Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 1859

 

 

С.Нямхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01762 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Нямхүүгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Хас банк” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Нямхүү,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, М.Жаргалмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Нямхүү нь 2003-2004 онуудад Өвөрхангай аймаг дахь банкны салбарт нягтлан бодогчоор ажиллаж байсан ба 2008 оны 8 дугаар сараас Хас банкны төв албанд тасралтгүй 7 жил Аудитороор ажилласан. Улмаар 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс Төв аймаг дахь Хас банк дахь салбарын захирлаар шилжин ажиллаж, 2016 оны 10 дугаар сараас жирэмсний амралтаа авсан. Тухайн байгууллагад ажиллаж байх хугацаандаа ажлаа үнэнч шударгаар хийж, банкны ажилтны хийсэн ашиглангийн үйлдлүүдийг илрүүлэх, үүссэн эрсдэлийг багасгах, үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар холбогдох газар хэлтэс, салбар нэгжүүдэд зөвлөгөө зааварчилгааг өгч ажиллан Дотоод Аудитын газрын үе үеийн захирлуудад сайшаагдаж ирсэн бөгөөд үндсэн ажил үүрэгтэй холбоотой ажлын хариуцлага алдан сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дотоод Аудитын газрын ахлах аудитор А.Самбуу утсаар холбогдон ирж уулзахыг хүссэн бөгөөд тухайн өдөр очиж уулзсан. Ингэхэд С.Нямхүүг зээл олгож хувь авсан, харилцагч З.Энхээ гэх зээлдэгчийн зээл хэрхэн олгогдсон талаар тодруулж асуусан юм. Мөн С.Нямхүүг авилга авсан хэрэгт холбогдсон, уг зээлийн хамтран зээлдэгч Д.Отгонбаатар гэх этгээд нь хил гарч ор сураггүй алга болж зээл эрсдсэн, харилцагчтай бүлэглэн зээл гаргаж, мөнгө авсан үүнийг шалгуулахаар цагдаад өгсөн тухай хэлж, С.Нямхүүг авилга аваагүй гэдгээ холбогдох байгууллагад өөрөө нотлоорой гэж хэлсэн. С.Нямхүү Хас банкны зээл олгох журмын дагуу зээлдэгч З.Энхээ гэгчид зээл олгосон бөгөөд зээлдэгч 2017 оны 1 дүгээр сард зээлээ бүрэн төлж дуусгасан. 2017 оны 02 дугаар сарын 14-ний орой 17 цагийн үед Хас банкны хүний нөөц хариуцсан мэргэжилтэн холбогдож, маргааш өдөр ирж уулз гэж дуудсан. Маргааш нь буюу 02 дугаар сарын 15-ны өдөр очиж уулзахад 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн В\245 дугаартай ажлаас халсан тушаал танилцуулсан. В\245 дугаар тушаалын агуулгыг харж байхад С.Нямхүүг зээлдэгчтэй хувийн харилцаа тогтоосон, бусдын нэр дээр өөр этгээдэд зээл олгосон үйлдлийн улмаас Банкны ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, эрх зүйн актад заасан үйл ажиллагааг зөрчсөн үүний улмаас Цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүссэн тухай дурдаж тушаалынхаа гол үндэслэл болгосон байна. Гэвч өнөөдрийн байдлаар С.Нямхүүд холбогдуулж цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан үйлдэл, үйл ажиллагаа байхгүй тул ажил олгогчийн энэхүү ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй. Хас банк нэхэмжлэгчийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зээл олгохдоо хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэж, зөрчлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр илрүүлснээр тооцож, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хуульд заасан 1 сар, 6 сарын хугацаа өнгөрсний дараа ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчсөн. Мөн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дууссан байхад сунгаагүй байж хөдөлмөрийн гэрээгээр тухайлан заасан зөрчил гаргасан гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д нийцээгүй, мөн жирэмсний амралтаа авсан, ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны гэрээг цуцласан нь мөн зүйлийн 40.3-т нийцээгүй. Иймд С.Нямхүүг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт нь бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Нямхүү нь Хас банкны Зуунмод салбарын захирлаар ажиллаж байхдаа зээл хүсэгчийн орлого буюу түүний эрхэлдэг гэх бизнесийн үйл ажиллагааны судалгааг хийлгүйгээр, зохих журмын шаардлага хангаагүй байхад өөрийн танил хүнээр дамжуулан зээлийн хүсэлтийг хүлээн авч огт бизнес эрхэлдэггүй хүнд бизнесийн зээл олгосон. Ингэхдээ зээлийн хүсэлттэй холбогдуулан барьцаа хөрөнгийг судалгааг өөрөө хийсэн, бизнесийн үйл ажиллагааны газар дээрх судалгааг хийгээгүй байж хамтарсан эрх бүхий зээлийн мэргэжилтний хамтаар зээл олгох шийдвэр гаргасан. Зээлийн хүсэлт, өргөдлийг өөрөө хүлээн авсан нь буруу, таньдаг н.Содбаяр гэгч хүнтэй хамтран зээлдэгч Ц.Отгонбаатарын хамт уулзсан нь эргэлзээ төрүүлсэн. З.Энхээгийн нэрээр гарсан зээлийг Ц.Отгонбаатар хэрэглэсэн нь тогтоогдсон байдаг. Анхнаасаа зээлдэгч З.Энхээг тээврийн бизнес эрхэлдэггүй болохыг мэдэх ёстой, мэдэх боломжтой байхад зээл олгож алдаа гаргасан. Салбарын захирлын хувьд тухайн салбарт хураагдсан зээлийн хөрөнгийг хамгийн бага эрсдэлтэй эргэлтийг сонгож оруулах үүргээ зөрчсөн. Энэ байдлаар хөдөлмөрийн дотоод журам, зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам болон холбогдох бусад журмыг ноцтойгоор зөрчих зэргээр хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж 5.1.3, 5.1.5, 5.1.10, 5.1.11-т заасан зөрчлүүдийг гаргасан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан С.Нямхүүг Хас банк ХХК-ийн Төв аймгийн Зуунмод салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа С.Нямхүүгийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Хас банк ХХК-д үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг маргааны хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, мөн тус хуулиас хэрэглэх ёсгүй заалтыг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн буюу зохих ёсоор үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ сунгагдсанд тооцох зохицуулалтыг шүүх хэрэглээгүй. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй учир хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлгүй гэж үзсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасныг хэрэглээгүй. Талууд тухайн хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн тус зохицуулалтын хүрээнд автоматаар хугацаа сунгагдсанд тооцож гэрээг дагаж мөрдөж ажилласан болох нь нотлох баримт, хавтаст хэргийн хүрээнд тогтоогдож байхад тус хуулийн заалтыг хэрэглээгүйн улмаас шүүх маргааныг хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаалыг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл болсон. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэрээг байгуулаагүй гэж үзэж байгаа эсэх, гэрээгүй байж халсан гэж үзэж байгаа эсэх талаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс маргаагүй буюу хүлээн зөвшөөрдөг.

Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж шүүхийн шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэр үндэслэх хэсэгтээ "Манай тохиолдолд зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул шүүх ажил олгогчийн тушаалд заасан дээрх үндэслэлүүдийг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар талуудын тохиролцож тодорхойлсон ноцтой зөрчил мөн гэж үзэх боломжгүй байна. Зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй гэдэг нь тийм гэрээ огт байхгүй байхыг ойлгох бөгөөд өмнө бичгээр байгуулсан гэрээтэй, харин дадлагажих хугацаа дууссантай холбоотойгоор хугацааг сунгаагүй боловч, талууд бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээг харилцан цуцлах талаар санал гаргаагүй буюу байгуулсан нөхцлөөр сунгагдсанд тооцогдсон байхад дээр дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг иш татаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч С.Нямхүү нь хариуцагч Хас банк ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүү мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч С.Нямхүүг Хас банк ХХК-ийн хүний нөөц хариуцсан захирлын 2017 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн В/245 тоот тушаалаар зээлийн үйл ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, зээлийн мэргэжилтэнд тухайн харилцагчийг өөрийн таньдаг, хамаарал бүхий этгээд мэтээр ойлгуулах нөхцлийг бүрдүүлэн, шийдвэр гаргах хараат бус байдалд нөлөөлсөн зэрэг үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан гэжээ.                                                                  /хх-13 дугаар тал/

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Хас банк” ХХК-ийн Төв аймгийн Зуунмод салбарын захирлын албан тушаалд 6 сарын хугацаагаар дадлагажих ажилтнаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр уг албан тушаалд жинхлэн томилсон үйл баримт хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс Төв аймгийн Зуунмод салбарын захирлаар ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй боловч талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн тул тэдгээрийн хооронд үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх үндэслэлтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Хариуцагч байгууллагад тус банкны зээлдэгч З.Энхээгийн хүүхдүүд “зээл төлөх чадваргүй, санхүү бизнесийн эх үүсвэргүй хүнд зээл олгосон талаар” гомдол ирүүлсэнийг банкны Дотоод аудитын газраас шалгалт явуулж нэхэмжлэгч С.Нямхүүг Хас банкны салбар нэгжийн зээлийн хорооны хурлын ажиллах журам, Хас банкны зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам, Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн нь баримтаар баталгаажсан гэж тайландаа дүгнэжээ.

 

Ажил олгогч нь дээрх харилцагчийн гомдол, Төв аймаг дах цагдаагийн газрын албан бичиг, банкны дотоод аудитын тайланг үндэслэн ажилтныг ажлаас халсан тушаалаа өөрийн танилаар дамжуулан бизнесийн зээл авах ажлыг эхлүүлсэн, зээл авах шаардлагыг хангаагүй, зээл авах бичиг баримт зөрүүтэй байгааг шалгаагүй, бизнесийн үйл ажиллагааны талаар судалгаа хийлгүйгээр бусдын нэр дээр зээл олгож зээлийн үйл ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, зээлийн мэргэжилтэнд тухайн харилцагчийг таньдаг хамаарал бүхий этгээд мэтээр ойлгох нөхцөлийг бүрдүүлэн, шийдвэр гаргалтын хараат бус байдалд нөлөөлсөн эс үйлдэхүйгээрээ Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3, 4.4, 4.8, 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.5, 5.1.10, 5.1.11 Хас банкны салбар нэгжийн зээлийн хорооны хурлын хурлын ажиллах журмын 3 дугаар зүйлийн 3.13.1.1, 3.13.1.3, 3.13.1.4, 3.13.1.5, 3.13.1.6, Хас банкны зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 10 дугаар зүйлийн 10.4.1, 10.4.2, 10.6.10, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.1, 8.5.14, 16 дугаар зүйлийн 16.3.3, 16.3.5, 16.3.10, 16.3.11, 16.3.14, 16.3.15 дахь заалтуудыг зөрчиж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж тушаалынхаа үндэслэлийг заажээ.

 

Хас банкны Дотоод аудитын тайлангаар баталгаажсан С.Нямхүүгийн зөрчсөн гэх Хас банкны салбар нэгжийн зээлийн хорооны хурлын ажиллах журмын 3.13 дахь заалтууд салбарын захирлын хяналтын үүрэгт хамаарахгүй тул талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болсон байна.

 

Мөн Хас банкны Зээлийн үйл ажиллгааны ерөнхий журмын 10.4 дэх заалтуудыг С.Нямхүү зөрчиж “зээлдэгчээс хахууль авсан, зээл хүсэгчийн орлого түүний эрхэлдэг бизнесийн үйл ажиллагааны судалгааг хийлгүйгээр зээл олгосон” гэх зөрчлийг С.Нямхүү гаргасан нь тогтоогдоогүй талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Дээрх журмын 10.6.10-т заасан зээлийн судалгаа дутуу хийж, зээлдэгчийн зээл шингээх чадвараас давсан хэмжээний зээл олгосон нь Бичил жижиг бизнесийн зээлийн журмын 3.2.1-д заасныг зөрчсөн нь ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Учир нь дээрх зөрчлийг гаргаснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан 6 сарын хугацаа өнгөрсөн талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Ажилтны ноцтой зөрчил гаргасан үндэслэлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байхыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ба хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй тул түүний гаргасан гэх зөрчлийг ноцтой зөрчилд хамааруулж үзэхгүй.

 

Иймд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Нямхүүг хариуцагч Хас банк ХХК-ийн Төв аймгийн Зуунмод салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож, хүүхэд асрах чөлөөтэй байгаа С.Нямхүүгийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Хас банк ХХК-д үүрэг болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул ажил олгогчийн тушаалд заасан үндэслэлүүдийг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар талуудын тохиролцсон ноцтой зөрчил гэж үзэхгүй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ сунгагдсанд тооцох зохицуулалтыг шүүх хэрэглээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01762 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ