Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1417

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Гантуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/00687 дугаар шийдвэртэй, Г.Гантуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баянгол дүүргийн Газрын албанд холбогдох,

 

Гэм хорын хохиролд 8 956 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Буянжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Авирмэд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын өмнөх талбайд түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ ажиллуулсан. Гэтэл Баянгол дүүргийн газрын албаны байцаагч н.Хатанбаатар гэх хүн зөвшөөрөлгүй газар ТҮЦ ажиллуулж байна, албадан нүүлгэнэ гэж хэлээд намайг байхгүйд 8.75 м.кв бүхий зөөврийн ТҮЦ-ийг хүчээр ачаад журмын хашаанд буулгасан. Үүнээс хойш би газрын албанд очиж, өөрийн ТҮЦ-ийн талаар лавлахад Баянгол дүүргийн Засаг даргын орлогч н.Энхболд нь АСЕМ дууссан дараа таны асуудлыг шийдвэрлэнэ гэж хэлсэн.

2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр журмын хашаанд очиход ТҮЦ байхгүй байсан, лавлахад “Улам-Энх трейд” ХХК-ийн захирал Н.Уламбаяр авсан гэсэн, түүнтэй би хамтран ажиллах гэрээ байгуулсан, зорилго нь ТҮЦ-ийг 100 хувь зээлээр хийлгэж, төлбөрийг дараа хэсэгчлэн барагдуулах байсан. ТҮЦ дотор миний 5 956 000 төгрөгийн үнэ бүхий эд бараа байснаас гадна ТҮЦ өөрөө 3 000 000 төгрөгийн үнэтэй. Гэтэл төрийн байгууллагын ажилчдын хариуцлагагүй байдлаас болж би хохирч байгаа тул Баянгол дүүргийн газрын албанаас 8 956 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас өгсөн чиг үүргийн дагуу Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбайд ТҮЦ-ийн дүрмийн заалтуудыг зөрчсөн тохиолдолд нүүлгэх үүргийг газрын албанд ирүүлсний дагуу 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Г.Гантуяагийн ТҮЦ-ийг нүүлгэсэн. Гэтэл ТҮЦ нь журмын хашаанд байсан хугацаанд буюу 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч Г.Гантуяа өөрийн ТҮЦ-ний хойноос хөөцөлдөж яваагүй нь ямар нэг бараа, бүтээгдэхүүн байсан гэдгийг нотлогдохгүй байна.

Бид 5 сарын хугацаанд өргөдлөө бичээд ирсэн хүмүүсийн ТҮЦ-ийг буцаан олгож байсан. Гэтэл Г.Гантуяа нэг ч ирж уулзаагүй, хураагдсан ТҮЦ хэний өмчлөлийн болох нь мэдэгдэхгүй байсан. Улмаар “Улам-Энх трейд” ХХК-ийн захирал Г.Гантуяатай ярьснаар мэдэж, зээлээр худалдсан гэрээ, бусад баримтуудыг үзүүлж хүлээн авсан. Г.Гантуяаг холбогдоход энэ талаар хэлсэн. Бид барааг нь хурааж аваагүй, ТҮЦ эзэмшигч бараагаа очиж авах бүрэн боломжтой байсан, хэрэв бараа байсан бол муудаж ашиглалтын шаардлага хангахгүй болох ба, нэхэмжлэгч дээрх хугацаанд ирээгүй тул гуравдагч этгээдэд ТҮЦ болон бараа материалыг хүлээлгэж өгсөн тул хариуцлага хүлээх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:

Би Г.Гантуяатай 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, зөөврийн ТҮЦ-ийг түүний эзэмшилд шилжүүлсэн. Уг ТҮЦ-ийн үнэ 3 000 000 төгрөг байсан, үнийг дараа өгнө гээд алга болсон. Би ТҮЦ-ийн үнийг Г.Гантуяагаас нэхэхэд Баянгол дүүргийн Газрын алба хураасан, өөрөө очиж ав гэсний дагуу бичиг баримтаа бүрдүүлээд очиж авсан. ТҮЦ-ийг өөрийн компанийн хашаанд авчирч онгойлгож үзэхэд дотор нь их хэмжээний бараа байгаагүй. Би Г.Гантуяагаас авлагатай байсан учраас бараануудыг 450 000 төгрөгөөр хүнд зараад, мөнгийг нь өрөндөө суутгаж авсан.

Одоо ТҮЦ-нд учруулсан хохирол, үлдэгдэл төлбөрөө Г.Гантуяагаас тусдаа нэхэмжилнэ. Нэхэмжлэлд дурдсан шилэн лангуу, вакум хаалга, тогны утас, шат гэх эд хөрөнгүүд одоо ч байгаа, эвдэрхий зүйлүүд байсан. ТҮЦ-ийг зөөх явцад эвдэрсэн байх, тэдгээрийг өөрөө ирээд авах боломжтой гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянгол дүүргийн Газрын албанаас 865 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Гантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 091 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 159 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 754 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 25 310 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг буруу үнэлсэн. ТҮЦ-ийг ачиж явахад дотор нь байсан барааг нэг бүрчлэн бичсэн өөрийн хөтөлдөг дэвтрийг хэрэгт хавсаргаж өгсөөр байтал гуравдагч этгээдийн “дотор нь байсан барааг 450 000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлгийг үндэслэж шийдвэр гаргасан нь буруу. ТҮЦ дотор нийт 4 676 000 төгрөгийн эд бараа байсан нь хэргийн баримтаас тодорхой бөгөөд гуравдагч этгээд өөр хүнд 450 000 төгрөгөөр зарсан эсэх нь нотлогдохгүй, түүнчлэн хямдруулаад өгсөн гэж шүүхэд мэдүүлснээс үзэхэд үүнээс илүү үнэтэй бараа байсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн.

Гуравдагч этгээдийн мэдүүлгийг шүүх үндэслэх боломжгүй бөгөөд гагцхүү нэхэмжлэгчээс тодорхойлсон хэмжээг хариуцагч няцааж чадаагүй тохиолдолд түүнийг баримтлах байсан. Мөн шүүх гэм хор учрах, хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн үйлдэл нөлөөлсөн гээд хохирлын хэмжээг 50 хувиар бууруулсан нь илт хохиролтой байна. Төрийн байгууллага надтай харилцаж байгаа тохиолдолд надаас хураан авсан ТҮЦ-ийг зөвхөн надад буцаан өгөх атал гуравдагч этгээдэд өгсөн, АСЕМ-ын дараа шийдвэрлэнэ гэж худал хэлсэн зэрэг нь надад хохирол учрах гол шалтгаан болсон.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийг баримтлах тохиолдолд зөвхөн түргэн муудах, хайлах, эрсдэлтэй шоколад, компот, чипс зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнийг л хасч тооцох үндэслэлтэй байсан. Миний ТҮЦ дотор тамхи байгаагүй гэж маргадаг. Гэтэл ТҮЦ-ийг албадан нүүлгэх шаардлагаа Тамхины тухай хууль зөрчсөн гэж үндэслэсэн. Өөрөөр хэлбэл, тамхи байсан, зардаг болохыг хариуцагч өөрөө мэдэж байсан. Эд барааг хураан авахдаа нэг бүрчлэн тооллого хийж баримтжуулсан бол ийм нэхэмжлэл гаргах шаардлагагүй байсан.

Нэгэнт ТҮЦ-ийг хийсэн хүнд буцаан өгсөн тул үнийг нэхэмжлэхгүй, харин дотор нь байсан барааны үнэ 5 956 000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй тул 865 000 төгрөгт нэмж 5 091 000 төгрөгийг гаргуулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Журмын хашаанд байрлуулсан ТҮЦ-ийг буцааж авахаар 5 сарын дараа Г.Гантуяа манай албанд хандсан нь “Улам-Энх трейд” ХХК-ийн захирал Н.Уламбаяртай урьдчилан тохиролцсонтой холбоотой. Н.Уламбаяр 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 25 дугаартай албан бичиг, хамтран ажиллах тухай гэрээний хамт ирүүлж холбогдох зардлыг төлж журмын хашаанаас гаргаж авсан.

ТҮЦ, түүнд хадгалагдаж байсан барааны талаар нэхэмжлэгч Г.Гантуяа гэрч А.Дариймааг асуулгасан. ТҮЦ болон бараа, бүтээгдэхүүн, хаалга, шат, тогны утас хүлээж авсан талаар Н.Уламбаяр ч шүүх хуралдаанд тодорхой хэлсэн. Иймд ТҮЦ дотор байсан бараа, бүтээгдэхүүний үнэ 450 000 төгрөг, 3 ширхэг лангуу, 2 ширхэг шилэн лангуу, вакум хаалга, шат, гэрэл, тогны утасны үнэ 1 280 000 төгрөг, нийт 1 730 000 төгрөгийн тал хувь болох 865 000 төгрөгийг манай байгууллагаас гаргуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрнө.

Гуравдагч этгээдийн тайлбарт дурдсанаар ТҮЦ-ийг тээвэрлэх явцад шилэн лангуу, вакум хаалга, тогны утас, шат гэх эд хөрөнгүүд эвдрэх магадлал байхгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Г.Гантуяа нь хариуцагч Баянгол дүүргийн Газрын албанд холбогдуулан гэм хорын хохиролд 8 956 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргасан бөгөөд түүний хүсэлтээр шүүх “Улам энх трейд” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан байна.

 

Хариуцагч нь нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх зорилгоор, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан гэх нэхэмжлэгч Г.Гантуяагийн эзэмшлийн зөөврийн ТҮЦ-ийг 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр албадан нүүлгэж, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Улам энх трейд” ХХК-д хүлээлгэн өгсөн байна.

 

Шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийж, хариуцагч нь албадан нүүлгэх ажиллагааг явуулахдаа тухайн үед байсан бараа бусад эд зүйлсийг үзэж бүртгэхгүйгээр журмын хашаанд байршуулсан, улмаар гуравдагч этгээдэд хүлээлгэн өгснөөр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан, нэхэмжлэгчийн хувьд 4 676 000 төгрөгийн бараа байсан гэх боловч баримтаар нотлоогүй, гуравдагч этгээд 450 000 төгрөгийн бараа байсан гэж тайлбарласан, лангуу бусад эд зүйлсийг 1 280 000 төгрөг гэснийг хариуцагч үгүйсгээгүй гээд, нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгийн үнийг 1 730 000 төгрөгөөс тооцож, хариуцагч байгууллага 865 000 төгрөгийг төлөх, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шийдвэрлэжээ.

 

Ийнхүү хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Тухайлбал, нэхэмжлэгч ТҮЦ-ийг буцаан авахаар удаа дараа хариуцагчаас шаардаж байсан талаар буюу хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор нотлох баримтад үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан байна. /хх 63, 64, 66/

 

Хэрэгт авагдсан “CD-ний эхийн бичлэг” гэх баримтад хэргийн оролцогч, гэрчүүд гарын үсэг зурсан байх боловч түүнд бичигдсэн зүйлийн агуулга огт тусгагдаагүй, үзлэгийн талаар тэмдэглэл үйлдэх, гэрч нь хувийн болон албаны сонирхолгүй, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх, түүнийг уг ажиллагаанд байлцуулснаар үзлэгийн явц, агуулга, дүнг баталж өгөх үүргийг болон энэхүү үүргээ биелүүлээгүй бол хуульд заасан хариуцлага хүлээх, тэмдэглэлд засвар оруулах эрх зэргийг танилцуулсан тухай баримтгүй байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. /хх 68/

 

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлогдвол зохих маргааны үйл баримт буюу нэхэжлэгчийн ашиглаж эзэмшиж байсан зөөврийн ТҮЦ-д хэдий хэмжээний бараа байсан нь баримтаар тогтоогдоогүй байхад гуравдагч этгээдийн тайлбарыг эргэлзээгүй, үнэн зөв байдлаар үнэлсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иймд маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/00687 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 99 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Т.ТУЯА