Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2020/0417/З |
Дугаар | 221/МА2023/0548 |
Огноо | 2023-08-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2023/0548
2023 оны 08 сарын 24 өдөр | Дугаар 221/МА2023/0548 | Улаанбаатар хот |
2022 оны 06 сарын 15 өдөр |
| Дугаар 221/МА2022/0420 |
“ИТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас
Нэхэмжлэгч: “ИТ” ХХК
Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл
Гуравдагч этгээд: Хотын стандарт, хяналтын газар
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 528 дугаартай;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2020/0417/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ИТ” ХХК-иас Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлд холбогдуулан “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ** дүгээр хурлын дүгнэлтийн 19-д “ИТ” ХХК-д олгосон Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 528 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг 106.3.1, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг баримтлан Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ** дүгээр хурлын дүгнэлтийн 19-д “ИТ” ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай “ИТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А давж заалдах гомдолдоо:
3.1. Нэг. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Уг хэргийн хувьд, Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 сарын 29-ний өдрийн 196 дугаар магадлалаар архитектур төлөвлөлтийн даалгаварыг хүчингүй болгох процессын талаар, шийдвэр гаргах эрх бүхий этгээд хэн болох, хариуцагч Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн эрх хэмжээ зэргийг тодруулах шаардлагатай гэж үзэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг. ... Шүүхээс “нийслэлийн ерөнхий архитектор нь өөрт нь хуулиар олгосон эрх хэмжээнд халдсан эсэхээр маргаагүй, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодорхой тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэжээ. Шүүх ийнхүү дүгнэлт хийхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг зөрчсөн. Учир нь Нийслэлийн ерөнхий архитектур нь өөрт хуулиар олгосон эрх хэмжээнд халдсан үйлдэлд маргаагүй гэдэгт дүгнэлт өгөхдөө, тухайн шийдвэрийг хэн гаргасныг огт анхаарч хараагүй буюу нотлох баримтыг хэрэгт хамааралтай байдлаар үнэлээгүй байна. Өөрөөр хэлбэл, Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн дарга нь Ц.Тулга гэдэг хүн байсан бөгөөд маргаан бүхий 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ** дүгээр хурлыг Ц.Тулга удирдаж өөрөө цуцлах шийдвэр гаргасан хүн бөгөөд хожим тэрээр Хот байгуулалт хөгжлийн газрын дарга болсон байдаг. Дээрхээс үзэхэд хүчингүй болгох шийдвэр гаргасан албан тушаалтан нь хожим тухайн албан тушаалын дээд шатны дарга болон томилогдсон байх бөгөөд нэгэнт өөрийн гаргасан шийдвэрээ дээд шатны албан тушаалтан болсон хойноо өөрчлөх боломжгүй юм.
3.2. Нөгөө талаар, нэхэмжлэгчийн урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу гаргасан гомдол өгсөн хариу буюу Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “гомдлыг шийдвэрлэх боломжгүй, хүчингүй болгосон шийдвэр зөв” гэсэн агуулга бүхий хариуг өгсөн бөгөөд уг бичгийг Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээс татгалзсан хариу өгсөн байгаа нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.6-т заасан Газрын дарга буюу ерөнхий архитекторын эрх хэмжээг тайлбарласан шүүхийн дүгнэлт бүхэлдээ үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ** дүгээр хурлын дүгнэлтийн 19-т заасан нэхэмжлэгч компанийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон тул шүүхээс архитектур төлөвлөлтийн даалгаварыг эрх бүхий албан тушаалтан, хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон эсэхийг холбогдох эрх зүйн хэм хэмжээг бодит үйл баримтад харьцуулан дүгнэх байдлаар шүүх үнэлэлт, дүгнэлт өгөх учиртай. Гэтэл маргаан бүхий актыг гаргах эрхтэй дээд шатны албан тушаалтан нь өөрийнх нь эрх хэмжээнд халдсан гэдэг тайлбар ирүүлээгүй, маргаагүй нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан доод шатны захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг зөвтгөж болох мэтээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтыг тайлбарлан хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
3.3. ... Дээрх хууль тогтоомжид зааснаар хариуцагч байгууллага нь санал, дүгнэлт, зөвлөмж боловсруулах чиг үүрэг бүхий буюу эцэслэн шийдвэр гаргадаггүй субъект төдийгүй архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох үндэслэл нь зөвхөн Барилгын тухай хуулийн 27.3-т заасан үндэслэлээр хязгаарлагдаж байна. Нөгөөтэйгүүр архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох үндэслэлийг заасан эрх зүйн зохицуулалт нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орж ирсэн ба маргаан бүхий акт гарах тухайн цаг үед архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох тухай эрх зүйн орчин байхгүй байсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх эрх зүйн хэм хэмжээг тайлбарлан хэрэглэхдээ Нийслэлийн ерөнхий архитектур нь Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг хянан баталгаажуулах эсхүл хуульд нийцээгүй гэж үзвэл хүчингүй болгох эрх олгогдсон, тэрээр маргаан бүхий актыг гаргасан Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан илт хууль бус захиргааны акт гэж маргаагүй тул гэх агуулгаар тайлбарласан...
3.4. Хоёр. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн барилгажих талбай нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, мөн зүйлийн 6 дахь хэсэг, 11 дэх хэсэгт заасан үндэслэлээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосныг буруутгах боломжгүй гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-т заасан захиргааны байгууллагын шийдвэр үндэслэл бүхий байх зарчмын хүрээнд захиргаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд зөвхөн хуульд заасан үндэслэлээр халдах ёстой. Гэтэл архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох үндэслэлийн талаарх эрх зүйн орчин маргаан бүхий акт гарах үед байхгүй байхад, жирийн нэг иргэний нэг хуудас бүхий өргөдөлөөр бусдын эрхийг хөндсөн шийдвэрийг хариуцагч байгууллага гаргасныг шүүх үл хайхран шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдаад буй дээрх хуулийн зохицуулалт нь нэгдүгээрт, архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох үндэслэлтэй огт хамааралгүй, хоёрдугаарт, бодит үйл баримтад үл хамаарах зохицуулалтууд юм. Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5-д "энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-т зааснаас өөр барилга, байгууламж барих", мөн зүйлийн 6-д "хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах", 11-т "хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагааг явуулах"-ыг хориглох тухай заажээ. Гэтэл нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцалсантай холбоотой маргаан захиргааны шүүхээр олон жил хэлэлцэгдсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл хугацаанд маргаан бүхий газарт нэг ч ширхэг тоосго тавьж чадаагүй. Бодит байдал дээр ийм байхад хөрс, ус, агаар бохирдуулах үйл ажиллагаа явуулсан, байгаль орчинд нөлөөлөх бусад үйл ажиллагааг явуулсан, хуульд зааснаас өөр барилга, байгууламж барьсан тухай бидэнд огт хамааралгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь бодит байдлаас тэс хөндлөн дүгнэлтэд хүргэжээ.
3.5. Гурав. Илт үндэслэлгүй шийдвэр шийдвэр болсон тухайд:
Нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуудлыг дүгнэсэн талаар, Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.7-4.10 дэх хэсгийн дүгнэлт нь маргааны үйл баримтад ямар ч хамааралгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасныг зөрчжээ. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн "Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ** дүгээр хурлын дүгнэлтийн 19-т заасан нэхэмжлэгч компанийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах"-аар нэхэмжлэл гаргасан бөгөөд ийм захиргааны акт гарах үндэслэлгүй байсан эсэх талаар талууд маргасан. Хэргийн оролцогчдийн зүгээс нэхэмжлэгчид олгосон газрын зориулалтын талаар маргаагүйгээс гадна Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0*** дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр магадлалаар нэхэмжлэгчид олгосон газар ашиглах эрх хууль ёсны дагуу болохыг тогтоож, уг шийдвэр, магадлалыг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас биелүүлж 2023 оны 02 дугаар сарын 17-нд Газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон ба уг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Гэтэл шүүхээс эдгээр шийдвэр, магадлал, Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас шинээр олгосон гэрчилгээ зэргийг эрс үгүйсгэж уг маргаанд илтэд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр угаас үндэслэлгүй болохыг харуулж байна.
3.6. Утга агуулгын илэрхий алдаатай байх тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.11-д дараах агуулгыг тусгажээ. Үүнд: “Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д заасан аль нэг шинжийг агуулаагүй буюу тухайн маргааны үйл баримттай холбоотой асуудлын талаар эрх зүйн суурь мэдлэггүй байлаа ч тухайн захиргааны актыг харсан хүн хуульд нийцсэн байх боломжгүй гэсэн дүгнэлт хийхүйц байх алдаа зүйлгүй байна" гэсэн дүгнэлт хийжээ. Өмгөөлөгч миний бие уг 4.11 дэх хэсгийг яаж ч уншаад ойлгохгүй байхаас гадна, уг дүгнэлтийн зорилгыг тодорхойлоход туйлын хүндрэлтэй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг тодорхой, ойлгомжтой биелэгдэх боломжтой байдлаар бичигдэх шаардлагатай талаар ч Улсын дээд шүүхийн тогтоол байдаг. Нөгөө талаар, эрх зүйн мэдлэггүй хүн маргаан бүхий захиргааны актыг хараад хуульд нийцсэн байх боломжгүй гэсэн дүгнэлт хийхүйц тийм алдаатай гэж үзэхгүй гэдэг агуулгаар дүгнэлт хийж буй бол энэ нь маргааны үйл баримттай ямар хамааралтай талаар мөн хэрэв илт хууль бус эсхүл алдаатай захиргааны акт биш гэж үзсэн бол хууль зүйн үндэслэл нь яагаад гэх агуулгаар өөрийн дүгнэлтээ тайлбарлах ёстой атал ямар ч хамааралгүй сурах бичгийн төвшний дүгнэлт хийж нэхэмжлэгчийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хязгаарлаж болохгүй билээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0528 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлага хангаагүй байна.
Маргаан бүхий үйл баримтын талаар:
Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн эрх зүйн байдлын талаар:
5. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/609 дүгээр захирамжаар “Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн дүрэм”-ийг баталсан байна.
6. Уг дүрмийн 1.1-д “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл (цаашид “зөвлөл” гэх) нь Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хот байгуулалтын баримт бичгийн төсөл, хэрэгжилт, инженерийн дэд бүтцийн шийдэл, техник технологи, эдийн засгийн тооцоо, тохижилт, ногоон байгууламжийн шийдэл, нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан барилга байгууламжийн газрын болон инженерийн дэд бүтцийн асуудал, иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах, өмчлөл, эзэмшил, ашиглалтын газарт барилга барих, газар ашиглалтын зориулалт, талбайн хэмжээ, байршилд өөрчлөлт оруулах, эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, хугацаа сунгах, газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох зэрэг асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, зөвлөмж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч (цаашид “Нийслэлийн Засаг дарга” гэх), Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга (цаашид “Ерөнхий архитектор” гэх)-ын шийдвэр хууль ёсны байх эрх зүйн үндсийг хангахад оршино.
7. Дүрмийн 2.1.3-т “хот байгуулалтын баримт бичиг, дэд бүтцийн төлөвлөлт, барилга байгууламж, тохижилтын асуудлуудыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргаж, Ерөнхий архитектороор шийдвэрлүүлэх.”,
3.2-т “Зөвлөлийн бүрэлдэхүүн орон тооны бус байх бөгөөд үйл ажиллагааны хэлбэр нь хурал байна”,
4.6-д “Зөвлөл нь хуралд оролцсон гишүүдийн 70 хувиас дээш саналаар “Зөвшөөрсөн” санал, дүгнэлт гаргана.”,
4.9-д “Хурлын тэмдэглэлийг нарийн бичиг хөтлөх бөгөөд зөвхөн хурлаас гарсан шийдвэрийн тэмдэглэлийг ажлын 2 хоногийн дотор даргаар баталгаажуулж, байгууллагын цахим хуудсанд байршуулна.”,
4.10-д “Зөвлөл нь хурлын санал, дүгнэлт, зөвлөмжийг Ерөнхий архитекторт танилцуулах үүрэгтэй” гэж хариуцагчийн эрх зүйн байдлыг журамлан тогтоож өгсөн байна.
Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар:
8. Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн эрх зүйн байдлыг тодорхойлсон дээрх дүрмийн зохицуулалтаас үзэхэд хариуцагч Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасан захиргааны актыг гаргадаггүй, харин Захиргааны акт гаргах эрх бүхий субьект болох Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга (цаашид “Ерөнхий архитектор” гэх)-ын шийдвэр хууль ёсны байх эрх зүйн үндсийг хангахад чиглэсэн санал, дүгнэлтийг Нийслэлийн Ерөнхий Архитекторт зориулж гаргаж танилцуулж Ерөнхий Архитектороор шийдвэрлүүлдэг дүрмийн зохицуулалттай байна.
9. Иймд Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ** дүгээр хуралдаанаар “Интернэшл тур” ХХК-ийн 2017 оны МЗХ2017/14-** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгохыг зөвшөөрсөн дүгнэлт нь захиргааны актын шинжийг агуулаагүй, гадагш чиглээгүй, нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар шууд үүсгээгүй дотогш буюу Нийслэлийн Ерөнхий Архитекторт чиглэсэн санал дүгнэлт байна.
Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга бөгөөд Нийслэлийн Ерөнхий Архитеторын эрх зүйн байдлын талаар:
10. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар тогтоолоор “Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай” тогтоолын: 1-д “Нийслэлийн төрийн захиргааны удирдлагын бүтцийг дараахь байдлаар тогтоосугай гэсэн хэсэгт Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга”, 6-д “Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дараахь хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосугай:”, 6 дахь хэсгийн 9-д “Хот байгуулалт, хөгжлийн газар” гэж зааснаас үзэхэд Хот байгуулалт, хөгжлийн газар нь Нийслэлийн төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч буюу Нийслэлийн Засаг даргын харьяа хэрэгжүүлэгч агентлаг байна.
11. Нийслэлийн Ерөнхий Архитектор нь Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйл, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 3.4-т “Архитектур төлөвлөлтийн даалгаврыг аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална.”,
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Сайдын 2010 оны 155 дугаар тушаалаар баталсан “ Аймаг, Нийслэл, хотын Ерөнхий Архитекторын дүрэм “-ийн 3.1.3.-д “ ... архитектур төлөвлөлтийн шаардлагыг мэргэжлийн албадын оролцоотойгоор тодорхойлон шийдвэрлэх”,
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/282 дугаар Захирамжаар баталсан “ Хот байгуулалт, хөгжлийн газрын дүрэм”-ийн 3.1.8.-д “ барилга байгууламж болон нийтийн эдэлбэр газрын тохижилтын ажлын архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар төсөл батлах, олгосон зөвшөөрлийн хүрээнд хяналт тавих” гэж тус тус заасан хууль, тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Архитектур төлөвлөлтийн даалгавар баталж, хүчингүй болгох эрхтэй субьект байна.
12.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон дээр дурдсан хууль, тогтоомжийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч “ИТ” ХХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ2017/14-** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын даргын албан ёсны шийдвэр /захиргааны акт / одоо болтол гараагүй байна.
13. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5** дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу “ИТ” ХХК-иас Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын дэргэдэх Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлд холбогдуулан гаргасан “Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн ** дүгээр хурлын дүгнэлтийн 19-д “ИТ” ХХК-д олгосон Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0528 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5** дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “ИТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын дэргэдэх Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ** дүгээр хурлын дүгнэлтийн 19-д “ИТ” ХХК-д олгосон Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА