Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 1209

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Түмэнжаргал, Н.Чимэдрэгзэн, Б.Энх-Аюуш,

Т.Шинэбаяр, Ч.Живзүнпагма нарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00670 дугаар шийдвэртэй, Ч.Түмэнжаргал, Н.Чимэдрэгзэн, Б.Энх-Аюуш, Т.Шинэбаяр, Ч.Живзүнпагма нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 9 дүгээр сарын цалин болон 8, 9 дүгээр сарын цалинг тогтоосон хугацаанд олгоогүйн алданги гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ч.Түмэнжаргал, Н.Чимэдрэгзэн, Б.Энх-Аюуш, Т.Шинэбаяр бид Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтий үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвд ажиллаж байсан. Гэтэл Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолоор тус төвийг татан буулгасан гэх үндэслэлээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Дээрх тушаал 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гарсан бөгөөд бид энэ өдөр авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн.

Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Эрдэнэбаяр нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдээд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуй нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилчдын төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээр хийнэ” гэснийг зөрчсөн.

Манай төв татан буугдаж 80 гаруй хүн ажлаас халагдсан тул 30 хоногийн өмнө биш 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байсан. Засгийн газрын шийдвэрээр татан буугдсан ч чиг үүрэг “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт” зэрэг байгууллагад шилжсэн. Нэхэмжлэгч нарын ажлын байр хэвээр хадгалагдсаар байхад хариуцагч байгууллага шинээр ажилтан авч, өөр газар хэлтсээс уг ажлын байранд ажилтан томилж байгаа нь хууль бус. Мөн хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдрэгзэн байгууллагын нууцын ажлыг давхар хариуцдаг байсан. Гэтэл ажлаас халагдах тушаал гараагүй байхад Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын тамгын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Эрдэнэбаяр, хуулийн мэргэжилтэн гэх Дөлгөөнд нууцын ажлаа хүлээлгэж өг гэж дарамтлан, ажлыг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээлцсэн.

Энэ нь Төрийн нууцын тухай хуулийн 16 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1, 43.2-д заасныг тус тус ноцтой зөрчсөн. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь ямар нэг сонгон шалгаруулалтгүй, нөгөө талаар чиг үүрэг хадгалагдаж байгаа биднийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.4, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.5, 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5-д заасныг тус тус зөрчжээ. Татан буугдсан байгууллагын чиг үүрэг болон эд хөрөнгө, төсөв бүгд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжсэн учраас өмнөх захирлын 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “Ажилтнуудыг шилжүүлэх тухай” Б/124 тоот тушаалаар цалин хөлсийг тус газар олгох ёстой.

Гэтэл уг байгууллага бидний 8 дугаар сарын цалинг 9 дүгээр сарын 07-нд олгосон, 9 дүгээр сарын цалинг өнөөдрийг хүртэл олгоогүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Хөдөлмөрийн дотоод журмын 7.1.2-д заасныг зөрчсөн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-д зааснаар 8, 9 сарын цалинг тогтоосон хугацаанд олгоогүйн улмаас хоног тутамд 0,3 хувийн алданги хариуцах тул Ч.Түмэнжаргалд 179 716 төгрөг, Н.Чимэдрэгзэнд 174 887 төгрөг, Б.Энх-Аюушд 98 561 төгрөг, Т.Шинэбаярт 138 589 төгрөг олгуулах, 9 дүгээр сарын цалинд Ч.Түмэнжаргал 964 200 төгрөг, Н.Чимэдрэгзэн 909 605 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 364 407 төгрөг, Б.Энх-Аюуш 725 654 төгрөг, Т.Шинэбаярт 735 050 төгрөг тус тус гаргуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолоор төсвийн зарим байгууллагуудыг татан буулгаж, өөрчлөн зохион байгуулсан. Уг тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийг татан буулгасан тул тус төвийн ажилтнуудад тогтоолыг танилцуулж, тушаал, шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах үүднээс тэдэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн захиргааны санаачлагаар цуцалсан.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1 дэх хэсгийг үндэслэн татан буугдсан байгууллагын ажилтанд 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдсэн. Ажилтанд хуульд заасан хугацаанд 30 хоногийн өмнө мэдэгдэн гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмж болон 8 дугаар сарын цалин олгогдсон, 9 сарын цалинг олгоогүй ч Сангийн яам шийдвэр гаргамагц олгох боломжтой.

Иймд Ч.Түмэнжаргал, Н.Чимэдрэгзэн, Б.Энх-Аюуш, Т.Шинэбаяр нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг тус тус баримтлан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 9 дүгээр сарын цалин болон 8, 9 дүгээр сарын цалинг тогтоосон хугацаанд олгоогүйн алданги гаргуулах тухай Ч.Түмэнжаргал, Н.Чимэдрэгзэн, Б.Энх-Аюуш, Т.Шинэбаяр нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Живзүнпагма Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсан татгалзлыг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн зөв үнэлээгүй. Нэхэмжлэгч нарт хариуцагч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар 2016 оны 9, 10 дугаар саруудын цалин болон ажлаас халагдсаны тэтгэмж олгон, ажлаас чөлөөлсөн. Мөн татан буугдсан байгууллагын чиг үүргийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар хэвээр хадгалан үргэлжлүүлж байгаа талаарх нотлох баримтыг шүүх үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төв нь хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бол Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нь чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа үйл баримт атал шүүх шийдвэр гаргахдаа дүгнэлт хийж, анхааран судалж үзэлгүй алдаа гаргасан.

Мөн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/15 дугаар Ажлын байрны чиг үүрэг батлах тухай тушаалаар батлагдсан захиргаа, удирдлагын дарга, хууль, хууль зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, гадаадад ажиллах хүч, дадлагажигч илгээх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн чиг үүрэг нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/8 дугаар Орон тоо, ажлын байрны чиг үүрэг батлах тухай тушаалаар хэвээр хадгалагдан, нэршил нь тамгын газрын дарга, гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, ажиллах хүч гадаадад гаргах асуудал хариуцсан мэргэжилтэн болгож өөрчилсөн нь нотлох баримтуудаар тогтоогдож байхад шүүх эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв УТҮГ нь 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоол гарснаар татан буугджээ гэж шүүх дүгнэсэн. Гэтэл уг тогтоол 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан нь хүчин төгөлдөр гэсэн үг биш. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар бүлэгт зааснаар Захиргааны хэм хэмжээний актыг бүртгэх эрх бүхий байгууллагад хүргүүлэх, уг хуулийн 63 дугаар зүйлд зааснаар ажлын таван өдөрт багтаан бүртгэж захиргааны байгууллагад хүргүүлнэ, 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ гэснийг шүүх зөрчсөн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/54 дугаар тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн захирал С.Чойноровыг ажлаас чөлөөлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Тэрээр 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ажилтнуудыг шилжүүлэх тухай Б/124 дүгээр тушаал гаргах эрхтэй, үйл ажиллагааг хэвийн явуулж байсан. Уг тушаалыг эрх зүйн үр дагавар үүсгэх чадваргүй гэж шүүх дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчжээ.

Шүүх хууль буруу хэрэглэсэн тухайд Ч.Түмэнжаргал, Н.Чимэдрэгзэн, Б.Энх-Аюуш, Т.Шинэбаяр нарт Хөдөлмөр, халамжийн, үйлчилгээний ерөнхий газар 2016 оны 9, 10 дугаар саруудын цалин болон ажлаас халагдсаны тэтгэмж олгон, ажлаас чөлөөлж, ажил хүлээлцсэн, чиг үүрэг шилжсэн, эрх залгамжлаагүй гэж үзэх үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд ажлаас буруу халсан тухай маргааныг шүүхээр хянан шийдвэрлэхээр зохицуулсныг шүүх хохирол нэхэмжлэх эрхтэй гэж хууль буруу хэрэглэн, нэхэмжлэгч нарын Үндсэн хуулиар олгогдсон ажил мэргэжлээ чөлөөтэй, сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхийг зөрчиж шийдвэрлэсэн.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нэхэмжлэгч Ч.Түмэнжаргал, Б.Энх-Аюуш, Т.Шинэбаяр нарт 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр буюу 30 хоногийн өмнө ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгч улмаар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар чөлөөлсөн. Н.Чимэдрэгзэнд ямар нэг мэдэгдэл өгөлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байхад шүүх хууль хэрэглээний алдаа гаргаж, эрх зүйн дүгнэлт хийж чадаагүй.

Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт сул орон тоо гарсан. Гэтэл уг орон тоонд ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй томилгоо хийж, чиг үүрэг хэвээр хадгалагдаж буй нэхэмжлэгч биднийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, Төрийн албан тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөнийг нотлох баримтуудтай харьцуулсан дүгнэлтийг хийж чадаагүй алдаа гаргасан.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Түмэнжаргал, Н.Чимэдрэгзэн, Б.Энх-Аюуш, Т.Шинэбаяр, Ч.Живзүнпагма нар хариуцагч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2016 оны 9 дүгээр сарын цалин олгох болон 8, 9 дүгээр сарын цалинг тогтоосон хугацаанд олгоогүйн алданги гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Живзүнпагма дээрх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.

 

Хэрэгт авагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/153 дугаар тушаалаар Хөдөлмөр, эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн захиргаа, удирдлагын газрын дарга Ч.Түмэнжаргал, Б/154 дугаар тушаалаар хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдрэгзэн, Б/181, Б/193 дугаар тушаалаар гадаадад ажиллах хүч, дадлагажигч илгээх хэлтсийн мэргэжилтэн Т.Шинэбаяр, Б.Энх-Аюуш нарыг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх43-47/

 

Дээрх тушаал тус бүрийг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйл, Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоол зэрэгт үндэслэсэн байна.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт бидний ажиллаж байсан байгууллагын чиг үүрэг шилжсэн байхад тухайн ажлын байранд шинээр болон өөр хэлтсээс ажилтан томилсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар байгууллага татан буугдсан тохиолдолд ажилчдын төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдээгүй, цалинг тогтоосон хугацаанд олгоогүйн улмаас алдангийг Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч хариуцах үүрэгтэй гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчийн хувьд Засгийн газрын тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийг татан буулгасан тул энэ тухай тус төвийн ажилтнуудад танилцуулж, уг шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас үүрэг болгосны дагуу тэдэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргасан, ажил олгогч биш учраас ажилд эгүүлэн тогтоох болон бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан болно.

 

Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолын 3 дахь заалтаар “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв”-ийг татан буулгаж, зарим чиг үүргийг нь “Дадлагажигч ажилтан гадаадад илгээх төв” улсын төсөвт үйлдвэрийн газарт нэгтгэн “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт” болгон өөрчлөн зохион байгуулсан байна. /хх146/

 

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн захирал С.Чойноровын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Ажилтнуудыг шилжүүлэх тухай” Б/124 дүгээр тушаал, түүний хавсралтаар тус төвийн бүх ажилтнуудыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдэлд шилжүүлэхээр заасныг шүүх эрх зүйн үр дагавар үүсгэх чадваргүй эрхийн акт гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. Тодруулбал тухайн албан тушаалтны хувьд байгууллагын тамгыг албан ёсоор хүлээлгэн өгсний дараа үйлдсэн баримт болох нь тогтоогджээ. /хх 202-205, 214/

 

Харин Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт Засгийн газрын 55 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах үүргийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас даалгаснаар нэр бүхий нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаал гаргасныг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Дээрх үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар тухайн байгууллагын эрхийг залгамжилж, чиг үүргийг шилжүүлсэн болон ажлын байрыг хэвээр хадгалан үлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, Засгийн газрын тогтоолоор татан буугдсан гэж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримт үнэлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00670 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэний давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                Т.ТУЯА