Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1362

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Гэрэлтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/00820 дугаар шийдвэртэй, Г.Гэрэлтуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Амарсайханд холбогдох,

 

Тэжээн тэтгүүлэгчид гарсан нэмэлт зардал 32 177 151 төгрөг гаргуулах, ирээдүйд гарах зардлын 50 хувийг хариуцахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба, Г.Ганболд,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, Ц.Жавхлантөгс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гэрэлтуяа,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Гэрэлтуяа би 2005 оны 8 сард Ц.Амарсайхантай гэр бүл болж, 2005 онд охин А.Эгшиглэнг төрүүлсэн боловч хамтран амьдрах боломжгүйн улмаас 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 433 дугаар шүүхийн шийдвэрээр бид гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлт цуцлуулахад охин А.Эгшиглэнг миний асрамжид үлдээн, эцэг Ц.Амарсайханаар тэжээн тэтгүүлэх шийдвэр гарсан.

Ц.Амарсайхан тэтгэлгийг өгөхгүй жил гаруй хугацаа өнгөрсөн тул шийдвэр гүйцэтгэх албанд хандаж тэтгэлгээ авах болсон. Гэрлэлт цуцалснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрч байхад Ц.Амарсайхан нь охин А.Эгшиглэнтэй нэг ч удаа уулзаагүй, утсаар ч яриагүй. Охин одоо 6 дугаар ангид элсэн орсон, энэ хугацаанд сургалтын төлбөр, хүүхдийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор дугуйланд хамруулсан төлбөр, хувцас, хоолны болон хичээлийн хэрэгслийн мөнгийг өөрийн эцэг, эхийнхээ тусламжтайгаар хариуцаж ирсэн. Би төсвийн байгууллагын ажилтан учир энэ бүхнийг ганцаараа төлж, байнга эцэг, эхээсээ авах хэцүү байна.

Ц.Амарсайхан нь Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатай зайлсхийсэн бөгөөд хөдөлмөрийн чадвараа алдсан мэтээр худлаа бичиг баримт үйлдэж, бусдад итгэл үнэмшил төрүүлсээр ирсэн. Өөрийн охиндоо анхаарал халамж тавьдаггүй, эцэг хүний үүргийг ухамсарлахгүй байгаагаас охин маань эцгийн хайр энэрэл мэдрэхгүй өсч байна. Тэрээр тархины өвчтэй унаж татдаг, бөөрний дутагдалтай, түрүү булчирхайн шохойжилт өвчтэй гэж бусдад итгэл төрүүлэхийг зорьдог.

Охин А.Эгшиглэнг асран хамгаалж, тэжээн тэтгэх, өсгөн бойжуулах, боловсрол хүмүүжил олгоход эцэг, эх нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.4-д зааснаар тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ёстой тул бидний охиноос гарсан, гарч байгаа, ирээдүйд гарах зардлын 50 хувийг эцэг Ц.Амарсайханд хариуцуулах, тусламж, дэмжлэг өгч, анхаарал халамж тавихыг даалгуулж өгнө үү.

2013-2016 онд буюу гэрлэлт цуцлуулснаас хойш эх Г.Гэрэлтуяа миний гаргасан доорх зардлын 50 хувийг охины эцэг Ц.Амарсайхан хариуцах ёстой тул сургалтын, хоол, дүрэмт хувцас, зуслангийн амралт, карт авах, цэнэглэх, ангийн хуримтлал, хичээлийн хэрэгсэл, дамжаа гээд нийт 64 354 303 төгрөгийн нэмэлт зардал гарсан.

Хүүхдэд онцгой халамж тавих, туслалцаа үзүүлэх шаардлага байгаа талаар Хүүхдийн эрхийн тухай /1924 оны/ Женевийн тунхаглал, Ерөнхий ассамблейгаас 1959 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Хүүхдийн эрхийн түгээмэл тунхаглал, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, Хүүхдийн аж байдлын асуудал эрхэлсэн олон улсын болон төрөлжсөн байгууллагуудын холбогдох баримт бичиг, дүрмээр тус тус хүлээн зөвшөөрсөн.

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 18 дугаар зүйлийн 18.1-т зааснаар хүүхдийн хүмүүжил, хөгжилд эцэг эх, нийтийн болон тэгш хариуцлага хүлээх зарчмыг хүлээн зөвшөөрч, энэ талаар боломжийн хэрээр хүчин чармайлт тавина. Хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг, эх гол хариуцлагыг хүлээнэ. 26 дугаар зүйлийн 26.2-т “Хүүхдийн болон түүнийг тэжээн тэтгэх үүрэг бүхий хүмүүсийн нөөц боломж, нөхцөл байдал, хүүхэд өөрөө буюу түүний нэрийн өмнөөс тэтгэмж хүсч гаргасан өргөдөл, холбогдох бусад зүйлийг харгалзан тэтгэмж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Эцэг эх буюу хүүхдийн төлөө үүрэг хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцөлийг өөрсдийн чадавх, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан.

Үндсэн Хуулийн арван долдугаар зүйлд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг болохыг заасан. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд үүрэг хэвээр байх, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэжээ. Иймд охин А.Эгшиглэнд гаргасан зардалд 32 177 151 төгрөгийг эцэг Ц.Амарсайханаас гаргуулж, ирээдүйд гарах зардлын 50 хувийг хариуцахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие охиныхоо төлөө амьжиргааны аливаа зардлыг өөрийн тэтгэмжийн мөнгөөр төлж ирсэн бөгөөд гэрлэлтээ цуцлуулахдаа ч охиндоо зориулан дундын гэсэн өмч хөрөнгө бүхнийг тэдэнд үлдээж, гэрлэлт цуцлуулснаас хойш ч хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлж үүргээ үргэлж биелүүлж ирсэн одоо ч биелүүлж байгаа.

Харин охины боловсролын хувьд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй” олгохоор заасны дагуу жирийн амьдралтай бусад хүмүүсийн адил амьдралын боломждоо тохируулан харьяаллын дагуу Улсын тэргүүний 24 дүгээр дунд сургуульд суралцуулах гэж байсан. Хэрэв өндөр төлбөртэй сургуулийн төлбөр төлөөгүйг эцгийн үүргээ биелүүлээгүй гэж үзэх юм бол жирийн сургуульд хүүхдээ сургаж байгаа, сургуулийн секц дугуйланд суралцуулж хүүхдийнхээ авьяас чадварыг хөгжүүлж байгаа олон мянган эцэг эхчүүдийг үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэхээр байна.

Гэтэл нэхэмжлэгч Г.Гэрэлтуяа өөрийн хүсэл зорилгоор ямар ч хэлцэл, болзолгүйгээр, төлбөртэй сургуульд оруулж төлбөрийг сайн дураар төлчихөөд, мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Хүүхдийн эрхийн тухай конвенцын 27 дугаар зүйлд эцэг эх нь хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцөлийг өөрсдийн чадавх, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ гэжээ. Миний боломж, чадавх бол хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж л байдаг.

Би 3 настайгаас тархины хавдар гэх оноштой олон жил эм тариа, антибиотек эмчилгээг хийлгэж байсны улмаас хоёр бөөрөнд уйланхай (киста)-ууд үүсч, түрүү булчирхайн шохойжилттой болсон. Үүний улмаас Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр “Тархи ба төв мэдрэлийн тогтолцооны бусад хэсгийн хоргүй хавдар" оношоор хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэж 16 наснаас эхлэн халамжийн тэтгэмж авч байгаа гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Ц.Амарсайханаас 32 177 151 төгрөг гаргуулах тухай Г.Гэрэлтуяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318 480 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь шүүх “төлбөргүй сургуульд сургах боломжтой байхад төлбөртэй сургуульд сургасан, эцэг Ц.Амарсайхантай зөвшилцөөгүй нь буруу байна” гэж хуулийн үндэслэлгүйгээр хариуцагчийн татгалзлыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй.

Улсын Дээд шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн зөвлөмжийн 1.5.2-т “Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд мөн зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ. Гэрлэлт цуцлаж буй тохиолдолд шүүх хүүхдийн асрамжийг эцэг, эхийн хэн нэгэнд даалгаж, нөгөө талд тэжээн тэтгэх үүргийг хүүхдийн тэтгэлэгийн хэмжээгээр хязгаарлаж буй нь хүүхдээ асрамжлах үүрэг бүхий талыг тэжээн тэтгэхээс, тэтгэлэг төлөх талыг тэтгэлгээс илүү хэмжээгээр тэжээн тэтгэх эрхийг нь хязгаарлах үндэслэл болохгүй юм. Энэ нь шүүх хэн алины үүргийн дээд биш доод хязгаарыг тогтоож байгаагаас гадна үүргийн төрөл хэмжээг тогтоож буй явдал нь эцэг, эхийн эрхийг хөндөхгүй” гэжээ.

Мөн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаар тогтоолын 28.2-т “онцгой нөхцөл байдал тохиолдсон” гэдэгт тэжээн тэтгүүлэгч нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т заасан хүнд нөхцөлд байгаа, ... зэрэг бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсныг ойлгохын зэрэгцээ ердийн боловч тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь хөрөнгө, мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж, тэтгэлгийн хэмжээгээр хангагдах боломжгүй байх нөхцлийг нэгэн адил хамааруулна” гэжээ.

Гэтэл охин А.Эгшиглэн бага ангиас ахлах ангид суралцахад нь мөнгөний хэрэгцээ нэмэгдүүлж байгааг шүүх анхаараагүй, дээрх зардлууд эх Г.Гэрэлтуяагаас гарсан байхад хэрэгсэхгүй болгосонд гомдолтой. Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эцэг нь хуваалцах үүрэгтэй. Уг зардлууд баримтаар нотлогдсон бөгөөд хариуцагч үгүйсгээгүй, тэрээр өвчтэй байгаа ч эцэг хүнийхээ үүргийг биелүүлэх шаардлагатай.

Шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлээ нотлоогүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгт авагдсан охин А.Эгшиглэнгийн сургалтын төлбөр болон бусад дурдсан зардлыг төлсөн нь төлбөр төлсөн баримтуудаар нотлогдсон. Ц.Амарсайхан нэмэлт зардал төлөхгүй гэж байгаа үндэслэлээ нотлож чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан үүргээ биелүүлээгүй байхад шүүх хэт нэг талыг баримтлан хариуцагчийн ашиг сонирхолд хэт үйлчилсэн.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангалттай нотлох хуульд заасан арга хэрэгслээр авагдсан, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий дээрх баримтуудыг үнэлээгүй орхигдуулсан нь нотлох баримтыг үнэлэх журам зөрчсөн гэж үзнэ. Охин А.Эгшиглэн ахлах ангид сурч байгаа бөгөөд үүнтэй холбоотой зөвхөн тэтгэлгийн хэмжээгээр охиноос гарах зардал хүрэлцэхгүй байна. Энэ зардал мөнгөний хэмжээ нэмэгдэж байгаа учраас эцгээс тусламж авах зайлшгүй шаардлагатай.

Нэхэмжлэгч төрийн байгууллагад ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сард халагдаж, одоо ажилгүй байгаа. Гэтэл эцэг нь гэрлэлт цуцалснаас хойш 4 жилийн хугацаанд нийт 4 361 050 төгрөг төлсөн байж эцгийнхээ үүргийг гүйцэтгэсэн гэдэг нь зохисгүй. Нэхэмжлэгч нь Ц.Амарсайханаас Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2.1, 26.2.2, 26.4, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй гэж үзэж байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нотлож буй баримтуудыг үнэн зөв үнэлсэн бол дээрх дүгнэлтийг хийхгүй байсан. Иймд шүүх маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэн зөв үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт дүгнэлт өгөөгүйг зөвтгөн, найруулгын өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Г.Гэрэлтуяа нь охин А.Эгшиглэнгийн сургуулийн төлбөр болон бусад нэмэлт зардалд 32 177 151 төгрөгийг хариуцагч Ц.Амарсайханаас шаардаж, ирээдүйд гарах зардлын 50 хувийг хариуцахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч “суурь боловсролыг төрөөс үнэ төлбөргүй олгодог, төлбөртэй сургуульд суралцуулсан нь зайлшгүй гарах зардал биш, энэ талаар тохиролцоогүй, уг төлбөрийг улсаас авдаг халамжийн тэтгэмжээр хариуцах боломжгүй” гэх үндэслэлээр маргажээ.

 

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 433 дугаар шийдвэрээр зохигчдын гэрлэлтийг цуцалж, охин А.Эгшиглэнг эхийн асрамжид үлдээж, эцэг Ц.Амарсайханаар сар бүр хуулиар тогтоосон хэмжээний тэтгэлгийг төлөх үүрэг хүлээлгэсэн байна. /хх 54-56/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтад холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, 32 177 151 төгрөгийг хариуцагчаас гаргуулах  үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Хуулийн дээрх зохицуулалтад “сургуульд орсон” гэх үндэслэл хамаарч байгаа боловч гэрлэлт цуцлуулснаас хойш нэхэмжлэгч нь охин А.Эгшиглэнг төлбөртэй, хувийн сургуульд суралцуулсан нь тэжээн тэтгүүлэгч хүүхдэд нэмэлт зардал гаргах шаардлагатай онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт эцэг, эх нь хүүхдэд суурь боловсрол эзэмшүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, зөв дадал хүмүүжил олгоход тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх талаар зохицуулсан нь хүүхдийг төлбөртэй сургуульд сургах, түүнд зориулагдах төлбөрийг эцэг, эх заавал адил тэнцүү хуваан төлөх үүрэгтэй гэсэн ойлголт биш болохыг шүүх зөв тайлбарласан байна.

 

Эцэг эх хүүхдээ ямар сургуульд суралцуулах нь тэдний сонголт боловч, өндөр төлбөртэй хувийн сургууль сонгох тохиолдолд нэг талын хүсэлтээр бус, харин төлбөрийг хамтран хариуцах үүрэг бүхий нөгөө этгээдийн санхүүгийн чадвартай холбоотойгоор түүний хүсэл зоригоос гадуур шийдвэрлэх учиргүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тэжээн тэтгүүлэгч хүүхдийг өндөр төлбөр бүхий сургуульд оруулахдаа эцэг Ц.Амарсайхантай харилцан зөвшилцөж, үүрэг хариуцлагаа хуваарилах талаар тохиролцоо хийсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсонгүй.

 

Дээрхээс гадна хариуцагч Ц.Амарсайханы хувьд өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дагуу нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдаж, уг хугацааг сунгаж байсныг нотлох баримтууд хэрэгт авагдсан нь түүнийг эрүүл мэнд, эдийн засгийн хувьд боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ. /хх 48-49, 115/

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын нэмэлт зардал гэх 32 177 151 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэв.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Гэрэлтуяагийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамаарч буй “ирээдүйд гарах зардлын 50 хувийг хариуцахыг даалгах” гэсэн хэсэгт дүгнэлт хийж шийдвэрлээгүйг нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар давж заалдах шатны шүүх хуралдааны явцад тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн хувьд тухайн шаардлага буюу ирээдүйд гарах зардлыг тодорхойлж заагаагүй, цаашид гарах зайлшгүй зардал гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардлага нотлох баримтыг гаргах цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох юм.

 

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал болон тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэрийг “Б.Диваачинба” гэж алдаатай бичсэн байх тул “Б.Диваачамба” гэж зөвтгөн залруулах нь зүйтэй.

 

Иймд давж заалдах шатны шүүх дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Г.Гэрэлтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамбын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/00820 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “...гаргуулах...” гэсний дараа “...ирээдүйд гарах зардлын 50 хувийг хариуцахыг даалгах” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамбын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 318 840 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Т.ТУЯА