Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 36

 

 

 

Ш.Гансүхэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Ш.Гансүх түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, прокурор Д.Аянагүл, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нарыг оролцуулан

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар шүүгчийн захирамжтай, Ш.Гансүхэд холбогдох эрүүгийн 1837000110022 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1966 оны 07 сарын 06-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Мэрхэд овогт Шаравын Гансүх нь 2018 оны 03 дугаар сарын 9-ний орой 19 цаг 45 минутын орчимд Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэр “Буурлын хар” гэх газар 15-86 ХОҮ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас замын хажуу руу унаж зам тээврийн осол гарган зорчигч Г.Мөнхцэцэгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна Үүнд:

            1.Ш.Гансүхийн биеэс шинжилгээнд зориулж цэвэр тариураар 5 грамм цусны дээжийг авсан болох нь 1 дүгээр хх-ийн 76 дугаар хуудас хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдсон байдаг. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 4.2 мл цус хүлээн авсан шинжилгээнд ирүүлсэн Ш.Гансүхийн биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ гэж дурдсан байна.

            Эзэлхүүн, хэмжүүрийн хувьд грамм, мл нь хоёр нь 2 өөр хэмжигдэхүүн юм. Иймд шүүгч цусны хэмжээ зөрүүтэй байна гэсэн дүгнэлт хийж байгаа нь хууль зүйн болоод шинжлэх ухааны хувьд үндэслэлгүй байна. Мөрдөгчийн    2018 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шинжээч томилох тогтоолд “...Ш.Гансүхийн биенээс авсан цусанд химийн шинжилгээ хийхэд..." гэж тодорхой дурдсан байхад ямар шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон нь ойлгомжгүй гэж захирамжинд бичсэн нь үндэслэлгүй байна. Уг тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвзрлэх тухай хуулий 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж шүүх дүгнэсэн нь буруу байна. Учир нь дээрх заалтад '...Шинжээч томилох шийдвэрт ....эд мөрийн баримтын талаарх мэдээллийг тусгана...' гэж заасан.           Ш.Гансүхийн биенээс авсан 5 грамм цус нь хэргийн хувьд эд мөрийн баримт биш юм. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авч буй мөрдөн шалгах ажиллагаа юм. Иймд тогтоолд тусгах шаардлагагүй болно.             Мөн шүүгч хийсвэр байдлаар “...хэдэн грамм цус шинжээчийн мэдэлд шилжүүлсэн нь тогтоогдохгүй байна...’ гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна. Шинжээч эмч Д.Тогтох нь '...Ш.Гансүхийн биөнээс авсан 4.2 мл цусыг хүлээн авсан, цус шинжилгээнд тэнцэнэ гэж дурдаад. Ш.Гансүхийн цуснаас 2.6 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт гаргажээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "...шинжээч томилсон шийдвэрийг яллагдагч, шүүгдэгчид танилцуулна гэсэн байдаг ба 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр уг хэрэг нь хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж байсан тул шинжээч томилсон шийдвэрийг Ш.Гансүхэд танилцуулах хуулийн боломжгүй нөхцөл байдал байсан. Ш.Гансүхийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар татаж, уг шинжээч томилсон шийдвэрийг танилцуулсан. Уг тогтоолд хохирогч Г.Төмөрбаатар түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар танилцаж гарын үсэг зурсан байхад шүүгч ‘...шинжээч томилох тогтоолыг оролцогч нарт танилцуулаагүй, ямар оролцогчид танилцуулсан болох нь тодорхойгүй байна..." гэсэн нь үндэслэлгүй байна. 1 дүгээр хх-ийн 27 дугаар хуудаст Г.Төмөрбаатарыг мөрдөгч тогтоолоор хохирогчоор тогтоосон 1 дүгээр хх-ийн 135 дугаар хуудаст Г.Төмөрбаатар, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр Г.Төмөрбаатар, Д.Эрдэнэчимэг нар нь хэргийн хохирогч, хохирогчийн өмгөөлөгч болох нь тогтоогдож байна.

            Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй баримт дээрх Ш.Гансүхийн гарын үсэг мөн эсэхийг тогтоох үндэслэлээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгг заасан нөхцөл байдалд дүгнэлт хийхгүйгээр яллагдагч Ш.Гансүхийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн '...миний гарын үсэг биш юм гэсэн мэдүүлэгт хөтлөгдөн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шийдвэр гаргаж буй нь үндэслэлгүй юм. Хэрэв нэмэлт ажиллагаагаар Ш.Гансүхийн гарын үсэг мөн болох нь тогтоогдвол прокурорын шийдвэр үндэслэлгүй унасан нөхцөл байдалд хүрч болох тул шүүх дээрх асуудлыг хэргээс тусад нь зохих байгууллагаар шалгуулан тогтоосоны үндсэн дээр шийдвэр гаргах нь зүйтэй. Мөрдөгчийн тогтоолоор Г.Төмөрбаатарыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тоггоосон байдаг. Иргэний нэхэмжлэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-т заасны дагуу эд хөрөнгийн бус хохирлоо иргэний нэхэмжлэл гарган шүүгдэгчээс гаргуулан авах хууль зүйн үндэслэлтэй юм.

            Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед амь хохирогч Г.Мөнхцэцэгийн нөхөр нь хэрэг гарсан газар буюу Ховд аймгийн Булган суманд оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Г.Мөнхцэцэгийн төрсөн ах Г.Төмөрбаатарыг хохирогчоор тогтоосон байдаг.             Энэ нь шүүгчийн захирамжинд дурдагдсан өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн "...талийгаачийн нөхөр нь Улаанбаатар хотод байгаа Хэрэг хянан шийдвэрлэхэд ойр дөт байдлыг харгалзан Г.Төмөрбаатарыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байдаг...'' гэсэн мэдүүлэгээр тогтоогдож байна.Иймд Г.Төмөрбаатар нь хэрэгт хохирогчоор оролцож болохоор байна.Хэрэгт амь хохирогч Г Мөнхцэцэгийн хувийн байдлыг тогтоосон баримт хангалттай бүрэн дүүрэн авагдсан байдаг. Шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт Ш.Гансүхэд холбогдох хэргийн дугаарыг буруу бичсэн нь өөр хэрэгт холбогдуулан захирамж гаргасан мэтээр ойлгогдохоор байна. Мөн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгээс гаргаж буй хүсэлтэд дурдагдсан амь хохирогчийн охин нь Э.Болордарь, Э.Номиндарийн нэр аль болох нь ойлгомжгүй 2 өөр байдлаар бичигджээ. Шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр заасан боловч захирамжлах хэсэгт хэрэгт нэмэлт мөрдөн шапгах ажиллагаа хийх талаар дурдаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан заалтуудыг зөрчсөн байна. Иймд Ховд аймгийн Булган Сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.                                                                                        

            Хохирогчийн өмгөөлөгч прокурорын эсэргүүцэлтэй танилцаад гаргасан хариу тайлбар болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэлтэй гарсан.

            Г.Төмөрбаатарыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Өмгөөлөгч  Д.Эрдэнэчимэг миний бие 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нас барсан хохирогч Г.Мөнхцэцэгийн төрсөн ах Г.Төмөрбаатар охин Э.Болордарь нартай гэрээ байгуулсан. Бидний хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хууль зөрчөөгүй.

            Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Г.Төмөрбаатарыг өөрчилж нас барсан хохирогч Г.Мөнхцэцэгийн охин Э.Болордарийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохыг хүссэн хүсэлтэнд Э.Болордарь, Э.Номиндарь гэж хоёр өөр нэр бичээгүй болно. Шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэл бүхий тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

            Шүүгдэгч түүний өмгөөлөгч прокурорын эсэргүүцэлтэй танилцаад гаргасан хариу тайлбар болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэлэл бүхий болсон. Хохирогч Г.Мөнхцэцэг нь согтуугаар тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнд саад учруулж жолооч Ш.Гансүхийн мөрнөөс нь барьж чи хүн дайрчихлаа гэх байдлаар зорчигч нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Улмаар жолооч сандарч руль алдагдсанаас болж уг гэмт хэрэг гарах шалтгаан болсныг анхаарсангүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугар зүйлийн 1.6-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг зайлшгүй тодруулж шалгах шаардлагатай гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 3-д шинжээч томилох шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжээчийн нэр, шинжээчийн мэдэлд шилжүүлэн өгсөн эд мөрийн баримтын талаарх мэдээллийг тусгана гэж заасан байхад хүний эрүүл мэндийн байдлыг тогтоох шинжээч томилсон, аль эсвэл цусны дээжинд шинжээч томилж байгаа эсэх нь тодорхой бус, хэдэн грамм цус шинжээчийн мэдэлд шилжүүлсэн нь тодорхойгүй, шинжээч эмч яагаад шинжилгээнд ирүүлсэн зүйл тогтоолд дурдсантай тохирч байна гэж тэмдэглэх болсон зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 274 дүгээр зүйлийн .3 дуга 1-д мөрдөгч шинжилгээг шүүхийн шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх шийдвэрээ шинжилгээний обьектын хамт хүргүүлнэ гэх хуулийн заалтыг зөрчсөн тул дахин шинжээч эмчээс мэдүүлэг авах шаардлагатай юм. Мөн 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугааргүй шинжээч томилох тогтоолыг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй ямар оролцогчид танилцуулсан тодорхой бус байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгжо өгнө үү гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.    

            Ш.Гансүх нь 2018 оны 3 дугаар сарын 9-ний орой 19 цаг 45 минутын орчимд Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэр “ Буурлын хар “ гэх нэртэй газарт 15-86 ХОҮ улсын дугаартай приусс маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан” . . . согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. . .” гэсэн заалтыг зөрчиж  согтуугаар тээврийн  хэрэгсэл жолоодсоны улмаас замын хажуу руу унаж, зам тээврийн осол гарган зорчигч Г.Мөнхцэцэгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокуророос Ш.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх Ш.Гансүхэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хийж уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр  прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

            Өөрөөр хэлбэл Ш.Гансүхэд холбогдох хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байх бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хуульзүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1,39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

            1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын14-ны өдрийн 50 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож  уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2.Хэргийг шүүхэд очтол Ш.Гансүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

            3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй

 

                                                                                              

        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

              ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР

                                  

Б.ДАМБА