Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00597

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 6 дугаар гудамж, 246б тоотод оршин суух Алаг адуун овогт Найдансүрэнгийн Сувдгэрэл /РД:ИМ73100501/-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 6 дугаар гудамж, 246б тоотод оршин суух Алаг адуун овогт Ягааны Батбаяр /РД:ИМ73101818/-т холбогдох,

гэрлэлт цуцлуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох хашаа байшинг өөрт болон 2 хүүхдэд олгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Сувдгэрэл, хариуцагч Я.Батбаяр, нарийн бичгийн даргаар М.Тайванжаргал нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Сувдгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ Миний бие 1994 онд Я.Батбаяртай үерхэж улмаар 1995.10.18-ны өдрийн гэрлэлтийн № 03 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. 22 жил амьдрах хугацаанд 1995.09.04-нд хүү Б.Цэнд-Аюуш, 2008.11.28-нд хүү Б.Баасансугар нар төрсөн. Амьдрах хугацаандаа архи ууж, ажил төрөл тогтвор суурьшилтай ажилладаггүй. Том хүүгээ багад нь шидэж хөгжлийн бэрхшээлтэй болгосон. Сүүлийн үед уух давтамж ойртож гар хүрч зодож айлган сүрдүүлэх болсон ба амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид 3 Буянт-Ухаа 6-246б тоот хашаа байшиндаа амьдармаар байна, тэтгэлэг шаардлагагүй, хашаа байшингийн гэрчилгээ байхгүй” гэв.

Хариуцагч Я.Батбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Н.Сувдгэрэлийн гаргасан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би Завхан аймаг руу ах дүүгийндээ очиж амьдарна, эхнэр хүүхдүүд хашаа байшиндаа амьдарч байгаа, хөрөнгийн тухайд би авах зүйл байхгүй. 2 хүүхэд ээжийнхээ асрамжид байсан нь дээр, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Уг нь өөрсдөө байшингаа барьсан, худалдан авсан газрын гэрчилгээ байхгүй болохоор хашаа байшингийн талаар ямар ч баримт байхгүй” гэв. 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Сувдгэрэл нь Я.Батбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулж,

хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох хашаа байшинг өөрт болон 2 хүүхдэд олгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэргийн баримтаас үзэхэд Н.Сувдгэрэл, Я.Батбаярт нар нь 1995.06.01-ний өдөр гэр бүл болсныг 1995.09.18-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсны гэр бүл болсон, тэдний дундаас 1995.09.04-ний өдөр хүү Б.Цэнд-Аюуш, 2008.11.28-ны өдөр хүү Б.Баасансугар төрсөн болох нь Г-03 дугаартай гэрлэлтийн бүртгэл, хүүхдийн Г-56, Г-5407 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар болон бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Гэрлэгчдийн хооронд зан харьцааны таарамжгүй байдал үүссэн, хойшид эвлэрэн амьдрах боломжгүй гэж үзээд шүүхээр гэрлэлтээ цуцлуулахыг хэн алин зөвшөөрсөн, хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаагүй байх тул шүүх Н.Сувдгэрэлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 6 дугаар гудамж, 246б тоот хашаа, байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй бөгөөд уг хашаа, байшин бүртгэлгүй болохыг талууд тайлбарлаж, хөрөнгийн талаар маргаангүй гэжээ.

Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд  энэ үүргийг гэрлэгчид хамтран хүлээхээр байна.

Хүү Б.Баасансугарын асрамжийн талаар талууд маргаагүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй гэж нэхэмжлэгч тайлбарласан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                                      
                                                                                                                    ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Н.Сувдгэрэл, Я.Батбаярт нарын гэрлэлтийг цуцалсугай.

  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар  2008.11.28-ны өдөр төрсөн хүү Б.Баасансугарыг эх Н.Сувдгэрэлийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаангүй болохыг тус тус дурдсугай.

  4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт  зааснаар Н.Сувдгэрэл, Я.Батбаярт нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Я.Батбаяраас 70 200 төгрөг гаргуулж Н.Сувдгэрэлд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                       Д.ЭНХЦЭЦЭГ