Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 914

 

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/00914

         Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9 тоотод байрлах “Жи Мобайл” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 7 хороо, Жаргалант 13 дугаар гудамж, 340 тоотод оршин суух Боржигон овогт Төмөрчөдөрийн Мөнх-Цолмонд /РД:ШВ73030567/ холбогдох,

Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар  сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар  сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн Дэд захирал Д.Басбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Т.Мөнхцолмон нь 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр манай компанитай “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан 240 000 төгрөгийн үнэтэй NP10  төхөөрөмжийг 12 сарын хугацаатай урьдчилгаа 20 000 төгрөгийг төлж үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20 000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Т.Мөнхцолмон нь одоогийн байдлаар манай компанид NP10төхөөрөмжийн 200 000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно.

Иймд Т.Мөнхцолмонгоос “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр  200 000  төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 100 000 төгрөг буюу нийт 300 000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч  Т.Мөнхцолмон  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            Миний бие Төмөрчөдөр овогтой Мөнхцолмон нь Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 13-340 тоотод ам бүл-5, эмээ, 3 хүүхдийн  хамт амьдардаг. 2014 оны 7 сарын 04-нд  Жи Мобайл ХХК-иас хорооны байранд  ирж  интернетийн төхөөрөмж үнэгүй  авах боломжтой тул компанитай гэрээ хийж, сар бүр дата ашиглах  бол  20 000 төгрөгөөр сунгана гэж тайлбарлан ажилчид нь ирсэн байхаар нь ирж төхөөрөмж авсан. 1 сар ашиглаж үзээд хурд хүчин чадамж нь муу болохоор нь сунгахгүй явж байгаад мөнгөө төлөөрэй гэж загнахаар нь тайлбарлаж хэлсэн чинь гэрээ хийсэн тул сар болгоны төлбөр гэж нэхдэг болсон. Анхнаасаа иргэдэд буруу ойлголт өгч чанарын шаардлагыг хангахгүй, борлогддоггүй баахан  төхөөрөмжийг авчирч тараачихаад одоо ингэж мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ийм нөхцөлтэй муу төхөөрөмж тэр үед тус компаниас хулхидуулж авсандаа гомдолтой байна. Би төлбөр барагдуулах боломжгүй гомдолтой байна гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд “...”Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Мөнхцолмон нь нэхэмжлэлийн шаардлага болох 300 000 төгрөгнөөс үндсэн төлбөр болох 200 000 төгрөгийг 2017 оны 5 сарын 30-ны дотор төлж барагдуулна гэсэн тул алданги болох 100 000 төгрөгнөөс татгалзаж үндсэн төлбөр дээр эвлэрч байна” гэжээ.

            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Т.Мөнхцолмонд холбогдуулан төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрч, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 300 000 төгрөгийг 100 000 төгрөгөөр багасгаж, үлдэх 200 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2017 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

Иймд зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас зохигчийн эвлэрсэн хэмжээний буюу 200 000  төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамжид 3 325  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар зохигч талуудын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон                                                                                                 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч  Т.Мөнхцолмонд  холбогдох төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт 300 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 300 000 төгрөгийг багасгаж, үлдэх 200 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2017 оны 5  дугаар сарын 30-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч    Т.Мөнхцолмонгоос 3 325 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХУЛАН