Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2018/02201

 

 

 

 

 

 

 

 

 

      2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2018/02201

                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-4  Экспресс таур, 9 давхарт байрлах ПД ХХК /РД:2813017/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 18-дугаар хороо,Тайнь 3-87-26 тоотод оршин суух, Бу гийн Б  /РД:ПИ76090803/-т холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрт төлөгдсөн 3 079 010 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Л , хариуцагчийн төлөөлөгч Д.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

Нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ПД ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын кондуктор ажилтай Б.Б  нь 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 6 500 000 төгрөгийн цалингийн зээлийг 24 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэй авч даатгалын шимтгэлд 65 000 төгрөг төлсөн. Б.Б  нь зээл авснаас хойш графикийн дагуу зээлийн төлбөрийг төлж байсан бөгөөд 2015 оны 12 сарын 31-ний өдөр Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын №1921 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажилтанг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Б.Б  2016 оны 1 сарын 12-ны өдрөөс зээлийн эргэн төлөлтын хугацаа хэтэрч зөрчил үүсч зээлийн үлдэгдэл 2 907 237.31 төгрөгийг зээлийн хүү 171 773.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 262.07 төгрөг нийт 3 084 273.32 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Улаанбаатар хотын банк нь ПД ХХК-тай 2014 оны 6 сарын 26-ны өдрийн хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр Улаанбаатар хотын банкнаас 2016 оны 3 сарын 03-ны өдрийн 6-ё/974 дугаартай албан тоот явуулсны дагуу ПД ХХК нь 2016 оны 3 сарын 21-ний өдөр Б.Б ийн цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын нөхөн төлбөрт 3 079 010 төгрөгийг Улаанбаатар хотын банкны 2600072130 дансанд хийсэн болно. Иймд Б.Б ээс цалингийн эрсдэлийн даатгалын нөхөн төлбөр болох 3 079 010 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь даатгал гэдэг нь тухайн хувь хүн болон байгууллагыг аливаа эрсдлээс хамгаалахад чиглэгдсэн үйл ажиллагаа юм. Даатгалын тохиолдолд юуг тусгах, учирсан даатгалын тохиолдол эрсдлийг даатгалын компаниас яаж нөхөн төлөхтэй холбогдуулан гарсан харилцааг зохицуулдаг. Гэтэл даатгалын тохиолдол бий болоод даатгалын гэрээний 4 дүгээр хэсэгт зааснаар даатгалын зүйлд даатгалын компанид хураамж төлсөн дэд даатгуулагч болон хамтран зээлдэгч тус бүрийн эрүүл мэнд, амь насанд учрах эрсдэл гэж тооцоолсон байдаг. Үүний дагуу дэд даатгуулагчийг нас барсантай холбогдуулан Б  даатгалын байгууллагад хандсан. Гэтэл та зээлдэгч биш учраас тухайн асуудлыг өөрөө хариуцаж шийдвэрлэнэ гэж хэлээд хүлээж аваагүй. Б  нь мөн даатгалын тохиолдол болох Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40.1.1, 42.1 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөгдөөд тухайн чөлөөлөгдсөн баримтыг ПД ХХК-д гаргаж өгсөн. Гэтэл энэ асуудлыг хүлээн авах боломжгүй, зээлээ төл гэсэн шаардлагыг удаа дараа тавьсан байдаг. Б ийн хувьд хууль зүйн мэдлэггүйгээс болж анхан шатны шүүх дээр нотлох баримт бүрдүүлж өгөх асуудал дээр алдаа гаргасан. Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хандсаны улмаас анхан шатны шүүхийн шийдвэр хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн байна гэсэн үндэслэлээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Эдгээр үндэслэлүүд дээр дурдахдаа даатгалын гэрээний хугацаа дууссан байна гэдэг. Даатгалын гэрээний хугацаа нь 2014 оны 07 сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 сарын 31-ны өдөр  хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан. Даатгалын гэрээний 3.2.1-т зааснаар гэрээгээр тогтоосон хүчин төгөлдөр хугацаа дууссан тохиолдолд гэрээ дуусгавар болохыг тус тус зохицуулсан. Мөн нийтлэг үндэслэл буюу гэрээний 1.2-т зааснаар даатгалын баталгаа нь гэрээний салшгүй хэсэг бөгөөд уг гэрээ болон даатгалын баталгаа нь хамтдаа хүчинтэйд тооцогдоно гэсэн. Давж заалдах шатны шүүх дээр даатгалын баталгаа байгаа эсэх талаар маргаан гарсан. Гэтэл даргалагч шүүгчээс нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс даатгалын баталгаа хэрэгт авагдсан уу гэхэд даатгалын баталгаа байгаа гэхдээ хэрэгт өгч амжаагүй байгаа гэсэн тайлбар өгсөн байдаг. Гэтэл сая нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбартаа даатгалын баталгаа авагддаггүй, энэ гэрээ даатгагчид үлддэггүй гэж байна. Гэрээ нь тухайн хүний эрх ашгийг хамгаалж байгаа хирнээ нууцаар хийгдэж, тухайн этгээддээ мэдэгдэлгүй хийх боломжгүй. Гэрээний хоёр тал харилцан даатгалын асуудал болон нөхцөлтэй танилцаад үүнийгээ хүлээн зөвшөөрөөд явах асуудал байдаг. Гэтэл даатгалын баталгаа байгаагүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр батлахдаа даатгалын баталгаа хэрэгт авагдаагүй ч гэсэн даатгалын хугацаатай холбогдуулан талууд маргаагүй гэсэн дүгнэлт өгсөн. Гэтэл Улсын Дээд шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны болон үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй байна. Даатгалын баталгаа хэрэгт авагдаагүй байхад ингэж дүгнэх үндэслэлгүй гэж буцаасан. Өөрөөр хэлбэл даатгалын баталгаа байхгүй байхад энэ гэрээ хүчин төгөлдөр бус байна. Хүчин төгөлдөр бус гэрээний улмаас шаардах эрх үүсэхгүй. Мөн гэрээний хугацаа дууссан байхад даатгалын тохиолдол эрсдлийг Улаанбаатар хотын банкинд өөрсдөө төлөх үндэслэл байгаагүй. Гэтэл Улаанбаатар хотын банкинд 2016 оны 3 сарын 25-ны өдөр буюу 2015 оны 06 сарын 31-нд гэрээний хугацаа дууссанаас хойш 10 сарын дараа шилжсэн байдаг. Тиймээс өөрсдөө хүчин төгөлдөр бус гэрээний улмаас хийсэн гарсан үр дагаврыг өөрсдөө хариуцах үүрэгтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ПД ХХК нь хариуцагч Б.Б т холбогдуулан 3 079 010 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах  үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.Б  нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т кондуктороор ажиллаж байгаад тус газрын захирлын 2015 оны 12 сарын 31-ний өдрийн Б/1921 дугаар тушаалаар орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан тушаалаар тогтоогдож байна. /хх-ийн 111/

Улаанбаатар хотын банкны ХУД тооцооны төв нь Б.Б тэй 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж, 6 500 000 төгрөгийг 24 сарын хугацаагаар, сарын 1.8 хувийн хүүтэй зээлдүүлжээ.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд түүний нөхөр Д.Дүгэрсүрэн хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байх ба зээлдэгч зээлийн төлбөрийг цалин, түүнтэй адилтгах орлогоор төлөх, банк нь Б.Б ийн цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр тодорхойлж, цалингаас шууд төлүүлэхээр тохиролцжээ./хх-ийн 14-15/

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Улаанбаатар хотын банктай хамтран ажиллах гэрээ байгуулсан талаар дурдаж, зээлдэгч Б.Б  нь ажлаасаа чөлөөлөгдсөн тул уг гэрээний дагуу Б.Б ийн зээлийн төлбөрт 3.079.010 төгрөгийг төлсөн, шаардах эрх даатгагчид шилжсэн” гэснийг хариуцагч Б.Б  нь “Уг гэрээг би байгуулаагүй бөгөөд даатгалын баталгаа байхгүй байхад энэ гэрээ хүчин төгөлдөр бус байна. Хүчин төгөлдөр бус гэрээний улмаас шаардах эрх үүсэхгүй. Мөн гэрээний хугацаа дууссан байхад даатгалын тохиолдол эрсдлийг Улаанбаатар хотын банк өөрсдөө төлөх үндэслэл байгаагүй. Гэтэл Улаанбаатар хотын банкинд 2016 оны 3 сарын 25-ны өдөр буюу 2015 оны 06 сарын 31-нд гэрээний хугацаа дууссанаас хойш 10 сарын дараа шилжсэн байдаг. Тиймээс өөрсдөө хүчин төгөлдөр бус гэрээний улмаас гарсан үр дагаврыг өөрсдөө хариуцах үүрэгтэй гэж үзэж байна” гэх тайлбарыг гаргаж маргасан байна.

 

ПД ХХК нь Улаанбаатар хотын банктай 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан байх ба гэрээний зорилгыг дэд даатгуулагч зээл болон 3 сарын хүүгийн үлдэгдлийг төлж барагдуулахад даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлоос даатгуулан хураамж төлж, даатгагч, даатгалын хугацаанд гэрээнд заасан нөхцлөөр даатгалаар хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлжээ. /хх-ийн 32-34/

Дээрх гэрээнд зээлдэгч болон хамтран зээлдэгчийг дэд даатгуулагч гэж тодорхойлсон, мөн уг гэрээ 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр үйлчлэх, гэрээний хугацаа дуусгавар болсон ч дэд даатгуулагч тус бүрийн хувьд даатгалын баталгаанд бичигдсэн хугацаагаар даатгал үйлчлэхээр гэрээний 2.2, 3.1-т заасан байна.

 

ПД ХХК нь Улаанбаатар хотын банктай байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээнд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт орсон байх ба энэ талаарх гэрээнүүд хэрэгт авагджээ.

 

Хариуцагч Б.Б  нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас халагдаж, түүнчлэн хамтран зээлдэгч нөхөр Д.Дүгэрсүрэн нь 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр зуурдаар нас барж, улмаар 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн зөрчил үүсч, хариуцагч Б.Б  болон Улаанбаатар хотын банкны хооронд байгуулагдсан цалингийн зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй, зээлдэгч Б.Б ийн зээлийн гэрээнд хүлээх үүрэг 3 079 010 төгрөг болсон байсан нь хэрэгт авагдсан цалингийн зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтаас дүгнэхэд 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 5.1.1-т заасан Хамтран зээлдэгч нас барсан, мөн гэрээний 5.1.5-т заасан зээлдэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40, 41 дүгээр зүйлд зааснаар цуцлагдсан тохиолдлууд бий болсон үндэслэлээр даатгалын эрсдлүүд талуудын байгуулагдсан гэрээний хугацаанд үүссэн байх ба дээрх гэрээний дагуу даатгагч ПД ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Б.Б ийн цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын нөхөн төлбөрт 3 079 010 төгрөгийг Улаанбаатар хотын банкны 2600072130 дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

ПД ХХК нь даатгалын нөхөн төлбөрийг төлснөөр Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасны дагуу Б.Б ийн зээлийн гэрээний үүрэг Б.Б ээс шаардах Улаанбаатар хотын банкны эрх нь ПД ХХК-д шилжсэн байна.

Иймд зээлийн гэрээний үүрэг шаардах эрх шилжүүлж авсан этгээдэд хариуцагч Б.Б  үүргийг гүйцэтгэх ёстой гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б ээс 3 079 010 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ПД ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ПД ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б ээс улсын тэмдэгтийн хураамжид 64 241 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ПД ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                          

 

 

 

     ДАРГАЛАГЧ                                 Б.МӨНХЖАРГАЛ