Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2018/01335

 

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2018/01335

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                      

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч КМ ХХК-д холбогдох,

цалин, олговорт 46.645.680  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б-ийн өмгөөлөгч  П.У, хариуцагчийн төлөөлөгч Б.Н, Б.Р, нарийн бичгийн даргад Э.Байгалмаа нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б нь КМХХК-д 2003 оны 12 дугаар сараас Хуульч, Хуулийн зөвлөх, Тамгын газрын захирлаар ажиллаж байгаад, Гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 15/64 тоот тушаалаар ажлаас халагдсан.

Гүйцэтгэх захирал У.Барсболд нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан. Үндэслэлгүйгээр ажлаас халсныг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 04776 тоот шийдвэрээр тогтоож, намайг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны мөнгөн олговорт 17.814.286 төгрөг гаргуулж олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

 Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд явагдаж байгаа боловч хариуцагч компанийн захирал У.Барсболд өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна.

 Хариуцагч КМ ХХК-д холбогдох энэ нэхэмжлэлийг тус шүүхэд 2017 оны 5 дугаар сар, 9 дүгээр сард тус тус гаргасан боловч, хариуцагч КМ ХХК нь улсын бүртгэлд бүртгүүлсэн хаягтаа оршин байрлахгүй, үйл ажиллагаа явуулахгүй, гүйцэтгэх захирал У.Барсболд нь шүүхээс зугатааж, зайлсхийж байсан учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд КМ ХХК, гүйцэтгэх захирал У.Барсболд нарыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 03667 тоот шийдвэрээр КМ ХХК, гүйцэтгэх захирал У.Барсболдыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 хэлтэс эрэн сурвалжилж, 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр У.Барсболдын байнга оршин суух хаяг, үйл ажиллагаа явуулж байгаа газар, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон итгэмжлэл зэргийг надад мэдэгдсэн.

Иймд шүүхийн шийдвэрээр иргэн миний хууль ёсны эрх ашгийг хамгаалсан тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 04776 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн цалин 46.645.680 төгрөгийг нэхэмжилж байна.

КМ ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Барсболд нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж, ажлаас үндэслэлгүй халсан, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, биелүүлэхээс татгалзаж, “өмгөөлөгчийн эрхийг  түдгэлзүүлсний дараа шүүхийн шийдвэрийг биелүүлнэ” гэсэн шаардлагыг тавьдаг.

КМ ХХК-ийн захирал У.Барсболд нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16/45 дугаар тушаал гаргаж тамгын газрын захирал, хуулийн зөвлөхийн албан тушаалд томилж, 245.000 төгрөгийн цалин олгох тухай тушаалыг гаргасан боловч ажиллах нөхцөл, ажлын байраар хангаагүй, цалин хөлсний талаар зөвшилцөөгүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүй, нийгмийн даатгалын дэвтрийг нь өгөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэт дүр үзүүлдэг.

Иймд КМ ХХК-иас 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 46.645.680 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай байгууллага нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 04776 тоот шийдвэрийг биелүүлж иргэн Б.Б-ийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Гүйцэтгэх захирлын 16/45 тоот тушаалаар Тамгын газрын захирал, Хуулийн зөвлөхийн албан тушаалд эгүүлэн томилсон. Гэвч нэхэмжлэгч Б.Б нь өөрөө албан тушаал хүлээн авч, ажиллахаас татгалзсан.

Түүнчлэн манай байгууллага нь санхүүгийн хувьд хүнд байдалд орсны улмаас орон тооны цомхотгол хийж нийт ажилтнуудын ихэнх хувь нь цомхотгогдсон бөгөөд Улаанбаатар болон орон нутаг дахь салбаруудаа татан буулгасан.

Ийнхүү цомхотгол хийсэнтэй холбоотойгоор байгууллагын ажлын орон тоог 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлөөс шинэчлэн баталсан.

 Иймд Б.Б-ийн эрхэлж байсан Тамгын газрын захирал, хуулийн зөвлөхийн албан тушаал байхгүй, байх шаардлагагүй болсон. Б.Б-ийн хувьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар адил чанарын өөр ажил, албан тушаалд томилохоор харилцан тохиролцохыг хүссэн боловч Б.Б ийнхүү харилцан тохиролцохыг хүсээгүй юм.

 Б.Б нь компаниас 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 58.000.000 төгрөгийн цалингийн зээл, 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 35.000.000 төгрөгийн зээлийг тус тус авсан бөгөөд эдгээр зээлүүдийг хугацаандаа төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тул тус зээлүүдийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 Эдгээр зээлүүдийн хувьд Б.Б нь манай байгууллагад ажиллаж байхдаа өөрийн албан тушаалыг урвуулан ашиглаж өндөр дүнтэй цалингийн зээлийг ямар нэгэн барьцаагүйгээр авсан байдаг бөгөөд барьцаалсан байсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байж байгаад тус хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлсэн байсан.

 Ийнхүү компанид их хэмжээний хохирол учруулсан, мөн компанид эргэж ирж 1 цагийн ч хөдөлмөр эрхлээгүй байж цалингаа нэхэж байгаа нь хууль, өмгөөлөгчийн хувьд ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна.

Ийнхүү ажилдаа эргэж ороогүй нь Б.Бийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан тул КМ ХХК нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох боломжгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад     

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч КМ ХХК-иас 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 46.645.680 төгрөгийг гаргуулах тухай  нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 04776 тоот шийдвэрээр Б.Б-ийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 17.814.286 төгрөг гаргуулж Б.Б-д олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийхийг хариуцагч КМ ХХК-д даалгаж шийдвэрлэжээ./хх-ийн 6-12-р хуудас/

Дээрх шийдвэрт 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2940 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь зохигчийн тайлбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 3/15026 дугаартай албан бичиг болон бусад баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 4,5,13,88-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэжээ.

Ажил олгогч КМХХК нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Гүйцэтгэх захирлын 16/45 тоот тушаалаар Б.Б-ийг тус компанийн Тамгын газрын захирал, Хуулийн зөвлөхийн албан тушаалд эгүүлэн томилсон гэж байгаа боловч түүнтэй зөвлөлдөж ажилтныг ажиллах нөхцөл ажлын байраар хангаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй  байх тул шүүхийн шийдвэрийг бодитоор биелсэн гэж үзэх боломжгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар “Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно” гэжээ.

Ажил олгогч КМ ХХК нь ажилтан Б.Б-ийг  урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс  2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг ажилтан Б.Бид олгох үүрэгтэй.

Иймд ажил олгогч КМ ХХК –иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 46.645.680 төгрөгийг гаргуулж  ажилтан Б.Бид олгох үндэстэй.    

 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс  2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 21 сар 15 хоногийн цалин /21 сар Х 2.150.000 = 45.150.000 төгрөг, 2.150.000: 21=102.381 төгрөг, 15 хоног Х 102.381= 1.535.717, 45.150.000 төгрөг + 1.535.717 = 46.685.717 төгрөг/ 46.685.717 төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэгч 46.645.680 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хангаж шийдвэрлэсэн болно.

Ажилтан Б.Б-ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт түүний 1 өдрийн цалинг 2.15.000 төгрөг гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т ”Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэжээ. Иймд ажилтан Б.Б-ийн 1 сарын цалинг 2.150.000 төгрөг гэж тооцсон болно.

Нэхэмжлэгч Б.Б нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй тул өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно .

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч КМХХК-иас 46.645.680 /дөчин зургаан сая зургаан зуун дөчин таван мянга зургаан зуун ная/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д  олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 469.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 469.900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

        

 

 

                        ДАРГАЛАГЧ                              Ч.ИЧИНХОРЛОО