Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2019/00545

 

Б.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/02758 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2430 дугаар магадлалтай,

Б.М-гийн нэхэмжлэлтэй,

М.Э, Э.Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 194.612.765 төгрөг гаргуулах, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М-, түүний өмгөөлөгч М.Хувцагаан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Э, Э.Б нартай 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 200.000.000 төгрөгийг, сарын 1,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60б байрны 4 тоот хаягт байрлах 173 м.кв талбайтай орон сууцыг гараашийн хамт барьцаалсан. Уг гэрээг нотариатаар гэрчлүүлж, бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Энэ өдрөөс хойш хариуцагч М.Э 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд 22.507.000 төгрөгийг төлсөн. Хариуцагч нар 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр үндсэн зээл 200.000.000 төгрөг, 6 сарын хүү 18.000.000 төгрөг, нийт 218.000.000 төгрөг төлөх ёстой байсан. Хариуцагч нар 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн төлөгдөөгүй үлдэгдэл 208.850.000 төгрөгийн хоногийн алданги 1.044.250 төгрөг болох бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 62 хоног хугацаа хэтрүүлсний алданги /1.044.250 төгрөг *62 хоног/ 64.743.500 төгрөг дээр үндсэн үүрэг 208.850.000 төгрөгийг нэмж нийт 273.593.500 төгрөг болно. Үүнээс 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 111.650.000 төгрөгийг хасахад 161.943.500 төгрөг болно. Уг мөнгөний хоногийн алданги 809.717,5 төгрөг бөгөөд 38 хоногоор бодоход 32.669.265 төгрөг дээр үндсэн зээлийн үлдэгдэл 161.943.500 төгрөг, нийт 194.612.765 төгрөгийг нэхэмжилнэ.

Мөн Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Э, Э.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр М.Э, түүний хүү Э.Б нар нэхэмжлэгч Б.М-тай зээлийн гэрээ байгуулсан. Гэхдээ уг гэрээний дагуу 200.000.000 төгрөг аваагүй, 110.000.000 төгрөг авсан. 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 110.000.000 төгрөгийг хүүгийн хамт буцааж төлсөн. Харин 110.000.000 төгрөгийн 1,5 хувийн хүү 1.650.000 төгрөг болох бөгөөд 6 сарын хүү 9.900.000 төгрөг дээр үндсэн зээл 110.000.000 төгрөгийг нэмэхэд 119.900.000 төгрөг болно. Уг мөнгөнөөс 122.507.000 төгрөгийг хасч 2.607.000 төгрөг болно. Бид 2.607.000 төгрөгийг алдангид төлсөн гэж үзэж байгаа. Хэргийн 10 дугаар хуудасны ард буюу 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн барьцааны гэрээний 8 дугаар зүйлд нэмэлт нөхцөл гэсэн заалтанд ...9 дүгээр сарын 04-ний өдөр 110.000.000 төгрөг буцаан олгосон гэсэн бичилт байдаг. Нэхэмжлэгч Б.М- өөрөө энэ бичилтийн дор мөнгийг авсан гэж гарын үсгээ зурсан. 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 15.000.000 төгрөг, 96.650.000 төгрөг, нийт 111.650.000 төгрөгийг Б.М- дансаар хүлээн авсан. Талууд тохироод 110.000.000 буцаан олгосон гэж гарын үсгээ зурцгаасан. 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломжтой. Талууд энэхүү зээлийн гэрээг 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1.065.000 юанийн зээлийн гэрээ мэтээр өөрчилж сунгасан. Улмаар энэ юанийн зээлийн гэрээний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Өөрсдөө үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж явсаар 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ шаардах хугацаа өнгөрсөн. 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон учраас барьцааны гэрээг талууд харилцан тохирч дуусгавар болгосон. М.Эын дүү М.Саруулын 1.000.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан зүйлгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/02758 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М.Э, Э.Б нараас 77.493.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 117.119.765 төгрөгт холбогдох хэсгийг болон 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.201.214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Э, Э.Б нараас 545.415 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2430 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/02758 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...56 дугаар зүйлийн 56.5” гэснийг “...281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6...” гэж, “...77 493 000...” гэснийг “...128 162 165...” гэж, “...117 119 765...” гэснийг “...66 450 600...” гэж, 2 дах заалтад “...545 415...” гэснийг “...798 761...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 747.549 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.М-, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2430 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр үндсэн зээл, хүүгийн хамт 218.000.000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч хүүнд 9.850.000 төгрөг төлж цаана нь 208.150.000 төгрөг үлдсэн учраас гэрээний 3-т зааснаар хоногийн 0,5 хувиар 1.040.750 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 04-нийг хүртэл 31 хоног /31х1.040.750 =32.263.250/ төгрөгийг алдсан ба үндсэн зээл, хүү, алдангийн хамт энэ өдөр 240.413.250 төгрөг төлөх байсан. 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 1.707.000 төгрөг төлсөн учир 240.413.250-1.707.000=238.706.250 төгрөг үлдэж байна. Гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар хэтэрч болохгүй гэсэн хуулийн заалтыг удирдлага болгон 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 15.5 хувиар алдангид 32.663.250 төгрөг 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 31 хоног буюу 15.5 хувийн алданги болох 36.999.468 төгрөг болж байгаа бөгөөд хариуцагч 2014.9.04-ний өдөр төлөх төлбөрөөс 164.055.718 төгрөг дутуу төлсөн учраас 38 хоногийн алданги /164.055.718+31.170.586=195.226.304/ төгрөгөөс 128.162.165 төгрөгийг хасаад үлдэгдэл 66.450.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/02758 дугаар шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 сарын 07-ны өдрийн 2430 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хариуцагч М.Э нь Б.М-гаас 110.000.000 төгрөг хүлээн авсан болохоо зөвшөөрөх бөгөөд уг мөнгийг хүүгийн хамт 122.507.000 төгрөг төлж гэрээг дуусгавар болгосон байдаг. 110.000.000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан гэж тооцоход 6 сарын хүү нийт 9.900.000 төгрөг болох бөгөөд 2014 оны 07 сарын 02-ны өдрийн байдлаар 9.150.000 төгрөгийн хүү төлсөн байдаг. 2014 оны 07 сарын 03-ны өдөр гэхэд үндсэн зээл 110.000.000 төгрөг, хүү 750.000 төгрөгийн үүрэг гүйцэтгээгүй байна. Уг үүргээс 2014 оны 08 сарын 04-ний өдөр 1.707.000 төгрөг, 2014 оны 09 сарын 04-ний өдөр 15.000.000, 96.650.000 төгрөг нийт 113.357.000 төгрөг төлж 110.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дууссан талаар 2 талаас гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/02786 дугаар шийдвэртэй, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 43 дугаар магадлалтай иргэний хэрэгт шүүх мөнгийг бодитойгоор хүлээлгэн өгөөгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэр магадлал хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа нэхэмжлэгч Б.М- нь өмнөх гэрээ буюу 2014 оны 01 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардахдаа уг бэлнээр хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байсан 1.065.000 юаныг бэлнээр хүлээлгэн өгөөгүй гэж илт зөрүүтэй тайлбар хийдэг. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б.М- нь зээлийн үйл ажиллагааг байнга эрхэлдэг этгээд гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд Голомт банкны дансны хуулгаар ойр дотны хүмүүсээс орж ирсэн мөнгө байгаа гэх тайлбараас банк зээлийн үйл ажиллагаа тогтмол эрхэлдэг этгээд гэж үзэх боломжгүй гэж тайлбарлан Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Шүүх хуралдаан дээр Голомт банкны дансны хуулгыг нэг бүрчлэн судалсан бөгөөд төрөл садангийн хүнээс орлого орж ирсэн гэж нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хариуцагч Эрхэмбаяр нь мөн адил Минжмаагийн төрөл садангийн хүн болон найз нөхөд биш болно. Уг гэрээ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг зөрчиж байгуулсан гэрээ болох нь тогтоогдож байна. Иймд тусгай зөвшөөрөлгүйгээр зээлийн гэрээ байгуулж 110.000.000 төгрөгийн зээл олгосон гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Б.М- нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр нэхэмжлэл гаргаж, хариуцагч М.Э, Э.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 194.612.765 төгрөг гаргуулах, үүрэг дуусгавар болгох тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлага гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлээс татгалзахдаа “...нэхэмжлэгч хууль бусаар мөнгө хүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг, ...зээлсэн 110.000.000 төгрөгийг бүрэн төлсөн” гэсэн тайлбар гаргаж маргажээ.  

Зохигчийн хооронд 2014 оны 1 дүгээр сарын 3-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 200.000.000 төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 3-ний өдөр хүртэл хугацаанд сарын 1.5 хувийн хүүтэй зээлэх, зээл төлөх хугацааг  хэтрүүлсэн  хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирчээ. Түүнчлэн талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 19  дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60б байрны 4 тоотын 173 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан байна /хэргийн 8, 10 дугаар тал/.

Анхан шатны шүүх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дах заалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэснээс зээлийн төлбөр нэхэмжилсэн  шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх ба зээлийн төлбөрт 122.507.000 төгрөг төлсөн талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрчээ.

Харин нэхэмжлэгч нь гэрээнд заасан 200.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн эсэх, тэрээр хүү, алданги шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.   

Талууд хүү, алданги тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3., 232 дугаар зүйлийн 232.3.-т заасан шаардлагад нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-т “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж заасан, хариуцагч М.Э нь нэхэмжлэгчээс 200.000.000 төгрөг зээлсэн үүнээс 110.000.000 төгрөгийг өөрөө,  90.000.000 төгрөгийг дүү Саруул хэрэглэсэн талаар тайлбар гаргаж байсан нь хэрэгт авагдсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 2786 дугаар шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ /хэргийн 46-54 дүгээр тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд “...200.000.000 төгрөг аваагүй” гэх тайлбараа  хариуцагч нотолж чадаагүй байна.  

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-т “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасан, зээлийн гэрээнд хариуцагч нарыг зээлдэгч гэж тодорхойлсон, тэдгээр нь гэрээнд гарын үсэг зуржээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, “...гэрээний хугацаа дуусахад хариуцагч нар зээлийн төлбөрт 218.000.000 төгрөг төлөхөөс 122.507.000 төгрөг төлж, үлдэх 95.493.000 төгрөг төлөөгүй гэж үзэн, үүн дээр алдангид нэхэмжилсэн 32.669.265 төгрөгийг нэмж хариуцагч нараас 128.162.165 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6.-т заасныг зөрчөөгүй байна.

Үүрэг дуусгавар болгох тухай 2015 оны 7 дугаар сарын 28-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шүүх үндэслэл бүхий  дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн төлбөр гаргуулах шаардлагын агуулгыг “...зээлийн үлдэгдэл 161.943.500 төгрөг, 38 хоногийн алданги 32.669.265 төгрөг нийт 194.612.765 төгрөг” гэж тодорхойлсон, давж заалдах шатны шүүх алдангийг нэхэмжилсэн хэмжээнд тооцсоныг буруутгах боломжгүй.  

Түүнчлэн нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагааг байнга эрхэлдэг гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй тул хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.  

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2430 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М-, түүний өмгөөлөгч М.Хувцагаан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг нарын гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 490.203 төгрөг, хариуцагчаас 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 798.800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ