Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1762

 

  

 

 

 

 

 

        

2017 оны 06 сарын 15 өдөр     Дугаар 181/ШШ2017/01762         Улаанбаатар хот      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөөний гудамж, 17 байрны 36 тоотод оршин суух, Гомбожигон овогт Сайдаагийн Нямхүү /РД:ЛЮ79111862/-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны төв байранд байрлах, “Хас банк” ХХК /РД:2578697/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Нямхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал, Т.Отгонпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, М.Жаргалмаа, нарийн бичгийн даргаар Д.Мандахтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний болон өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

С.Нямхүү нь 2003-2004 онуудад Өвөрхангай аймаг дахь банкны салбарт нягтлан бодогчоор ажиллаж байсан ба 2008 оны 8 дугаар сараас Хас банкны төв албанд тасралтгүй 7 жил Аудитороор ажилласан.

Улмаар 2015 оны 6 сарын 22-ны өдрөөс Төв аймаг дахь Хас банк дахь салбарын захирлаар шилжин ажиллаж, 2016 оны 10 дугаар сараас жирэмсний амралтаа авсан билээ.

Тухайн байгууллагад ажиллаж байх хугацаандаа ажлаа үнэнч шударгаар хийж, банкны ажилтны хийсэн ашиглангийн үйлдлүүдийг илрүүлэх, үүссэн эрсдэлийг багасгах, үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар холбогдох газар хэлтэс, салбар нэгжүүдэд зөвлөгөө зааварчилгааг өгч ажиллан Дотоод Аудитын Газрын үе үеийн захирлуудад сайшаагдаж ирсэн бөгөөд үндсэн ажил үүрэгтэй холбоотой ажлын хариуцлага алдан сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй.

2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дотоод Аудитын Газрын ахлах аудитор А.Самбуу утсаар холбогдон ирж уулзахыг хүссэн бөгөөд тухайн өдөр очиж уулзсан. Ингэхэд С.Нямхүүг зээл олгож хувь авсан, харилцагч З.Энхээ гэх зээлдэгчийн зээл хэрхэн олгогдсон талаар тодруулж асуусан юм.

Мөн С.Нямхүүг авилга авсан хэрэгт холбогдсон, уг зээлийн хамтран зээлдэгч Д.Отгонбаатар гэх этгээд нь хил гарч ор сураггүй алга болж зээл эрсдсэн, харилцагчтай бүлэглэн зээл гаргаж, мөнгө авсан үүнийг шалгуулахаар цагдаад өгсөн тухай хэлж, С.Нямхүүг авилга аваагүй гэдгээ холбогдох байгууллагад өөрөө нотлоорой гэж хэлсэн.

С.Нямхүү Хас банкны зээл олгох журмын дагуу зээлдэгч З.Энхээ гэгчид зээл олгосон бөгөөд зээлдэгч 2017 оны 1 дүгээр сард зээлээ бүрэн төлж дуусгасан байсан.

2017 оны 2 дугаар сарын 14-ний орой 17 цагийн үед Хас банкны хүний нөөц хариуцсан мэргэжилтэн холбогдож, маргааш өдөр ирж уулз гэж дуудсан. Маргааш нь буюу 2 дугаар сарын 15-ны өдөр очиж уулзахад 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн В\245 дугаартай ажлаас халсан тушаал танилцуулсан. В\245 дугаар тушаалын агуулгыг харж байхад С.Нямхүүг зээлдэгчтэй хувийн харилцаа тогтоосон, бусдын нэр дээр өөр этгээдэд зээл олгосон үйлдлийн улмаас Банкны ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, эрх зүйн актад заасан үйл ажиллагааг зөрчсөн үүний улмаас Цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүссэн тухай дурдаж тушаалынхаа гол үндэслэл болгосон байна.

Гэвч өнөөдрийн байдлаар С.Нямхүүд холбогдуулж цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан үйлдэл, үйл ажиллагаа байхгүй тул ажил олгогчийн энэхүү ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй.

Хас банк нэхэмжлэгчийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зээл олгохдоо хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэж, зөрчлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр илрүүлснээр тооцож, 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хуульд заасан 1 сар, 6 сарын хугацаа өнгөрсний хойно ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-ийг зөрчсөн. Мөн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дууссан байхад сунгаагүй байж хөдөлмөрийн гэрээгээр тухайлан заасан зөрчил гаргасан гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д нийцээгүй, мөн амаржсаны амралтаа авсан, ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны гэрээг цуцласан нь мөн зүйлийн 40.3-т нийцээгүй.

Иймд С.Нямхүүг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт нь бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

С.Нямхүү нь Хас Банкны Зуунмод салбарын Захирлаар ажиллаж байхдаа зээл хүсэгчийн орлого буюу түүний эрхэлдэг гэх бизнесийн үйл ажиллагааны судалгааг хийлгүйгээр, зохих журмын шаардлага хангаагүй байхад өөрийн танил хүнээр дамжуулан зээлийн хүсэлтийг хүлээн авч огт бизнес эрхэлдэггүй хүнд бизнесийн зээл олгосон. Ингэхдээ зээлийн хүсэлттэй холбогдуулан барьцаа хөрөнгийг судалгааг өөрөө хийсэн, бизнесийн үйл ажиллагааны газар дээрх судалгааг хийгээгүй байж хамтарсан эрх бүхий зээлийн мэргэжилтний хамтаар зээл олгох шийдвэр гаргасан.

Зээлийн хүсэлт, өргөдлийг өөрөө хүлээн авсан нь буруу, таньдаг Содбаяр гэгч хүнтэй хамтран зээлдэгч Отгонбаатарын хамт уулзсан нь эргэлзээ төрүүлсэн. З.Энхээгийн нэрээр гарсан зээлийг Ц.Отгонбаатар хэрэглэсэн нь тогтоогдсон байдаг. Анхнаасаа зээлдэгч З.Энхээг тээврийн бизнес эрхэлдэггүй болохыг мэдэх ёстой, мэдэх боломжтой байхад зээл олгож алдаа гаргасан. Салбарын захирлын хувьд тухайн салбарт хураагдсан зээлийн хөрөнгийг хамгийн бага эрсдэлтэй эргэлтийг сонгож оруулах үүргээ зөрчсөн.

Энэ байдлаар хөдөлмөрийн дотоод журам, Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам болон холбогдох бусад журмыг ноцтойгоор зөрчих зэргээр Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай Монгол улсын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-ийн дагуу ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж 5.1.3, 5.1.5, 5.1.10, 5.1.11-т заасан зөрчлүүдийг гаргасан болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Нямхүү нь хариуцагч “Хас банк” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

“Хас банк” ХХК-ийн хүний нөөц хариуцсан захирлын 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн В/245 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.8, 15 дугаар зүйлийн 15.7.3, 15.8, 16 дугаар зүйлийн 16.1.8, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3, 3.2.8, 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтуудыг үндэслэн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс С.Нямхүүтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, түүнийг “Хас банк” ХХК-ийн Төв аймгийн Зуунмод салбарын захирлын ажлаас чөлөөлсөн байна.

 

С.Нямхүү энэ тушаалыг эс зөвшөөрч ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлоо 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т нийцсэн тул шүүх гомдол үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэв.

 

“Хас банк” ХХК нь Дотоод аудитын газрын аудиторын албан тушаалд ажиллаж байсан С.Нямхүүг 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Төв аймгийн Зуунмод салбарын захирлын албан тушаалд шилжүүлэн, дадлагажуулан ажиллуулахаар шийдвэрлэж, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 2015 оны 6 дугаар сарын 22-оос 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал 6 сарын дадлагажих хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулсан ба 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс уг албан тушаалд жинхлэн томилжээ.

 

Зохигчдын хооронд дадлагажих 6 сарын хугацаагаар 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, сунгагдаагүй, талууд албан тушаалд жинхлэн томилогдсонтой холбогдуулан дахин шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, талуудын тайлбараар дээрхээс өөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Энэ байдлаас дүгнэхэд С.Нямхүү нь 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш Төв аймгийн Зуунмод салбарын захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байсан гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний 1 хувийг ажилтанд өгөх үүрэг нь ажил олгогчид байдаг бөгөөд энэ үүргээ зөрчсөн нь зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэнийг үгүйсгэх үндэслэл болдоггүй тул шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Тус банканд зээлдэгч Ш.Энхээгийн хүүхдүүд болох О.Буяннэмэх, О.Баярмаа нараас 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлийг эргэн төлөх чадваргүй, санхүүгийн бизнесийн эх үүсвэргүй хүнд зээл олгосон талаарх гомдол ирсний дагуу  банкны дотоод Аудитын газраас шалгалт явуулж, 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Аудитын дүгнэлт, тайлангаар С.Нямхүүг Хас банкны салбар, нэгжийн зээлийн хорооны хурлын ажиллах журмын 3 дугаар зүйлийн 3.13.1.1 “хувийн хэрэг, өргөдлийн бүрдэл бүрэн эсэх”, 3.13.1.3 “зээлийн түүх үнэн зөв эсэх, зээл хүсэгчийн бизнесийн зах зээл болон бүтээгдэхүүнд өгсөн харилцагчийн мэргэжилтний дүгнэлт бодитой эсэх”, 3.13.1.4 “санхүүжилт шаардагдсан шалтгаан үнэн эсэх, төсөв төлөвлөгөө нь бодитой эсэх”, 3.13.1.5 “зээлийн зориулалт журмын дагуу эсэх, холбогдох бичиг баримтаар баталгаажиж буй эсэх”, 3.13.1.6 “Санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа үзүүлэлтүүд шаардлага хангаж буй эсэхийг үнэлэх” зэрэг үүргээ биелүүлээгүй, Хас банкны зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 10.6.10-д “Зээлийн судалгаа дутуу хийсэн, зээлдэгчийн зээл шингээх чадвараас давсан хэмжээний зээл олгосон, зээлийн өргөдөл, судалгааны тэмдэглэл, хяналтын хуудас зэрэг дэх мэдээллийг бичээгүй болон журам, заавар зөрчсөн бусад үйлдэл” гэж, Хөдөлмөрийн дотоод журмын 16.3.14-д “Удирдах ажилтан нь үнэнч шударгаар ажиллах үүргээ ухамсарлаж биелүүлээгүй, удирдан манлайлах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас өөрийн удирдлагад байгаа ажилтнуудад буруу үлгэр дууриалал үзүүлсэн, удирдах ур чадвар, манлайлах үүргээ биелүүлээгүй, хяналтын чиг үүргээ хэрэгжүүлээгүй” гэж, 16.3.15-д “Ажилтны гаргасан ёс зүйн зөрчил нь банкны ажил хэргийн нэр хүнд, хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдлыг бий болгосон” гэж тус тус заасныг зөрчсөн нь баримтаар баталгаажсан гэж дүгнэжээ.

 

Энэ дүгнэлтэд үндэслээд ажил олгогч “Хас банк” ХХК нь ажилтан С.Нямхүүг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1300015422 тоот зээлийн гэрээгээр зээлдэгч З.Энхээ, Ц.Отгонбаатар нарт эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай 35,000,000 төгрөгийн зээлийг олгохдоо өөрийн танил гуравдагч этгээдээр зээлийн харилцааг эхлүүлж, бизнесийн зээл авах шаардлага хангаагүй, үндсэн зээлдэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр зээлийн харилцаанд оролцож байгааг мэдсэн боловч зохих ёсоор шалгаагүй, бизнесийн үйл ажиллагааны талаарх газар дээрх судалгааг хийлгүйгээр бусдын нэр дээр өөр этгээдэд зээл олгож зээлийн үйл ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, зээлийн мэргэжилтний шийдвэр гаргалтын хараат бус байдалд нөлөөлсөн зэрэг үйлдэл, эс үйлдэхүйгээрээ Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3, 4.4, 4.8, 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.5, 5.1.10, 5.1.11, Хас банкны салбар, нэгжийн зээлийн хорооны хурлын ажиллах журмын 3 дугаар зүйлийн 3.13.1.1, 3.13.1.3, 3.13.1.4, 3.13.1.5, 3.13.1.6, Хас банкны зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 10.4.1, 10.4.2, 10.6.10, Хөдөлмөрийн дотоод журмын 8.4.1, 8.5.14, 16.3.3, 16.3.5, 16.3.10, 16.3.11, 16.3.14, 16.3.15 дахь заалтууд буюу хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан гэж үзсэн байна.

 

Аудитын дүгнэлт, тайлангаар баталгаажсан С.Нямхүүгийн зөрчсөн гэх Хас банкны салбар, нэгжийн зээлийн хорооны хурлын ажиллах журмын 3.13 дахь заалтууд нь уг журмын 3.3-т “Хорооны даргын үүргийг банкны салбар, нэгжийн захирал гүйцэтгэнэ” гэж, 3.14-т “...3.12-т заасан үүргийг хорооны дарга, 3.13-т заасан үүргийг хорооны гишүүнээр томилогдсон харилцагчийн мэргэжилтэн гүйцэтгэнэ” гэж тус тус заасны дагуу салбарын захирлын хяналтын үүрэгт хамаарахгүй байх тул шүүх энд заасан зөрчил гаргасан эсэхийг хянах нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзнэ.

 

Хэргийн баримтаар С.Нямхүү нь Хасбанкны Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 10.4.1 “зээлийн хөрөнгө ашиглах буюу зээлдэгчийн нэр дээр зээл авах, бусдын нэрээр өөр этгээдэд, эсхүл өөртөө зээл гаргах, зээлдэгчээс хахууль, журмаас гадуур шимтгэл авах, хувь хүртэх, зээлийн төлбөрийг банкинд тушаалгүй хувьдаа ашиглах, барьцаа хөрөнгийг худалдан борлуулахад хувийн ашиг сонирхлоор хандсан”, 10.4.2 “зээлийн үйл ажиллагааг санаатайгаар буруу, дутуу хэрэгжүүлэх буюу зээлийн судалгаа хийлгүй зээл олгох, зээлийн саналыг санаатайгаар буруу бичих, хуралд худал мэдээлэх, хувийн хэрэг, материалыг хуурамчаар бүрдүүлэх, гэрээ байгуулахгүйгээр зээл олгох, хурлын шийдвэргүй зээл олгосон, зээлийн нөхцөл өөрчилсөн, зээлийн төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад барьцаа хөрөнгийг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлсөн, барьцаа хөрөгийн бичиг баримтыг зээлдэгчид эргүүлэн өгсөн, зээлдэгчийн нэрийг өөрчилсөн, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан” зэрэг А зэрэглэлийн зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Харин уг журмын 10.6.10-т заасан В зэрэглэлийн буюу зээлийн судалгаа дутуу хийж, зээлдэгчийн зээл шингээх чадвараас давсан хэмжээний зээл олгосон зөрчлийг гаргасан болох нь “бизнесийн зээл хүсэгчийн явуулж байгаа бизнесийн үйл ажиллагааг газар дээр нь очиж үзээгүй, бусад төрлийн судалгааг хийсэн” гэх нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсоны зэрэгцээ зээлдэгч З.Энхээд бичил бизнесийн зээлийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгохдоо тухайн зээл хүсэгчийн одоогийн бизнес эрхэлж байгаа туршлагыг З.Энхээ болон “Дрийм Тауэр констракшн” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн “Автомашин түрээслэх тухай” ганц гэрээнд үндэслэсэн нь тус банкны Бичил, жижиг бизнесийн зээлийн журмын 3.2.1-т заасан “...зээл хүсэгч нь тухайн бизнесийг 12 ба түүнээс дээш сарын хугацаанд тогтвортой эрхэлж буй, бизнесийн туршлагатай байх” журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

В/245 дугаар тушаалд заасан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3, 4.4, 4.8, 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.5, 5.1.10, 5.1.11, Хөдөлмөрийн дотоод журмын 8.4.1, 8.5.14, 16.3.3, 16.3.5, 16.3.10, 16.3.11, 16.3.14, 16.3.15 дахь заалтуудыг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл нь банк болон түүнтэй хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж буй ажилтанд хамаарахаар байгаа тул ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсны үндсэн дээр тухайн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журамд заасан дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн харилцааг өөрийн санаачилгаар гэрээ цуцлах замаар дуусгавар болгох боломжтой.

 

Манай тохиолдолд зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул шүүх ажил олгогчийн тушаалд заасан дээрх үндэслэлүүдийг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар талуудын тохиролцож тодорхойлсон ноцтой зөрчил мөн гэж үзэх боломжгүй байна.

 

Үүнээс үүдээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн тушаалыг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Үүний зэрэгцээ нэхэмжлэгч С.Нямхүү нь 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр зээлдэгч З.Энхээ, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Отгонбаатар нарт 35,000,000 төгрөгийн бичил бизнесийн зээлийг олгохдоо Хасбанкны Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 10 дугаар зүйлийн 10.5.10 болон тус банкны Бичил, жижиг бизнесийн зээлийн журмын 3 дугаар зүйлийн 3.2.1-д заасан журмыг зөрчсөн зөрчлийг гаргасан нь тогтоогдсон боловч зөрчил гаргаснаас хойш 7 сар 12 хоногийн дараа буюу 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагавар зэрэгт тохирсон шийтгэлийн хэлбэрийг зөв сонгож хэрэглэсэн гэж үзэхэд учир дутагдалтайн гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т нийцээгүй байна.

 

Иймд шүүх “Хас банк” ХХК-ийн хүний нөөц хариуцсан захирлын 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн В/245 дугаар тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, тухайн тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн С.Нямхүүгийн гаргасан “Хас банк” ХХК-ийн Төв аймгийн Зуунмод салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Ажил олгогч нь хөдөлмөрийн харилцаа бүхий ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамжийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул хүүхэд асрах чөлөөтэй байгаа С.Нямхүүгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан С.Нямхүүг “Хас банк” ХХК-ийн Төв аймгийн Зуунмод салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоосугай. 

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа С.Нямхүүгийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “Хас банк” ХХК-д үүрэг болгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА