Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 142/2017/00482/и |
Дугаар | 668 |
Огноо | 2017-06-06 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 668
2017 оны 06 сарын 06 өдөр Дугаар 142/ШШ2017/00668 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг, 6-19-55 тоотод оршин суух, Караказ овгийн Телехейн Аманжул /РД:МТ75032001/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг, 6-11-6 тоотод оршин суух, Сарбас овгийн Асылханы Нургульд /РД:ТЯ87101203/ холбогдох,
Зээлийн төлбөр 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Аманжул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 06 сард Нургуль миний гар утас руу залгаад яаралтай 10,000,000 төгрөнгий хэрэг байна, 7 хоногийн дараа буцаагаад төлнө гэж хэлсэн. Тухайн үед би ажил дээрээ байсан учир бэлэн мөнгө байхгүй болохоо хэлсэн. Гэтэл байн байн залгаад байхаар нь би Мишээл тавилгын дэлгүүрийн эзэн өөрийн хуурай эгч Даваажаргал руу залгаад дүүд маань яаралтай 10,000,000 төгрөг хэрэг болоод байна, та өгчих би таньд өөрөө төлнө гээд Нургульд хэлж Нургуль Даваажаргал эгчээс 10,000,000 төгрөг очиж авсан. Энэ 10,000,000 төгрөгийг би Даваажаргал эгчид өөрөө төлсөн. Би мөнгөө нэхсэн чинь Нургуль маргааш нөгөөдөр гэсээр эцэст нь надаас цааш нь хүнд дамжуулж өгсөн учир тэр хүн маань өгөхгүй байна гээд байхаар нь би 2016 оны 04-р сард Орхон аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан боловч шалгаад иргэд хоорондын маргаан байна гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол өгсөн. Энэ өдрөөс хойш мөнгийг маань өгөх байх гэж хараад өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн тооцоо хийхгүй байгаа учир би шүүхэд хандаж байна. Энэ 10,000,000 төгрөгийг надаас Нургуль авсан учир би Нургулиас л мөнгөө гаргуулна. Энэ цаашаа хэндээ мөнгө өгсөн байх нь надад хамаа байхгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Т.Аманжулаас А.Нургуль мөнгө авсан. А.Нургуль цаашаа хэнд мөнгө өгсөн байх нь хамаагүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч гэж хүсэж байна гэв.
Хариуцагч А.Нургуль шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Аманжул надад холбогдуулан тус шүүхэд 10 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. Үүнд: Миний бие А.Нургуль нь Т.Аманжулаас ямар нэгэн байдлаар 10 сая төгрөг зээлж аваагүй бөгөөд харин Т.Аманжул нь өөр хүнд /Одгэрэлд/ мөнгө зээлж, тэр тухайгаа гэрээ байгуулж байсныг мэднэ. Тэр Одгэрэл эгчид мөнгө зээлсэн гэж гэрээ байгуулсныхаа дараа намайг уг зээлийн гэрээнд гарын үсэг зурахыг шаардаж олон удаа хандсан боловч миний бие Т.Аманжулаас мөнгө зээлж аваагүй тул зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй юм. Харин нэхэмжлэлд дурьдсан Даваажаргал гэдэг хүнээс Марзима, Одгэрэл нар 10 сая төгрөгийг зээлж авч байсан нь үнэн. Түүнээс би зээлээгүй. Тухайн үедээ Даваажаргал нь Марзима, Одгэрэл нартай зээлийн гэрээ байгуулаагүй байж байгаад хожим нь Т.Аманжул Одгэрэлтэй гэрээ байгуулж байсныг миний бие харж байсан. Тухайн мөнгө зээлсэн, зээлийн гэрээ байгуулсан, зээлийн үүрэг хүлээсэн иргэдээс энэхүү мөнгөө нэхэмжилж авах хэрэгтэй. Миний бие тэдний өмнөөс төлбөр төлөхийг зөвшөөрөхгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ асуудал А.Нургульд хамааралгүй. А.Нургуль Л.Даваажаргалаас очиж мөнгө авсан асуудал үнэн боловч тухайн мөнгөний 900.000 төгрөгийг С.Одгэрэл өгсөн. 10.000.000 төгрөгийг Даваажаргалаас авсан. Эдгээр хүмүүсийн хооронд хийгдсэн зээлийн гэрээ, Т.Аманжул Л.Даваажаргалын хооронд хийгдсэн зээлийн гэрээ нь тусдаа, Л.Даваажаргал А.Нургулийн хооронд хийгдсэн 10.000.000 төгрөг мөн тусдаа асуудал. Нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдсан шигээ өөрөө хүлээж авсан, өгсөн асуудал байхгүй. Энэ Л.Даваажаргалтай холбоотой зээлийн гэрээний асуудал болохоос Т.Нургультай холбоотой асуудал огт хамааралгүй. Орхон аймгийн Цагдаагийн байгууллагад өгсөн тайлбарыг шууд 100 хувь үнэн гэж үзэх үндэслэл байхгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Аманжул нь хариуцагч А.Нургульд холбогдуулан 10000000 /арван сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Т.Аманжулаас А.Нургуль мөнгө авсан. А.Нургуль цаашаа хэнд мөнгө өгсөн байх нь хамаагүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч гэж хүсэж байна” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг дэмжиж оролцсон.
Нэхэмжлэгч Т.Аманжул нь хариуцагч А.Нургульд 2014 оны 6 сард 10.000.000 төгрөгийг Л.Даваажаргал гэх хүнээс зээлж авч өгөөд, өөрөө Л.Даваажаргалд 10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан учир 10.000.000 төгрөгийг А.Нургульд зээлүүлсэн гэж буцаан нэхэмжилсэн бөгөөд хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчээс мөнгө зээлж аваагүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргаж байна.
Хариуцагч А.Нургуль нь “...10 сая төгрөг хэрэгтэй байна” гэж нэхэмжлэгч Т.Аманжул руу утсаар ярьж, Т.Аманжул “...Л.Даваажаргал гэх эгч рүүгээ ярьж 10 сая төгрөгийг А.Нургульд өгчих, би танд өөрөө төлнө гэж хэлээд А.Нургуль руу ярьж Л.Даваажаргалаас очоод авчих гэж хэлсний дагуу А.Нургуль Л.Даваажаргалаас очиж 10 сая төгрөг авсан” гэж тайлбарлаж байх ба уг тайлбар нь Орхон аймгийн Прокурорын газрын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн 5/184 тоот эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, Орхон аймаг дах Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч Б.Болд-Эрдэний А.Нургуль, Л.Даваажаргал нараас 2016 оны 04 сарын 12-нд асууж авсан тайлбар, шүүх хуралдаанд гэрчид хууль сануулж авсан Л.Даваажаргалын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх боловч Т.Аманжул Л.Даваажаргалд А.Нургулийн өмнөөс түүний Л.Даваажаргалаас зээлсэн 10 сая төгрөгийг төлсөн гэх тайлбар болон Л.Даваажаргал уг 10 сая төгрөгийг Т.Аманжулын нэрийн өмнөөс А.Нургульд өгсөн, ийнхүү шилжүүлэхийг Т.Аманжул зөвшөөрсөн, Т.Аманжул 10 сая төгрөгийг Л.Даваажаргалд буцааж төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Хавтаст хэрэгт хариуцагч нь нэхэмжпэгчээс 10.000.000 төгрөг зээлж авсан талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчтай зээлийн гэрээ
байгуулж,10.000.000 төгрөг өгсөн талаарх нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй, нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагчийн хариу тайлбарыг няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1, 282-р зүйлийн 282.4-т зааснаар Т.Аманжулын А.Нургульд холбогдуулан гаргасан 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ