Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 142/шш2017/00659

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2017/00659

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-21-27 тоотод оршин суух Мандах овогт Цэвээндоржийн Бадамжаргал /ФМ:63071081/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, 27а-20б тоотод оршин суух, Цагаан бүргэд овогт Энхжаргалын Эрдэнэбат /ФМ:85022875/,

            Хариуцагч: Хас банк ХХК,

            Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж 19-р байр 33 тоотод оршин суух Халтар овогт Цэрэндоржийн Энхтуяа /ТИ:62122885/ нарт холбогдох,

Нотариатын үйлдэл хүчингүй болгуулах, гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагч
Э.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Загдсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хулан нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Бадамжаргал нь нөхөр С.Гүрсэд болон охин Г.Уранзул нартай хамтран Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5-21-27 тоот 2 өрөө 29 м.кв талбай бүхий орон сууцыг хамтран өмчилдөг бөгөөд уг байранд 1998 оноос хойш амьдарч байгаа билээ. Гэтэл Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бидний өмчлөлийн байрыг битүүмжлэх ажиллагаа явуулж байгааг сонсоод хэргийн талаар асуутал Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1030 дугаартай шийдвэрээр дээрхи орон сууцыг Хас банк болон Э.Эрдэнэбатын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Ингэх болсон үндэслэл нь миний зөвшөөрөлгүйгээр дээрх 5-21-27 тоот 2 өрөө орон сууцыг Э.Эрдэнэбат нь Хас банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавьсан байна. Хэдийгээр тухайн зээлийн материалд миний нэрийн өмнөөс үйлдсэн итгэмжлэл байгаа боловч миний бие тухайн итгэмжлэлд гарын үсэг зураагүй, мэдээгүй юм. Хууль бус итгэмжлэлийн үндсэн дээр барьцаат зээлийн гэрээ болон баталгаат ипотекийн гэрээ байгуулсан байна. Иймээс Орхон аймгийн тойргийн нотариатчаар ажиллаж байсан нотариатч Ц.Энхтуяагийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн бүртгэлийн 367 дугаартай итгэмжлэлийг гэрчилсэн үйлдэлийг хүчингүй болгож, Э.Эрдэнэбат болон Хас банкны хооронд 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдөр байгуулагдсан 1630000652 тоот барьцаат зээлийн гэрээ, мөн тус өдөр Хас банк болон Э.Эрдэнэбат нарын хооронд байгуулагдсан 1630000652-1 тоот Баталгаат ипотекийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас үзвэл нотариатч Ц.Энхтуяа нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 27-р дугаар зүйлд заасан үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Ийм учраас итгэмжлэл гэдэг нь 2 талын хэлцэл, хэлцэлд оролцож байгаа талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлөдр болдог. Нэхэмжлэгч Ц.Бадамжаргал нь итгэмжлэлд гарын үсэг зураагүй гэдэг нь 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Нотариатч Ц.Энхтуяагийн 2013 оны 07 сарын 01-ний өдөр гэрчилсэн итгэмжлэлийг хүчингүй болгох боломжтой гэж харж байна. Үүнийг үндэслээд нэхэмжлэгчийн өмчлөлийн 5-21-27 тоотод байх 2 өрөө орон сууцыг Хас банкны барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргасан барьцаат зээлийн гэрээний барьцаатай холбоотой заалт, мөн баталгаат ипотекийн гэрээний үл хөдлөх хөрөнгийн барьцаатай холбоотой заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлөдр бус, мөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны талаар ярьж байгаа болохоор өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг нь тогтоогдож байна. 2013 оны 07 дугаар сарын 03 ны өдрийн 1630000652 дугаартай барьцаат зээлийн гэрээний зөвхөн барьцаатай холбоотой заалт, мөн 1630000652/1 дугаартай баталгаат ипотекийн гэрээний зөвхөн барьцаатай холбоотой заалтыг хүчингүй болгуулах шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Э.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад тайлбаргүй гэв. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Эрдэнэбатад 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гардуулсан боловч хуульд заасан хугацааны дотор тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

 

      Хариуцагч Ц.Энхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2009 оны 5 дугаар сараас 2013 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд Орхон аймгийн Нотариатын тойрогт нотариатчаар ажилласан. 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 362 тоот итгэмжлэлийн бүртгэлд Сэнгэбазарын Гүрсэдээс /М3:61100771/ иргэн Энхжаргалын Эрдэнэбатад /ФМ:85022875/ орон сууц барьцаанд тавих итгэмжлэлийг гэрчилсэн нь надад байгаа ерөнхий товьёогоос харагдаж байна. Дэлгэрэнгүй товьёог Орхон аймгийн Архивын газарт хадгалагдаж байгаа болно. Нотариатч миний бие нь нотариатын үйлчилгээ хийлгэх гэж байгаа, заавал байх ёстой иргэдийг бүгдийг нь байлцуулан тухайн үйлдлийг гэрчилдэг. Тийм учраас 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 362 тоот итгэмжлэлийг гэрчлэхэд тухайн орон сууцны гэрчилгээн дээр бичигдсэн ирэх ёстой хүмүүсийг бүгдийг нь байлцуулан гэрчилсэн байгаа. 2015 оны сүүлч 2016 оны эхээр Бадамжаргал гэдэг хүний өмгөөлөгч нь байна гээд /Ганзориг гэсэн байхаа/ надтай утсаар ярьсан. Тэр өмгөөлөгч ярихдаа ... С.Гүрсэд нь Ц.Бадамжаргалын нөхөр нь. Эхнэр Бадамжаргалынхаа өмнөөс өөр эмэгтэйг дагуулж ороод таниар итгэмжлэл хийлгэсэн байна. Бадамжаргал нь мэдээгүй байжээ, Цагдаад өргөдөл өгч шалгуулсан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Уг итгэмжлэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл өгөх гэсэн юм хаягаа өгөөч гэхээр нь би хаягаа өгсөн. Энэ өмгөөлөгчийн ярьсанаас дүгнэхэд иргэн С.Гүрсэд нь эхнэрийгээ гэж өөр эмэгтэйг дагуулж ирээд нотариатч намайг хуурч, залилан мэхэлж итгэмжлэл хийлгэжээ гэж үзэж байна. Нотариатч намайг залилан, хууран мэхлэж итгэмжлэлийг гэрчлүүлсэн үйлдэл нь гэмт хэрэг болох тул иргэн С.Гүрсэд, Э.Эрдэнэбат, дагуулж ирсэн эмэгтэй нарын бүлэглэн хийсэн хэргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж эрүүгийн хариуцлага тооцуулж өгнө үү. Иргэн С.Гүрсэд нь өөрийн өмчлөлийн орон сууцны гэрчилгээ, биеийн байцаалтуудтайгаа өөрсдөө нотариатч дээр ирсэн байх ёстой. Мөн зээл олгох гэж байгаа банк нь судалгаа сайн хийж, гэрт нь очиж орон сууцны зургийг нь авч, зээл төлөгдөх боломжийг нь судалж байж зээл олгох зөвшөөрөл олгодог. Зээл олгох зөвшөөрөл гарсны дараа нотариатын гэрчлэх үйлчилгээ хийгддэг. Иргэн С.Гүрсэд нь эхнэрээ гэж өөр хүн авчирсан бол нотариатч намайг байтугай зээл олгосон банкыг ч давхар давхар залилсан байна. Үнэхээр иргэн Бадамжаргал нь нотариатч дээр ирж итгэмжлэл дээр гарын үсэг зураагүй, нөхөр нь өөр эмэгтэйг дагуулж ирэн гарын үсэг зуруулсан нь шүүхэд өгсөн нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд итгэмжлэл дээр иргэн Бадамжаргалаас бусад зөвшөөрөл өгсөн өмчлөгчдөд ноогдох хэсгийг хүчинтэйд тооцож иргэн Бадамжаргалд хамрагдах хэсгийг нь л хүчингүй болгох нь шударга болно гэж үзэж байна. Дээрхи итгэмжлэлтэй холбогдох материал нь Орхон аймгийн Архивын тасагт байгаа болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сая барьцаат зээлийн гэрээ, ипотекийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэж байна. Барьцааны гэрээ бол үндсэн гэрээний дагалдах гэрээ. Э.Эрдэнэбат бол уг зээлийг аваад уг орон сууцыг барьцаанд тавьсан байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргаад нотлох баримт гаргуулсан байна. Үндсэн гэрээг байхгүй байхад хэргийг шийдэх боломжгүй байна. 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2 гэрээг хэрэгт ач холбогдолтой байна гэж давж заалдах шатны шүүхээс хэргийг хүчингүй болгосон байхад мөн хуульд заасан шаардлага хангасан баримтууд өгөөгүй байна. Нотариатоор батлуулсан баримт хэрэгт бараг байхгүй. Талууд өөрсдөө нотлох баримтаа гаргаж өгөх ёстой. Шүүхээс дүгнэхдээ ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтыг шүүх өөрөө шаардаж авдаггүй юм уу. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө хүсэлт гаргаад шүүхээр нотлох баримт гаргуулахдаа дутуу гаргуулсан. 2013 оны 07 дугаар 03-ны өдрийн 1630000652, 1630000652/1 дугаартай барьцаат зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээг эх хувиар шаардлага хангах гэж буцаасан. Нотариатч Ц.Энхтуяа тайлбартаа Ц.Бадамжаргалыг байлцсан гээд байгаа. Хариуцагч Э.Эрдэнэбат бас тэгж хэлдэг. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хариуцагч Э.Эрдэнэбат сайн танихгүй гэсэн тайлбар гаргадаг. ИХШХШТХ-ийн 118-р зүйлд шүүхээс гарах шийдвэрийн талаар заасан байдаг. Хэрэгт авагдсан материал ийм байхад хэргийг шийдэх боломжгүй. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмнөх анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан байгаа. Энэ орон сууц бол 3 өмчлөгчтэй. Охин Солонгос улсаас итгэмжлэл явуулсан хүчин төгөлдөр итгэмжлэл байгаа. Гүрсэд өөрөө ирээд гарын үсэг зурсан байдаг. Ц.Бадамжаргал ирсэн гэдэг нь нотариатын тайлбараар нотлогдоод байгаа. Ц.Энхтуяагийн тайлбарыг дэмжиж байгаа гэв.

 

      Хариуцагч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хас банк нь 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Э.Эрдэнэбаттай байгуулсан гэрээ нь зохих журмын дагуу хийгдсэн бөгөөд, өмчлөгч С.Гүрсэд, Ц.Бадамжаргал нар нь 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нотариатаар баталгаажуулсан 3 жилийн хугацаатай итгэмжлэл, өмчлөгч Г.Уранзулын 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр БНСУ-д Монгол улсыг төлөөлж байгаа Элчин сайдын яамаар дамжуулан гаргасан итгэмжлэлүүдийг үндэслэн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээ болон баталгаат ипотекийн гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр хууль, журмын дагуу хийгдсэн. Иймд Цэвээндоржийн Бадамжаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Бадамжаргал нь хариуцагч Э.Эрдэнэбат, Хас банк, нотариатч Ц.Энхтуяа нарт холбогдуулан 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, Хас банк Э.Эрдэнэбат нарын хооронд байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ болон баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч Э.Эрдэнэбат нэхэмжлэл гардаж аваад тайлбар гаргаагүй ба шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэсэн, хариуцагч Ц.Энхтуяа, Хас банк болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байна.

           

Орхон аймгийн тойргийн нотариатчаар ажиллаж байсан хариуцагч Ц.Энхтуяа нь “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-21-27 тоот 29 м2, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаар- 0019292, гэрчилгээний улсын бүртгэлийн дугаар-2101001189 бүхий орон сууцыг Хас банкнаас авах зээлийн болон барьцааны гэрээнд, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, бүртгүүлэх, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах” бүрэн эрхийг С.Гүрсэд, Ц.Бадамжаргал нараас Э.Эрдэнэбатад гурван жилийн хугацаатай олгосон хамтран өмчлөгч 2. Цэвээндоржийн Бадамжаргал /ФМ63071081/ гэсний ард Бадам гэж зурсан гарын үсэг бүхий хэргийн 1-р хавтасны 3-р талд авагдсан 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн итгэмжлэлийг гэрчлэхдээ төлөөлүүлэгч /хамтран өмчлөгч/ Ц.Бадамжаргалыг байлцуулахгүйгээр гэрчилсэн болох нь нэхэмжлэгч Ц.Бадамжаргалын тайлбар, “...итгэмжлэлд зурсан шинжилж буй гарын үсэг нь Ц.Бадамжаргалын гарын үсэг биш, шинжилж буй гарын үсэгтэй тохирохгүй байна” гэсэн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 130 дугаар шинжээчийн дүгнэлт,  “...2013 оны 7 сарын 1-ний өдрийн итгэмжлэлийн доод “төлөөлүүлэгч,  Хамтран өмчлөгч, 2.” Гэсэн хэсэгт “Цэвээндорж овогтой Бадамжаргал” гэсний ард хөх өнгийн будагч бодистой бичигч хэрэгслээр зурсан шинжилж буй гарын үсэг нь Ц.Бадамжаргалын гарын үсэг биш ...” гэсэн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 571 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Хэдийгээр хариуцагч Э.Эрдэнэбат, Ц.Энхтуяа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Ц.Бадамжаргал өөрийн биеэр хүрэлцэн ирж нотариатын үйлдэл хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шинжээчдийн 2 удаагийн дүгнэлтээр Ц.Бадамжаргалын гарын үсэг биш гэж тогтоогдсон нь уг тайлбарыг няцааж байна.  

Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д нотариатын үйлдэл хийлгэж байгаа этгээдийн хувийн байдлыг тогтоох, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно гэж, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д бичгээр олгосон итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, 64 дүгээр зүйлийн 64.3-т  энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцэл нь угтаа байж болохгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй, хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус, талуудад гэрээний эрх, үүргийг үүсгэх үндэслэл болдоггүй ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасан үндэслэлүүдээр нотариатч Ц.Энхтуяагийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаартай итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Хас банк нь  Орхон аймгийн тойргийн нотариатчаар ажиллаж байсан хариуцагч Ц.Энхтуяагийн 2013 оны 07 сарын 01-нд гэрчилсэн “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-21-27 тоот 29 м2 , үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаар- 0019292, гэрчилгээний улсын бүртгэлийн дугаар-2101001189 бүхий орон сууцыг Хас банкнаас авах зээлийн болон барьцааны гэрээнд, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, бүртгүүлэх, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн эрхийг С.Гүрсэд, Ц.Бадамжаргал нараас Э.Эрдэнэбатад гурван жилийн хугацаатай олгосон”  итгэмжлэлийг үндэслэн  хариуцагч Э.Эрдэнэбат, Э.Энхбат нартай  2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр барьцаат зээлийн болон баталгаат ипотекийн 1630000652, 1630000652-1 тоот гэрээ байгуулж,  2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ү-2101001189 улсын бүртгэлийн дугаар бүхий С.Гүрсэд, Ц.Бадамжаргал, Г.Уранзул нарын дундын өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-21-27 тоот 29 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг  барьцаалсан болох нь хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ болон баталгаат ипотекийн гэрээ, зохигчдын тайлбар, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 64 дүгээр зүйлийн  64.2.1-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус итгэмжлэлийг үндэслэн 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хас банк Э.Эрдэнэбат, Э.Энхбат нарын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн болон баталгаат ипотекийн 1630000652, 1630000652-1 тоот гэрээний Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-21-27 тоот 29 м2 талбайтай 2 өрөө орон сууцтай холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар  хүчингүйд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хас банк Э.Эрдэнэбат нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний орон сууцны барьцаатай холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШЗ2016/03411 дугаартай шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд хэвээр байхыг заах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 23 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т заасныг баримтлан 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 362 дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-21-27 тоот 2 өрөө орон сууцыг Хас банкны зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, бүртгүүлэх, үүргийн гүйцэтгэл хангуулах тухай итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-д заасныг баримтлан Хас банкны 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1630000652, 1630000652-1 дугаартай барьцаат зээлийн болон баталгаат ипотекийн гэрээний Уртбулаг баг 5-21-27 тоот 2 өрөө орон сууцтай холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаа өнгөрмөгц тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШЗ2016/03411 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эрдэнэбат, Ц.Энхтуяа, Хас банкнаас тус бүр 23 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бадамжаргалд олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.   

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ