| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2023/0449/З |
| Дугаар | 221/МА2023/0487 |
| Огноо | 2023-08-01 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2023/0487
Ц.Н-ын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Ш.Г
Гомдлын шаардлага: Улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0014030 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 559 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д
Хариуцагч Ш.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 128/2023/0449/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Ц.Н-аас “Улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0014030 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 559 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 болон 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ц.Н-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0014030 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д “Учир нь Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 10.1-д заасан зөрчил нь брокерийн үйл ажиллагаа буюу харилцагчийн хөрөнгөөр, түүний нэрийн өмнөөс, түүний даалгавраар үнэт цаасыг худалдах, худалдан авах үйл ажиллагааны журмыг, харин 10.2-т заасан зөрчил нь дилерийн буюу өөрийн нэрийн өмнөөс өөрийн хөрөнгөөр үнэт цаасыг худалдах, худалдан авах үйл ажиллагааны журмыг тус тус зөрчсөн үйлдлээр илрэхээр, эдгээр зөрчлийн субъект нь брокер, эсхүл дилер байхаар хуульчилсан байхад хариуцагч нь Ц.Н-ын брокер, дилерийн үйл ажиллагаанд бус “зохицуулалттай этгээдийн гүйцэтгэх удирдлагын хувьд давхар үндсэн ажилтнаар ажиллахыг хориглосон зохицуулалтыг зөрчсөн” үйлдэлд хуулийн энэхүү зүйлээр хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн нь буруу юм” гэж,
6-д “...улмаар мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т “хүний нөөцийн хувьд Хорооноос тогтоосон шаардлага хангасан” бол тусгай зөвшөөрлийг хугацаагүйгээр олгохоор зохицуулсан буюу тусгай зөвшөөрлийн шаардлага хангаж байгаа зохицуулалттай этгээдийн эрх зүйн байдалд дүгнэлт өгөхөд хамаарахаас бус Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.1, 10.2-т заасан зөрчилд хамаарахгүй юм” гэж,
8-д “Иймд хариуцагч улсын байцаагчаас маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хуулийн этгээдэд бус хүнд ногдуулсан, уг хүний үйлдсэн гэх зөрчил нь шийтгэлийн хуудаст бичигдсэн харилцагчийн хөрөнгөөр, түүний нэрийн өмнөөс, түүний даалгавраар, эсхүл өөрийн нэрийн өмнөөс өөрийн хөрөнгөөр үнэт цаасыг худалдах, худалдан авах үйл ажиллагаанд хамааралгүй байхад Ц.Н-д шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж, 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасанд нийцээгүй шийдвэр болсон байх тул гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ” гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь “Д Э К ҮЦК” ХХК нь үнэт цаасны брокерийн болон дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу эдгээр нь зохицуулалттай үйл ажиллагаа юм. Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар брокерийн үйл ажиллагаа эрхэлж буй этгээд нь хууль тогтоомж, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан дүрэм, журмыг үйл ажиллагаанд дагаж мөрдөх үүрэгтэй.
Гэтэл “Д Э К ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Н нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр тогтоолоор баталсан “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралт “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 2.1.5-д “зохицуулалттай этгээдийн ... гүйцэтгэх захирал ... нь дараах шалгуурыг хангасан байна”, 2.1.5.4-д “зохицуулалттай этгээдийн гүйцэтгэх захирал, ... нь өөр байгууллагад үндсэн ажилтнаар давхар ажил, хөдөлмөр эрхэлдэггүй ...” байх гэж заасныг зөрчиж “Т р” ХХК-д үндсэн ажилтнаар давхар ажилласан.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг Хорооноос баталсан багц дүрмээр зохицуулна”, 26.2-т “Зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм нь дор дурдсан дүрэм, журам, аргачлал, заавраас бүрдэнэ” гэж тус тус заасны дагуу тус хуулийн 26.2-т заасан харилцаануудыг багцлан 5 хавсралт бүхий “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм”-ийг Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр тогтоолоор баталсан.
Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 10.1-д хуульд заасан брокерийн үйл ажиллагааны журам зөрчсөн бол, 10.2-т хуульд заасан дилерийн үйл ажиллагааны журам зөрчсөн бол гэж тус тус заасан.
Дээрх багц дүрмээр баталсан журмуудыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эхлэх үйл ажиллагаа эрхлэгч анх тусгай зөвшөөрөл авахдаа болон цаашид үйл ажиллагаа явуулахдаа байнга дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд эдгээр журмууд нь Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т заасан брокер, дилерийн үйл ажиллагааны журамд хамаарах юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 559 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.
2. Хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
2.1. “Д Э К ҮЦК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар тогтоолоор компанийн гүйцэтгэх захирлаар Ц.Н-ыг томилсон талаар Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж, товч намтар болон холбогдох бусад баримтуудыг хүргүүлсэн байх ба Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 232 дугаар тушаалаар “Д Э К ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Ц.Н-ыг томилохыг зөвшөөрсөн байна.
2.2. Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч Ш.Г-аас Ц.Н-ыг Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор баталсан “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралтаар баталсан “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 2.1.5.4-д заасныг зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж, улмаар 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0014030 дугаартай шийтгэлийн хуудсаар Ц.Н-д Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т зааснаар 2 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
2.3. Уг шийтгэлийн хуудсыг Ц.Н-аас эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс “... улсын байцаагчаас маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хуулийн этгээдэд бус хүнд ногдуулсан, уг хүний үйлдсэн гэх зөрчил нь шийтгэлийн хуудаст бичигдсэн харилцагчийн хөрөнгөөр, түүний нэрийн өмнөөс, түүний даалгавраар, эсхүл өөрийн нэр өмнөөс өөрийн хөрөнгөөр үнэт цаасыг худалдах, худалдан авах үйл ажиллагаанд хамааралгүй байхад Ц.Н-д шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж, 4-д “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасанд нийцээгүй” гэж хуулийг буруу тайлбарлан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
2.4. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор баталсан “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралтаар баталсан “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 2.1-д “Зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх этгээд нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 25, 28 дугаар зүйлд зааснаас гадна дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна. Үүнд:”, 2.1.5-д “зохицуулалттай этгээдийн хувьцаа эзэмшигч /хувьцаат компанийн хувьд нийт хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшигчид, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд болон гүйцэтгэх захирал, дотоод хяналтын ажилтан болон мэргэжилтнүүд нь дараах шалгуурыг хангасан байна. Үүнд”, 2.1.5.4-д “зохицуулалттай этгээдийн гүйцэтгэх захирал, мэргэжилтнүүд нь өөр байгууллагад үндсэн ажилтнаар давхар ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, өөр зохицуулалттай этгээдийн 5 ба түүнээс дээш хувийг эзэмшдэггүй байх” гэж зохицуулсан бөгөөд гомдол гаргагч Ц.Н-ын хувьд “Т р” ХХК-д үндсэн ажил эрхэлж, 01 кодоор нийгмийн даатгалын шимтгэл төлдөг буюу Сангийн сайд, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 246, А/245 “Маягт, журам батлах тухай”-ын хавсралтад заасан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т зааснаар шийтгэл оногдуулсан хариуцагч улсын байцаагчийн үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй.
2.5. Нөгөөтээгүүр, хавтаст хэрэгт авагдсан “Д Э К ҮЦК” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд үнэт цаасны брокер, дилерийн үйл явуулдаг буюу Үнэт цаасны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Харилцагчийн хөрөнгөөр, түүний нэрийн өмнөөс, түүний даалгавраар үнэт цаасыг худалдах, худалдан авахтай холбоотой зуучлалын үйлчилгээг гэрээний үндсэн дээр эрхлэхийг үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа /цаашид “брокерийн үйл ажиллагаа” гэх/ гэнэ”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Өөрийн нэрийн өмнөөс өөрийн хөрөнгөөр үнэт цаасыг худалдах, худалдан авах ажиллагааг үнэт цаасны дилерийн үйл ажиллагаа /цаашид “дилерийн үйл ажиллагаа” гэх/ гэнэ” гэж заасан үндсэн үйл ажиллагааг явуулдаг компани байна.
2.6. Дээрхээс үзвэл, тус компанийн үндсэн үйл ажиллагаа нь үнэт цаасны брокер, дилерийн үйл ажиллагаа байх тул тус компанийн гүйцэтгэх удирдлага нь Үнэт цаасны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Брокер нь хууль тогтоомж, Хороо болон харьяалах хөрөнгийн бирж, үнэт цаасны арилжааны төлбөр, тооцоо, хадгаламжийн байгууллага зэрэг гишүүнчлэл бүхий өөрийгөө зохицуулах байгууллагаас баталсан дүрэм, журмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх үүрэгтэй” гэж заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан дүрэм, журмыг заавал биелүүлэх үүрэгтэй. Иймээс “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм”-ийн 2.1.5.4-д заасныг зөрчиж, өөр байгууллагад үндсэн ажилтнаар давхар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нэгэнт тогтоогдсон “Д Э К ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Н-ыг зөрчил үйлдээгүй гэж дүгнэх үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 559 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ц.Н-ын “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар 08-ны өдрийн 0014030 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН