Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 33

 

 

 

Х.Сонинд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Д.Дуламжав, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүх, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нарыг оролцуулан

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолтой Х.Сонинд холбогдох эрүүгийн 201621010010 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1982 онд Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Хэрэйд овогт Хашхүүгийн Сонин нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр танхайрч иргэн Э.Мөнхбаярыг хутгалж бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх “ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Хэрэйд овогт Хашхүүгийн Сонинг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Сонинг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хсэгийн 3.3-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх  бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, шүүгдэгч Х.Сонин нь бусдад төлөх төлбөргүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, 257 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Х.Сонинг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүгдэгч нь хохирогчийн хажууд нь ирээд суух явцад цээжин тус газар болгоомжгүйгээр хутгалсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байх ба харин хүч хэрэглэж довтолсон, зодсон, хүмүүсийг айлган сүрдүүлсэн, хэрцгий догшин авирлаж нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, танхайрсны улмаас уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэжээ. Үүнд гэрчүүд болох Л.Нямдорж, Н.Эрдэнэноров нарын мэдүүлгээр шүүгдэгч Х.Сонингийн үйлдэл нь ямар ч шалтаг шалтгаангүйгээр үйлдэгдсэн болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

            Монгол Улсын Дээд Шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаартай тогтоолын 2.1-д “ танхайрах гэмт хэрэг нь гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө ямар ч шалтаг шалтгаангүй эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, хуч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлээр илэрнэ" гэж тайлбарлажээ.

            Гэрч Ж.Төмөрөөгийн ‘...Х.Сонин зуухны дээд талд ширээ түшиж суугаад хүргэнийг захиргааданаа нааш ир миний хажууд суу гэж хэлэхэд Э.Мөнхбаяр Сонингийн баруун доод талд нь суутал X.Сонин Э.Мөнхбаярын зүүн хавирга руу цохих буюу чичих шиг болохоор сайн лавлаад хартал Х.Сонингийн баруун гарт цустай хутга харагдахаар нь би сандраад хүн алчихлаа гэж хэлтэл Х.Сонин хутгаа галын дээд талд тавьчихаад буцаад суусан гэх /ХХ-ийн 55 хуудас/ мэдүүлгээр Х.Сонин нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

            Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.3-д заасан урьд сонсгосон ялыг шүүхээс хөнгөрүүлж өөрчилсөн бол түүний үндэслэл тэдгээрийг нотлох баримтын агуулгыг шийтгэх тогтоолд огт баримтлаагүй шүүгдэгч Х.Сонингийн Э.Мөнхбаярыг хутгалж хунд гэмтэл учруулсан" гэмт үйлдлийг болгоомжгүй болохыг хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар няцаан үгүйсгэж, болгоомжгүй гэмт хэрэг болохыг эргэлзээ төрүүлэхгүйгээр тайлбарлаж, дүгнэсэн нотлох баримтыг шийтгэх тогтоолд дурдаагүй байна.

            Шүүгдэгч Х.Сонин нь хутга хэрэглэж хохирогч Э.Мөнхбаярын цээжин тус газар хутгалж хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь танхайн сэдэлтээр бусдын 5ие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож ямар ч шалтаг шалтгаангүйгээр зэвсэг тусгайлсан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байхад шүүх болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж дүгнэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь шүүгдэгчид ял завшуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн байна гэж үзээд үндэслэл бүхий дүгнэлтээ гаргаж шийтгэх тогтоолд дурдсан байдаг. 2015 оны Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэмт хэргийг санаатай үйлдэх ойлголтыг зааж өгсөн байдаг. Гэмт хэргийг хүсч үйлдсэн, хохирол хор уршгийг зориуд хүргэсэн бол санаатай үйлдэлд ойлгоно гэж заасан байдаг.  Шүүгдэгч Х.Сонингийн хувьд гэмт хэргийг хүсч үйлдээгүй, хохирол хор уршигт санаатай учруулаагүй байдаг. Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

             Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Х.Сонинг 2016 оны 2 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайрч Э.Мөнхбаярыг хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг   Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан шүүгдэгч Х.Сонинд прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж  ял шийтгэл оногдуулсан байна.

            Прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлийг хяналтын шатны шүүхээс “Х.Сонин нь  хохирогч Э.Мөнхбаярыг хутгалах болсон  санаа зорилго, сэдэлтийг бүрэн гүйцэд шалгаж тодруулаагүй, өөрөөр хэлбэл хохирогчийг ямар ч шалтгаангүйгээр, эсхүл үл ялих зүйлээр шалтаглаж хутгалсан, түүнчлэн хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн буюу шүүгдэгч Х.Сонин нь тодорхой хувийн сэдэлттэйгээр хохирогчийг санаатай хутгалсан  эсхүл гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хохирогчид хүнд гэмтэл учруулсан эсэхийг нарийвчлан шалгаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж уг хэргийг” мөрдөн шалгах ажиллагаанд буцааж, дахин шалгуулахад шүүгдэгч Х.Сонин нь хохирогч Э.Мөнхбаярын эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

            Иймд хохирогч Э.Мөнхбаярыг шүүгдэгч  Х.Сонингийн  хажууд нь ирээд суух явцад  түүний цээжин тус газар нь болгоомжгүйгээр хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан  болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 81 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Х.Сонинг хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх  чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн зөв дүгнэлт хийжээ.

 

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

            2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Х.Сонинд прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн хөнгөрүүлж түүнд   ял шийтгэл оногдуулсан нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэгт хууль зүйн үндэслэлтэй   дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг  зөв тайлбарлаж хэрэглэсэн байна  гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Иймд прокурорын эсэргүүцлийг  хэрэгсэхгүй болгож, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5-д зааснаар  Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаар захирамжаар шүүгдэгч Х.Сонинд холбогдох хэргийг хянан хэлэлцэх Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгсийг томилсон байна. Уг захирамж гаргасны дараа Ховд аймгийн Булган сум дахь сум шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3.-т зааснаар шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах тухай Ерөнхий шүүгчийн захирамж гаргах байжээ. /3 дугаар хх-ийн 1 дүгээр тал/

            Гэтэл адил шатны өөр шүүхийн шүүгчийг  дээд шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрээр  томилоогүй байхад  Ховд аймгийн Булган сум дахь сум дундын  шүүхийн Ерөнхий шүүгч 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаар “хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох тухай” захирамжаар  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Б.Гантөгсийг шүүх хуралдаанд оролцох шүүх бүрэлдэхүүнд томилж шийдвэрлэснийг  цаашид  анхаарвал зохино./2 дугаар хх-ийн 246 дугаар тал/

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар  сарын 11-ний   өдрийн  26   дугаартай шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээсүгэй. 

             2. Шүүгдэгч Х.Сонинд холбогдох эрүүгийн 20161010010 тоот дугаартай хэрэгт бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

   

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ДАМБА

 

                                      ШҮҮГЧИД                                      М.НЯМБАЯР

          

                                                                                            Н.ТУЯА