Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1332

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Нянтайсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/00709 дугаар шийдвэртэй, Р.Нянтайсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Санжээсүрэнд холбогдох түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 567 529 төгрөг гаргуулах,

Р.Нянтайсүрэнгийн хууль бус өмчлөлд байгаа эд хөрөнгийн үнэ болох 25 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Р.Нянтайсүрэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Э.Түвшинбаяр,

Хариуцагч Г.Санжээсүрэн,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Жаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р.Нянтайсүрэн нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Г.Санжээсүрэнтэй түрээсийн гэрээ байгуулж, түрээслэгч нь түрээсийн төлбөрт сар бүр 2 500 000 төгрөг болон түрээсийн зүйлтэй холбогдон гарсан урсгал зардлыг төлөх, засвар үйлчилгээ хийх үүргийг тус тус хүлээсэн. Түрээслэгчийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй сар бүрийн төлбөр 2 500 000 төгрөгийг 2 000 000 төгрөгөөр өгч байсан. Мөн 2016 оны 5, 6  сард орлого муу байна гэж шалтаглан 1 700 000 төгрөг өгч, 7 сарын төлбөр огт төлөөгүй.

Бид амаар тохиролцож, үнэ буулгасан зүйл байхгүй бөгөөд  нийт 14 200 000 төгрөгийг хариуцагч төлсөн. Мөн түрээсийн зүйлтэй холбогдох зайлшгүй зардлуудыг төлөөгүй. Иймд түрээсийн төлбөрт 2016 оны 1 сараас 5 сар хүртэл дутуу төлсөн 2 500 000 төгрөг, 6 сарын төлбөрийн дутуу 800 000 төгрөг, 7 сарын огт төлөөгүй 2 500 000 төгрөг, нийт 5 800 000 төгрөг, гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүйн алданги 2 900 000 төгрөг, хогны 500 000 төгрөг, усны 377 299.14 төгрөг, 2016 оны 1 сарын цахилгааны төлбөр 554 500 төгрөг, 2 сарын 464 200 төгрөг, 3 сарын 390 120 төгрөг, 4 сарын 368 600 төгрөг, 5 сарын 433 700 төгрөг, 6 сарын 410 150 төгрөг, 7 сарын 368 690 төгрөг буюу ашиглалтын зардлын 2 990 230 төгрөг, нийт 12 567 529.14 төгрөгийг хариуцагч Г.Санжээсүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Р.Нянтайсүрэнтэй 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, 1 сарын түрээсийн төлбөрийг 2 500 000 төгрөгөөр тохирсон. Улмаар гэрээний 4.1-т зааснаар талууд тохиролцож түрээсийн гэрээний хугацаанд төлбөрийг ихэсгэж, багасгаж болно гэсний дагуу түрээслүүлэгчтэй тохиролцон 2015 оны 12, 2016 оны 1 сарын төлбөрийг 2 500 000 төгрөгөөр, 2016 оны 2, 3, 4 дүгээр сарын төлбөрийг 2 000 000 төгрөг, 2016 оны 5, 6 дугаар сарын төлбөрийг 1 700 000 төгрөг, 7 сарын төлбөрийг 1 300 000 төгрөгөөр тус тус бүрэн хэмжээнд төлсөн. Төлбөрт өөрчлөлт оруулж, багасгаж төлснийг түрээслүүлэгч хүлээн зөвшөөрснийг гэрчлэх гэрчүүд байгаа ба багасгахаар тохиролцоо нь орлого муу байсантай холбоотой. Иймээс 7 сард би түрээслэхээ болилоо, орлого муу, ашиг олохгүй байна гэдгээ хэлсэн. Ингээд 8 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчтэй яриад, түрээслэх хүн олчихлоо гэхэд би наад хүнтэй чинь харьцахгүй, чи түрээсийн төлбөрөө төл, би шүүхээр явна гэсэн.

Нэхэмжлэлд 2016 оны 07 дугаар сарын түрээсийн төлбөр өгөөгүй гэж 2 500 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь хамгаалагч Б.Ууганмягмараар дамжуулж, Р.Нянтайсүрэнгийн зочид буудлын ажилтан Сараад 2016 оны 1 300 000 төгрөг өгсөн. Ашиглалтын зардалд 600 000 төгрөг, тогны төлбөр зэргийг нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Манайх өөрөө тоолууртай байсан. Усны төлбөрт 377 000 төгрөг нэхэмжлээд байна. Гэтэл тоолууртай учраас бид усны хэрэглээд анхаарал тавьдаг, сард 40 000-60 000 төгрөгийг төлдөг, энэ мөнгөө буудлын ресепшнд хүлээлгэж өгдөг байсан. Тухайн байшинд буудал, цайны газар гэх мэт байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг байсан, тэр бүх төлбөрийг надаас нэхээд байх шиг байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Түрээслүүлэгч нь түрээслэж байсан 70 м.кв талбайн өмчлөгч нь боловч доторх тохижилт, үйл ажиллагаа явуулах эрх нь “ХМСТ” ХХК-ийн өмч байсан. Би 2 жил орчим баарны үйл ажиллагаа явуулсан, туршлагатай бөгөөд гэрээ байгуулах үед тус компанийн захирал А.Мөнхзоригттой уулзаж, баарны үйл ажиллагаа явуулах талаар ярилцахад,  өөрийн компанийн хөрөнгөөр баарыг тохижуулсан, засал, чимэглэл, дуу хөгжмийн хэрэгсэл, ширээ сандал, гал тогоо, зурагт, ариун цэврийн өрөө, хаалга гэх мэт зүйлд нийт 60 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулсан. Цаашид ажиллуулах гэж байгаа бол миний оруулсан хөрөнгийг 25 000 000 төгрөгөөр үнэлээд ав гэснийг би зөвшөөрч А.Мөнхзоригт болон түүний ээж Ж.Уранчимэг нартай тохиролцсоны дагуу баарны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг, доторх болон гаднах тохижилт, тоног төхөөрөмжийн хамт компанийн 100 хувийн хувьцааны эрхийг худалдаж авсан. Үүнийг Р.Нянтайсүрэн гуай сайн мэдэж байгаа.

Иймд дээр дурдсан хөрөнгүүд нь миний өмчлөлийн эд хөрөнгө болсон тул би Р.Нянтайсүрэнгийн хууль бус эзэмшилд байгаа эд хөрөнгийн үнэ болох 25 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Уг нэхэмжлэл тодорхой биш байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай байх ёстой учраас сөрөг нэхэмжлэлийг миний шаардлагатай хамааруулж шийдэх боломжгүй. Хариуцагч “ХМСТ” ХХК-ийн дотоод заслыг худалдаж авч байсан байх бөгөөд уг эд хөрөнгийг хувь хүнийхээ хувьд нэхэмжлээд байна.

Гэтэл эд хөрөнгө хүлээлцсэн тухай актад “ХМСТ” ХХК-ийн эд хөрөнгө гэж бичигдсэн байсан. энэ нэхэмжлэлийн шаардлагыг компаниар гаргах эрхтэй байх. 2008 онд хөрөнгө оруулалт хийсэн гэрээ байгаа бол Ж.Уранчимэг гэж хүн захирал байдаг. Гэрээнд хоёр удаа бичгээр өөрчлөлт оруулсан. Гэрч А.Мөнхзоригтын өгсөн тайлбараар тогтоогдоно гэж ойлгож байгаа бол А.Мөнхзоригтоос нэхэмжилж болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Санжээсүрэнгээс 8 700 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Нянтайсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 867 529.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Нянтайсүрэнгийн хууль бус өмчлөлд байгаа эд хөрөнгийн үнэ болох 25 000 000 төгрөгийг гаргуулах хариуцагч Г.Санжээсүрэнгийн сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 154 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцэээгүй. Миний бие Р.Нянтайсүрэнтэй түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд үүний төлбөрийг надаас нэхэмжилсэн. Би түрээсийн гэрээний зүйл болох барны үйл ажиллагаа явуулахад шаардлагатай эд хөрөнгийн үнэ болох 25 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан ба уг мөнгийг н.Мөнхзоригтод төлөх шаардлага байхгүй. Нэхэмжлэгч барны тусгай зөвшөөрөл, доторх тохижилтын жинхэнэ эзэмшигч байсан бол н.Мөнхзоригтод мөнгө төлөхгүй байсан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, сөрөг нэхэмжлэл нь холбоогүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан нь хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 60 дүгээр зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн хүрээнд явуулсан бөгөөд үндсэн нэхэмжлэл болох Р.Нянтайсүрэнгийн түрээсийн төлбөрт 12 567 529 төгрөгийг надаас нэхэмжилсэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч түрээсийн гэрээний зүйл болох хөрөнгийг тухайн байрнаас аваад явахад чанар байдал нь өөрчлөгдөх эд хөрөнгийн үнэ болох 25 000 000 төгрөг буюу Р.Нянтайсүрэн нь н.Мөнхзоригтод төлөх ёстой төлбөрийг өөрөө төлсөн гэж үзэж байгаа учир Р.Нянтайсүрэнгээс нэхэмжилсэн. Иймд үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл уялдаа холбоогүй гэж үзэх үндэслэлгүй.

Р.Нянтайсүрэн хариу тайлбар болон бусад бичгийн нотлох баримтаар н.Мөнхзоригт, Р.Нянтайсүрэн нарын хооронд байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн түрээсийн гэрээний “ гэрээний зүйл” гэх хэсэгт хэрэв түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлавал түрээсийн засвар хийсэн 40 000 000 төгрөг өгөх үүрэг хүлээсэн нь тогтоогдож байгаа. Мөнхзоригт нь түрээсийн гэрээг цуцлаж Р.Нянтайсүрэнгээс 40 000 000 төгрөг авах эрхтэй нь бас тогтоогдсон. Бид гурав ярилцаж тохиролцон Р.Нянтайсүрэн өөрөө төлөх төлбөрөө надаар төлүүлсэн болох нь хэргийн нөхцөл байдлаас харагдаж байгаа.

Өөрөөр хэлбэл, н.Мөнхзоригтын Р.Нянтайсүрэнгээс нэхэмжлэх 40 000 000 төгрөгийг нэхэмжлэх эрх надад үүсч байна гэдэг нь ойлгомжтой. Барны үйл ажиллагааг явуулахад шаардагдах тоног төхөөрөмжийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж байгаа тул 25 000 000 төгрөгийн эд зүйлийг ашиглаж байгаа Р.Нянтайсүрэн надад 25 000 000 төгрөг төлөх үүрэгтэй.

Түрээслэсэн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй байсан эсэх нь одоо ч тодорхой бус байгаа. Түрээсийн гэрээний зүйл болох 70 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь Р.Нянтайсүрэнгийн эд хөрөнгө мөн болох нь тогтоогдоогүй, бидний хооронд байгуулсан гэрээ нь өөр буюу 2, 3 дугаар давхрын талбайг түрээслэж байгаагаар эрх зүйн үр дагавар гаргасан гэрээ байгуулагдсан. Бид түрээс төлж байсан, надад төлбөрийг бууруулах тухай хэлж байсан хирнээ одоо худал тайлбарыг Р.Нянтайсүрэн өгч байна.

Тэрээр өөрийн хөрөнгийг хэмнэж надаар н.Мөнзоригтод өөрийн өмнөөс төлбөр төлүүлсэн нь ойлгомжтой, тодорхой байхад намайг төлбөр нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй. Миний сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлтэй холбоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Р.Нянтайсүрэн нь хариуцагч Г.Санжээсүрэнд холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 567 529 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Г.Санжээсүрэн нь нэхэмжлэгч Р.Нянтайсүрэнгийн хууль бус өмчлөлд байгаа эд хөрөнгийн үнэ 25 000 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, зохигчид дээрх шаардлага тус бүрийг харилцан эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1381/15:20 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, үүгээр түрээслэгч Г.Санжээсүрэн нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Орхон 2 дугаар гудамж 7 тоотод байрлах 379 м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс 160 м.кв талбайг диско барны зориулалтаар 5 жилийн хугацаатай, сарын 2 500 000 төгрөгөөр түрээслэх, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцох нөхцлөөр түрээслүүлэгч Р.Нянтайсүрэнтэй харилцан тохиролцсон гэрээ хэрэгт авагдсан байна.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “түрээслэгч нь 2016 оны 1-5 дугаар сарын түрээсийн төлбөрт тус бүр 500 000 төгрөг, 6 дугаар сард 800 000 төгрөг дутуу төлсөн, 7 дугаар сарын төлбөр төлөөгүй тул 5 800 000 төгрөг, төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алданги 2 900 000 төгрөг, ашиглалтын зардал 3 867 529 төгрөг, нийт 12 567 529 төгрөгийг төлөх үүрэгтэй” гэж тодорхойлсон бол, хариуцагч “ашиг орлого бага байсан учир гэрээнд зааснаар Р.Нянтайсүрэнтэй тохиролцож, сарын төлбөрийг багасгасан хэмжээгээр нь төлсөн” гэж тайлбарлан мэтгэлцжээ.

 

Шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа, маргааны үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, түрээсийн гэрээ байгуулсан гэж үзсэн нь буруу болжээ. Учир нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд түрээсийн гэрээ байгуулсан, уг гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагатай боловч ийнхүү бүртгүүлсэн болох нь тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар уг гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болох тул нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр, түүнтэй холбоотой бусад зардал болон алданги гэх зэрэг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний үүрэг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхгүй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнд заасан тохиолдолд төлөх үүрэг үүсэх бөгөөд талуудын хооронд анз тохиролцсон түрээсийн гэрээ нь хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул уг хүчин төгөлдөр бус гэрээний дагуу алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

 

Хариуцагч Г.Санжээсүрэнгийн хувьд бусдын эд хөрөнгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаанд ашигласан үйл баримт тогтоогдсон. Ийнхүү ашигласан хугацаанд тохирсон үнэ, хөлсийг нэхэмжлэгчид бүрэн төлсөн гэж үзэх боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр олж авсан этгээд түүнийгээ эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчид маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг буцаан өгсөн эсэхэд талууд маргаагүй. Харин бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байсантай холбоотой тухайн эд хөрөнгийн өмчлөгчийн өмнө хүлээх үүргийн талаар маргасан байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дах хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой буцаан шаардах шаардлагад тухайн эд хөрөнгийг үндэслэлгүй авснаа мэдэх боломжтой эзэмшигч нь уг хөрөнгөөс олох ёстой үр шимийг эрх бүхий этгээдэд төлөх үүрэгтэй.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хариуцагч Г.Санжээсүрэн нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийг ашигласан хугацаанд уг эд хөрөнгөөс олох боломжтой байсан орлого буюу эд хөрөнгө түрээслэж олох байсан орлогыг 5 800 000 төгрөгийн хэмжээнд хангах нь зүйтэй.

 

Талуудын байгуулсан гэрээнд ашиглалтын зардлыг түрээслэгч хариуцахаар тохиролцсон байх боловч дээрх зардалтай холбоотой хэрэгт хавсаргасан баримтуудаас үзвэл зөвхөн хариуцагчийн эзэмшиж байсан талбай бус, тухайн обьектыг бүхэлд нь ашиглахтай холбоотой зардал гэж үзэх үндэслэлтэй байна. Уг баримтад дурдсан төлбөрийн аль хэсгийг хариуцагч Г.Санжээсүрэн хариуцах талаар нэхэмжлэгч тодорхойлоогүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийн төлбөл зохих зардлыг түүний өмнөөс төлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзнэ. Нэхэмжлэгч үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар нотлогдоогүй 3 867 529 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Түүнчлэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Өөрөөр хэлбэл, тухайн нэхэмжлэлээр Р.Нянтайсүрэнгээс шаардаж буй 25 000 000 төгрөгт холбогдох эд хөрөнгийн талаар талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, хариуцагч тал хэргийн оролцогч бус этгээдтэй хийсэн хэлцэлд үндэслэн гаргасан сөрөг нэхэмжлэл бүхий хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасанд нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагч Г.Санжээсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/00709 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Г.Санжээсүрэнгээс 5 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Нянтайсүрэнд олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 667 529 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж

3 дахь заалтын “154 150” гэснийг “107 750” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                                

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА