Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд  даргалж, шүүгч Л.Батжаргал, шүүгч Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн

Улсын яллагч Т.Цэнд-Аюуш

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа

Иргэдийн төлөөлөгч Б.Золзаяа

Хохирогч Б.Суманхөлөг

Шүүгдэгч Н.Ундрахбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харьяат, 1979 оны 05 дугаар сарын 09-нд төрсөн,  37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг, Усны гудамж 1-48 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2005 оны 05 сарын 16-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, Боржигон овгийн Нэргүйн Ундрахбаярт /РД: ЕЛ79050910/ холбогдох эрүүгийн 201610010040 тоот хэргийг 2016 оны 05 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Н.Ундрахбаяр нь 2016 оны 02 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд Замын-Үүд сум 2-р баг Усны 1-48 тоотод байх өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Суманхөлөгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний баруун хөлний цавь хэсэгт хутгалж биед нь цавинаас хэвлий хөндий рүү нэвтэрсэн шарх, дотуур цус алдалт, цус багадалт бүхий хүнд зэргийн  гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Ундрахбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :

“ Намайг 2016 оны 02 сарын 27-ны өдөр Замын-Үүд сумын 2-р баг Усны гудамж 1-48 тоотод өөрийн гэртээ хамт амьдардаг Отгоо, өөрийн танил Батаа нарын хамт байж байтал 09 цагийн үед бидний танил Жигээ гэх эмэгтэй, Лхагва гэх залуу нар манай гэрт ирсэн. Бид нар уулзаад ганц нэг шил архи хувааж уугаад байж байхад миний танил Суманхөлөг ажилдаа явах замаараа манай гэрээр дайраад гарсан. Тэгээд нэг их удалгүй ажил бага байна гэж хэлээд 0,75 литрийн архи авчихсан манай гэрт ирсэн ба бид нартай нийлж уг архиа хувааж уусан, архи дуусах үед надад байсан 2 шил улаан бөглөөт архийг бид нар хуваан уусан. Архи дуусах үед Лхагва, Жигээ нар архинд согтож газраар унтчихсан байсан ба Отгоо бид 2 орон дээр гарч хамт унтахаар хэвтсэн, Суманхөлөг крисло дээр сууж байгаад Жигээг унтаж байх үед  түүний нөмөрсөн давууг татаж сөхөөд өмдийг нь тайлах гэж татаж түүнийг бос, явъя гэх мэтээр хэлээд Жигээг унтуулж амраахгүй байхаар нь би Суманхөлөгт хандаж чи болиоч наад хүнээ зүгээр унтуулж амраа гэж хэлсэн. Тэгсэн чинь миний өөдөөс чамд ямар хамаатай юм пизда минь гэхээр нь би орноосоо босоод болилдоо гэж хэлчихээд манай гэрийн зүүн талын багананы хажууд тамхины иш хаясан байхаар нь түүнийг авах гэж тонгойтол миний гар дээр Суманхөлөг гишгэчихсэн юм. Тэгэхээр нь би хөргөгч рүүгээ очиж дотроос нь шар ногоон өнгийн иштэй хутга аваад Суманхөлөгийг хөргөгчний ойролцоо зогсож байхаар нь түүний баруун хөлний гуя хэсэгт нь хутгалчихсан юм. Тухайн үед 00 цаг өнгөрч байсан байх яг хэдэн цаг гэдгийг нь мэдэхгүй байна Тэгсэн чинь Суманхөлөг шалан дээр хэвтээд босохгүй байхаар нь би түүний өмдийг тайлж цусыг нь тогтоох гэж үзээд болохгүй байхаар нь цагдаа болон эмнэлэгт мэдэгдэж дуудлага өгсөн. Тухайн үед дуудлагыг Жигээ өгсөн Хохиролд 300 гаруй мянган төгрөг төлсөн. Суманхөлөгийн биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг

Хохирогч Б.Суманхөлөгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“ Энэ гэмт хэргийн улмаас миний биед хүнд гэмтэл учирсан, групп тогтоолгож, 50 хувьтай группд гарсан. Одоо биеийн байдал тийм ч сайн биш, хэвлийн хөндий рүү дээш татаж өвддөг, суга таягтай явж байна. Би гэмтэл авахаасаа өмнө Шилжүүлэн ачих ангид ажил хийдэг байсан бөгөөд группэд гарсан учраас ажлаасаа чөлөөлөгдсөн. Ундрахбаяраас эмчилгээний зардалд 304,000 төгрөг авсан. Би сард 750,000 төгрөгийн цалин авдаг байсан бөгөөд ажилгүй байсан буюу 3,4,5 сарын цалин 2,150,000 төгрөг нэхэмжилж байна. Энэ хугацаанд 4,5 дугаар сард листний мөнгө авсан.  Мөн ажилгүй болсон учраас банкны зээл төлөх боломжгүй болсон. Иймд банкны зээлийн үлдэгдэл 2,700,000 төгрөг гаргуулмаар байна. Эдгээрийг төлбөл гомдолгүй болно “ гэсэн мэдүүлэг

Хохирогч Б.Суманхөлөгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

“ Би 2016 оны 02 сарын 27-ны өдөр 18 цаг өнгөрөөгөөд ажилдаа явах гээд гэрээсээ гарсан. Гэрээс гараад өөрийн танил Баясаа гэх залуутай тааралдаж түүнтэй хамт танил Батаа гэх залууг хайж Ундрахбаярын гэррүү явсан. Ундрахбаярын гэрт очоод 10-20 минут болчихоод ажилруугаа явахаар ганцаараа гарч, ажил дээрээ очоод ээлжийн зөвлөгөөнд орчихоод ажил байхгүй гээд буулгасан. Хамт ажилладаг Амгалан, Энхболд нартай нийлж Энхболдын гэрт очиж 2 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Архи ууж дуусаад Энхболдын гэрээс 1 шил 0,750 литрийн архи аваад Ундрахбаярын гэррүү явсан. Ундрахбаярын гэрт очоод Отгоо, Жигээ, Лхагва, Батаа, Ундрахбаяр, Баясаа нартай нийлж авч ирсэн архиа хувааж уусан ба дахин хэдэн шил архи нэмж уусан гэдгээ мэдэхгүй байна. Тухайн үед би нэлээн согтчихсон байсан. Гадаа гэрийн үүдэнд Ундрахбаярт хутгалуулчихлаа гээд Батаа, Баясаа нарт хэлж байснаа санаж байна. Тэгээд л хойд талд байх эмийн сангаас энэ талаар цагдаад мэдэгдсэн шиг байна лээ. Яг хэн мэдэгдсэн гэдгийг мэдэхгүй байна. Бидэнд хоорондоо муудаж маргалдсан асуудал байхгүй, муудаж маргалдаагүй гэдгээ санаж байна. Намайг зуухны зүүн урд талд завилаад сууж байхад хутгалж гэмтээсэн. Яг ямар хутгаар хутгалсан гэдгийг мэдэхгүй байна. Миний баруун хөлний гуяаны дээд хэсэгт 1 удаа хутгалсан. Өөр ямар нэгэн гэмтэл гэх зүйл байхгүй. Намайг ямар шалтгаанаас болж хутгалсан гэдгийг мэдэхгүй байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд ор хоногийн мөнгө гэж 300.000 төгрөг тушаасан түүнээс гадна эм тарианы мөнгө зарцуулагдсан яг хичнээн төгрөг гэдгийг хэлж мэдэхгүй байна. Намайг дахиж Улаанбаатар хотруу очиж эмчилгээ хийлгэ гэж хэлсэн. Ундрахбаяр надад эмчилгээний мөнгө гэж эмнэлэгт хэвтэж байх хугацаанд 100.000 төгрөг өгсөн өөр ямар нэг мөнгө өгөөгүй “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18/

Гэрч Э.Эрдэнэбатын мөрдөн байцаалтанд өгсөн :

“....Би 2016 оны 02 сарын 27-ны өдөр эгчийнхээ  гэрт байж байгаад өдөр яг хэдэн цагт гэдгийг нь мэдэхгүй өөрийн танил Ундрахбаярын гэрт ганцаараа очсон. Ундрахбаярын гэрт очиход Ундрахбаяр түүнтэй хамт амьдарч байгаа Отгоо гэх эмэгтэй байсан бөгөөд намайг очоод нэг их удаагүй байхад Жигээ гэх эмэгтэй хажуу айлынх нь Лхагва нар ар араасаа ирсэн ба тухайн үед Суманхөлөг бид нар дээр ирчихээд орой ажилтай гэж хэлээд явсан. Тэгээд л Ундрахбаяр, Лхагва, Отгоо, Жигээ бид нар нийлж Ундрахбаярын гэрт байсан 2-3 шил хятад архийг хувааж уусан. Тухайн үед архи уугаад намайг нэлээд согтсон байхад Суманхөлөг 0,75 литрийн архи авчихсан ажлаасаа буугаад ирлээ гэж хэлээд орж ирж байсан. Уг архийг бид нар нийлж хамтдаа ууцгаасан. Түүнээс цааш хичнээн шил архи уусан гэдгээ мэдэхгүй байна, би их согтсон байсан юм. Би архи ууж байгаад архиндаа согтоод буйдан дээр сууж унтаж байгаад нэг мэдэхэд гэрийн зүүн талын багана налаад завилж суугаад унтчихсан байсан ба намайг нэг сэрэхэд Суманхөлөг хутгалуулчихсан гэрийн зүүн урд талд хэвтэж байсан. Тэгэхээр нь би босоод түүнрүү очиход хөлнөөс нь цус гараад байсан ба түүний цусыг тогтоож уян бинтээр дарж суусан. Нэг их удалгүй эмнэлгийн машин ирж түүнийг авч явсан. Эмнэлэг рүү хэн мэдэгдсэн гэдгийг мэдэхгүй байна. Тухайн үед сэрээд юу болсон талаар асуухад Ундрахбаяр Суманхөлөгийг хутгалчихсан юм гэж хэлж байсан. Яг ямар шалтгаанаас болж түүнийг хутгалсан гэдгийг надад хэлээгүй, би ч гэсэн энэ талаар мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/

Гэрч П.Түмэнцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

“Би 2016 оны 02 сарын 27-ны өдөр өөрийн танил Ундрахбаярын гэрт 0,75 литрийн архи аваад очиход Ундрахбаяр болон Отгоо гэх байсан. Тэгээд бид 3 миний авч ирсэн архийг уугаад байж байхад гаднаас Лхагва, Эрдэнэбат нар орж ирсэн бөгөөд бид гуравтай хамт уг архийг хувааж уусан. Архи дуусах үед Ундрахбаяр гэртээ байсан 2 шил улаан бөглөөт архийг гаргаж ирээд уг архийг хуваан ууцгаасан. Архи ууж байгаад би согтоод унтчихсан байсан. Тэгээд л нэг сэрэхэд Суманхөлөг гэх залуу Ундрахбаярынд ирчихсэн хутгалуулсан байдалтай хэвтэж байсан. Яг юу болсон гэдгийг мэдээгүй. Би тухайн үед согтоод унтаж байсан болохоор хэрүүл маргаан болсон эсэхийг мэдэхгүй байна. Намайг сэрэх үед Суманхөлөг гэх залуу хутгалуулсан байдалтай байсан түүнийг Ундрахбаяр хутгалсан гэж байсан. Намайг сэрэхэд Ундрахбаяр чамайг согтуу унтаж байхад Суманхөлөг оролдож өмднөөс чинь татаж янз бүр зан гаргаж надтай маргалдаж хэрэлдэхээр нь би түүнийг хутгалсан гэж байсан. Намайг сэрэхэд миний өмдний товчийг тайлчихсан бага зэрэг доош татаж тайлах гэж оролдсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

Гэрч П.Отгонбаяр мөрдөн байцаалтад өгсөн:

“Би яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Өөрийн танил Ундрахбаярын гэрт Суманхөлөг, Түмэнцэцэг, Эрдэнэбат, Ундрахбаяр бид нар хамт архи уусан. Тухайн үед 2-3 шил архи уучихаад гэрийн баруун талын орон дээр Ундрахбаяр бид хоёр унтаж амарсан. Намайг унтаж байхад хүмүүс орилолдож уйлахаар нь би сэрсэн. Намайг сэрэх үед Ундрахбаяр, Суманхөлөгийг хутгалчихсан Түмэнцэцэг уйлчихсан өмд нь хагас тайлагдсан байдалтай байсан. Намайг унтаж амрахын өмнө хоорондоо муудаж маргалдаагүй. Тухайн үед Суманхөлөгийг Ундрахбаяр Түмэнцэцэгийг өмөөрөөд хутгалсан юм байна лээ. Суманхөлөг, Түмэнцэцэгийг оролдсоноос болж хутгалсан юм байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/

Гэрч  Б.Лхагважав мөрдөн байцаалтанд өгсөн:

“Би өөрийн танил Ундрахбаярын гэрт очиход Ундрахбаяр, Отгоо, Түмээ, Суманхөлөг, Эрдэнэбат нар байсан. Намайг очиход эдгээр хүмүүс архи уугаад байж байсан. Би Ундрахбаярын гэрт 17 цагийн үед очоод хамт архи ууж байгаад нэг мэдэхэд согтоод унтчихсан байсан. Намайг унтаж байхад гэрт байсан хүмүүс бахиралдаад хүн алчихлаа гэхээр нь би сэрсэн ба намайг сэрэхэд Суманхөлөг цавь хэсэгтэй хутгалуулчихсан гэрт их цус болсон байсан. Тэгэхээр нь би босоод Суманхөлөгийн өмдийг тайлж Эрдэнэбатын хамт цусыг арчиж тухайн үед Ундрахбаяр гэрээс гарч эмнэлэг дуудахаар гарсан. Тэгээд л цагдаа болон эмнэлэг ирсэн. Намайг сэрэхэд Ундрахбаяр, Суманхөлөг Түмэнцэцэгийг оролдоод байхаар нь би хутгалчихлаа гэж хэлсэн. Намайг унтахаас өмнө Суманхөлөг, Ундрахбаяр нар хоорондоо муудаж маргалдаагүй. Харин унтсан байх үед юу болсныг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 сарын 04-ний өдрийн “1. Б.Суманхөлөгийн биед баруун цавинаас хэвлий рүү нэвтэрсэн шарх, дотуур цус алдалт, цус багадалт гэсэн гэмтэл  тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар хүнд зэрэгт хамаарна.

4. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алталтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамраана” гэсэн 146 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 сарын 14-ний өдрийн “ 1.Шинжилгээнд ирүүлсэн хутга дээр цус илэрсэн. Энэ нь O/I/ бүлгийн харьяаллтай хүний цус байна. Б.Суманхөлөгийн гэх цус нь ABO-н системээр  O/I/  бүлгийн цус байна” гэсэн 2199 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/

Эд мөрийн баримтыг хурааж, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 14/

Өвчний түүх /хх-ийн 28-34/

Шүүгдэгчийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/

Хохирогч Б.Суманхөлөгийн  цалинг тодорхойлсон Улаанбаатар төмөр замын Шилжүүлэн ачих ангийн даргын  2016 оны 03 сарын 02-ны өдрийн тодорхойлолт  /хх-ийн 67/

Хохирлын баримтууд /хх-ийн 72-76/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

шүүгдэгч Н.Ундрахбаяр нь 2016 оны 02 сарын 27-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг, Усны 1-48 тоотод байрлах өөрийн гэртээ бусадтай нийлж архи ууж, хохирогч Б.Суманхөлөгийг гэрч П.Түмэнцэцэгийг унтуулж амруулсангүй гэж маргалдан, таарамжгүй байдал үүсгэн, улмаар түүний баруун гуянд нь хутгалж, бие махбодид нь баруун цавинаас хэвлий рүү нэвтэрсэн шарх, дотуур цус алдалт, цус багадалт бүхий хүнд гэмтэл учруулсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул түүнийг 2016 оны 02 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хохирогч Б.Суманхөлөгийн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Суманхөлөгийн “ ... Энэ гэмт хэргийн улмаас миний биед хүнд гэмтэл учирсан, групп тогтоолгож, 50 хувьтай группд гарсан. Одоо биеийн байдал тийм ч сайн биш, хэвлийн хөндий рүү дээш татаж өвддөг, суга таягтай явж байна...  ” гэсэн мэдүүлэг,

хохирогч Б.Суманхөлөгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Намайг зуухны зүүн урд талд завилаад сууж байхад хутгалж гэмтээсэн. Яг ямар хутгаар хутгалсан гэдгийг мэдэхгүй байна. Миний баруун хөлний гуяаны дээд хэсэгт 1 удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 16-18/

гэрч П.Түмэнцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Архи ууж байгаад би согтоод унтчихсан байсан. Тэгээд л нэг... сэрэх үед Суманхөлөг гэх залуу хутгалуулсан байдалтай байсан, түүнийг Ундрахбаяр хутгалсан гэж байсан...Намайг сэрэхэд миний өмдний товчийг тайлчихсан бага зэрэг доош татаж тайлах гэж оролдсон байсан”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

гэрч Э.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад өгсөн “... намайг нэг сэрэхэд Суманхөлөг хутгалуулчихсан гэрийн зүүн урд талд хэвтэж байсан. Тэгэхээр нь би босоод түүнрүү очиход хөлнөөс нь цус гараад байсан ба түүний цусыг тогтоож уян бинтээр дарж суусан...Тухайн үед сэрээд юу болсон талаар асуухад Ундрахбаяр Суманхөлөгийг хутгалчихсан юм гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7/, эд мөрийн баримтыг хурааж, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 14/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 сарын 04-ний өдрийн 146 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/,

гэрч Б.Лхагважавын мөрдөн байцаалтанд өгсөн “...намайг сэрэхэд Суманхөлөг цавь хэсэгтэй хутгалуулчихсан гэрт их цус болсон байсан. Тэгэхээр нь би босоод Суманхөлөгийн өмдийг тайлж Эрдэнэбатын хамт цусыг арчиж тухайн үед Ундрахбаяр гэрээс гарч эмнэлэг дуудахаар гарсан. Тэгээд л цагдаа болон эмнэлэг ирсэн. Намайг сэрэхэд Ундрахбаяр, Суманхөлөг Түмэнцэцэгийг оролдоод байхаар нь би хутгалчихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/ зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Н.Ундрахбаярын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон  байх тул шүүгдэгчийг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж, хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон байх ба тэрээр хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм. Шүүгдэгч Н.Ундрахбаяр нь хохирогч Б.Суманхөлөгт эмчилгээний зардалд  нийтдээ 304,000 төгрөгийн төлбөр төлсөн байх ба хэрэгт авагдсан хохирлын талаарх нотлох баримтуудыг дүгнэхэд 303,908 төгрөгийн баримт цугларсан байх тул түүнийг нотлох баримтын хүрээнд эмчилгээний зардлыг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Суманхөлөг нь өөрийн  ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,150,000 төгрөг, банкны зээлийн үлдэгдэл 2,700,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа болно.

Хохирогч нь Улаанбаатар төмөр замын Замын-Үүд дэх Шилжүүлэн ачих ангид сарын 750,000 төгрөгийн цалинтай  ачигчийн ажил эрхэлж байсан нь хх-ийн 67 дугаар хуудсанд авагдсан тодорхойлолтоор тогтоогдож байх ба хохирогч нь 3,4,5 дугаар саруудын цалин хөлс нийт 2,150,000 төгрөгийг нэхэмжилж байгааг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь хохирогч нь тухайн хугацаанд лист авч байсан гэж шүүх хуралдаанд мэдүүлдэг бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйн улмаас хэдэн төгрөгийн лист авсан, цалингийн зөрүү хэдэн төгрөг олгогдох ёстойг шүүх тооцох боломжгүй байна. Иймд хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Мөн хохирогч Б.Суманхөлөг нь шүүгдэгчээс банкны зээлийн үлдэгдэл 2,700,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа бөгөөд уг зээл нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш, шүүгдэгч нь зээл төлөх талаар үүрэг хүлээсэн этгээд биш байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нь уг гэмт хэргийг гарах болсон шалтгаан нөхцөлд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч нь учруулсан хохирлыг нөхөн төлсөн  тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасан журмыг хэрэглэн ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна. Хэдийгээр шүүгдэгч Н.Ундрахбаяр нь хохирогчийн эмчилгээний зардалд зарцуулсан 304,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн боловч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан гэх бодит нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирогч Б.Суманхөлөг нь энэ гэмт хэргийн улмаас бие махбодидоо хүнд гэмтэл авсан, хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаны улмаас Замын-Үүд дэх Шилжүүлэн ачих ангийн даргын 2016 оны 05 сарын 19-ний өдрийн Б-153 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдан ажилгүй болсон зэрэг нөхцөл байдал нь шинжээчийн 146 тоот дүгнэлт, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, түүнтэй  хөдөлмөрийн гэрээ цуцалсан талаар  тэмдэглэсэн хүний нөөцийн менежер Үл-Явахын 2016 оны 05 сарын 30-ны өдөр гаргасан тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. Иймд энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа  зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, харин уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Иймд шүүгдэгчид ял оногдуулахдаа дээрх хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т зааснаар  хорих ял эдлүүлэх дэглэмийг  хөнгөрүүлж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид хорих ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар ногоон өнгийн иштэй 1 ширхэг хутгыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 292, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Боржигон овогт Нэргүйн Ундрахбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нэргүйн Ундрахбаярыг 5 /тав/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Ундрахбаярт оногдуулсан 5 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Н.Ундрахбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар ногоон өнгийн иштэй 1 ширхэг хутгыг устгасугай.

6. Хохирогч Б.Суманхөлөг нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, банкны зээлийн үлдэгдлийг төлүүлэхээр нэхэмжилсэн 2,700,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Н.Ундрахбаярт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

8. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                           А.ЦЭРЭНХАНД  

ШҮҮГЧИД                          Л.БАТЖАРГАЛ

                                           Б.НАРМАНДАХ