учраас Орхонсэлэнгэ хонины мах аваагүй. Тэгээд би Д.Өлзийгөөс толгой шийр нь хаана байгаа юм бэ гэхэд гэртээ үлдээчихсэн л гэж хэлсэн. Тэгээд Ганпүрэвийнд очиж махыг нь зарсан. Тухайн махнууд тарган эр хонины гулууз махнууд байсан. Нийтэд нь 1 килограммыг нь 2500 төгрөгөөр бодож 120000 төгрөгөөр зарсан. Үүнээс Д.Өлзий надад бензиний мөнгө гэж 10000 төгрөг өгсөн. Би Ганпүрэвийнд очоогүй. Харин Д.Өлзий Ганпүрэвийг дагуулж манай хашаанд дагуулж ирээд миний машины тээшинд байсан махаа үзүүлсэн юм. Тэгээд би Ганпүрэвийнд махыг нь машинаараа ачиж аваачиж өгсөн. Би хулгайн мах гэж мэдээгүй. Сүүлд нь сумын цагдаагаас мэдсэн. Надад Д.Өлзий гэрээсээ хонь төхөөрөөд ирлээ гэж хэлсэн. Д.Өлзий өөрийнхөө унадаг хуучин Мустанг-5 маркийн мотоцикльтой ирсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 34 дүгээр тал/
Гэрч Н.Орхонсэлэнгийн өгсөн:
2016 оны 01 дүгээр сарын сүүлээр байхаа хэдний өдрийг нь сайн санахгүй байна Ц.Баярмагнай, Д.Өлзий хоёр намайг Архангай аймгийн Өгийнуур сумын иргэн болох Энхтөр гэдэг айлынд мал авахаар очсон байхад энэ хоёр хүн ирээд надад 2 хонины мах байна авах уу гэж асуухаар нь би наад махыг чинь авахгүй гэж хэлээд явуулсан юм. Тухайн үед энэ 2 хонины арьс, толгой байна уу гэхэд тэр хоёр байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би хулгайн мал байж магадгүй гэж бодоод тэр махыг нь аваагүй юм. Тэр хоёр энэ махыг хаанаас хэнээс төхөөрч ирсэн талаараа надад ямар нэгэн зүйл яриагүй. Би хаанаас авсан ямар мах вэ гэж асуухад надад хариулахгүй байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 35 дугаар тал/
Гэрч М.Дорждэрэмийн өгсөн:
Би өөрийн хүү Д.Өлзийг гэмт хэрэгт холбогдсон талаар нь сумын цагдаагаас мэдсэн. Яг хэрэг хийх үед нь буюу 2016 оны 03 дугаар сарын эхээр шиг санагдаж байна Би нөхөр Очирпүрэвийн хамт Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж явсан юм. Тэгээд Д.Өлзийг гэмт хэрэгт холбогдсон гэж дуулаад сумандаа иртэл манай сумын Ганболдын 2 тооны эр хонийг хулгайлсан гэж байсан. Манай хүү хүнд амархан гомдож, амархан баярладаг, уур ааш ихтэй, хүнд тусархаг, цагаахан сэтгэлтэй, хөнгөн зантай хүн байгаа юм. Архи дарс хэрэглэхийг нь хараагүй. Тамхи татдаггүй юм. Их л ажилсаг хүүхэд байсан. Урьд өмнө нь ямар нэгэн хэрэг үйлдэж байгаагүй. Д.Өлзийд найз нөхөр гээд байх хүн байхгүй. Биеийн эрүүл мэндийн байдлын хувьд муу, нуруу ууц нь өвддөг, толгой нь өвддөг, гар хуруу нь татаад байдаг зовиуртай. Өөр ямар нэгэн өвчин зовиургүй. Д.Өлзий гэртээ өвсөө хадаж малаа малладаг байсан. Харин сүүлийн хэдэн сарын хугацаанд сумын төв болон гэрийнхээ хооронд л амьдарч байгаа. Би Ганболдод 2 эр хониных нь оронд бэлнээр 300.000 төгрөгийг нэг ногооны шүдлэн хонь өгч хохирлыг барагдуулсан гэх мэдүүлэг. /хх-ийн 36 дугаар тал/
Гэрч П.Амаржаргалын өгсөн:
Би өөрийн хашаатай байсан хониноосоо 2 тооны нас бие гүйцсэн эр хонио алдсан талаараа өөрийн нөхөр Ганболдоос 2016 оны 03 дугаар сарын 05-ны өглөө мэдсэн. Манай нөхөр Ганболд тухайн үед хөдөө мал дээрээ байсан бөгөөд би сумын төвд байсан юм. Ганболд надад хонио алдсан талаараа ирж хэлсэн. Манайх ойролцоогоор 60-70 хоньтой. 50 шахам ямаатай айл байгаа юм. Харин эр хонь гэвэл цөөхөн 4-5 эр хоньтой л байсан. Би зүс болон имийг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 37-38 дугаар тал/
Шүүгдэгч Д.Өлзийгийн сэжигтнээр өгсөн:
Би 2016 оны 03 дугаар сарын 04-ний орой 21-22 цагийн орчимд би хөдөөнөөс орж ирэхээр явж байгаад Өгийнуур сумын төвийн баруун хойд захад байх Ганболд гэгч айлын хашаан дотор байсан хониноос 2 тооны хонь хулгайлаад 2 хонийг нь уяагаар холбож уяаад хөтөлж яваад сумын төвийн хойд захад байх хогийн цэгийн амбааран дээр авч ирээд янзалж төхөөрсөн. Тухайн газраа арьс, толгой, шийр, гэдэс дотрыг нь хаясан. Тэгээд хониныхоо махыг мотоцикль дээрээ ганзагалаад Баярмагнай ахынд очсон. Намайг тэднийд очиход унтах гээд байж байсан ба ойролцоогоор 22-23 цаг болж байсан. Гэтэл Баярмагнай ах надаас юун хонь юм бэ, айлаас хулгай хийгээд ирээгүй биз дээ гэж асуусан. Би Баярмагнай ахад хөдөө гэрээсээ 2 хонь янзалж ирлээ, янз бүрийн буруу гарын мах биш, та үүнийг зараад өгөөч гэж гуйсан юм. Гэтэл Баярмагнай ах надад хандаж маргааш өглөө ах нь зараад өгье гэж хэлсэн. Тэгээд би хониныхоо махыг Баярмагнай ахын машины тээшинд хийгээд орхисон. Маргааш нь буюу 2016 оны 03 дугаар сарын 05-ны өглөө Баярмагнай ахынд түүнтэй цуг түүний машинаар Орхонсэлэнгэ гэх мах авдаг эгч дээр очоод зарах гэтэл надаас толгой, шийрийг нь нэхэхээр нь би түүнд хандаж хөдөө гэртээ үлдээчихсэн гэж хэлсэн. Гэтэл миний махыг аваагүй. Тэгээд Ганпүрэвийнд очиж мах авах уу гэж асуутал Ганпүрэв надад хандаж махыг үзье гээд Баярмагнай ахынд ирээд хонины мах үзээд түүнийг авъя, манай дэлгүүр дээр очоод жинлэж үзээд авъя гэж хэлсэн. Үүний дагуу Баярмагнай, Ганпүрэв бид гурав Ганпүрэвийн дэлгүүр дээр очоод жинлээд үзтэл хоёр хонины мах нийт 48 килограмм болоод 120.000 төгрөгөөр зарсан. Би Баярмагнайд бензин хийгээрэй гээд 10000 төгрөг өгсөн. Бусад мөнгөөр нь мотоциклио янзлуулсан. Би өөрийн эзэмшлийн 4-5 жил унасан хуучин Мустанг-5 маркийн мотоциклиор хулгай хийсэн. Би хонь хулгайлахаар айл руу очихдоо мотоциклио хогийн цэгийн амбаарын хажууд орхисон байсан. Хонь холбож уяж хөтөлсөн уяа нь миний мотоциклийн ачаанд уяатай байгаа. Харин манай гэрт хутга нь байгаа. Өөр ямар нэгэн хэрэгсэл ашиглаагүй. Миний мотоциклийн мотор нь цохичихсон байгаа. Миний мотоцикль улсын дугаар, ямар нэгэн бичиг баримт байхгүй. Би Баярмагнайд гэрээсээ авч ирсэн гэж хэлсэн. Надад мөнгөний хэрэг гараад зараад өгөөч гэж гуйсан юм. Би хохирогч С.Ганболдод бэлнээр 300.000 төгрөг, ногооны шүдлэн хоньтой өгч хохирлыг барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 53 дугаар тал/
Шүүгдэгч Д.Өлзийгийн яллагдагчаар өгсөн:
Би 2016 оны 03 дугаар сарын 04-ний шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багт байх өөрийн гэрээсээ Өгийнуур сумын төв рүү явсан юм. Тэгээд сумын төвийн хойд захад байх хогийн амбаарын хажууд мотоциклио тавьчихаад сумын төвийн баруун хойд захад байх С.Ганболдын гэр лүү явган очоод 2 тооны хонийг олсоор холбож хөтөлж мотоциклио орхисон амбаар дээрээ ирж янзалж төхөөрөөд сумын төв рүү мотоцикль дээрээ ганзагалаад Баярмагнай ахынд очсон. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ганпүрэв гэгч хүнд зарсан юм. Ийм л зүйл болсон. Би Ганболдын хашаанаас 2 тооны хонь хулгайлж байх үед ойролцоогоор 21-22 цаг болж байсан. Баярмагнай ахын гэрт очиход 22-23 цаг л болж байсан байх. Тухайн үед хулгайн мах гэдгийг Баярмагнай ах мэдээгүй. Би түүнд гэрээсээ 2 тооны хонь янзлаад ирлээ, надад мөнгөний хэрэг гараад байна, үүнийг зараад өгөөч гэж гуйсан. Харин сүүлд нь цагдаа нарт намайг баригдсаны дараа мэдсэн. Би хохирогч С.Ганболдод 300.000 төгрөгийг бэлнээр өгч дээрээс нь нэг шүдлэн хонь өгч хохирлыг барагдуулсан гэх мэдүүлэг. /хх-ийн 55-56 дугаар тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25 дугаар тал/
Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 97 тоот тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр тал/
Ял шалгах хуудас /хх-ийн 62-63 дугаар тал/ болон эд мөрийн баримт зэргийг тус тус шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Д.Өлзий нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй баг, сумын төвийн хойд талаас хохирогч С.Ганболдын 2 тооны эр хонийг машин механизм ашиглан хулгайлж, хохирогч С.Ганболдод 240.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч С.Ганболд, гэрч Г.Ганпүрэв, О.Дэлгэрцэцэг, Ц.Баярмагнай, Н.Орхонсэлэнгэ, П.Амаржаргал нарын мэдүүлэг, нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймээс шүүгдэгч Д.Өлзийг машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгө хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан ял оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Өлзий нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй зэрэг байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Д.Өлзий нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан үзээд түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Д.Өлзийгийн болмогц гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 310.000 төгрөгийн үнэ бүхий улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан саарал өнгийн мяндсан уяа 2 ширхэг, улбар шар өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шйитгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Өлзий нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй байх тул дээрх нөхцөлүүдийг шийтгэх тогтоолд тус тус дурдав.
Шүүгдэгч Д.Өлзийгийн хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өөлд овогт Дорждэрэмийн Өлзийг машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгө хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Д.Өлзийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Өлзийд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан саарал өнгийн мяндсан уяа 2 ширхэг, улбар шар өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Шүүгдэгч Д.Өлзий нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Д.Өлзийгийн хэрэг үйлдэхдээ ашигласан 310.000 төгрөгийн үнэ бүхий улсын дугааргүй, мустанг-5 маркийн мотоциклийг хураан улсын орлого болгосугай.
7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Д.Өлзийгийн эзэмшлийн улаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчын 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Өлзийд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагааар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавих үүргийг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулсан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд бичих эрхтэй.
11. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Өлзийд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ