Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 182/2018/01628/И |
Дугаар | 001/ХТ2019/00487 |
Огноо | 2019-04-04 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2019/00487
Ц.А-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2018/01970 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2411 дүгээр магадлалтай,
Ц.А-ын нэхэмжлэлтэй,
Нийслэлийн Засаг даргад холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.А-, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б\144 дугаар захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон. Намайг иргэдээс өргөдөл гомдол ирсэн гэдгээр шалтаглаж 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ажлаас халсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын захирамж 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гарсан. Засаг дарга бид нарыг ажилд томилох, чөлөөлөх тухай тушаалыг гаргадаг боловч хөдөлмөрийн гэрээг Нийслэлийн Боловсролын газрын даргатай байгуулдаг. Хөдөлмөрийн гэрээг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дахин шинэчлэн байгуулсан. 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн Боловсролын газрын даргын удирдамжийн дагуу ажлын хэсэг шалгалт хийхээр ирж нэлээдгүй хугацаанд бүх зүйлийг шалгасан бөгөөд ариун цэврийн хэрэглэгдэхүүн авсныг тогтоосон гэсэн, тэгээд уг зүйлүүдийг буцааж эцэг эхчүүдэд нь өг гэсэн даалгаврыг тэр даруйд нь биелүүлээд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 112 тоот албан бичгээр байгууллагын үйл ажиллагааны талаарх тайлбар тайланг Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн. Зөрчлийг нэн даруй арилгасан тул үүнд арга хэмжээ авах нь үндэслэлгүй. Дараагийн зөрчил гээд байгаа нь 2017 оны 8 дугаар сарын 16-нд багш Б.Бат-Эрдэнийг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгээгүй гэж үзэн ажлаас халсан. Гэвч шүүхээс ажилд нь эгүүлэн тогтоосон болохоор тухайн ажилтанд нэхэмжилсэн мөнгийг нь шийдвэрийн дагуу олгосон. Үүнийг зөрчил гэж үзсэн бол арилгуулахаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Дараа нь дахиад Б.Бат-Эрдэнэ ажлаа хийхгүй хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тул мөн тушаал гарган ажлаас нь чөлөөлсөн, шүүхээс үүнийг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Энэ нь ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзэж байна. 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг даргын орлогч даргаар удирдуулсан ажлын хэсэг дахин орж ирсэн, өмнө шалгасан зүйлүүдийг дахин шалгаж, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дүгнэлтээ танилцуулсан, би зөвшөөрөхгүй байна гээд хариу тайлбарыг хавсаргаж өгсөн. 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дүгнэлтийг гардаж авсан. Иймд миний бие хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргаагүй тул цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд минь эгүүлэн тогтоож өнөөдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн даатгалын дэвтэрт татвар, шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 9 дүгээр сард ажлын хэсэгт гомдол ирсний дагуу Нийслэлийн Боловсролын газраас тус цэцэрлэгт шалгалт явуулсан бөгөөд үүний үр дүнд 209 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нь Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/266 тоот тушаалын хавсралтаар батлагдсан цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхээс нэг хичээлийн жилийн хэрэглэгдэхүүнд тусгаагүй буюу ариун цэврийн хэрэглэлийг хураасан зөрчил гаргасан нь тогтоогдсон. Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А\826 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан удирдамжийн дагуу тус цэцэрлэгт хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулсан. Энэ хоёр шалгалт нь өөр юм. Энэ шалгалтаар багш Б.Бат-Эрдэнийг буруу шийдвэр гаргаж ажлаас халсны улмаас шүүхийн шийдвэрийн дагуу 2.231.548 төгрөгийг цэцэрлэгийн төсвөөс гаргаж байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, иргэдээс хууль бусаар хурааж авсан 9.442.500 төгрөгөөс 4.067.500 төгрөгийг нь улавч худалдан авахад зарцуулаад үлдсэнийг нь зориулалтын бусаар зарцуулсан ноцтой зөрчил гаргаж сахилгын зөрчил гаргасан нь ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдсон. Нэхэмжлэгчтэй анх 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд хууль тогтоомжид өөрчлөлт оруулсантай холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Тус хөдөлмөрийн гэрээгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг гүйцэтгэхээр, гэрээний 5.2-т Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг мөрдөж ажиллана, 6.3-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлийн үндэслэлүүдийг тус тус тодорхой заасан байдаг. Ц.А-ын хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамж хуулийн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2018/01970 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А-ыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 3.670.140 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гаргуулж Ц.А-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, татвар хураамжийг тооцон нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 73.768 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2411 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2018/01970 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны 1/өдрийн 182/ШШ2018/01970 дугаар шийдвэр, 2018 оны 12 дугаар сарын05-ны өдрийн 2411 дүгээр магадлалд дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нь нийтийн албан тушаалтан бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д “Хууль тогтоомжоор болон Засгийн газар, орон нутгийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр төлбөр авахаар тогтоосон бол нэмэлт төлбөр авахыг хориглоно”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно.”, 17.3,-д “Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна.”, Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7-д “Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн нь тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтуудыг тал бүрээс бодитой үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасан төрийн байгууллагын нийтлэг үүргийнхээ хүрээнд шалгаж хариуцлага хүлээлгэсэн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 15 дугаар зүйлийн 15.2, 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэж захирамж гарсныг үнэлж дүгнээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.
Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2018/01970 дугаар шийдвэр, 2018 оны 12 дугаар сарын05-ны өдрийн 2411 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хооронд хөдөлмөрлөх эрхийн харилцаанаас үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Ц.А-ын нэхэмжлэлийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга эс зөвшөөрч маргасан байна.
Нийслэлийн Засаг дарга 2018 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Б/45 дугаар захирамж гаргаж, Ц.А-ыг Хан-уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5. дэх заалтыг үндэслэн “...цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс нэг хичээлийн жилд бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалтад тусгагдаагүй хэрэглэгдэхүүн хураасан, Ц.Бат-Эрдэнийг ажлаас халсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож түүнд 2.230.548 төгрөгийг цэцэрлэгийн төсвөөс олгосон, иргэдээс хууль бусаар хураасан 9.422.500 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг ноцтой зөрчил гаргасан” гэжээ /хэргийн 3 дугаар тал/.
Ажил олгогч нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй боловч ажилтны гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1., 131.2.-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй бөгөөд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан.
Нийслэлийн боловсролын газар 209 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаанд шалгалт хийж, 6 төрлийн зөрчил илрүүлсэн талаар 2017 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн дүгнэлтэд дурдсан, цэцэрлэгийн захиргаа уг зөрчлийг арилгах талаар багш, ажилчдын хурлаар хэлэлцсэн байх ба энэхүү зөрчилд эрхлэгч Ц.А-д сахилгын арга хэмжээ аваагүй байна /хэргийн 1 дүгээр хавтас 191-198 дугаар тал/.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 3-ний өдрийн А/826 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2018 оны 2 дугаар сарын 13-ний өдөр тус цэцэрлэгийн үйл ажиллагаанд дахин шалгалт хийж, улмаар 4 төрлийн зөрчил илэрсэн талаар дүгнэлтдээ дурджээ /хэргийн 32-41 дүгээр тал/.
Энэхүү дүгнэлтэд дурдсан зөрчил нь 2017 оны 9 дүгээр сард хийсэн шалгалтаар илэрсэн талаар тухайн үеийн дүгнэлтэд дурдсан ба сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа өнгөрсөн байна.
Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой, мөн ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх байдал тогтоогдоогүй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ тухайгаа шийдвэр, магадлалд тодорхой тусган нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т нийцжээ.
Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2018/01970 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2411 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ