Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 19

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “З” ХХК-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Ц сумын Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” А/127 дугаар захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “З” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” А/127 дугаар захирамжийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр олж мэдээд бидний зүгээс Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дэх хэсэгт заасны дагуу сумын Засаг даргын дээр дурдсан захирамжийг хүчингүй болгуулахаар аймгийн Засаг даргад хандан 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу бичгээр өгөөгүй. 

А аймгийн Ц сумын Засаг дарга 2009 онд Р.Э-д Ц сумын Алтан-Овоо багийн Халуун-Ус гэх газарт 2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон байсныг сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох тухай А/90 дугаар захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн байдаг. Түүнд олгосон газар эзэмших эрхийг тухайн эзэмшиж байгаа газрын төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, бусад иргэн, аж ахуй нэгж байгууллагын газартай давхцсан гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байсан. 

Р.Э-н зүгээс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 109/ШШ2017/0041 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байсан. Уг эвлэрсэн захирамжийн дагуу Р.Э нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас гаргуулан улмаар өөрт нь анх газар олгосон хууль зөрчсөн, хууль бус захирамжийг сэргээх тухай захирамжийг гаргуулан авсан байна. 

Дээрх эвлэрлийг баталсан захирамжаар бодит байдалд Ц сумын Засаг дарга нь ашиг сонирхлыг зөрчил бүхий нөхцөл байдалд албан тушаалаа урвуулан ашиглах замаар Р.Э-тэй “Эвлэрлийн гэрээ”-г байгуулсан гэж үзэхээр байгаа юм. Түүний гол зорилго нь ямар нэгэн байдлаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу гаргуулан авч уг газрыг бусдад худалдах, эсхүл бидний нүүдэллэн ирсэн газарт жуулчны баазын үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаа юм. Учир нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Р.Э-н хүүхдүүд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Б.М, хэсгийн төлөөлөгч зэрэг хүмүүс портероор гэр, хашааны банз ачиж ирэн манай компанийн эзэмшилд байгаа жимс жимсгэний газартай давхцуулан хашаа, гэрээ барих гэж байхад нь бид таслан зогсоосон. 

Дээрх эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжинд дурдсанаар: “...бусад иргэн аж, ахуй нэгж байгууллагын газартай давхцуулалгүйгээр газар олгох... ” талаар дүгнэсэн байхад сумын Засаг дарга хүчингүй болгосон захирамжаа буцаан сэргээж байгаа үйлдэл нь хууль бус байх ба холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байна. 

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан “...тухайн эзэмшиж байгаа газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, бусад иргэн, аж ахуй нэгж байгууллагын газартай давхцсан...” гэж заасан бөгөөд А аймгийн Ц сумын Засаг дарга өмнөх захирамжаа буцаан сэргээсэн нь Р.Э-н газрын тухай хууль, газар эзэмших, ашиглуулах гэрээг зөрчсөн хууль бус үйлдэл, үр дагавар нь арилаагүй байна. 

Иймд А аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” А/127 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З” ХХК-иас А аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. “З” ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүсгэн байгуулагчдын ихэнх нь уг газар гурван үеэрээ амьдарч ирсэн. 2011 онд А аймгийн Ц сумын Засаг даргын захирамжаар тус сумын Алтан-Овоо баг, Халуун-Усны рашаанд аялал жуулчлал болон жимс жимсгэний зориулалтаар тус тус 2 га газар эзэмшүүлсэн байдаг. Энэ хугацаанд сумын Засаг даргатай газар эзэмших гэрээ байгуулж, газрын төлбөрийг цаг тухайд нь төлж ирсэн.

Иргэн Р.Э-н газрын тухайд, анх 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн Д.С-т А аймгийн Ц сумын нутаг дэвсгэрт 40*50 метрийн хэмжээтэй газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, Д.С нь 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр газар худалдах, худалдан авах гэрээгээр Р.Э-д уг газрыг шилжүүлсэн байдаг. Улмаар А аймгийн Ц сумын Засаг даргын 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр захирамжаар Р.Э-д газар эзэмших эрх олгосон байна.

Гэвч А аймгийн Ц сумын Засаг дарга 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/90 дүгээр захирамжаар аялал жуулчлал, үйлчилгээний зориулалттай эзэмшиж буй газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр болон түүнээс дээш жил ашиглаагүй гэх үндэслэлээр Р.Э-д эзэмшүүлсэн аялал жуулчлалын зориулалттай газрыг хүчингүй болгосон. Дээрх захирамжид холбогдуулан иргэн Р.Э-с тус аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нар эвлэрсэн байдаг. Уг эвлэрлийн гэрээндээ бусад иргэн, аж ахуй нэгжийн газартай давхцуулахгүйгээр газар эзэмшүүлэх талаар тохиролцсоныг шүүх баталгаажуулсан. Гэтэл уг гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг А аймгийн Ц сумын Засаг дарга биелүүлэхдээ А/127 дугаартай захирамжаар Р.Э гэдэг хүнд олгосон байсан газар эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргасан. Маргаан бүхий А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах хоёр үндэслэл байна. 

Нэгдүгээрт, бусад иргэн, аж ахуй нэгжийн газартай давхцуулалгүйгээр шинээр захиргааны акт гаргана гээд шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталчихсан байхад өмнө олгосон захирамжийг сэргээсэн байна. Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийг сэргээж байгаа нь шүүгчийн захирамжийн биелэлт хангагдахгүй гэж үзэхээр байна. 

Хоёрдугаарт, маргаан бүхий А/127 дугаар захирамжаар газрын байршлыг тодорхой заагаагүй, энэ захирамжийн дагуу Р.Э нь “З” ХХК-ий жимс жимсгэний зориулалттай олгогдсон талбай бол миний газар, та нар миний газар дээр үйл ажиллагаа явуулаад байна, би газраа авмаар байна гэх зэргээр хууль бус шаардлага тавьдаг. Нөгөө талаар танай хашаа ямар үнэтэй юм бэ, би мөнгийг нь өгье гэх зэргээр маргаан үүсгэдэг. Үүнээс үзэхэд, Р.Э-н газар эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргаснаараа “З” ХХК-ий эрх ашгийг хөндөх нөхцөл байдаг үүссэн. Хэрэгт байгаа нотлох баримтуудаас үзэхээр 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Р.Э-ийн газрын кадастрын зураг гарсан байна. Энэ зургийг харахаар “З” ХХК-ий газартай давхцуулаад газар олгочихсон байдаг. Энэ зургийг Архангай аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас өгсөн. Хэрвээ манайх газраа чөлөөлж өгөхгүй юм бол гол горхитой хязгаарлалтын бүс болон “З” ХХК-ий жимс жимсгэний зориулалттай газартай давхцуулан хашаа татах нөхцөл байдал үүсээд байна. Иймд анхнаасаа сэргээх ёсгүй байхад сэргээсэн байна, уг захирамж нь бусдын эрх ашгийг хөндөж байгаа учраас А аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны А/127 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмнө сумын Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс өөрсдийн дур зоргоор хуулийг тайлбарлаж хэрэглэдэг, тэр байдлаасаа болоод зарим нэг хүн, тухайлбал, гуравдагч этгээдээр оролцож байгаа Р.Э гэдэг хүнээс хамааралтай болсон дүр зураг харагдаж байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан гэрч Д.С, газрын даамал Т.М нарын мэдүүлгээс харагдаж байгаа. Мөн газрын албанаас газрын хувийн хэргүүд ирсэн байдаг. Хувийн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Р.Э гэдэг хүн хаана ямар байршилд ямар газар эзэмшиж байсан нь тодорхойгүй байгаа. Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа таван компани байгаа, эдгээр компаниуд эсэргүүцэхээр өөр айлын газар дээр хашаа барьчихдаг, малчид нь өвөлжөө, хаваржааны гэрчилгээтэй гээд эсэргүүцэхээр цагдаад өгөөд зөрчлийн хэрэг үүсгүүлчихдэг, энэ мэтийн  сөрөг үр дагавар үүсгэж байгаа үндэслэл нь юу вэ гээд үзэхээр эвлэрийг баталсан шүүгчийн захирамжид заасан агуулгыг буруу хэрэглэснээс болсон гэж үзэж байна. 

Өөрөөр хэлбэл, бусдын эзэмшил газартай давхцуулалгүйгээр газар эзэмшүүлнэ гэж заасан байхад давхцуулалгүйгээр олгохгүйгээр өмнө хүчингүй болгосон захирамжаа сэргээсэн нь ийм үр дагаврыг үүсгэж байна. Хариуцагчийн хариу тайлбартай танилцсан, А/127 дугаар захирамж нь үндэслэлтэй, Р.Э нь хуулийн дагуу эзэмшиж байгаа, газрын төлбөрөө төлсөн гэж тайлбарлаж байгаа. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахаар Р.Э нь ямар хугацаанд газрын төлбөрийг төлж байсан, хаана байршилтай болох, кадастрын зураг нь хэзээ, хаана гарсан зэрэг нь тодорхойгүй байдаг. 

Сүүлд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш кадастрын зураг гаргаж өгсөн байсан, энэ газар нь “З” ХХК-ий урд 40*50 метрийн хэмжээтэй газар наагаад зурсан байсан. Гэтэл энэ хэсэгт газар олгох боломжтой эсэхийг судлаагүй, гол горхи, рашааны голдирол, хориглолт хязгаарлалтад орсон юм уу, үгүй юм уу энэ асуудлыг судлаагүй. 

Тухайн орон нутагт аялал жуулчлалын бүс тогтоох асуудал нь Байгал орчны яамны бүрэн эрхэд хамаардаг, гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар сумын засаг даргад ийм эрх байхгүй, Халуун-Усны рашааны нөөц, хүчин чадлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох шаардлагатай байгаа, уг рашааны ундарга жилээс жилд багасаж байгаа талаар нутгийн иргэд ярьж байна. Гэтэл ямар ч тооцоо судалгаагүйгээр аялал жуулчлалын зориулалтаар газар олгож байгаа нь асуудал байна. Рашаан ашиглуулахаар газар өгөөд байгаа юм бол энэ рашааныг ашиглуулах талаар ямар нөөц бололцоо байгааг мэргэжлийн хяналтын байгууллага ч юм уу, мэргэжлийн байгууллагаар тогтоолгох хэрэгтэй, үүний сөрөг үр дагавар нь байгаль орчинд хор хохиролтой. Усны тухай хуульд сумын Засаг даргын бүрэн эрхийг заасан байдаг, иргэн, аж ахуй нэгж байгууллагатай рашаан ашиглуулах талаар гэрээ байгуулж, биелэлтэд нь хяналт тавих гэж заасан, хяналт тавин үүрэг нь сумын Засаг даргад байна. Яаж хяналт тавьж байгаа тооцоо судалгааны үндэслэлтэй байх ёстой. Ийм тооцоо судалгаагүйгээр аялал жуулчлалын зориулалттай газар олгоод байгаа асуудлыг дур зоргоороо байна гэж хэлээд байна. Сумын газрын даамал тухайн газрыг эзэмшүүлэх эсэх асуудлыг судлаад, энд олгох боломжтой байна гэж үзвэл Засаг даргад мэдэгдэх ёстой байтал, шүүгчийн захирамжийг үндэслээд хүчингүй болгосон захирамжаа сэргээсэн байна. Шүүгчийн захирамж нь сэргээ гэдэг утгаар захирамж гаргаагүй, бусад иргэн, аж ахуйн нэгжийн газартай давхцуулахгүй олгоно гэсэн эвлэрлийг л баталсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.  

Хариуцагч А аймгийн Ц сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын Алтан-Овоо багийн Халуун усанд 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 0223601 дугаартай эрхийн гэрчилгээг 2015 оны 10 дугаар сарын 27-ний өдөр хүчингүй болсныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 109/ШШ2017/0041 тоот захирамжийн дагуу сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн А/127 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сэргээж аялал жуулчлалын зориулалтаар Алтан нутаг аялал жуулчлалын баазын дээд талд хил заагийг тогтоон тэмдэглэж газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн. А аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн А/127 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сэргээсэн нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Р.Э-н газар эзэмших эрхийг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019/ШШ2017/0041 дүгээр захирамжийг үндэслэн сэргээсэн. “З” ХХК-ийн жимс жимсгэний зориулалттай газрын тухайд, анх тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, Алтан овоо багийн нутагт гэснийг Халуун усанд гэж газар эзэмших эрхийг гэрчилгээ бичүүлсэн байдаг. Маргаан бүхий А/127 дугаар захирамжийг гаргахдаа захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШШ2017/0041 дүгээр шүүгчийн захирамжийг үндэслэсэн гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “ ... Р.Э нь 5, 6 жил Оросын Холбооны Улсад эмчилгээ хийлгээд ирсэн хүн байдаг, одоогоор бүрэн сайн ярьж чаддаггүй, иймд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, хоёрдугаарт Р.Э-д газар эзэмшүүлэхдээ бусад иргэн, аж ахуй нэгжийн газартай давхцуулалгүйгээр газар эзэмшүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан байдаг, нэхэмжлэгчээс газрын байршлыг тодорхой заагаагүй гэж байна, Тухайн үеийн кадастрын зурагт дөрвөн цэгийн координатыг зааж өгдөггүй байсан үе, одоо л геодезийн хэмжилт хийгээд, кадастрын зураг хийгээд баталгаажуулдаг болсон. 

“З” ХХК-ийн газартай давхцсан гэж ярьж байна. “З” ХХК-ийн эзэмшиж буй газар анхнаасаа хууль зөрчсөн учраас маргаан дагуулаад байгаа. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас гарсан баг бүрэлдэхүүн бүрэн шалгалт хийхэд “З” ХХК-ий зөрчил илэрсэн байдаг. Энэ нь 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 173 дүгээр захирамжийг үндэслэн “З” ХХК-д 2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгожээ. Гэтэл энэ захирамж нь иргэн Б.Ц-с “З” ХХК-д нарийн ногооны зориулалттай 1 га газрыг эзэмшүүлэх захирамж байсан. Энэ нарийн ногооны зориулалтаар эзэмшүүлэх захирамжийг хууль бусаар аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлэх 2 га газар болсон. “З” ХХК анхнаасаа хууль зөрчиж уг газрыг авсан.

Мөн газар давхцсан гэж яриад байна. Гэтэл аль нэг иргэн, аж ахуй нэгжийн газартай давхцуулалгүй “З” ХХК-ий баруун талд гаргаж байгаа ганц байршил нь энэ. Манайх хууль ёсны дагуу эвлэрлийн гэрээгээр байгуулсан газар дээрээ үйл ажиллагаа явуулах гэж байгаа, 2006 оноос хойш Р.Э-г эсэргүүцэж байсан ганц жуулчны бааз нь “А”, өөрсдөө мөн газар эзэмших эрхээ хууль бусаар авсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж байна. А аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн А/127 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Зг” ХХК-иас А аймгийн Ц сумын Засаг даргад холбогдуулан “А аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” А/127 дугаар захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан сумын  Засаг даргад холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй. 

 

Нэхэмжлэгчээс маргаан бүхий А/127 дугаар захирамж нь хууль бус, учир нь  “ ... тус шүүхийн 109/ШШ2017/0041 дүгээр захирамжаар бусад иргэн, аж ахуй нэгжийн газартай давхцуулалгүйгээр газар олгох талаар дурдсан байхад өмнө хүчингүй болгосон захирамжаа сэргээсэн ... А/127 дугаар захирамжаар газрын байршлыг тодорхой заагаагүй, энэ захирамжийн дагуу “З” ХХК-ийн эзэмшиж буй жимс жимсгэний зориулалттай газрыг манай газар гэж маргадаг, газар эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргаснаараа “З” ХХК-ийн газар эзэмших эрхийг зөрчсөн ... “ гэж, 

Харин хариуцагчаас “ ... “А” аялал жуулчлалын баазын дээд талд хил заагийг тогтоон тэмдэглэж газар эзэмших гэрээ байгуулсан, А/127 дугаар захирамж нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй ...” гэж тус тус маргажээ. 

1.Маргаан бүхий А аймгийн Ц  сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” А/127 дугаар захирамжийн тухайд, 

Тус аймгийн Ц сумын Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” А/127 дугаар захирамжийг гаргахдаа Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 109/ШШ2017/0041 дүгээр захирамжийг үндэслэн захиргааны акт гаргажээ.  /1х.х-н 49/

Маргаан бүхий А/127 актын үндэслэлд дурдсан захиргааны хэргийн тухайд,  иргэн Р.Э-с А аймгийн Ц сумын Засаг дарга, тус сумын газрын даамал нарт холбогдуулан “А аймгийн Ц сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/90 дүгээр захирамжийн хавсралтын 1 дэх хэсгийг хүчингүй болгож, өмнө эзэмшиж байсан 2000м2 газрыг эзэмших захирамж гаргаж,  газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрсэн тул Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 109/ШШ2017/0041 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /1х.х-н 77/

Дээрх шүүгчийн захирамжаар “ ... иргэн Р.Э-д А аймгийн Ц сумын нутаг дэвсгэр “Халуун-Ус” гэх нэртэй газар орчимд аялал жуулчлалын зориулалттай газрыг аль нэгэн аж ахуй нэгж, иргэний газартай давхцуулалгүйгээр газар эзэмших захирамж гаргаж өгнө ...” гэх нөхцөлөөр эвлэрсэн гэрээг шүүх баталгаажуулжээ.

Хариуцагч А аймгийн Ц сумын Засаг дарга нь иргэн Р.Э-д аж ахуйн нэгж, иргэний газартай давхцуулалгүйгээр газар эзэмших захирамж буюу захиргааны акт гаргахдаа  иргэн, аж ахуйн нэгжид ямар газар эзэмшүүлж байсан болох, тухайн газарт газрын хэмжилт хийсэн эсэх,  давцхал байгаа эсэх, өмнө нь хэн, хэн уг газрыг эзэмшиж байсан болох, тухайн газрын зааг, талбай хаана байгаа эсэхийг тодруулсны дараа захиргааны актаа гарах байтал шууд А/127 дугаар захирамжийг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.  

Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэг “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно:”, 5.1.1.-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага”, 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр, эсхүл хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө.” гэж зааснаар А аймгийн Ц сумын Засаг дарга нь захиргааны албан тушаалтан мөн болно. 

 Хариуцагч А аймгийн Ц сумын Засаг дарга маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйл Төрөөс газрын талаар баримтлах зарчмын 4.1.4, “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу..зохистой эзэмших..,  4.1.5 .... байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх.”,  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.-д “хуульд үндэслэх”, 4.2.5.-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6.-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг баримталж ажиллаагүй байна.  

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24 дүгээр зүйлийн 24.4. дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1. дахь хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна” 25.1.1.-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах”, 25.1.2.-д “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”, 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “Захиргааны акт .. батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн хариуцагч А аймгийн Ц сумын Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3 дахь хэсэгт заасны дагуу маргаан бүхий захирамжийн агуулга ойлгомжтой, тодорхой байх, захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, хууль зүйн заалтыг тодорхой заахаар хуулиар тогтоосон захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчжээ. 

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий актыг хууль бусаар гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

2. Нэхэмжлэгч “З” ХХК-ийн газар эзэмших эрхийн тухайд, А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 08 дугаар хуралдааны тогтоолын хавсралтаар Иргэн, аж ахуй нэгж, байгууллагад жимс, жимсгэнэ зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг баталж, улмаар тус сумын Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Комисс томилох тухай” 102 дугаартай захирамжаар тус аймгийн Ц сумын Алтан овоо 5 га газрыг жимс, жимсгэний зориулалтаар газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулахаар болжээ.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт зааснаар “З” ХХК-ий төлөөлж Б.Г нь 2011 оны 5 дугаар сарын 16-ны  өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдаанд оролцон, ялагчаар шалгарч, А аймгийн Ц сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Монгол Улсын Иргэнд газар эзэмшүүлэх тухай” 171 дугаар захирамжаар “З” ХХК-д Алтан овоо багийн нутагт 2 га газрыг жимс, жимсгэний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 0298007 дугаар Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.  /1х.х-н 82/

Улмаар “З” ХХК нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019 онуудад газрын төлбөрийг жил бүр тогтмол төлсөн байна. /1х.х-н 83-89, 147-148/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “З” ХХК-д жимс жимсгэний зориулалттай газар олгосон захирамжийн талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, энэ хэрэг маргаанд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй. 

3. Гуравдагч этгээд Р.Э-н тухайд, анх, иргэн Д.С-т А аймгийн Ц сумын нутаг дэвсгэрт 40*50 буюу 2000м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдөр олгожээ./1х.х-н 69/

2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Д.Э-д иргэн Д.С өөрийн эзэмших эрх бүхий 2000м2 газрын эзэмших эрхийг шилжүүлсэн байна. /69 ард/

А аймгийн Ц сумын Засаг даргын 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 14 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Р.Э Алтан-Овоо багийн нутаг Халуун-Ус гэдэг газар 50*40 хэмжээтэй газрын байршил зориулалтаар 1-р хавсралтаар баталжээ./1х.х-н 66-67/

Дээрх 2000м2 газрыг эзэмших эрх бүхий 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 0223601 дугаартай газар эзэмших эрхийг гэрчилгээг Р.Э-д олгож, иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээ байгуулсан байна. /1х.х-н 68, 72-74/

Улмаар А аймгийн Ц сумын Засаг дарга 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн хүчингүй болгох тухай” А/90 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн тус суманд аялал жуулчлал, үйлчилгээний зориулалттай эзэмшиж буй газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр болон түүнээс дээш жил ашиглаагүй, цэг тэмдэг суулгаагүй газар хашаа барьсан зэрэг зөрчилтэй аж ахуй нэгж байгууллагуудын газар эзэмших эрхийг хавсралтаар хүчингүй болгожээ./1х.х-н 199/

Уг хавсралтын 1 дүгээрт Р.Э-н тус сумын Халуун-Ус багийн Алтан-Овоо гэх газар эзэмшиж буй 0.5 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 

Дээр дурдсан 2000м2 хэмжээтэй газрын тухайд, иргэн Д.С-с 40*50 буюу 200м2 хэмжээтэй газрыг Р.Э-д шилжүүлсэн, гуравдагч этгээд Р.Э нь дээрх газрын хэмжээг ихэсгээгүй бөгөөд захиргааны байгууллагын техникийн шинжтэй алдаа байна. Түүнчлэн гуравдагч этгээдээс 40*50 метрийн хэмжээтэй газар эзэмшдэг, уг газрын хэмжээтэй маргаагүй болохыг тэмдэглэв. 

4. Нэхэмжлэгч талаас гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь А аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ажилладаг тул уг хэрэгт гуравдагч этгээд Р.Э-г төлөөлөхөд ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна гэх тайлбар гаргасан бөгөөд уг тайлбарын тухайд,

Уг хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан иргэн Р.Э-с 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Б.М-д “Зг” ХХК-ий нэхэмжлэлтэй Ц сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдийг төлөөлөх бүрэн эрхийг 1 жилийн хугацаатай итгэмжлэлээр олгожээ. /2х.х-н 31/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь А аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгууллагын газарт мэдээлэл технологийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа нь тухайн газрын маргаантай холбогдуулан нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэгтэй зөрчилтэй, нөлөөлж болохуйц нөхцөл байдал бий болсон гэж харагдахаар байна. 

Гэвч Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд  нийтийн албан тушаалтанд хамаарах этгээдийг тодорхойлсон бөгөөд албан тушаалтанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-н албан тушаалтан эс хамаарч байх тул гуравдагч этгээд Р.Э-г төлөөлөх эрхтэй гэж үзлээ.

5. Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1. дэх хэсэгт “хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно.” гэж зааснаар өмгөөлөгч авах тухай хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан бөгөөд, шүүх гуравдагч этгээдэд 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр эрх үүрэг /ЗХШХШТХ-н 30/ тайлбарлаж, гуравдагч этгээдэд 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгджээ.

Улмаар гуравдагч этгээдээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохоос татгалзаж, өмгөөлөгч авалгүй 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Б.М-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан байна. 

Дээрх хугацаанаас хойш гуравдагч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргаагүй, 2019 оны 9 дүгээр сарын 20, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хийсэн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмгөөлөгч авах талаар санал, хүсэлт байхгүй талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгээс өмнө мэдэгдсэн болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан х‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎элэлцүүлгээ‎р шийдвэ‎рлэ‎сэ‎н асуудлаар шүүх хуралдаан д‎‎ээр дахин хүс‎элт гаргах э‎рхгүй болохыг тэмдэглэв.

 Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “З” ХХК-ии нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, А аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” А/127 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” А/127 дугаар захирамжийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ОДОНТУЯА