Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00154

 

Т.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/01388 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1933 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Т.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.З-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 61 402 161 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 106 598 476 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б.З-тай 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 353 дугаар зээлийн гэрээ байгуулж, 16 000 ам.доллар, 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 406 дугаар зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 448 дугаар зээлийн гэрээ байгуулж, 7 000 ам.доллар болон 8 000 000 төгрөгийг тус тус тодорхой хугацаа, хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээ болгоны хүүгийн хэмжээ, хугацааг гэрээгээр харилцан тохиролцсон.

Б.З- нь зээл авахаас өмнө надаас 1 сарын хугацаатай зээл аваад 5-6 сарын дараа зээлээ хүүгийн хамт төлчихдөг байсан болохоор тодорхой хэмжээнд итгэлцэл үүссэн. Б.З- нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаандаа төлбөр төлөөгүй ба зээлийн төлбөрөө шаардаж уулзахад удахгүй баталгаатай төлнө гэж хэлж хойшлуулсан.

2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээний дагуу төлөгдөх төлбөрийг 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэхэд төлж барагдуулах талаар амлалт өгч, баталгааг бичгээр гаргасан. Тус бичигт 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой 39 000 000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой 8 000 000 төгрөг, 7 000 ам.доллар, 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээтэй холбоотой 6 000 ам.долларыг тус тус төлж барагдуулах тухай амлалт, баталгаа гаргаж өгч байсан.

Гэвч 39 000 000 төгрөгөөс 2015 оны 05 дугаар сараас 2015 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд 35 080 980 төгрөгийг төлсөн байна. Иймд тус төлбөрийн үлдэгдэл 3 919 020 төгрөгийг нэхэмжилж байна.

Түүнчлэн 39 000 000 төгрөгийг төлөх хугацааг хэтрүүлсэн тул зээлийн гэрээнд заасны дагуу төлбөр хоцроосон хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон нэхэмжилж байна. Алданги нь хуульд заасан дээд хэмжээ болох төлбөрийн 50 хувьд хүрсэн тул 39 000 000 төгрөгийн тавин хувь 19 500 000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 7 000 ам.доллар, 8 000 000 төгрөгийн зээлийн гэрээнээс 7 000 ам.долларыг 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр, 8 000 000 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн байна. Иймд төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэнд зээлийн гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувиар алданги тооцоход алданги хуульд заасан дээд хэмжээнд хүрсэн буюу 3 500 ам.доллар, 4 000 000 төгрөгийн алданги, тус гэрээг нэг сарын хугацаагаар сунгасан боловч нэг сарын хүү болох 700 ам.доллар, 800 000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд тус хүүгийн төлбөрийг түүнд ногдох 350 ам.доллар, 400 000 төгрөгийн алдангийн хамт нэхэмжилж байна. Харин 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 16 000 ам.долларын зээлийн гэрээнээс 6 000 ам.доллар үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул үндсэн төлбөр 6 000 ам.доллар, зээлийн гэрээнд заасны дагуу 3 000 ам.долларын алданги тус тус нэхэмжилж байна. ...Нэхэмжлэгч нь н.Лхамноржингоос 8 хувийн хүүтэй мөнгө зээлж, хариуцагчид 10 хувийн хүүтэй зээлж, дундаас нь 2 хувийн хүүгийн ашиг авахаар төлөвлөсөн.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт ...үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасны дагуу Б.З- 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төлбөрүүдийг төлөх тухай баталгаа гаргаж байсан болон 2014, 2015 онуудад зээлийн гэрээний төлбөрийг хувааж, тодорхой хэмжээгээр төлж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

...Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тоолохгүй, хугацааг шинээр эхлэн тоолохоор заасны дагуу хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна. Учир нь 30 сая төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж, дахин нэг сараар сунгасантай холбоотой 30 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөр нь 39 сая төгрөг болсон. Энэ тухай зохигчдын хооронд ярилцаж байсан нь дуу хураагуурт бичигдэж CD-д хийсэн үзлэгээр тогтоогдоно. Дээрх үнийн дүнгүүдийг нэмж тооцвол нийт 28 619 020 төгрөг, 13 550 ам.долларыг Монголбанкны албан ёсны ханш 2 419.42 төгрөгөөр 32 783 141 төгрөг, нэхэмжлэлийн нийт үнийн дүн 61 402 161 төгрөгийг, зээлийн гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 106 598 476 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Хэрэгт 3 зээлийн гэрээ байгаа. Бизнес эхлүүлнэ гээд зээл авч байсан, хүү их өндөр, бизнес бүтэлгүйтэж эрсдэлд орсон. Эхний ээлжинд хүүгээ багасгаж, хүүг тэглэсэн. Би бүх мөнгийг нь өгчихсөн. Нэхэмжлэгчийн дансны хуулгаар нотлогдож байгаа.

406 тоот гэрээний 30 000 000 төгрөг, 448 тоот гэрээний 8 000 000 төгрөг гээд нийт 38 000 000 төгрөг төлөх ёстойгоос би 44 762 000 төгрөг төлсөн. 2012 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 5024150533 тоот дансаар 2 160 000 төгрөг, 2012 оны 08 дугаар сард 2 200 000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2 500 000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 800 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 8 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 4 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 4 500 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 8 400 ам.доллар буюу 17 094 000 төгрөг, нийт 44 762 000 төгрөг төлсөн. Т.Б-тай ярилцаад зээлийн үүргийг хаасан гэж үзэж байна. Би дахиж алданги төлөх боломжгүй. 448 тоот гэрээний 7 000 ам.доллар, 353 тоот гэрээний 16 000 ам.доллар гэсэн асуудал байгаа.

Би 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Т.Б-гийн ам.долларын данс руу 19 700 ам.доллар шилжүүлсэн. 1 600 ам.доллар, 800 ам.доллар, 700 ам.доллар, 1 600 доллар төлсөн гэж байна. Би үүнийг сайн санахгүй байна. Ингээд би нийт 23 000 ам.доллар төлөх ёстойгоос 30 700 ам.доллар төлсөн баримт байна. 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгана гэсэн баталгаа гаргаж өгөх нь гэсэн хуудсанд Б.З- 6 000 ам.долларын үлдэгдэлтэй гэсэн, 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Хасу гүнж” ХХК-ийн данснаас нөхөр н.Хүрэлбаатар 7 000 ам.доллар шилжүүлж 6 000 ам.долларыг 7 000 ам.доллар болгож шилжүүлсэн.

Нэхэмжлэгчид 44 762 000 төгрөг, мөн 30 600 ам.долларыг төлсөн тул үлдэгдэл төлбөр байхгүй. Гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжилж байгаа бол 2015 оны 05 дугаар сараас өмнө шүүхэд нэхэмжлэлээ гаргах байсан. 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бичсэн баталгаанд мөнгийг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгана гэжээ. Үүнд Иргэний хуулийн 78 дугаар зүйл буюу хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох гэсэн асуудал яригдаж байна.

Нийт 7 жилийн хугацааны асуудал, 2 сарын хугацаанд тасарсан байна. Үүнээс хойш 3 жилийн дараа нэхэмжлэлээ өгч байна. Сүүлд 39 000 000 төгрөг дээр бид маргаж шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн баталгааны дагуу тус мөнгө хариуцагчид шилжсэн үү, 07 дугаар сарын 23-ны өдрийн гэрээгээр 30 000 000 төгрөг зээлсэн. Баталгаанд 9 000 000 төгрөгийг нэмж өгнө гэсэн байгаа. Анх байгуулсан 30 000 000 төгрөгийн гэрээг 39 000 000 төгрөг болгоод зассан байна. Нэхэмжлэгчийн хамгийн чухал баримт нь хариуцагчтай утсаар ярьсан бичлэг гээд нотлох баримтаар CD өгөөд байдаг. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг зөрчиж байгаа, зөвшөөрөлгүйгээр шүүх хуралд нотлох баримтаар гаргаж өгсөн. Б.З-гийн зөвшөөрөлгүйгээр захидал харилцааны нууцыг гаргаж байгаа нь нотлох чадвараа алдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Б.З- бичлэг хийснийг мэдээгүй. Анх гаргасан нэхэмжлэлд 30 000 000 төгрөгийг, 35 080 000 төгрөг болгож өгсөн гэж хэлсэн байгаа. Баталгаа өгсөн 39 000 000 төгрөгийг зээлийн гэрээ болгож нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Үүргээ давуулан биелүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбарт байгаа. Нэхэмжлэгч нийт 61 420 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлогдохгүй байна. 2017 оны 05 дугаар сард нэг ам.доллар 2 200 төгрөгтэй тэнцэх ханштай байсан. Гэрээ байгуулах үед нэг ам.доллар 1 298 төгрөгтэй тэнцэх ханштай байсан. Нэхэмжлэл гаргаж байгаа үеийн ханшаар тооцож байгааг шүүх анхаарч үзнэ үү.

...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан байна. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно. Талуудын хооронд ганцхан баталгаа 2 сар хойшлуулсан. Баталгаа өгснөөс хойш 3 жилийн хугацаанд нэхэмжлэгч маргаагүй. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч Д.Лхамноржингоос мөнгө зээлж хохирсон гэсэн байгаа. Д.Лхамноржин мөнгөө нэхэж нэхэмжлэгчийг шүүхэд өгөөгүй. Т.Б-д бодитойгоор хохирол учирсан зүйл байхгүй. Д.Лхамноржин Т.Б-гаас гэрээнийхээ дагуу хохирлоо шаардах бүрэн эрхтэй. 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 17 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа учраас нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/01388 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.З-гаас зээлийн гэрээний үүрэгт 34 151 854 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б-д олгож, нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагаас нийт 133 848 783 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 464 961 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн үнийн дүнгээр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 690 942 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б.З-гаас 328 709 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1933 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/01388 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын ...34 151 854 төгрөг гэснийг 18 922 520 төгрөг, ...133 848 783 төгрөг гэснийг 149 078 117 төгрөг гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...328 709 төгрөг гэснийг 252 563 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэв ээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Б-гаас төлсөн 827 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.З-гаас төлсөн 332 950 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

....Шүүх Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1 дэх заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн хэрэг; хэрэглэвэл зохих хууль болох Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг хэрэглээгүй.

... Давж заалдах шатны шүүхийн зүгээс 18 922 520 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Бид тус үнийн дүнд дээрх тооцоолсон ёсоор 42 366 621 төгрөгийн алданги нэмж тооцож, хариуцагчаас нийт 61 289 141 төгрөг гаргуулах агуулгаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Б-нь хариуцагч Б.З-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 61 402 161 төгрөг, хохиролд 106 598 476 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, төлбөрөө төлсөн гэж марган нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 34 151 854 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх 18 922 520 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хоёр шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар өөр өөр дүгнэлт хийснээр хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээг зөрүүтэй тодорхойлсон гэж үзэхээр байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, тооцооны болон хууль хэрэглээний алдааг залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Т.Б-нь хариуцагч Б.З-д

-2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 16 000 ам.долларыг 1 сарын хугацаатай, сарын 10%-ийн хүүтэй,

-2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 30 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 15 %-ийн хүүтэйгээр,

-2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 7 000 ам.доллар, 8 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10%-ийн хүүтэй тус тус зээлүүлсэн тухай баримт хэрэгт авагджээ. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

-16 000 ам.долларын зээлээс хариуцагч 10 000 ам.доллар төлсөн боловч гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тул алдангид 3 000 ам.доллар, зээлийн үлдэгдэлд 6 000 ам.доллар буюу 21 774 780 төгрөг

-30 000 000 төгрөгийн зээлээс хариуцагч 35 080 980 төгрөг төлсөн боловч 3 919 020 төгрөгийн үлдэгдэл, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй, мөн уг зээлийн үнийн дүнг хариуцагч 39 000 000 гэж баталгаа өгсөн тул алдангид 19 500 000 төгрөг нийт 23 419 020 төгрөг

-7 000 ам.доллар, 8 000 000 төгрөгийн зээлээс, хариуцагч 7 000 ам.доллар, 8 000 000 төгрөг төлсөн тул долларын зээлийн хүүд 700 ам.доллар, төгрөгийн зээлийн хүү 800 000 төгрөг, алдангид 3 500 ам.доллар, 4 000 000 төгрөг, хүүгийн алдангид 350 ам.доллар, 400 000 төгрөг

Нийт 28 619 020 төгрөг, 13 550 ам.доллар, буюу 61 402 161 төгрөгийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэл гаргах өдрийн ам.долларын ханшийг 2 419,42 төгрөг гэж тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нэмэгдүүлэхдээ хариуцагчаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 106 598 476 төгрөгийг шаарджээ.

Хариуцагч Б.З- нь хариу тайлбартаа:

-16 000 ам.долларын зээлд 19 200 ам.доллар төлж, үүргээ гүйцэтгэсэн

-30 000 000 төгрөгийн зээлд 37 080 980 төгрөг төлсөн, баталгаа бичигт 30 000 000 төгрөг биш харин 39 000 000 төгрөг гэж зассаныг зөвшөөрөхгүй гэж

-7 000 ам.доллар, 8 000 000 төгрөгийн зээлийг бүрэн төлсөн

-зээлийн төлбөр шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Шүүх зохигчийн хоорондох дээрх эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн хугацаа, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх, уг хугацааг тасалдсан эсэх, зээлийн гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх эсэх, хариуцагчийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн баталгаа бичгийг үүргийг хүлээн зөвшөөрсөн бичиг эсхүл тооцоо нийлсэн акт гэж үзэх, гурван гэрээний үүрэгт алданги тооцох эсэх, хохирлыг хэрхэх талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацааг сунгагдсан гэж үзэж, нэхэмжлэгч эвлэрүүлэн зуучлагчид хандсанаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж дүгнэн, хариуцагчийн төлбөл зохих үнийн дүнг 34 151 854 төгрөг гэж тодорхойлжээ.

Давж заалдах шатны шүүх зохигчийн зээлийн гэрээнүүдийг сунгагдаагүй гэж үзсэн боловч хариуцагчийн баталгаа бичгийг талуудын тооцоо нийлсэн акт гэж үзэн, уг баримтад алдангийн талаар заагаагүй учир нэхэмжлэгчийг алдангийн талаар шаардлага гаргах эрхгүй гэж дүгнэн хариуцагчийн төлбөрийг 18 922 520 төгрөг гэж тооцжээ.

Хариуцагч Б.З- 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн баталгаагаар 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 30 000 000 төгрөгийн болон 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 8 000 000 төгрөг, 7 000 ам.долларын зээлийн үлдэгдэл төлбөр, төлөх хугацааны талаар зааж, өрийг хүлээн зөвшөөрсөн бичиг үйлдсэн байх тул зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах нэхэмжлэгч Т.Б-гийн эрхийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д зааснаар тасалдсан гэж үзнэ.

Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа ийнхүү тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолдог болно.

Зохигчийн хоорондох гурван гэрээний талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 09, 10, 11 дүгээр сард дуусахаар байсан хэдий ч 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн өрийг хүлээн зөвшөөрсөн бичгийн дагуу тасалдаж, хөөн хэлэлцэх хугацаа мөн өдрөөс шинээр тоологдож, 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дуусах учиртай. Нэхэмжлэгч 2017 оны 05 дугаар сард нэхэмжлэл гаргасан байна. 

Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гурван гэрээний хугацааг сунгасан тухай тэмдэглэгээ гэрээнүүдийн ард бичигдсэн боловч эдгээр сунгалтын талаар талууд харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоодоогүй учир гэрээний сунгалт хийгдсэн гэж үзэх боломжгүй юм.

Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс алданги тооцох тухай гурван гэрээний заалт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т заасан шаардлагад нийцжээ.

Өрийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.З-гийн нэг талт хэлцлийг тооцоо нийлсэн хоёр талт хэлцэл гэж үзэх боломжгүй. Улмаар энэхүү баталгаа бичигт алдангийн талаар заагаагүй байдлыг гэрээний алдангийн талаарх үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болгож болохгүй.

Хариуцагч Б.З-:

-16 000 ам.долларын зээлийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх ёстой байсан үеийн ханшаар /1 337,59/ 17 600 ам.доллар буюу 23 541 584 төгрөг

-30 000 000 төгрөгийн зээлийн үүрэгт 34 500 000 төгрөг

-7 000 ам.долларын болон 8 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 19 418 685 төгрөг /ханш 1379.05/

Нийт 77 460 269 төгрөг төлөх үүрэгтэй байжээ.

Энэхүү үүргээс хэрэгт авагдсан нотлох баримтаар анхан шатны шүүхийн тооцоолсноор 56 097 130 төгрөг төлөгдсөн учир төлөгдөөгүй 21 363 139 төгрөгийг алдангийн 10 681 569 төгрөгийн хамт нийт 32 044 708 төгрөгийг хариуцагч Г.Золтуяа төлөх үүрэгтэй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн буюу үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 106 598 476 төгрөг гаргуулах шаардлагыг баримтаар нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь зөв, харин Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй нь алдаатай болжээ. Тухайн шаардлагад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д заасан гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулах бус харин мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д заасан үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулах тухай зохицуулалт хамааралтай учир нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх тухайн харилцаанд хамаарал бүхий зүйл, заалтыг баримтлах байжээ. 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1933 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/01388 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “227 дугаар зүйлийн 227.1.” гэснийг “219 дүгээр зүйлийн 219.1.” гэж, “34 151 854 төгрөгийг” гэснийг “32 044 708 төгрөг” гэж, “133 848 783 төгрөгийг” гэснийг “135 955 929 төгрөгийн шаардлагыг” гэж, 2 дахь заалтын “328 709 төгрөгийг” гэснийг “318 173 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 369 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

          ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН