Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00503

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/02201 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2373 дугаар магадлалтай,

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Б-т холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт төлөгдсөн 3.079.010 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасансүрэн, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч “П” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын кондуктор ажилтай Б.Б- нь 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 6.500.000 төгрөгийн цалингийн зээлийг 24 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэй авч даатгалын шимтгэлд 65.000 төгрөг төлсөн. Б.Б- нь зээл авснаас хойш графикийн дагуу зээлийн төлбөрийг төлж байсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын №1921 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилтанг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Б.Б- 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс зээлийн эргэн төлөлтын хугацаа хэтэрч зөрчил үүсч зээлийн үлдэгдэл 2.907.237,31 төгрөгийг зээлийн хүү 171.773,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.262,07 төгрөг нийт 3.084.273,32 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Улаанбаатар хотын банк нь П ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр Улаанбаатар хотын банкнаас 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 6-ё/974 дугаартай албан тоот явуулсны дагуу П ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Б.Б-ийн цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын нөхөн төлбөрт 3.079.010 төгрөгийг Улаанбаатар хотын банкны 2600072130 дансанд хийсэн. Иймд Б.Б-ээс цалингийн эрсдэлийн даатгалын нөхөн төлбөр болох 3.079.010 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Даатгалын тохиолдол бий болоод даатгалын гэрээний 4 дүгээр хэсэгт зааснаар даатгалын зүйлд даатгалын компанид хураамж төлсөн дэд даатгуулагч болон хамтран зээлдэгч тус бүрийн эрүүл мэнд, амь насанд учрах эрсдэл гэж тооцоолсон байдаг. Үүний дагуу дэд даатгуулагчийг нас барсантай холбогдуулан Б.Б- даатгалын байгууллагад хандсан. Гэтэл та зээлдэгч биш учраас тухайн асуудлыг өөрөө хариуцаж шийдвэрлэнэ гэж хэлээд хүлээж аваагүй. Б.Б- нь мөн даатгалын тохиолдол болох Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40.1.1, 42.1 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд энэ талаарх баримтыг П ХХК-д гаргаж өгсөн. Гэтэл энэ асуудлыг хүлээн авах боломжгүй, зээлээ төл гэсэн шаардлагыг удаа дараа тавьсан. Даатгалын гэрээний хугацаа нь 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан. Даатгалын гэрээний 3.2.1-т зааснаар гэрээгээр тогтоосон хүчин төгөлдөр хугацаа дууссан тохиолдолд гэрээ дуусгавар болохыг тус тус зохицуулсан. Мөн нийтлэг үндэслэл буюу гэрээний 1.2-т зааснаар даатгалын баталгаа нь гэрээний салшгүй хэсэг бөгөөд уг гэрээ болон даатгалын баталгаа нь хамтдаа хүчинтэйд тооцогдоно гэсэн. Даатгалын баталгаа байхгүй байхад энэ гэрээ хүчин төгөлдөр бус байна. Тиймээс хүчин төгөлдөр бус гэрээний улмаас хийсэн гарсан үр дагаврыг өөрсдөө хариуцах үүрэгтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/02201 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-ээс 3.079.010 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 64.241 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгож  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2373 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 183/ШШ2018/02201 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 64.215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасансүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/02201 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2373 дугаартай магадлалыг тус тус дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Даатгалын эрсдэлүүд нь цалингийн зээлийн эрсдэлийн Даатгалын гэрээний хугацаа 2015-06-31-ний өдөр дууссан байхад буюу 2015-12-31-ний өдөр Б.Б- ажлаас чөлөөлөгдөж, 2016-01-19-ний өдөр хамтран зээлдэгч нөхөр Д.Дүгэрсүрэн зуурдаар нас барсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байхад гэрээний хугацаанд үүссэн гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэнд гомдолтой байна. Мөн түүнчлэн П ХХК нь даатгалын нөхөн төлбөрийг төлснөөр Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасны дагуу Б.Б-ийн зээлийн гэрээний үүрэг шаардах эрх нь шилжсэн байна гэж дүгнэсэн нь нэгэнт даатгалын гэрээний хугацаа дууссан байхад нөхөн төлбөр төлөх үүрэг, шаардах эрх шилжих тухай асуудал яригдах боломжгүй учир хууль зүйн үндэслэлгүй болно. Үүнийг давж заалдах шатны шүүх шаардах эрх шилжсэн гэж үзсэнийг буруутгах боломжгүй гэж дурдсан нь зөвтгөх үндэслэл бүхий дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна. Гэвч давж заалдах шатны шүүх хариуцагчийн татгалзалд хууль зүйн хувьд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна. Тухайлбал:

а/. Гэрээний хугацаа дууссан үндэслэлийн талаар: Нэхэмжлэгч “П” ХХК болон Улаанбаатар хотын банктай 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээг байгуулж, уг гэрээндээ 2015 оны 5 дугаар сарын 11, 8 дугаар сарын 18, 2017 оны 1 дүгээр сарын 2, 7 дугаар сарын 17-ны өдрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэхүү дүгнэлтэд дурдсан гэрээний нэмэлт өөрчлөлт нь үндсэн гэрээний хүгацаанд үйлчлэх байтал гэрээний хугацаа дууссаны дараа /2015-8-18, 2016-02- 02, 2017-01-02, 2017-07-17/ нэмэлт өөрчлөлт оруулсан нь ач холбогдолгүй юм. Харин гэрээний хугацаанд буюу 2015-05-11-ний өдрийн нэмэлт өөрчлөлтийн 2.5-д заасан хугацааны адил хүчин төгөлдөр байх ба даатгалын гэрээний хугацаа дуусгавар болсон ч дэд даатгуулагч тус бүрийн хувьд даатгалын баталгаанд бичигдсэн хугацаагаар даатгал үйлчилнэ” гэж заасан нь магадлалд дурдсан гэрээний нэмэлт өөрчлөлт хэрэгт хамааралгүй болно.

б/. Даатгалын баталгаа хэрэгт авагдаагүй үндэслэлийн талаар: Гэрээний 2.6-д даатгалын хураамж гэж “дэд даатгуулагчаас зээлийн эрсдэлээ даатгуулсны төлөө даатгуулагчаар дамжуулан даатгагчид төлөх төлбөрийг” гэж тодорхойлсон ба эрсдэлийн даатгалын шимтгэлд Б.Б- 65.000 төгрөг төлсөн болохыг нэхэмжлэлд дурдсан байдаг. Гэтэл хариуцагч цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний хугацаа дууссан талаар маргаж байхад дэд даатгуулагчийн хувьд баталгаанд бичигдсэн хугацаагаар даатгал үйлчилнэ гэсэн гэрээний заалтаа нотолж нотлох баримтаа гаргаж өгөөгүй байхад Б.Б- тайлбараа нотолж даатгалын баталгаа гаргаж өгөх үүрэгтэй мэт дүгнэлт хийсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг зөрчсөн. УДШ-ийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолд "...Уг гэрээний хугацаа дууссан бөгөөд даатгалын баталгаа хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. Тодруулбал даатгалын баталгааг нэхэмжлэгч тал шаардлагаа нотолж гаргаж өгөөгүй байхад гэрээний хугацаа хүчинтэй гэж шийдвэрлэсэн нь хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, нотлох баримтын хууль зүйн үндэслэлийг зөв дүгнэж шийдвэрлээгүй юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 /шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна/ дахь хэсгийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн тул хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч Б.Б-ээс 3.079.010 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг “...цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид төлснөөр шаардах эрх шилжсэн” гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...даатгалын гэрээний хугацаа дууссан, ...даатгалын баталгаа хэрэгт авагдаагүй” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Б.Б- нь Улаанбаатар хотын банкны ХУД тооцооны төвтэй 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж, 6.500.000 төгрөгийг 24 сарын хугацаагаар, сарын 1.80 хувийн хүүтэй зээлжээ. Уг гэрээнд Д.Дүгэрсүрэн хамтран зээлдэгчээр оролцож, гарын үсэг зурсан байх ба зээлдэгч  зээлийн төлбөрийг цалингаар төлөхөөр тохиролцсон.

“П” ХХК нь Улаанбаатар хотын банктай 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан, талууд гэрээний хугацааг 2017 оны 7 дугаар сарын 17-ний өдөр хүртэл сунгасан ба  гэрээнд зээлдэгч болон хамтран зээлдэгчийг дэд даатгуулагч гэж тодорхойлжээ /хэргийн 32-34, 99-105  дугаар тал/.

Талууд даатгалын гэрээг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасны дагуу бичгээр байгуулсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Дэд даатгуулагч амь насаа алдах, мөн хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40, 41 дүгээр зүйлд зааснаар цуцлагдсан тохиолдлыг  зээлтэй холбогдон үүсэх эрсдэлд хамруулахаар гэрээний 5.1.1-т заасан.

Зээлдэгч Б.Б- нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас халагдсан, хамтран зээлдэгч Д.Дүгэрсүрэн 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан, үүний улмаас зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн ба нэхэмжлэгч дээрх зээлийн төлбөрт 3.079.010 төгрөгийг УБ хотын банкинд төлсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.-т зааснаар даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжих ба даатгалын гэрээний 7.1-т “дэд даатгуулагчид 5.1-т заасан даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагч олгосон зээлийн үлдэгдэл, 3 сарын хүүний нийлбэр дүнг дэд даатгуулагч тус бүрийн орлого нотлох хэмжээгээр банкинд нөхөн төлнө”, 7.3-т “...даатгалын тохиолдол болж, нөхөн төлбөрийг даатгагчаас зохих журмын дагуу олгосон нөхцөлд дэд даатгуулагчаас банкинд төлөхөөр гэрээнд тусгагдсан зээлийн төлбөр, 3 сарын хүүгийн хамт нэхэмжлэх эрх даатгагчид үүснэ” гэж тус тус заасан.  

Нэхэмжлэгч зээлийн төлбөрийн үлдэгдлийг УБ хотын банкинд төлснийг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хангасан нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.-т нийцсэн,  шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 3.1-т “энэхүү гэрээ 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 6 сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр үргэлжилнэ. Даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээний хугацаа дуусгавар болсон ч дэд даатгуулагч тус бүрийн хувьд даатгалын баталгаанд бичигдсэн хугацаагаар даатгал үйлчилнэ” гэжээ. Даатгалын баталгаа хэрэгт авагдаагүй хэдий ч талууд дээрх гэрээний хугацааг тухай бүр сунгаж байсан, гэрээний хугацаа дуусгавар болсон гэж үзэхгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/02201 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2373 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасансүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 64.215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ