Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 381

 

“Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 353 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0596 дугаар магадлалтай, “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 353 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 13.4.2, 13.5, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Эрэл” ХХК-ийн Ховд аймгийн Булган сумын нутагт орших “Загийн хар уул”-ын талбайд хайгуул хийх 14850Х тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээн, “Эрэл” ХХК-д эзэмшүүлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0596 магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаар тогтоолоор Ховд аймгийн Булган сумын нутаг Билүүтийн даваа нэртэй газарт 2409,01 гектар талбайг улсын төсвийн хөрөнгөөр геологи судалгааны ажил хийх зорилгоор 2 жил 9 сарын хугацаагаар нөөцөд авсан. Энэхүү 86 дугаар тогтоолоор нөөцөд авсан талбайд давхцуулан “Эрэл” ХХК-д ашигт малтмалын хайгуулын 14850Х тусгай зөвшөөрлийг олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т заасан “өргөдөлд дурдсан талбай нь нөөцөд авсан талбайтай давхцаагүй байх” шаардлагыг зөрчсөн байсан тул 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 595 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, тус газрыг тусгай хэрэгцээнд авсан байхад бусдад олгосон байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг зөрчсөн гэж үзэж хүчингүй  болгосон. Дээрх талбайг Засгийн газрын 2009 оны 86 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авах үед тус газар “Эрэл” ХХК-д олгогдоогүй байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан хууль ёсны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг эдлэх үндэслэлгүй юм.  Нэгэнт тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгосон захиргааны байгууллагын акт /595 дугаар шийдвэр/ хүчин төгөлдөр хэвээр байгаа, түүнийг хууль ёсны үндэслэлтэй болохыг шүүхээс тогтоосон байхад “үргэлжлүүлэн эзэмших тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх”-ийг “Эрэл” ХХК эдлэх ёстой мэтээр хуулийг тайлбарлаж хэрэглэж байгаа нь процесс хийгээд логик алдаатай шийдвэр гаргах үндэслэл болсон. Иймд, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                                                      ХЯНАВАЛ

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2009 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 78 дугаар шийдвэрээр Ховд аймгийн Булган сумын Загийн хар уул нэртэй газарт 5204,35 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх 14850Х дугаар тусгай зөвшөөрлийг “Эрэл” ХХК-д олгожээ.

Гэтэл Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаар тогтоолоор Ховд аймгийн Булган сумын нутаг Билүүтийн даваа нэртэй газарт 2429,01 гектар талбайд улсын төсвийн хөрөнгөөр геологи судалгааны ажил хийх зорилгоор 2 жил 9 сарын хугацаатай нөөцөд авахаар шийдвэрлэсэн байх бөгөөд уг тогтоолыг ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 2009 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсан байна.

Нөөцөд авсан талбайн солбицлыг Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 161 дүгээр тушаалаар геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн мэдээллийн санд бүртгэсэн ба “Эрэл” ХХК-д олгосон 14850Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан тул Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 595 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

Хариуцагч “Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 13.5-д заасны дагуу нөөцөд авсан талбайгаас чөлөөлөгдсөн тохиолдолд “Эрэл” ХХК тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрхтэйг” хүлээн зөвшөөрсөн үйл баримтыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь зохих журмын дагуу гаргасан “Эрэл” ХХК-ийн ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэж, 14850Х тусгай зөвшөөрлийг олгоход Засгийн газрын дээрх 86 дугаар тогтоолыг хүлээн аваагүй /мэдээгүй/ байсан бөгөөд тогтоолыг хүлээн авч, талбайн солбицлыг геологи, уул уурхайн кадастрын санд бүртгэсний дараа “нөөцөд авсан талбайтай давхацсан” болохыг тогтоон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь тогтоогдож байх тул хариуцагчийн “тус компани Ашигт малтмалын тухай хуулийн 13.5-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг эдлэх үндэслэлгүй” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй.

“Эрэл” ХХК-иас 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 617, мөн оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 905, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 63 дугаар албан  бичгүүдээр “нөөцөд авсан хугацаа дуусгавар болсон тул тусгай зөвшөөрлийг сэргээх” хүсэлтийг Ашигт малтмалын газарт гаргасан ба хариуцагч “тухайн талбайг нөөцөд авах хугацааг 2 жил 9 сараар тогтоосон бөгөөд өнөөдрийн байдлаар уг хугацаа дуусгавар болгосон Засгийн газрын тогтоол гараагүй тул сэргээх боломжгүй” гэсэн хариуг хүргүүлж байсан атлаа 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 6/1203 дугаар албан бичгээр “тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон захиргааны байгууллагын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон бөгөөд хүчин төгөлдөр байгаа тул тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй” гэж тусгай зөвшөөрлийг сэргээхээс татгалзсан байна.

Гэтэл Засгийн газрын 2009 оны 86 дугаар тогтоолоор Билүүтийн даваа нэртэй газарт 2429,01 гектар талбайг нөөцөд авсан хугацаа дуусгавар болсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т “Энэ хуулийн 13.1-д заасны дагуу нөөцөд авсан талбайг дараахь үндэслэлээр чөлөөлнө”: 13.4.2-т “талбайг нөөцөд байлгах хугацаа дууссан” гэж заасны дагуу “Эрэл” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээх үндэслэлтэй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Шүүхүүд Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 353 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0596 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                   ШҮҮГЧ                                                                 Х.БАТСҮРЭН