Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар Дугаар 001/ХТ2019/00142

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01335 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1862 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “КМ ББСБ” ХХК-д холбогдох,

2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 46 645 680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номингийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Б- нь “КМ ББСБ” ХХК--д 2003 оны 12 дугаар сараас хуульч, хуулийн зөвлөх, тамгын газрын захирлаар ажиллаж байгаад, гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 15/64 тоот тушаалаар ажлаас халагдсан. Гүйцэтгэх захирал У.Барсболд нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан. Үндэслэлгүйгээр ажлаас халсныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 04776 тоот шийдвэрээр тогтоож, Б.Б-ийг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны мөнгөн олговорт 17 814 286 төгрөг гаргуулж олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд явагдаж байгаа боловч хариуцагч компанийн захирал У.Барсболд өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна.

...Шүүхийн шийдвэрээр иргэн миний хууль ёсны эрх ашгийг хамгаалсан тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 04776 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн цалин 46 645 680 төгрөгийг нэхэмжилж байна. “КМ ББСБ” ХХК--ийн гүйцэтгэх захирал У.Барсболд нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж, ажлаас үндэслэлгүй халсан, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, биелүүлэхээс татгалзаж, өмгөөлөгчийн эрхийг түдгэлзүүлсний дараа шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэсэн шаардлагыг тавьдаг. “КМ ББСБ” ХХК--ийн захирал У.Барсболд нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16/45 дугаар тушаал гаргаж тамгын газрын захирал, хуулийн зөвлөхийн албан тушаалд томилж, 245 000 төгрөгийн цалин олгох тухай тушаалыг гаргасан боловч ажиллах нөхцөл, ажлын байраар хангаагүй, цалин хөлсний талаар зөвшилцөөгүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүй, нийгмийн даатгалын дэвтрийг нь өгөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэт дүр үзүүлдэг.

Иймд “КМ ББСБ” ХХК--иас 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 46 645 680 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай байгууллага нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 04776 тоот шийдвэрийг биелүүлж, иргэн Б.Б-ийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гүйцэтгэх захирлын 16/45 тоот тушаалаар Тамгын газрын захирал, Хуулийн зөвлөхийн албан тушаалд эгүүлэн томилсон.

Гэвч нэхэмжлэгч Б.Б- нь өөрөө албан тушаал хүлээн авч, ажиллахаас татгалзсан. Түүнчлэн манай байгууллага нь санхүүгийн хувьд хүнд байдалд орсны улмаас орон тооны цомхотгол хийж нийт ажилтнуудын ихэнх хувь нь цомхотгогдсон бөгөөд Улаанбаатар болон орон нутаг дахь салбаруудаа татан буулгасан.

Ийнхүү цомхотгол хийсэнтэй холбоотойгоор байгууллагын ажлын орон тоог 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлөөс шинэчлэн баталсан. Б.Б-ийн эрхэлж байсан Тамгын газрын захирал, хуулийн зөвлөхийн албан тушаал байхгүй, байх шаардлагагүй болсон. Б.Б-ийн хувьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар адил чанарын өөр ажил, албан тушаалд томилохоор харилцан тохиролцохыг хүссэн боловч Б.Б- ийнхүү харилцан тохиролцохыг хүсээгүй юм. Б.Б- нь компаниас 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 58 000 000 төгрөгийн цалингийн зээл, 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 35 000 000 төгрөгийн зээлийг тус тус авсан бөгөөд эдгээр зээлүүдийг хугацаандаа төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тул тус зээлүүдийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Эдгээр зээлүүдийн хувьд Б.Б- нь манай байгууллагад ажиллаж байхдаа өөрийн албан тушаалыг урвуулан ашиглаж өндөр дүнтэй цалингийн зээлийг ямар нэгэн барьцаагүйгээр авсан байдаг бөгөөд барьцаалсан байсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байж байгаад тус хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлсэн байсан. Компанид их хэмжээний хохирол учруулсан, мөн компанид эргэж ирж 1 цагийн ч хөдөлмөр эрхлээгүй байж цалингаа нэхэж байгаа нь хууль, өмгөөлөгчийн хувьд ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна.

Ийнхүү ажилдаа эргэж ороогүй нь Б.Б-ийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан тул “КМ ББСБ” ХХК- нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох боломжгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01335 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч “КМ ББСБ” ХХК--иас 46 645 680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-ид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 469 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 469 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1862 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01335 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “КМ ББСБ” ХХК--иас 46 250 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 395 680 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 469 900 гэснийг 389 200 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “КМ ББСБ” ХХК--иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01335 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т ”Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана”.., мөн зүйлийн 118.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана”... гэх заалтыг зөрчиж, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, мэтгэлцээний үед гаргасан няцаалтыг шүүх үнэлж, дүгнээгүй, шүүхийн шийдвэрт тусгаагүй. Тухайлбал; Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Хариу тайлбар тодруулах” тухай шүүхэд өгсөн баримт, уг тайлбарт тусгагдсан Б.Б- нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1. “Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчиж, нэхэмжлэл гаргаж буй талаарх болон ажилгүй байсан гэх хугацаанд ажил эрхэлж байсан талаарх Монголын Хуульчдын холбоо, Нийгмийн даатгалын ерөнхий газар, “Монголын Ипотекийн корпораци ООСК” ХХК-иас гаргуулсан үйл баримтыг анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох, үндэслэх хэсэгт, давж заалдах шатны магадлалын хянавал хэсэгт огт дурдалгүй, энэ талаарх баримтыг үнэлж дүгнэлгүй, хэт нэг талд шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”...заалтыг хэрэглэх үндэслэлээ тодорхойлоогүй. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан олговорт хамаарна гэж тодорхойлж, дүгнээгүй атлаа 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалт нь ажил хөдөлмөр эрхлээгүй буюу ажил хөдөлмөр эрхэлж орлого олоогүй байхыг шаарддаг, мөн хэрэв бага цалинтай байсан бол гэх агуулга нь ажил эрхэлж байсан тохиолдолд давхардуулан цалин олгохгүй байхыг зохицуулсан байна. Гэтэл шүүх “шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлэх хүртэлх хугацаа нь 69.1-т заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаардаг байна" гэх хуульд агуулагдаагүй утга санааг өөрөө тодорхойлж, хуулийг буруу хэрэглэсэн. Мөн давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцжээ гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т заасан “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана”...,. мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т заасан “Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй”... гэх хуулийн заалтыг тус тус зөрчиж, хэргийн материалд нэхэмжлэгч нь хуульд заасан эрхээ зөрчигдсөн талаар 3 сарын дотор шүүхэд хандсан болохыг тогтоосон баримт байхгүй байхад нотлох баримтгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч нь “КМ ББСБ” ХХК--ийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16/45 дугаар тушаалыг мэдсэнээс хойш буюу мэдэх боломжтой байсан хугацаанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ”..., 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”... гэх хуульд заасан журмыг зөв хэрэглээгүй. Тухайлбал;

Хариуцагч “КМ ББСБ” ХХК- нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө санхүүгийн хувьд эрсдэлд орж, салбаруудаа татан буулган орон тоо, бүтцээ багасгасан.

...шүүх нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй түүнд холбогдох нотлох баримтыг огт хэрэгт ач холбогдолтой талаас нь авч үзэлгүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлс бус “КМ ББСБ” ХХК--д ажиллаагүй үеийн цалин хөлсийг заавал олгоно гэсэн хувийн дотоод итгэл, шүүхийн практикийг харгалзан шийдвэрлэсэн нь дээрх хуулийг зөрчсөн үйлдэл юм. Энэхүү хөдөлмөрийн маргаан нь шүүхээр шийдвэрлэгддэг бусад хөдөлмөрийн маргаанаас өөр бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийн хувийн байдал, маргааны үйл баримт нь өөрийн гэсэн онцлогтой байх тул шүүх тусгайлан холбогдох баримтыг бүх талаас нь бүрэн дүгнэх шаардлагатай.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан хэргийг бүхэлд нь хянаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01335 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1862 дугаар магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч “КМ ББСБ” ХХК--д холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 46 645 680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч “КМ ББСБ” ХХК- шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлсэн гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/04776 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1630 дугаар магадлалаар Б.Б-ийг “КМ ББСБ” ХХК--ийн Тамгын газрын захирал, хуулийн зөвлөх албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17 814 286 төгрөгийг хариуцагч “КМ ББСБ” ХХК--иас гаргуулан нэхэмжлэгч Б.Б-ид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Шүүхийн шийдвэрийг ажил олгогч сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан биелүүлэх ажиллагаа явуулсан ба ажил олгогч гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16/45 тоот тушаалаар Б.Б-ийг тус компанийн Тамгын газрын захирал, хуулийн зөвлөхийн албан тушаалд эгүүлэн томилсон байна.

Харин уг тушаалын дагуу ажилтныг ажиллах нөхцөл, ажлын байраар хангаагүй, цалин хөлсийг дордуулсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй учир шүүхийн шийдвэр бодитоор биелэгдээгүй гэж хоёр шатны шүүх үзсэн байна.

Хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчид ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажлын 21 сар 11 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 46 250 000 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1862 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 389 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.УНДРАХ

          ШҮҮГЧ                                                                     Ц.АМАРСАЙХАН