Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 680

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 08 өдөр

       Дугаар 142/ШШ2017/00680

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах, Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэсийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, Дэнжид байрлах, Хостав ХХК /РД:2798239/-д холбогдох,

 

            Нийгмийн даатгалын шимтгэл, алданги 58 341 864 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.           

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаа, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, Орхон аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан прокурор Ц.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Хостав” ХХК нь үр тариа боловсруулах, гурил үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж 12 даатгуулагчтайгаар нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж тайланг ирүүлсэн байна. 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл болох 35468861.25 /гучин таван сая дөрвөн зуун жаран найман мянга найман зуун жаран нэгэн төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Тус ХХК нь өр авлага барагдуулах талаар график гаргаж өгсөн боловч хугацаандаа төлөлт хийгээгүй байна. Хостав ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 35468861.25 төгрөгийг хуулийн хугацаандаа төлөөгүй байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйл, 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хостав” ХХК-наас нийгмийн даатгалын шимтгэл 35468861.25 төгрөг, алданги 17734430.62 төгрөг, нийт 53203291.87 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү. ...Хостав ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сард ирүүлсэн тайлангаар тус компаний хугацаандаа төлөөгүй шимтгэл нэмэгдэж 38894576 төгрөг болсон байна. Иймд алданги 19447288 төгрөг нийт 58341864 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү ” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийгмийн даатгалын улсын байцаагч С.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Алданги нь шимтгэлийн 50%-с хэтрэхгүй байх ёстой гэж хуульд заасан. 2015 оны 12 сараас хойших хугацааны алдангийг өдрийн 0.3%-р бодож гаргасан, 2017 оны 04 дүгээр сарын байдлаар нийт алданги 27.434.000 төгрөг, энэ адланги нь 50%-с хэтэрч байгаа учраас 19.447.288 төгрөг гэж алдангийг тооцож гаргасан” гэв.

Хариуцагч “Хостав” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай компани нь үр тариа боловсруулах, гурил үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлээ цаг тухай бүрт нь төлдөг байсан. Гэвч сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүнд нөхцөл байдалд нийгмийн даатгалын шимтгэлээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 16-р зүйлд зааснаар хугацаандаа төлөөгүй нь үнэн боловч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн ногдуулсан 17.734.430,62 /арван долоон сая долоон зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун гучин төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгний алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компани одоогийн байдлаар алданги байтугай үндсэн шимтгэлээ ч төлөх санхүүгийн боломжгүй байна. Иймээс алдангийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Хостав” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай “Хостав” ХХК 2014 оноос үр тариа боловсруулах, гурил үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлээ цаг тухай бүрт нь төлдөг байсан. Гэвч сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүнд нөхцөл байдалд нийгмийн даатгалын шимтгэлээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 16-р зүйлд зааснаар хугацаандаа төлөөгүй нь үнэн боловч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн ногдуулсан 19447288 төгрөгний алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компани одоогийн байдлаар алданги байтугай үндсэн шимтгэлээ ч төлөх санхүүгийн боломжгүй байна. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулиар дээрх алдангийг заавал төлөх талаар үүрэг болгосон хэм хэмжээ байхгүй бөгөөд санхүүгийн байдал хүнд, төлбөрийн чадваргүй нөхцөлд байгаа тул алдангийг заавал төлөх шаардлагагүй гэж үзэж байна. Манай компани нь одоо үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа бөгөөд цаашид ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг тогтвортой төлж байх болно. Манай компаний үйл ажиллагаа 2013 он хүртэл хэвийн явагдаж татвар, нийгмийн даатгалын өр төлбөргүй байсан. 2013 оны сүүл, 2014, 2015, 2016 онд эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч төлбөрийн чадваргүй болж, үйлдвэрийн жигд ажиллагаа суларч, мөнгөн хөрөнгийн хомсдол дутагдал бий болсон. Энд Монголын эдийн засгийн хүндрэл, хямрал маш их нөлөөтэй байсан. Манай компани ашиг багатай хүндрэлтэй ажиллаж байгаа ч хойшид эдийн засгийн хүндрэлээс гарч хэвийн жигд ажиллана гэдэгтээ найдаж зах зээлээ алдахгүйг хичээж байна. Мөн ажилчид тэдний гэр бүлийг ажлын байраар хангаж Орхон аймгийн иргэд хөдөлмөрчид ялангуяа хорооллын захын цэгүүдийн иргэдэд хямд гурил хивэг тэжээлээр үйлчилж байна. Компани нийгмийн даатгалын тайланд тусгаж тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэлээ тодорхой хугацаанд график гарган төлнө. Харин торгууль алдангийн төлбөр хийх боломжгүй байна. Компани өр төлбөр ихтэй санхүүгийн хувьд тогтворгүй байсан ч ажилчдынхаа цалинг тогтмол тавьж, өр үүсгэж байсан ч санхүүгийн боломжоороо сар бүр нийгмийн даатгалын шимтгэлээ тасралтгүй бага багаар төлж байсан. Нөгөө талаас Нийгмийн даатгалын тухай хуулиар нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүй бол алданги төлөхөөр заасан хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаан, тэтгэвэр авагчид энэхүү алданги нь нөхөн төлөгддөггүй байдлыг харгалзан үзэж алдангиас чөлөөлж өгөхийг хүсэж байна” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хостав” ХХК нь 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 9 жилийн хугацаанд нийгмийн даатгалын ямар ч өр төлбөргүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Одоогийн байдлаар “Хостав” ХХК-ны шимтгэл төлөгчийн тоо байнга нэмэгдэж байгаа. Тухайн компани нь нийгмийн даатгалын шимтгэлээс зайлсхийж байгаагүй, хүмүүсийг ажлын байраар хангаж байгаа хувийн хэвшлийн байгууллага. Эдийн засгийн нөхцөл байдлаас болоод энэ алдангиас чөлөөлж өгөх хүсэлт гаргаж байгаа юм. Алданги тооцох хууль зүйн үндэслэл бүрдсэн эсэх дээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д даатгалыг 5 төрөлд ангилсан байгаа. Үүний дотор алданги гэсэн асуудал байдаггүй юм байна. Алданги бол нийгмийн даатгалын аль нэг санд төвлөрдөггүй. Нийгмийн даатгалын байцаагч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасан “тогтоосон хугацаанд шимтгэл төлөөгүй ажил олгогчийн банкин дахь харилцах дансны зарлагыг шимтгэл төлж дуустал нь зогсооно” гэсэн эрхээ хэрэгжүүлээгүй байна. Алданги тооцохын тулд нийгмийн даатгалын байгууллага нь өөрөө хуульд заасан бүх арга хэмжээг авсны үндсэн дээр алдангийн талаар нэхэмжлэл гаргах ёстой юм. Нэхэмжлэлийг хязгаарлаж байгаа хэрэг биш, гэхдээ шүүхэд заавал хандахгүйгээр гаргуулах талаар тохиролцон ярих боломжтой юм. Алдангийг тооцох талаар миний ярьсан үндэслэл, хуулийн зүйл заалтыг удирдлага болговол алданги тооцох хууль зүйн үндэслэл байхгүй. Үндсэн нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. Алдангиа хэдээс хэдэн он хүртэл яаж тооцож гаргаж байгаа талаар баримт байхгүй. Иймээс алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Орхон аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан прокурор Ц.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хостав” ХХК-нь үр тариа боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, нийт 12 даатгуулагчтайгаар нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж тайлангаа ирүүлсэн байдаг. 2013 оноос хойш 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх байдлаар нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдвөл зохих 38.894.576 төгрөгийг одоо хүртэл барагдуулаагүй. Үүний алданги болох 19.447.288 төгрөг, нийт 58.341.864 төгрөгийг Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс “Хостав” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ мэдүүлсэн байдаг. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлд үндэслэн 2013 оноос хойш “Хостав” ХХК нь шимтгэл төлөөгүй гэдэг нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч буюу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээд болох “Хостав” ХХК-ны захирал Бүрэнтогтох нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээсэн субъект юм. Энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүний улмаас нийгмийн даатгалын шимтгэл 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 38.894.576 төгрөг болж хуримтлагдсан. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хугацаандаа төлөөгүй бол шимтгэлийг нөхөн төлүүлж, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хүртэлх хувийн алданги ногдуулна гэсэн заалтын дагуу алдангийг тооцно. Шимтгэлийн алданги буюу 19.447.288 төгрөг, нийт 58.341.864 төгрөгийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, мөн даатгуулагчид хохирол учирч байна. Энэ хохирлыг ажил олгогч бүрэн хариуцах үүрэгтэй тул энэ шимтгэлийг гаргуулах нь зүйтэй байна гэсэн саналтай байна” гэв.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Хостав” ХХК-аас хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 38 894 576 төгрөг, түүнд ногдох алданги 19 447 288 төгрөг, нийт 58 341 864  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч “Хостав” ХХК болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь нийгмийн даатгалын шимтгэл 38 894 576 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч,  алданги 19 447 288 төгрөгийг бүхэлд нь төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

“Хостав” ХХК нь 2013 оны 1 сараас эхлэн 2017 оны 4 сарын 30-ны өдрийн байдлаар нийт 38 894 576 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа болох нь Хостав ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2017 оны 02, 04-р сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, уг компаний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны 02, 04-р сарын тайлан, 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлд ногдуулсан алдангийн тооцоо, Хостав ХХК-ний нийгмийн даатгалын шимтгэлийн үүссэн өр төлбөрийг төлж барагдуулах 2016 оны 11 сарын 03-ны өдрийн график, мөн компаний 2013.01.01-2017.04.30 хүртэл хугацааны заавал даатгах даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Хостав ХХК-ний 2013, 2014, 2015 онуудын  санхүүгийн байдлын тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр Хостав ХХК-д 2017 оны 03 дугаар сарын 03-нд улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж байжээ.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд

шилжүүлнэ”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс алдангийг 2016 оны 01 сарын 01-нээс 2017 оны 04 сарын 30-ны өдрөөр тооцож нийт 19 447 288 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “Нийгмийн даатгалын тухай хуулийн 26-р зүйлийн 26.4-т нийгмийн даатгалын байцаагч тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах эрхтэй”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэнд оногдуулсан алданги нь нийгмийн даатгалын орлогын эх үүсвэрт орно гэж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т тогтоосон хугацаанд шимтгэл төлөөгүй ажил олгогчийн банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг шимтгэлээ төлж дуустал түр зогсоох, 25.5-т шимтгэл, алданги, хүү, торгууль төлөхөөс зайлсхийсэн, шимтгэлийн мэдээ тайланг хугацаанд нь ирүүлээгүй, нийгмийн даатгалын байгууллагын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүйн улмаас тус компаний хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн алдангийн хэмжээ нэмэгдсэн, алданги төлөх үндэслэл үүсэхгүй” гэж тайлбарлаж байх боловч уг хуулийн заалтуудаар улсын байцаагч болон, нийгмийн даатгалын байгууллагын эрхүүдийг зааж өгсөн, заавал хуульд заасан арга хэмжээг авсны дараа алданги тооцно гэсэн хуулийн заалт байхгүй, хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагчийг алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч компани 2013 оноос эхлэн ашиггүй, алдагдалтай ажилласан, өр төлбөртэй, Монголын эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас болж хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, тэтгэвэр авагчид энэхүү алданги нь нөхөн төлөгддөггүй зэрэг үндэслэлээр алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэж байгаа ч дээрх үндэслэлүүдээр компанийг нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн хугацаанд төлөөгүйд ногдуулах хуульд заасан алдангиас чөлөөлөх боломжгүй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Хостав” ХХК-с нийгмийн даатгалын шимтгэл 38 894 576 төгрөг, түүнд ногдох алданги 19 447 288 төгрөг төгрөг нийт 58 341 864   төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст олгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Хостав ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 449 659 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримтлан хариуцагч “Хостав” ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэл 38 894 576 /гучин найман сая найман зуун ерэн дөрвөн мянга таван зуун далан зургаа/ төгрөг, түүнд оногдох алданги 19 447 288 /арван есөн сая дөрвөн зуун дөчин долоон мянга хоёр зуун наян найм/ төгрөг нийт 58 341 864 /тавин найман сая гурван зуун дөчин нэгэн мянга найман зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулан Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Хостав ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 449 659 /дөрвөн зуун дөчин есөн мянга зургаан зуун тавин ес/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ