Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1359

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Эрдэнэтөгсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/01017 дугаар шийдвэртэй, Ц.Эрдэнэтөгсийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Спейшл майнинг сервис” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс төлөх мөнгөн төлбөрт 5 360 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бат-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Эрдэнэтөгс нь “Спэйшл майнинг сервис” ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн 7372 ӨМӨ улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэсэн Нордбенз маркийн автомашиныг, 8584 БЧ улсын дугаартай чиргүүлийн хамт нийт 45 000 000 төгрөгөөр худалдсан.

Уг гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авч, үлдэх 25 000 000 төгрөгийг гэрээний 4.3, 4.4-т зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 15 000 000 төгрөг, 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 10 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч худалдан авагч төлбөрийн үүргээ цаг тухайд нь биелүүлэхгүй байсаар 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төлж дуусгасан. Ингэхдээ 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 5 000 000 төгрөг, 28-ны өдөр 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн ХААН банк дахь дансанд оруулсан байдаг.

Хариуцагч компани гэрээнд заасан төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүйгээс бидэнд алдагдал учирсан тул гэрээний 6 дугаар зүйлд зааснаар төлөгдөөгүй үнийн дүнгийн хоног тутамд 0,2 хувиар алданги тооцож нийт 5 360 000 төгрөгийг “Спэйшл майнинг сервис” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Машиныг худалдаж авсан боловч ажилд гараагүй, олон удаагийн давтамжтай эвдрэл гарч, компаниас сэлбэг, засварын зардал гаргасан. Нэхэмжлэгч манай үйлдвэрийн газарт машинаа худалдаад яаж явж байгаа талаар мэдээлэлтэй байсан гэж үзэж байна. 2016 оны 9 дүгээр сараас эхэлж ажилд гарсан ч үнэтэй, гол эд ангиуд эвдэрсэн. Түүнээс хойш байнга засвар хийж явсан ба 2017 онд мотор цохиж эвдэрсэн. Хуучин мотор авч хийх тохиолдолд 7 000 000 төгрөг, засварын хөлс 1 000 000 төгрөг болно. 9 дүгээр сараас эхэлж 5 сарын хугацаанд машиныг ашиглаагүй бөгөөд бидний ажил зогсонги байсан үе.

Мөн Таван толгойд ажил бага байсантай холбогдож бидэнд машинаа зарсан бөгөөд санхүүгийн хувьд бидний бололцоо муу байсан ч авсан, одоо дахиад засвар хийх гэж байгаа тул алдангийг бүтнээр төлөх боломжгүй, 50 хувиар багасгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Спэйшл майнинг сервис” ХХК-иас 4 460 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эрдэнэтөгсөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 900 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 86 310 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эрдэнэтөгсөд буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Спейшл майнинг сервис” ХХК-иас алданги 4 460 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Уг хэрэгт Ц.Эрдэнэтөгс нь тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 15 000 000 төгрөгийг хариуцагчийн ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын төлбөр тооцоо бүхий хуулийн этгээд “Таван толгой” ХК-иас хүлээн авсан байдаг. Энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан гэж үзэж хариуцагчийн үүрэг дуусгавар болсон тул 4 460 000 төгрөгийн алдангийг төлөх үндэслэлгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааныг нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэтөгс нь хариуцагч “Спейшл майнинг сервис” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 360 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай СМС-2015-10 дугаартай гэрээ байгуулж, үүгээр “Спейшл майнинг сервис” ХХК нь нэхэмжлэгч Ц.Эрдэнэтөгсөөс “Нордбенз” загварын 73-72 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамтаар 45 000 000 төгрөгөөр худалдан авах ба төлбөрийг төлөх хугацааг харилцан тохиролцсон байна. /хх 4-5/ Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж эрх зүйн харилцааг зөв дүгнэжээ.

 

Талуудын байгуулсан гэрээний 4.1-д зааснаар төлөгдөөгүй төлбөр буюу 25 000 000 төгрөгийг хариуцагч хоёр хувааж төлөх, үүнээс 15 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, 10 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор худалдагчид шилжүүлэх үүргийг хүлээжээ.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээс үзвэл хариуцагч “Спейшл майнинг сервис” ХХК дээрх төлбөрийн 5 000 000 төгрөгийг 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр, 10 000 000 төгрөгийг 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр, 10 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус тус шилжүүлсэн нь гэрээгээр тохиролцсон хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. /хх 9-11/

 

Худалдах, худалдан авах гэрээний 6.1-д зааснаар “гэрээний аль нэг тал хүлээсэн үүргээ гэрээний хүчин төгөлдөр хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хохирогч талд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.2 хувиар тооцож хоног тутамд алданги төлнө” гэсэн талуудын тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасны дагуу мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний дээрх заалтад хамаарах маргааныг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд дүгнэлт хийж, үүргээ гүйцэтгээгүй хугацааг зөв тодорхойлж, алдангийн хэмжээг 4 460 000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас 900 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөгдөх төлбөрийн үлдэгдлийг манай хариилцагч болох “Таван толгой” ХК төлсөн, тухайн компанийн өглөг авлагын тооцооноос суутган тооцохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн ба хугацаа хэтэрсэн нөхцөл байдалд нэхэмжлэгчийн тохиролцоо нөлөөлсөн гэх боловч гэрээнд энэ талаар тусгагдаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтгүй байна.

 

Түүнчлэн тухайн үед тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй байсан эсэх нь тогтоогдоогүй бөгөөд дээрх тохиолдолд гэрээний үүргээ биелүүлэх хугацааг хэтрүүлсэнтэй холбоотой хариуцлагаас чөлөөлөх болон алдангийн хэмжээг бууруулах талаар зохигчид гэрээгээр тохиролцсон зүйл тогтоогдсонгүй. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн татгалзал, түүнтэй холбогдох засвар үйлчилгээ, эвдрэл гэмтэлтэй холбоотой гэх баримтуудыг сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул шийдвэрирйн үндэслэл болгохгүй гэж дүгнэснийг буруутгахгүй.

 

Хэрэгт авагдсан “Нордбенз” загварын тээврийн хэрэгсэл, түүний чиргүүлийн техникийн тодорхойлолтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй боловч гэрээнд тодорхойлсон тээврийн хэрэгслийн мэдээлэлтэй тохирч, энэ талаар талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/01017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бат-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 86 310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Т.ТУЯА