Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

Т.Ерболат нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Оюунчимэг, Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 159 дугаар шүүгчийн захирамжтай, Т.Ерболат нарт холбогдох эрүүгийн 1736000930089 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 40 настай, бага боловсролтой, эрэгтэй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 7-2 тоотод  оршин суух, хэрэг хариуцах чадвартай гэх, Молхы овогт Тилеуханы Эрболат

2.Монгол улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-6, нөхөр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 7-2 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай  гэх, Жантекей овогт Долдорын Амангельд

3.Монгол улсын иргэн,1970 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн,47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 24-12 тоотод оршин суух,Очир овогт Цэндсүрэнгийн Түмэндэмбэрэл

4.Монгол улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Тахидаг хар” ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 24-12 тоотод оршин суух, Сумалдай овогт Цэнджавын Отгонцэцэг ,

Шүүгдэгч Т.Эрболат нь Д.Амангельдтэй бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт Ц.Түмэндэмбэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

 Шүүгдэгч Д.Амангельд нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа  багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Түмэндэмбэрэл, Ц.Отгонцэцэг нарын буюу 2 түүнээс олон хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 Шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэл нь Ц.Отгонцэцэгтэй бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт Д.Амангельдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 Шүүгдэгч Ц.Отгонцэцэг нь Ц.Түмэндэмбэрэлтэй бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт Д.Амангельдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 159 дугаартай захирамжид хавтас хэрэгт дурдагдаагүй 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын ярьсан яриаг иш татаж захирамжийн үндэслэх хэсэгт /...Д.Амангельд, Т.Ерболат нар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ... Т.Ерболатын цамцыг Ц.Түмэндэмбэрэл урсан, хэсгийн төлөөлөгч энэ талаар гэрэл зураг аваад явсан гэж мэдүүлдэг, өмнөх шүүх хуралдаанд урагдсан гэх цамцыг гаргаж харуулж байсан бөгөөд шүүх эд мөрийн баримтаар тооцох боломжгүй байсан ба эд мөрийн баримтаас шалтгаалан зодоонд хэн хэрхэн оролцсон болох нь ач холбогдолтой тул энэ талаар тодруулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд заасан ажиллагаа хийх...” /гэж дүгнэсэн нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж хийж шүүх хуралдаанд шүүгдэгч нарын зүгээс ярьсан, хавтас хэрэгт авагдаагүй зүйлийг өөрийн дотоод итгэл болгон дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлд заасны дагуу мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчид, прокурорын шатанд прокурорт, шүүхийн шатанд шүүхэд нотлох баримтаар тооцуулахаар хүсэлт гаргаж өгөөгүй байхад ...хэнийх, хэзээ урагдсан нь тодорхойгүй, эд зүйлийг шууд эд мөрийн баримтаар тооцох тухай зааж өгсөн нь үндэслэлгүй, хэрэгт ач холбогдолгүй зүйлийг шалгуулахаар буцаасан захирамж болсон гэж прокурорын зүгээс үзэж байна.

            Анхан шатны шүүхээс тус прокурорын газарт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Т.Эрболат нарт холбогдох хэргийн шүүх хуралдааны тов танилцуулж гарын үсэг зуруулсан ба уг хурлын товоор Т.Эрболат нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 30 минутанд хийхээр танилцуулсан бөгөөд уг хуралдааны тов дээр Т.Эрболат нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийн шүүх хуралдаан гэж зарлаагүй байсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан “...шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-с доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

            Мөн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай өмгөөлөгч Ж.Энхжаргалын 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хүсэлтийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр прокурорт танилцуулсан ба уг хүсэлтэнд “...шүүгдэгч Т.Эрболат,  Д Амангельд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гэм буруутайд тооцож ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж өгнө үү...’ гэх утга бүхий яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлын талаар гаргасан байхад хүсэлтийг хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хүсэлтийг хүлээн авсан нь нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан “...шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй... гэх заалт,12 дахь хэсэгт заасан “...урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ..," гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

            2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаартай шүүгчийн захирамж одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байхад яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйл, 33.2 дугаар зүйлд заасан заалтуудыг анхан шатны шүүх зөрчиж үндэслэлгүйгээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг прокурорт буцаах тухай захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шийдвэр хүчин төгөлдөр байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг заасан шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна гэсэн заалтыг зөрчсөн байна гэж дүгнэхээр байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 159 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

            Шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэл, Ц.Отгонцэцэг нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг хуульд заасан үндэслэлээр гаргасан. Хэргийн газрын үзлэг хийсэн баримт хэрэгт байхгүй байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа хууль зөрчсөн. Иймээс прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

            Шүүгдэгч Т.Ерболат, Д.Амангельд нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Энэ хэрэгт шүүгдэгч нарын мэдүүлгийн эх сурвалжийг шалгаагүй байдаг. Хэргийг газрыг үзлэг хийгээгүй тул хэргийг шийдэж болохгүй гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

            Шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэл, Ц.Отгонцэцэг нарын өмгөөлөгч Н.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамжаар гэм буруугийн асуудлыг хэлэлцээгүй хуульд заасан үндэслэлээр өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаж шүүх хуралдаанд хийсэн гэж үзэж байна. Иймээс прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл   шүүгчийн захирамж нь  хуул ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

Шүүгдэгч Т.Эрболоат нь Д.Амангельдтэй бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт Ц.Түмэндэмбэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, шүүгдэгч Д.Амангельд нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ц.Түмэндэмбэрэл, Ц.Отгонцэцэг нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэл нь Ц.Отгонцэцэгтэй бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Д.Амангельдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, шүүгдэгч Ц.Отгонцэцэг нь Ц.Түмэндэмбэрэлтэй бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Д.Амангельдыг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Т.Эрболат, Д.Амангельд, Ц.Түмэндэмбэрэл, Ц.Отгонцэцэг нарыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг нь шилжүүлжээ.

Анхан шатны шүүх уг хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн байх боловч шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын дагуу хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар авч хэлэлцээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаажээ.

Анхан шатны шүүх Т.Эрболат,Д.Амангельд, Ц.Түмэндэмбэрэл, Ц.Отгонцэцэг нарт холбогдох хэргийг хүлээж аваад “нотлох баримт хангалттай бүрдсэн” гэж үзээд урьд нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамжийг гаргасан атлаа / 1-р хх-н 213 - 214 /, уг хэрэгт урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хийж, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгаар хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зөвхөн яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө хийгдэж болох анхан шатны шүүхийн ажиллагаа байна.

Гэтэл анхан шатны шүүх Т.Эрболат,Д.Амангельд, Ц.Түмэндэмбэрэл, Ц.Отгонцэцэг нарт холбогдох хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэн яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдаан хийсэн атлаа давж заалдах шатны шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаан хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэрэг анхан шатны шүүхэд буцаж ирсний дараа хэргийг гэм буруугийн  шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр байхад, урдчилсан хэлэлцүүлэг хийсэн нь хууль зөрчсөн байна.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.3-т  заасныг тус тус удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн    2018 оны  06 дугаар  сарын 28-ны өдрийн 159 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол Т.Эрбалот, Д.Амангельд, Ц.Түмэндэмбэрэл, Ц.Отгонцэцэг нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй.

            3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ТУЯА

                                    ШҮҮГЧИД                                М.НЯМБАЯР

                                                                                     Б.ДАМБА