Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 94

 

Р.Чойндон, Р.Гэндэн нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Р.Мөнхтариа,

өмгөөлөгч Ч.Содончимэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

БНМАУ-ын Засгийн Газрын эрхлэх товчооны гишүүд ба Бүх Цэргийн зөвлөлийн гишүүдийн хамтарсан хурлын 1930 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3 дугаар тогтоолтой Р.Чойндон, Р.Гэндэн нарт холбогдох хэргийг прокурорын дүгнэлтээр хянан хэлэлцэв.

1. Биеийн байцаалт тодорхойгүй, эрэгтэй, Рааш овогтой Чойндон нь Шүүх цаазын бичгийн 42 дугаар зүйлд заасан “Ард түмний санааг урвуулан самууруулах зэргийг хичээж бүлэглэн, тэрсэлсэн” гэмт хэрэгт,

2. Биеийн байцаалт тодорхойгүй, эрэгтэй, Рааш овогтой Гэндэн нь Шүүх цаазын бичгийн 42 дугаар зүйлд заасан “Ард түмний санааг урвуулан самууруулах зэргийг хичээж бүлэглэн, тэрсэлсэн” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

БНМАУ-ын Засгийн Газрын эрхлэх товчооны гишүүд ба Бүх Цэргийн зөвлөлийн гишүүдийн хамтарсан хурлын тогтолоор Шүүх цаазын бичгийн 42 дугаар зүйлд зааснаар Р.Чойндонг буудан алах ялаар, Р.Гэндэнг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Р.Мөнхтариа, өмгөөлөгч Ч.Содончимэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурор Р.Мөнхтариа хяналтын шатны шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд: “...Өргөдөл гаргагч Х.Чагдаа нь анх 2002 онд УДШ-д хандаж авга ах нар болох Раш овогтой Чойндон, Гэндэн нараа хилс хэрэгт хэлмэгдсэн гэж цагаатгуулхаар өргөдөл гаргасны дагуу ТЕГ-ын Тусгай архиваас өргөдөлд дурьдсан 2356-4, 1368 дугаартай хэргүүдийг татаж хянаад 2002 оны 11 дүгээр сарын 13-ны 1/4046 дугаартай албан бичгээр хариу өгсөн байна. Уг хариунд Рашийн Чойндон, Рашийн Гэндэн нар нь хилс хэрэгт шийтгүүлсэн гэж үзэх баримтгүй байгааг тайлбарлая гэсэн байна.

Буданчийн хүрээний босогчдыг 1930 оны 4 дүгээр сарын 30-нд Авчихүйн гол хэмээх газарт 46 хүнд хрэг үүсгэж удирдсан лам 9, хар 4, бүгд 13 хүнийг буудан алсан, 1-10 жил хүртэл гянданд 8 лам, хар 12-ыг шийтгэсэн байна. ... Тэр үеийн улс төрийн тогтворгүй байдлын улмаас Шүүхийн байгууллагыг орлуулан БНМАУ-ын Засгийн газрын Эрхлэх товчооны гишүүд ба Бүх Цэргийн Зөвлөлийн хамтран хуралдсан хурлаас “Бүрэн эрх бүхий” тусгай комиссыг байгуулж дарга гишүүдийг томилон дээрх хэргүүдийг газар дээр нь шалгаж шийдвэрлэсэн нь зайлшгүй хийх ёстой онцлог арга хэмжээ гэж үзэж байна. Энэ хэргийн зохигчидын үйлдсэн хэргийн хүнд хөнгөн ба анги чанарыг нь хянаж онц тэргүүлэн удирдаж явсан лам Балдан, Рааш, Ширчин, Чүлтэм, Чойндон, Зодов ... нарын биесийг Шүүх цаазын бичгийн ерөнхий ангийн 31-р зүйлийн 1,3,5,6 дахь зүйлүүдийг баримтлан хүндэтгэж мөн бичгийн тусгай ангийн 42-р зүйлд заасныг журамлан алив эрхийг бүрнээ эвдэж шууд буудан алсугай. Мөн хэрэг халдаж ял шийтгэгдэж явсан удаагүй зах хязгаарын бүдүүлэг ардууд даруй мөн болох тул учир бага ялгавартай бөгөөд зүй зохисыг үзэж лам Лувсан, Гэндэн, хар Лич нарыг энэ хэрэгт анх тэргүүлэн явсангүй зөвхөн Өлзий, Жүгдэр нарын ятгалагыг дагалдан тэдний хуралд хэд хэдэн удаа оролцож бүхий л хэргийг гүйцэтгэлцэхийг хичээн явсан боловч элдвийн учир суртлыг мэдсэнгүйн харгайгаар бусдын ам, санаа ба сургаал зааварт автан гэмт хэрэг үйлдсэн нь тэд нарын өчиг мэдүүлгүүд ба хэргийн дотор байдлаар илэрхий бөгөөд төлөв үнэнтэй тул Шүүх цаазын бичгийн ерөнхий ангийн 34-р зүйлийн 3 дахь ангид дурдсаныг баримтлан хөнгөтгөж, мөн бичгийн тусгай ангийн 46-р зүйлд заасныг журамлан 5 жил хорьсугай гэсэн байх бөгөөд эдгээр хүмүүсийн овог, нас, харьяалал, ам бүлийн нэрс, эрхэлж байсан ажил зэрэг гол асуудлууд нь тодорхойгүй тул Раш овогтой Чойндон, Гэндэн нар мөн гэхэд эргэлзээтэй байсан учир прокурорын дүгнэлт өмнө нь бичигдэж байгаагүй юм.

Иргэн Х.Чагдаа нь удаа дараагийн өргөдөлдөө Раш гэдэг овогтой гэдгийг батлан бичиж байгаа, мөн Чойндон, Гэндэн нарыг чухам ямар гэм буруутай байсан талаар 2014 онд хэрэг үүсгэж шалгуулахад ДХГ-ын ямар нэгэн бүртгэл судалгаанд нэрс нь байхгүй болох нь тогтоогдсон, хүн тус бүр гэмт үйлдэл хийсэн талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт байхгүй байна.

Иймд Засгийн газрын эрхлэх товчооны гишүүд ба Бүх цэргийн зөвлөлийн гишүүдийн 1930 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан эрүүгийн хэргийн 3 дугаар тогтоолд нэр бичигдсэн Ханбаатар уулын хошууны Буданчийн хүрээний лам байсан Раш гэх овогтой, лам Чойндон, Гэндэн нарт холбогдох хэргийг цагаатгуулахаар гаргасан дүгнэлтээ дэмжиж байна ...” гэв.

Гомдол гаргагч Х.Чагдаагийн өмгөөлөгч Ч.Содончимэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Улаангомын Төгсбуянтын хүрээний лам нарын бослого болон Буданчийн хүрээний лам нарын бослого нь өөр хоорондоо ямар нэг уялдаа холбоо байхгүй, учир шалтгааны хэлхээсгүй газар нутаг, цаг хугацааны хувьд өөр өөр үед гарсан хөдөлгөөнүүд юм. Төгсбуянтын бослого нь Монгол Улсын баруун хойд хэсэгт, Буданчийн хүрээний бослого нь улсын баруун урд явагдсан юм. Төгсбуянтын бослого гарах үед Р.Чойндон, Р.Гэндэн нар шийтгүүлчихсэн байсан гэдэг нь прокурорын өөрийн дүгнэлтэд тэмдэглэсэн огноо, он дарааллаас харагдаж байна. Иймээс прокурорын дүгнэлтийн 70 хувийг эзэлж бичигдсэн “Хушуу захиргааг довтолсон, 20 лам, 20 феодалаар толгойлуулсан засаг байгуулсан, 1500 гаруй цэрэг цуглуулсан, хоол хүнс ачлага гаргуулсан, ард олныг эрүүдэн шүүсэн, цуурхал тараасан, засаг төрийг унагаахыг оролдсон, 5 сум хамарч 2000 хүн боссон, 100 винтовоор зэвсэглэсэн, 800 лам хамрагдсан, Ардын журамт цэргээс амь хохирсон, шархадсан” зэрэг үйл баримт Буданчийн хүрээний лам 50 иргэний нутаг сэлгэн нүүх тухай хуйвалдаанд огт хамааралгүй болохыг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Буданчийн хүрээний хөдөлгөөнд Р.Чойндон, Р.Гэндэн нар нь ямар үүрэгтэй оролцсон талаар ямар ч баримт байхгүй. Хэрэгт Гомбо-Очиртой очиж уулзсан, элч илгээсэн хүмүүсийн нэр тодорхой байдаг. Мөн нүүлгэх ажлыг зохион байгуулахаар сонгогдсон 11 лам, 21 хар иргэдийн нэрс дотор Р.Чойндон, Р.Гэндэн гэсэн нэрс байдаггүй юм. Иймд, Р.Чойндон, Р.Гэндэн нарыг цагаатгаж өгнө үү ...” гэв.

Р.Чойндон, Р.Гэндэн нарыг Ардын засгийг устгах, хуучин засгийг дахин байгуулах зорилгоор эсэргүүцэн тэмцсэн Чандмань уулын аймгийн Ханбаатар хушууны Буданчийн хүрээний эсэргүү лам нараас Хятадын эзэрхэг түрэмгий этгээд нар лугаа сүлбэлдэн нутгийн ард түмний санаа сэтгэлийг үймүүлэн эсэргүү хорт бодлого явууллагын суртал нэвтрүүлж, тэднийг гадаадад оргуулахыг завдаж, айл өрхүүдийг нүүлгэхээр бөөгнөрүүлэн хуралдуулж бэлтгэж, төр засагт тэрсэлсэн оргодолуудтай цэрэг зэвсгийн тусламж авахын тулд харилцаа холбоо тогтоосон зэрэг үйлдлүүдэд идэвхтэй оролцсон гэх гэмт үйлдэл болон үйл баримтыг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, Шүүх цаазын бичгийн 42, 46 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргийн санаа зорилго болон үйлдэл оролцоо нотлогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байхад гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Засгийн газрын эрхлэх товчооны гишүүд ба Бүх цэргийн зөвлөлийн гишүүдийн хамтарсан хурлын тогтоолоор 486 хүний хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд уг тогтоолд шүүгдэгч нарыг дайчлан баривчлах ордер тогтоол, ялын төлөвлөгөө байхгүй, Р.Чойндон, Р.Гэндэн нарын мэдүүлэг огт авагдаагүй, Р.Чойндонг уг бослогыг тэргүүлж явсан, Р.Гэндэнг хуралд нь оролцож бүхий л хэргийг гүйцэтгэлцэхийг хичээн явсан гэж тэдний үйлдэл, оролцоо, гэм бурууг тогтоосон ямар ч нотлох баримтгүйгээр ял шийтгэсэн нь улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

Иймд прокурорын “Засгийн газрын эрхлэх товчооны гишүүд ба Бүх цэргийн зөвлөлийн гишүүдийн 1930 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан эрүүгийн хэргийн 3 дугаар тогтоолоор шийтгүүлсэн Р.Чойндон, Р.Гэндэн нарыг цагаатгах нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг хүлээн авч, Засгийн газрын эрхлэх товчооны гишүүд ба Бүх цэргийн зөвлөлийн гишүүдийн 1930 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан эрүүгийн хэргийн 3 дугаар тогтоолын Рашийн Чойндон, Рашийн Гэндэн нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэднийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 362 дугаар зүйлийн 362.1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Засгийн газрын эрхлэх товчооны гишүүд ба Бүх цэргийн зөвлөлийн гишүүдийн 1930 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан эрүүгийн хэргийн 3 дугаар тогтоолын “Р.Чойндон, Р.Гэндэн” нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Р.Чойндон, Р.Гэндэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

 

                              ДАРГАЛАГЧ,

                              ТАНХИМЫН  ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                              ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ