Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2016/09586/и |
Дугаар | 1488 |
Огноо | 2017-04-27 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 1488
2017 оны 04 сарын 27 өдөр | Дугаар 101/ШШ2017/01488 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатар гудамж, 25 дугаар байр, 84 тоотод оршин суух Аргай овогт Аюурзанын Энхжаргал /Регистрийн дугаар УК68102002/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын IХа байранд байрлах Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд холбогдох,
ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2016 оны Б/54 дүгээр тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Энхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“Нэхэмжлэгч А.Энхжаргал нь ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 04 тоот тушаалаар Улиастай салбарын нярав, тооцооны нягтлан бодогчийн ажлын байранд томилогдон ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/54 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Учир нь ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/54 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байна. А.Энхжаргал нь няраваар ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил болон хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргаж байгаагүй бөгөөд ажил олгогчийн итгэлийг алдахуйц буруутай үйл ажиллагаа хийгээгүй болно. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хууль дээрх зохицуулалтад дурдсан үйл явдал болоогүй юм. Гэтэл хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлд заасан ноцтой зөрчил гэх үйлдлийг гаргасан гэж үзэж дээрх заалтыг баримталж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь сахилгын зөрчил тус тусдаа тогтоогдсон байх, ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нөлөөлхүйц сөрөг үр дагаврыг гаргасан байх зэрэг дээрх хэм хэмжээг хэрэглэх урьдчилсан нөхцлүүдээс нэгийг ч гаргаагүй. Иймд ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2016 оны Б/54 тоот тушаалыг хүчингүйд тооцож, А.Энхжаргалыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“А.Энхжаргал нь 2016 оны 01 сарын 05-ны өдрийн Гүйцэтгэх захирлын А/01 тушаалаар эд хөрөнгийн тооллогын комиссын гишүүнээр ажилласан ба трактор 1116 ширхэг байх ёстойгоос комиссын тайланд 1100 ширхэг гэж тоолон 16 ширхэг трактор дутсан зөрчил гарсан. Сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаар тушаалаар тооллогын комисс байгуулагдан ажиллаж, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/27 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдан 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Дотоод хяналт шалгалтын комисс”-ын дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэнд ...2016 оны 10 дугаар сарын үлдэгдэл нийт 73 ширхэг бага оврын трактор үлдсэн байхаас 61 ширхэг тоологдож, 12 ширхэг дутсан..., мөн ...барааны борлуулалт хариуцсан нягтлан бодогч А.Энхжаргал нь хариуцсан үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандаж, урьдчилгаа төлбөр хийлгэлгүй, гэрээ байгуулалгүй олгосон байж болзошгүй, эсвэл улсын хөрөнгийг санаатайгаар шамшигдуулсан дутаасан зэрэг зөрчлийг дахин давтан үйлдэж байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учруулсан тул хариуцлага тооцож, тухайн үйлдлийг нь хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзсэн... байна. Дутагдсан трактор нь Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2012 оны А/08 “Техник, тоног төхөөрөмжийн үнэ, худалдах нөхцлийг батлах тухай” тушаалаар 1 ширхэг нь 5,000,000 төгрөгөөр тогтоож, борлуулалт хийх байсан ба дутагдсан 12 ширхэг трактор нь улсад нийт 60,000,000 төгрөгний хохирол учруулж байгаа болно. Мөн сангийн Үйлдвэрлэлийн баазын хашаанд байгаа үлдэгдэл 61 трактор нь тоногдсон бөгөөд ажиллах нөхцөл алдагдсан, хэвийн ажиллагааг хангаж угсрахад шаардагдах сэлбэг, тоног төхөөрөмжүүдийг “Шинэ ундрах булаг трейдинг” ХХК-тай АҮ/2016/80 тоот гэрээ байгуулан 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тус гэрээг дүгнэсэн актын дагуу сангийн зардлаар 7,000,000 төгрөгөөр худалдан авсан ба цаашид дахин нэмэгдэж сэлбэг хэрэгсэл дутагдсаар байна. А.Энхжаргал нь 2014 оноос сангийн үндсэн бараа материал хариуцсан нягтлан бодогчийн үүрэгт ажлыг чөлөөлөгдөх хүртэл хугацаанд хийж байсан, удаа дараа дутагдсан бараа материалын зөрчлийн талаар ямар нэгэн ажил хийгээгүй, улсад учруулсан хохирол шийдэгдээгүй байна. Мөн иргэн аж ахуйн нэгжүүдэд олгосон трактор, бараа материалын зээлийн эргэн төлөлт хангалтгүй, улсын сангийн хугацаа хэтэрсэн өр төлбөрийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь хариуцан ажиллаж байгаа нягтлан бодогчийн ажлын хариуцлагагүй байдал бөгөөд ноцтой зөрчил болно. Дутагдсан трактор, тоногдсон сэлбэг хэрэгслийг хариуцан ажиллаж байсан А.Энхжаргалын ноцтой зөрчлийн тухай 2016 оны 11 сарын 16-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн ажлаас халж хууль хяналтын байгууллагад шилжүүлэх тухай байгууллагын хамтын шийдвэр гарсан. Мөн тус дутагдсан трактор, сэлбэг хэрэгсэлтэй холбогдох үйл баримтыг эрүүгийн цагдаагийн газар өгч шалгуулсан бөгөөд харъяаллын дагуу Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн, тус хэлтэс нь гомдол мэдээллийг шалгаж байна гэсэн хариу өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Энхжаргал нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд холбогдуулан Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2016 оны Б/54 дүгээр тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/54 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд хуульд заасан хугацааны дотор буюу 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.
А.Энхжаргал нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлын 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай тушаалаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Улиастай салбарын няраваар томилогдсон байх боловч 000086215 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт “Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Улиастай салбарын нягтлан бодогчоор томилов” гэж бичсэн байх бөгөөд А.Энхжаргал тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй. /хх-4, 7-9, 10-12/
А.Энхжаргалын ажиллаж байсан Тооцооны нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод Ажлын байрны зорилго нь “ТЭДС-ийн болон ХАА-н БОТ төслийн санхүү бүртгэлийг УСНББОУС, НББОУС-ын дагуу гүйцэтгэж, бүртгэлийн хяналтыг хэрэгжүүлэх, удирдлагыг мэдээллээр хангах” гэжээ. /хх-10-12/
Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/54 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дүрмийн 22 дугаар зүйл, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.8, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн А.Энхжаргалыг Санхүү бүртгэл, төлөвлөлт, хууль эрх зүйн албаны Тооцооны нягтлан бодогчийн үүрэгт ажлаас 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс чөлөөлсөн байна. /хх-5/
Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10 дугаар зүйлийн 10.1.8-д “Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэдэгт ажлын байранд болон ажлын цагаар, ажил үүргээ гүйцэтгэх явцад согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажлын цагийг баримтлаагүй, 3 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан, сангийн үйл ажиллагааг санаатайгаар мушгин гуйвуулсан мэдээлэл тараасан, эд материалын болон бусад хохирол учруулсан, байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн болон мэдээллийн эх үүсвэрийг хувийн зорилгоор ашигласан, байгууллагын нэр хүнд, эрх ашигт харшлах алдаа гаргасан, албан үүрэгтэйгээ холбогдуулан хээл хахууль авсан тохиолдлуудыг хамааруулж үзнэ” гэжээ. /хх-140/
Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал болон Тооцооны нягтлан бодогч А.Энхжаргал нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3-т “хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “...ноцтой зөрчил...” гэж дараах зөрчлийг ойлгоно. Үүнд: Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр болон сангийн Хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын шийтгэлийг 2 ба түүнээс дээш удаа хүлээсэн бол, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал, ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйлс хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн, ажлын байранд бусдыг хэл амаар доромжилж нэр хүндийг гутаах, айлган сүрдүүлэх зэргээр танхайран нийгмийн хэв журам, сангийн үйл ажиллагааг алдагдуулсан, эрхэлж байгаа ажил үүрэгтэй холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн эсвэл гүйцэтгэхээс татгалзсан бол, шунахайн сэдлээр сангийн болон бусдын эд зүйл, өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан, энэ үйлдэл нь баримтаар нотлогдсон бол, сангийн ажлын нэр хүндийг гутаах, нууцыг алдагдуулах, худал мэдээлэх зэргээр түүний эрх ашиг, сонирхол нөлөөлөхөөр үр дагаврыг бий болгосон, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай арга хэмжээ зохион байгуулсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдсэн, бусдыг энэ хэрэгт өдөөн турхирсан, удирдлагад ямар нэг байдлаар дарамт шахалт үзүүлсэн, энэ үйлдэл нь баримтаар нотлогдож, сан, ажилтны эрх ашиг, нэр хүндэд хохирол учруулсан бол, ажил гүйцэтгэх чадвараас шалтгаалан, мөн хариуцлага, сонор сэрэмжгүйн улмаас санд хохирол учруулсан бол, эрх бүхий удирдах албан тушаалтны албан ёсны зөвшөөрөлгүйгээр сангийн эдийн засаг, нэр хүнд, үйл ажиллагаанд хохирол учруулахаар гэрээ хэлцэл байгуулсан нь шунахайн болон хувийн бусад сэдэлттэй болох нь тогтоогдсон бол, албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн хувийн зорилгодоо ашигласан бол” гэжээ. /хх-8-9/
Ажил олгогч нь А.Энхжаргалыг ажлаас чөлөөлөх тушаалдаа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний “ноцтой зөрчил”-ийн талаарх заалтыг дурдаж үндэслэсэн байх боловч А.Энхжаргал нь тухайн дотоод журам болон гэрээнд заасан ямар ноцтой зөрчлийг гаргаж ажлаас чөлөөлөх болсон нь тодорхой бус байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч А.Энхжаргалыг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2015 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын тайлан /хх-26-31/, эд хөрөнгийг тоолсон тухай тайлан /хх-34-36/, 2016 оны жилийн эцсийн эд хөрөнгө, бараа материалын тооллого явуулсан тухай илтгэх хуудас /хх-38/, дотоод хяналт шалгалтын комиссын дүгнэлт /41-42/-ээр тус тус тогтоогдсон гэх тайлбарыг гарган маргасан.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Улсын ахлах байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13-03/01 дугаартай актаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2012-2016 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд дотоод аудит хийж 2012 оноос 2016 он хүртэл он дамжин тоологдсон трактор, хадуур тармуур, анжинсны тооцоог гаргаж, тухайн онуудад эд хөрөнгөтэй хамааралтай ажиллаж байсан дарга, нягтлан бодогч, нярав, эд хариуцагч, гэрээний ажилтан нарын нэр, гарсан зөрчил дутагдлыг дурджээ. Уг аудитын шалгалтыг хийх үед тооцооны нягтлан бодогч А.Энхжаргалыг байлцуулан хийсэн байна. /хх-184-187/
Нэхэмжлэгч А.Энхжаргалыг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэх дээр дурдсан баримтууд нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн эд хөрөнгийг тоолсон тооллого, түүнтэй холбоотой баримтууд байх бөгөөд тооллого болон аудитын шалгалтын материалд танилцаж гарын үсэг зурсан, хариуцаж байсан эд хөрөнгийн талаар тайлбар бичсэнээр нэхэмжлэгч А.Энхжаргалыг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй, мөн тухайн баримтуудаар дутагдсан гэх эд хөрөнгө нь А.Энхжаргалын гэм буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь А.Энхжаргалыг 12 ширхэг трактор дутааж улсад нийт 60,000,000 төгрөгийн хохирол учруулсан, 61 трактор тоногдсон байсныг ажиллах нөхцөл, хэвийн ажиллагааг хангаж угсрахад шаардагдах сэлбэг, тоног төхөөрөмж худалдан авахад 7,000,000 төгрөг зарцуулсан, удаа дараа дутагдсан бараа материалын зөрчлийн талаар ямар нэгэн ажил хийгээгүй байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учруулсан гэх тайлбарыг гарган маргаж байгаа боловч тухайн хохирол нь А.Энхжаргалын гэм буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас болсон нь тогтоогдсон талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан бөгөөд дээр дурьдсан нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд А.Энхжаргалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.
Иймд А.Энхжаргалыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч А.Энхжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээний талаар тоон илэрхийлэл гаргаагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд саад учруулахгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцож А.Энхжаргалын ажиллаж байсан үеийн буюу сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 3,366,033 төгрөгийг 3 сард тооцоод сарын дундаж цалин нь 1,122,011 төгрөг, сарын дундаж цалинг ажлын 22 хоногт тооцоод өдрийн дундаж цалин нь 51,000 төгрөг байна. 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын өдрийг тооцоход 106 хоног болж байх бөгөөд нэг өдрийн дундаж цалин 51,000 төгрөгийг 106 хоногоор үржүүлэн тооцож 5,406,000 төгрөгийг хариуцагч Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас гаргуулж нэхэмжлэгч А.Энхжаргалд олгохоор шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэгч А.Энхжаргалын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч Тариалан эрхлэлтийг дэмжих санд даалган шийдвэрлэв.
Энэ хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боловч шүүхээс эрх зүйн үйлчилгээ үзүүлсний зардлыг хариуцагчаас гаргуулахгүй байх үндэслэл болохгүй тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Тариалан эрхлэлтийг дэмжих санд хариуцуулах бөгөөд ингэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-д “”бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр” нэхэмжлэлийн үнэ /тэмдэгтийн хураамжийн хэмжээ/ тодорхойлно гэсний дагуу нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрын хэмжээнд тус тус тооцож улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тодорхойлов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2016 оны Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Аргай овогт Аюурзанын Энхжаргал /Регистрийн дугаар УК68102002/-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 5,406,000 /таван сая дөрвөн зуун зургаан мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Энхжаргалд олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Энхжаргалыг ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 101,446 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР