Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 00142

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              Орхон аймгийн Эрүүл Мэнд, Нийгмийн

                                даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй

                                         иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2017/00680 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Орхон аймгийн Эрүүл Мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Хостав ХХК-д холбогдох,

“Нийгмийн даатгалын шимтгэл, алданги 58.341.864 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаа, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдлоор 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаа, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, прокурор Э.Улаанаа, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Хостав ХХК нь үр тариа боловсруулах, гурил үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж 12 даатгуулагчтайгаар нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж тайланг ирүүлсэн байна. 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл болох 35468861.25 /гучин таван сая дөрвөн зуун жаран найман мянга найман зуун жаран нэгэн төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Тус ХХК нь өр авлага барагдуулах талаар график гаргаж өгсөн боловч хугацаандаа төлөлт хийгээгүй байна. Хостав ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 35468861.25 төгрөгийг хуулийн хугацаандаа төлөөгүй байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйл, 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хостав ХХК-наас нийгмийн даатгалын шимтгэл 35468861.25 төгрөг, алданги 17734430.62 төгрөг, нийт 53203291.87 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү. ...Хостав ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сард ирүүлсэн тайлангаар тус компаний хугацаандаа төлөөгүй шимтгэл нэмэгдэж 38894576 төгрөг болсон байна. Иймд алданги 19447288 төгрөг нийт 58341864 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хостав ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүнд нөхцөл байдалд нийгмийн даатгалын шимтгэлээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 16-р зүйлд зааснаар хугацаандаа төлөөгүй нь үнэн боловч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн ногдуулсан 17.734.430,62 /арван долоон сая долоон зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун гучин төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгний алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компани одоогийн байдлаар алданги байтугай үндсэн шимтгэлээ ч төлөх санхүүгийн боломжгүй байна. Иймээс алдангийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан прокурор Ц.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ мэдүүлсэн байдаг. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлд үндэслэн 2013 оноос хойш Хостав ХХК нь шимтгэл төлөөгүй гэдэг нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч буюу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээд болох Хостав ХХК-ны захирал Бүрэнтогтох нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээсэн субъект юм. Энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүний улмаас нийгмийн даатгалын шимтгэл 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 38.894.576 төгрөг болж хуримтлагдсан. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хугацаандаа төлөөгүй бол шимтгэлийг нөхөн төлүүлж, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хүртэлх хувийн алданги ногдуулна гэсэн заалтын дагуу алдангийг тооцно. Шимтгэлийн алданги буюу 19.447.288 төгрөг, нийт 58.341.864 төгрөгийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, мөн даатгуулагчид хохирол учирч байна. Энэ хохирлыг ажил олгогч бүрэн хариуцах үүрэгтэй тул энэ шимтгэлийг гаргуулах нь зүйтэй байна гэсэн саналтай байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2017/00680 дугаар шийдвэрээр:

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримтлан хариуцагч Хостав ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэл 38 894 576 /гучин найман сая найман зуун ерэн дөрвөн мянга таван зуун далан зургаа/ төгрөг, түүнд оногдох алданги 19 447 288 /арван есөн сая дөрвөн зуун дөчин долоон мянга хоёр зуун наян найм/ төгрөг нийт 58 341 864 /тавин найман сая гурван зуун дөчин нэгэн мянга найман зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулан Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Хостав ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 449 659 /дөрвөн зуун дөчин есөн мянга зургаан зуун тавин ес/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаа, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нар давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүх нийгмийн даатгалын тухай хуулийн 16-р зүйлийн 16.1 мөн хуулийн 20-р зүйлийн 20.1.2 дэх хэсгийг баримтлан алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж нийгмийн даатгалын тухай хуулийн 26-р зүйлийн 26.4, 10.4, 25.2 болон 25.5 дахь заалтуудаар улсын байцаагчийн болон нийгмийн даатгалын байгууллагын эрхүүдийг зааж өгсөн, заавал хуульд заасан арга хэмжээг авсны дараа алданги тооцно гэсэн хуулийн заалт байхгүй, хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагчийг алдангаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзсэн бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 25-р зүйлийн 25.1.2-т зааснаар нийгмийн даатгалын байгууллага нь ажил олгогчийн банкин дах харилцах дансны зарлагын гүйлгээг шимтгэлээ төлж дуустал түр зогсоох арга хэмжээг аваагүйгээс хариуцагчид алданги төлөх үүрэг үүсээгүй буюу нийгмийн даатгалын байгууллага хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүйн улмаас тус компаний хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн алдангийн хэмжээ нэмэгдсэн байдаг бөгөөд 2013 оноос хойш өдийг хүртэл нэхэмжлэгч байгууллагаас ямар ч арга хэмжээ албан шаардлага хүргүүлээгүй байж 2017 оны 03-р сарын 03-ний өдөр гэнэт улсын байцаатийн албан шаардлага хүргүүлж алданги нэхэмжилж байгаа зэргээс алданги төлөх үндэслэл үүсээгүй ба хуулинд заасан урьдчилсан арга хэмжээг аваагүй байж алданги тооцсон нь буруу. Нийгмийн даатгалын байгууллагад гол хуулиар нь шимтгэлээ хугацаандаа төлөөгүй аж ахуй нэгж байгууллагад авах арга хэмжээг нь бүрэн эрх болгон хуульчилж өгөөд байхад нэхэмжлэгч байгууллага тухайн ажиллагааны алийг нь ч хэрэгжүүлээгүй байж шүүхэд хандаж алданги гаргуулахаар нэхэмжилсэн нь нэг талаас хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй нөгөө талаас урьдчилан авах арга хэмжээ олон байхад бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй шууд шүүхэд хандаж байгаа нь хариуцагч байгууллагын ашиг сонирхолыг хөндөж байгаа бөгөөд анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн үүнтэй холбогдуулан шүүх Монгол улсын Иргэний хуулинд хуульчилснаар шаардах эрх хэзээ үүссэн болох тухайн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хэдийд дуусах зэргийг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан нь хариуцагчийн эрх ашгийг хөндсөн нэг талыг баримталсан нийгмийн даатгалын тухай хуулиар алдангаас чөлөөлөх заалт байхгүй хэмээн хөдөлбөргүй үнэн гэж итгэн бусад нөхцөл байдал, хуулийг шалгаж үзэлгүй шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч байгууллага 2013 он хүртэл үйл ажиллагаа нь хэвийн явагдаж татвар, нийгмийн даатгалын өр төлбөргүй байсан бөгөөд 2013 оны сүүлээс эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч төлбөрийн чадваргүй болж, үйлдвэрийн жигд ажиллагаа суларч, мөнгөн хөрөнгийн хомсдол дутагдал бий болсон бөгөөд монголын эдийн засгийн хямрал маш их нөлөөлсөн байдаг бөгөөд 2013 оноос борлуулалтын өртөг ихсэж, татварын дараах ашиг багасаж өр төлбөр жилд 100 саяас хол давж ирсэн бөгөөд тухайн жилүүдийн санхүүгийн холбогдох тайлан мэдээгээ шүүхэд гарган өгч санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан болохоо хариуцагчаас байгууллагаас нотолж байхад анхан шатны шүүх алдангаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь нийгмийн даатгалын тухай хуулиар нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд төлөөгүй бол алданги төлөхөөр заасан хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаан, тэтгэвэр авагчид энэхүү алданги нь нөхөн төлөгддөггүй байдлыг харгалзан үзэж нөгөө талаас нийгмийн даатгалын тухай хуулийн 3-р зүйлийн 3.2 дэх хэсэгт нийгмийн даатгалын төрөл нь тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал, ажилгүйдлийн даатгал гэх төрлөөс бүрдэх бөгөөд алданги ямар санд нь ордог болох нь тодорхойгүй, үндсэн шимтгэлээ төлөх мөнгөгүй байгаа компани алданги төлөхөөр болбол дампуурч мэдэхээр нөхцөл байдалд байхад анхан шатны шүүх алдангаас чөлөөлөх боломжгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймээс Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06-р сарын 08-ний өдрийн 142/ШШ2017/00680 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алдангийг хасаж өгнө үү гэжээ.

                                                    ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Хостав ХХК-г хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алданги нийт 53.203.291 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдэврлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 58.341.864 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч Д.Ариунцэцэгийн гар дээрх хэргүүдийг шүүгч Б.Дэлгэрцэцэгт шилжүүлж өгөхөөр шийдвэрлэсэн /хх-43/ байх боловч тухайн хэргийг шийдвэрлэх шүүгчийг томилж албажуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.1, Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т зааснаар хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул хэргийн шийдвэрлэлтэнд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2017/00680 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Хостав ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255.186 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ