Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 39

 

 

 

 

 

Ж.Сосорбарамд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Д.Дуламжав, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Саруултөгс түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолтой, Ж.Сосорбарамд холбогдох эрүүгийн 1736000000043 дугаартай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын  давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн 1974 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Бор модон овогт Жаргалын Сосорбарам нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт байрлах Баруун бүсийн төв захын баруун талын засмал зам дээр өөрийн эзэмшлийн 31-30 ХОА улсын дугаартай KIA MOTORS маркийн пронтер маркийн машин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж явган зорчигч Г.Шижирнаранг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, хэргийн газрыг зориуд санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Шүүгдэгч Бор модон овогт Жаргалын Сосорбарамыг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодон Авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Бор модон овогт Жаргалын Сосорбарамыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 01 / нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Сосорбарамыг нийт 01 / нэг/ жил, 02

/ хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.Сосорбарамд оногдуулсан 01/нэг/ жил 02 / хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ж.Сосорбарамд оногдуулсан 02 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 01/нэг/ жил 02 / хоёр/ сарын хорих ялыг эдэлж дууссаны дараа эхлэн тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ж.Сосорбарамаас 3.856.344 төгрөг гаргуулж, хохирогч Г.Шижирнаранд олгож, шүүгдэгч нь хохирогч Г.Шижирнаранд 1.000.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Шижирнаран нь хохирлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саруултөгс түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:        Шүүгдэгч Ж.Сосорбарам нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үөдээ Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэр болох Баруун бүсийн төв захын баруун талын засмал зам дээр 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн үед өөрийн эзэмшлийн 31-30 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж явган зорчигч Г.Шижирнаранг мөргөж улмаар хэргийн газрыг санаатай орхиж зугтсан нь нотлогдон тогтоогдсон.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн шаардлагыг хангасангүй. Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт буюу тогтоох хэсэгт  хохирогч Г.Шижирнарангийн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд 3.856.344 төгрөг...” гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээч эмчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 116 дугаартай дүгнэлтээр Г.Шижирнарангийн биед гэмтэл учирсан байна.Уг гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Г.Шижирнарангийн биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна....гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдох бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ ... мөн хуулийн 40.2-д Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв,  эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэх хуулийн шаардлагыг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саруултөгс нь нотлох баримтаа хангалттай бүрдүүлэн шүүхэд өгсөн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 8 370 356 төгрөг нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх ямар нэгэн үндэслэлгүйгээр 3,856.344 төгрөг гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Хохирогч Г.Шижирнарангийн хувьд 2018 оны 03 сарын 03-ны өдрөөс хойш Ховд аймгийн БОЭТ-ийн сэхээний тасагт 12 хоног ухаангүй байдалтай эмчлүүлээд Улаанбаатар хот Гэмтэл согог судлалын үндэсний төвд онгоцоор 2018 оны 03 сарын 16-ны өдөр хэвтэрийн дэглэмтэй учраас 3 хүн онгоцоор авчирсан юм.

            Хохирогч Г.Шижирнаран нь 70 хувийн групт байдаг, байнга хүний асаргаанд байгаа болно.

            Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн Л.Хандаагийн Улаанбаатар хотоос ирж явсаны онгоцны зардал, мөн Улаанбаатар хотоос автобусаар ирсэн Г.Гансүхийн хоёр тал, Х.Бурмаагийн нэг тал, Г.Цэнгэлийн хоёр тал, Б.Саруултөгсийн нэг тал, З.Нансалмаагийн хоёр талын зардлуудыг, Г.Шижирнарангийн онгоцны нэг талын зардал, Б.Саруултөгсийн хохирогч Г.Шижирнаранг асарч байсан нэг сарын ажилгүй байсан хугацааны цалин зэргүүдийг гаргуулж өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хохирлын баримтуудыг нэг бүрчлэн судласан. Шаардлага хангасан баримттай хохирлыг шүүгдэгчээр гаргуулж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саруултөгс түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Ж.Сосорбарам нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн 31-30 ХОА улсын Киа пронтер маркийн авто машиныг жолоодож 2018 оны 03 дугаар сарын 03-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэр Баруун бүсийн төв захын баруун талын замаар хөдөлгөөнд оролцож яваад явган зорчигч Г.Шижирнаранг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулаад улмаар хэргийн газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саруултөгс / 1-р хх-н 99-101 /, гэрч  Б.Ганболд, Ц.Амарзаяа / 1-р хх-н 105-106 /, Т.Өнөрбаатар / 1-р хх-н 107 /, Б.Батсайхан / 1-р хх-н 108-109 / нарын мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-н 6 /, 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн иргэн Г.Шижирнарангийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан талаарх шинжээч эмчийн 116 дугаартай дүгнэлт / 1-р хх-н 33-34 / зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн  дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Ж.Сосорбарамын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байна.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саруултөгс түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын “. . . анхан шатны шүүх нийт хохиролд 8370356 төгрөг нэхэмжилсэн байхад шүүх 3856344 төгрөг гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Мөн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саруултөгс түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын Л.Хандаагийн Улаанбаатар хотоос онгоцоор ирж, явсны зардал, Г.Гансүх  нарын 5 хүний хотоос автобусаар ирсний нэг болон 2 талын зардлууд, хохирогч Г.Шижирнарангийн онгоцны нэг талын зардал, Б.Саруултөгсийн хохирогч Г.Шижирнаранг асарч байсан хугацааны ажилгүй байсан 1 сарын цалин зэргийн нотлох баримтуудыг гаргаж өгсөөр байтал дутуу гаргалаа“ гэх тайлбар болон давж заалдсан гомдлын дагуу хэргийн нотлох баримтуудыг судалбал:

            Хэрэгт авагдсан Л.Хандаагийн Улаанбаатар хотоос ирж, явсны онгоцны зардал 529100 төгрөг / 1-р хх-н 240-242 /, Улаанбаатар хотоос автобусаар ирсний Г.Гансүхийн 2 тал, Х.Бурмаа 1 тал, Г.Цэнгэлийн 2 тал, Б.Саруултөгсийн 1 тал, З.Нансалмаагийн 2 талын зардлуудыг тус бүрийг 65000 төгрөгөөр бодож 65000х8 бүгд 520000 төгрөг / 1-р хх-н 227 /, Г.Шижирнарангийн онгоцны нэг талын зардал 288000 төгрөг, Б.Саруултөгсийн хохирогч Г.Шижирнаранг асарч байсан хугацааны ажилгүй байсан 1 сарын цалин  566930 төгрөг  нийт 1904030 төгрөгийг хэргийн  нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгч  Ж.Сосорбарамаас нэмж гаргуулан хохирогч Г.Шижирнаранд олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саруултөгс түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдсан гомдлуудыг үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 6 дахь заалтад : “ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ж.Сосорбарамаас 3.856344 төгрөг гаргуулж, хохирогч Г.Шижирнаранд олгуулж  . . . “ гэснийг “ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ж.Сосорбарамаас 5760374 төгрөг гаргуулж, хохирогч Г.Шижирнаранд олгуулж.  . “гэж өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саруултөгс түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын “ Хохирлыг нэмж гаргуулж өгнө үү “ гэх давж заалдсан гомдлыг хүлээж авсан болохыг дурдсугай.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.Сосорбарамын давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл цагдан хоригдсон 49 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            4. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ТУЯА

                                     ШҮҮГЧИД                             М.НЯМБАЯР

                                                                                   Б.ДАМБА