Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 142/шш2017/00720

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2017/00720

Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж-4, “Интерном” номын их дэлгүүрийн байранд байрлах, “Интерном” ХХК-ний нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2-24-25 тоотод оршин суух, Боржигон овогт Цэрэндагвын Цолмонд /РД:ЙЮ85102064/ холбогдох,

            3 511 890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхтуяа, хариуцагч Ц.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Интерном” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Интер ном” ХХК нь номын худалдаа эрхэлдэг Ц.Цолмонтой 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Ц.Цолмон нь төлбөрөө цувруулан барагдуулж байсан боловч 2015 оны 01 дүгээр сараас эхлэн ямар ч төлбөр барагдуулаагүй. Утсаар залгаж төлбөрөө барагдуулахыг шаарддаг ч төлнө гэдэг. Одоохондоо боломжгүй байна. Түр хүлээгээч гэсэн хариуг өгдөг байсан. Бид түүний байдлыг харгалзан үзэж хуулийн байгууллагад хандалгүй сайн дураараа өгөхийг хүлээдэг байсан боловч 2016 оны 04 дүгээр сараас хойш утсаа авахаа байж, сүүлдээ утаснууд нь холбогдохоо байсан. Манай байгууллагын зүгээс түүнтэй холбоо барих ямар ч аргагүй болж, төлбөрөө барагдуулж чадахгүйд хүрээд байна. Ц.Цолмонгийн төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 2 341 260 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүйн алданги 1 170 630 төгрөг, нийт 3 511 890 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Ц.Цолмон гэдэг хүн нь 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээгээ зөрчиж гэрээний төлбөр буюу бүтээгдэхүүний төлбөрөө удаа дараа нэхүүлж, сүүлдээ холбоо барихаа больсон тул шүүхэд нэхэмжлэл гаргахад хүргэсэн. Нийт хавтаст хэрэгт авагдсан санхүүгийн баримтаас харвал нэхэмжлэлийн буюу төлбөрийн үлдэгдэл нь 2.341.260 төгрөг байгаа. Гэрээний 5.5-д зааснаар хугацаандаа төлбөрөө төлж барагдуулаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх алданги тооцно гэж заасны дагуу алданги тооцож тухайн компани маань 1.170.630 төгрөг гэж тооцсоноор нийт 3.511.800 төгрөг нэхэмжилж байгаа. Алданги нийт үнийн дүнгийн 50%-с хэтрэх ёсгүй учраас алдангийн 50%-ийг хасч болно, алданги огт тооцохгүй гэж байхгүй. 2013 оноос хойш ийм байдал үүсгэж компанид хүндрэл учруулсан учраас хуулийн хариуцлага хүлээхгүй өнгөрөх боломжгүй гэж үзэж алдангиа 50%-р төлүүлэх саналтай байсан ч хариуцагч зөвшөөрөөгүй байгаа. Ийм учраас алдангийнхаа 50%-г хасч тооцох боломжгүй гэж үзээд нийт 3 511 800 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хариуцагч Ц.Цолмон шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие нь Интерном ХХК-ний нэхэмжилсэн 2 341 260 төгрөг болон алданги 1 170 630 төгрөг, нийт 3 511 890 төгрөгний талаар дараах тайлбар гаргаж байна. Нийт зээлээр авсан барааны 2 341 260 төгрөгнөөс 1 611 040 төгрөгийг сайн мэдэж байна. Үүнээс хойших 730 220 төгрөгний зээл авсан бараа материалын дэлгэрэнгүй баримт, жагсаалтыг үндэслэн зээлийг барагдуулах хүсэлтэй байна. Мөн гэрээнд алданги тооцох заалт байхгүй тул алданги болох 1 170 630 төгрөгийг төлөх боломжгүй” гэв.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Интер ном” ХХК нь хариуцагч Ц.Цолмонд холбогдуулан ном, сд, бусад хэвлэмэл бүтээгдэхүүн худалдан борлуулсны үнэ 2341260 төгрөг, алданги  1170630 төгрөг, нийт 3511890 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.Цолмон нь бараа борлуулсны үлдэгдэл төлбөр болох 2 341 260 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин гэрээнд алданги тооцох заалт байхгүй тул алданги 1 170 630 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зохигчдын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан №ХОНБ-001 тоот гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээ /хэргийн 6-8-р хуудас/, өглөг, авлагын 2013.01.02-2014.12.13-ны хоорондох хугацааны дэлгэрэнгүй тайлан  /хэргийн 9-11-р хуудас/ зэрэг нотлох баримтыг үндэслэл болгосон байна.

Хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудсанд авагдсан өглөг авлагын дэлгэрэнгүй  тайланд  бичигдсэнээр хариуцагч Ц.Цолмон нь Интерном ХХК-с бараа материал зээлээр авч борлуулаад, №ХОНБ-001 тоот гэрээт борлуулагчтай хамтран ажиллах  гэрээндээ заасны дагуу борлуулалтын шимтгэл 20 хувийн хөнгөлөлт авч байсан болон 2014 оны 12 сарын 13-ны өдрийн байдлаар 2341260 төгрөгийн бараа борлуулсны үлдэгдэл  төлбөрийг төлөх ёстой болох нь уг баримтаар нотлогдож байна.

 

Хариуцагч нь 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан №ХОНБ-001 тоот гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээнд алданги тооцох заалт байхгүй учир алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаж байгаа хэдий ч  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

 

“Интерном” ХХК  нь ном, сиди /CD/, бусад хэвлэмэл бүтээгдэхүүнийг гэрээт борлуулагчаар дамжуулан борлуулах, иргэн Ц.Цолмон нь “Интерном ” ХХК-иас ном, сиди /CD/, бусад хэвлэмэл бүтээгдэхүүнийг худалдан авч, зарж борлуулсан бүтээгдэхүүнээс 20 хувийн ашиг олох гэсэн агуулгыг гэрээний зорилго болгосон байх бөгөөд зохигчдын хооронд байгуулсан №ХОНБ-001 тоот гэрээний 5.4-т  “борлуулагч  тал борлогдсон барааны төлбөрийг сар бүр тогтмол хийж гүйцэтгэх ба бараан хүлээн авсан падааны нийт үнийн дүнг падаан бичигдсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор нийлүүлэгч талд бүрэн төлж барагдуулсан байна”, 5.5-д “ энэхүү гэрээний 5.4-т заасан хугацаанд төлбөр тооцоог хийж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийлүүлэгч тал Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги тооцно” гэж тохиролцсон байх ба талуудын хооронд бүтээгдэхүүн худалдан борлуулсны ашгийг хуваах талаар тохиролцоо хийгдээгүй байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 262-р зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ.” гэж, 232.6-д “ Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус хуульчилсан.

 

Зохигчид гэрээний 5.5-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох талаар тохиролцсон учир нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхтэй байна.

 

Иймд гэрээний дагуу ном, сд, бусад хэвлэмэл бүтээгдэхүүн худалдан борлуулсны үнэ 2341260 төгрөг, алданги  1170630 төгрөг, нийт 3511890 төгрөгийг хариуцагчаас гаргуулж “Интерном” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264-р зүйлийн 264.2, 232 дугаар  зүйлийн 262.6-д заасныг баримтлан хариуцагч Ц.Цолмонгоос гэрээний дагуу ном, сд, бусад хэвлэмэл бүтээгдэхүүн худалдан борлуулсны үнэ 2341260 /хоёр сая гурван зуун дөчин нэгэн мянга хоёр зуун жар/ төгрөг, алданги  1170630 /нэг сая нэг зуун далан мянга зургаан зуун гуч/ төгрөг, нийт 3511890  /гурван сая таван зуун арван нэгэн мянга найман зуун ер/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Интерном” ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 650 /далан нэгэн мянга зургаан зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цолмонгоос 71 650 /далан нэгэн мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Интер ном” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ