Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 229

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Б, 

Хариуцагч: ЭХЯТНБД, 

Нэхэмжлэлийн шаардлага: “ЭХЯТНБД-ын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 297 дугаар тушаал үндэслэлгүй тул хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах, ЭХЯТНБД-ын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 324 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, түүний өмгөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн Л.Н, нарийн бичгийн даргаар Б.С нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Н.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилсон тушаал 2006 оны 03 дугаар сард гарсан. Би төрийн албанд 12 жил ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч. Би Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллах хүртлээ 12 жилийн туршид өгсөх шатны бүхий л ажлуудыг хийж ирсэн. 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар тушаалаар надад сануулах шийтгэл оногдуулсан. Би 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс ээлжийн амралтаа авах эрхтэй байсан. 2017 оны 05 дугаар сүүлээр манай салбарын 95 жилийн ой болж надад 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл амрахгүй байхыг үүрэг болгосон. Түүний дагуу би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс албан ёсны ээлжийн амралтаа авсан. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр надад сануулах арга хэмжээ авсан. Энэ талаар би тухайн үеийн сайд болон Төрийн захиргаа удирдлагын газрын даргад мэдэгдсэн. Намайг ажлын байраа орхиж явсан гэж арга хэмжээ авсан. Би хуульд заасны дагуу ээлжийн амралтаа авах эрхтэй байсан. Мөн төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуульд зааснаар сонгуулийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Намайг ээлжийн амралтаа аваад ирэхэд ажлаа хаяад явсан гээд хариуцлага тооцсон. Тийм учраас би тушаалыг зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зураагүй. 

2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай ахмад багшийн эрүүл мэнд муудсан тул Төрийн нарийн бичгийн даргаасаа амаар 2 хоногийн чөлөө аваад хөдөө явсан. Намайг буцаад ирэхэд арга хэмжээ авсан. Би Төрийн нарийн бичгийн даргадаа хэлээд явсан. 

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Австри улсын Вен хотод Олон улсын Эрчим хүчний хуралд тус улсын зардлаар оролцсон. Би 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тушаал гаргасан гэдгийг 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мэдсэн. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр намайг ажлын байран дээрээ байсаар байхад ямар ч мэдэгдэл өгөөгүй. 2018 оны 11 дүгээр сарын 08-нд Чингис хааны төрсөн өдөр таарч бүх нийтээр амарч, 11 дүгээр сарын 09, 10-нд хагассайн, бүтэнсайн өдрүүд таарч би 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр яваад 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө ирсэн. Намайг шуурхай хуралд орох гэж байхад чамайг халсан гээд тушаалын хуулбар хувийг өгсөн. Би шуурхай хурал дээр үгээ хэлээд гарсан. Би 12 жилийн турш ажилласан. Миний хийсэн бүтээлийг Монгол Улсын ард түмэн хэрэглээд явж байгаа. Би А-ийн дулааны цахилгаан станцын ажлыг санаачилж, Мянганы сорилын сангаас санхүүжилт  гаргаж зуух зохион бүтээсэн. 1 бус удаа намайг төрийн албанаас гаргасан. Шүүхээс зөв шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна гэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч болсон үйл явдлуудыг ярьлаа. Нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан бөгөөд хууль зөрчиж тушаал гаргасан учраас Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тушаалыг гаргах, мэдэгдэх, гардуулах гэх мэт процессийн алдаа гаргасан. Н.Б Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа олон төслийг ахлаж хэрэгжүүлсэн. 

Маргаан бүхий тушаалуудын үндэслэлүүд нь хууль бус гэдэг нь нотлох баримт шинжлэн судлах явцад тодорхой болно. Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/236 дугаар тушаал, Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/324 дүгээр тушаалуудыг гаргахдаа Н.Бд огт танилцуулж, гардуулж, гарын үсэг зуруулж байгаагүй. Тухайн үед шийтгэл ногдуулсныг дараа нь мэдэж байсан. Ийм учраас дээрх тушаалуудыг хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Н.Б даргыг улс орондо хэрэгтэй зүйл ихийг хийж бүтээсэн гэдгийг Эрчим хүчний яамны хамт олон болон миний зүгээс хүлээн зөвшөөрч хүндэлж явдаг гэдгийг илэрхийлье. Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актууд ямар хуулийг зөрчсөнийг, мөн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөөд байгааг нэхэмжлэлдээ тодорхой дурьдаагүй байна. Нэхэмжлэгчид 2017 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 236 дугаар тушаалаар сануулах арга хэмжээ авсан. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт сахилгын шийтгэл ногдуулах, өргөдөл гомдлыг дээд шатны байгууллагад гаргахыг Засгийн газар тогтоох тухай заасан. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар дээд шатны байгууллагад гомдол  гаргах журам” гэж бий. Энэ журмын дагуу 2 сахилгын шийтгэлд хоёуланд нь гомдол гаргаагүй. 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 324 дүгээр тушаалуудад гомдол гаргаж байгаагүй. Н.Бг эс үйлдэхгүйгээрээ сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч процессийн алдаа гаргасан гэж тайлбарлалаа. Гэвч ямар алдаа гаргасныг тодорхой тайлбарлахгүй байна. 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар тушаалыг Н.Бд түүний өрөөнд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга гардуулсан. Нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зураагүй. Мөн ямар нэгэн өргөдөл, гомдол гаргаагүй. 

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Н.Бг ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан. Нэхэмжлэгч гадаад улс руу явсан нь үнэн. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалыг Төрийн нарийн бичгийн даргын туслах Н.Бд мэйлээр мэдэгдсэн. Энэ баримтыг хэрэгт хавсаргасан. Уг тушаалыг гэнэт 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргаагүй. Эрчим хүчний сайд Н.Бд ажил нь болохгүй байгаа талаар олон удаа мэдэгдэж байсан. Мөн албан бусаар өрөөндөө дуудаад хэлж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шуурхай хуралд Н.Б дарга ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлж байсан. Төрийн албан хаагч удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргийг хангалгүй гүйцэтгэсэн гэж Эрчим хүчний сайд сануулж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаал  нь Н.Бг ажлын байранд байгаагүй, цаг ашиглалт хангалтгүй гэсэн үндэслэлээр гарсан. Удаа дараа хоцорсон нь цаг бүртгэлийн системд бүртгэгдсэн. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт сахилгын шийтгэлийг давтаж үйлдсэн бол заавал дэс дараалан арга хэмжээ авах шаардлагагүй гэж заасан. Ийм учраас Н.Бг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “ЭХЯТНБД-ын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 297 дугаар тушаал үндэслэлгүй тул хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах, ЭХЯТНБД-ын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 324 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлж байгаад “...Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

  ЭХЯТНБД-ын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 236 дугаар, мөн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 324 дүгээр тушаалуудаар Н.Бд сахилгын шийтгэл ногдуулж, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” 297 дугаар тушаалаар Н.Бг тус яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалаас Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.11, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 26.1.3 дахь заалт, Төрийн Захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм 5.1.2, 5.2.1 дэх заалт Эрчим хүчний яамны хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4 дэх заалтыг үндэслэсэн үүрэгт ажлаас нь халжээ.

Нэхэмжлэгч Н.Б нь ЭХЯТНБД-ын 2018 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн 239, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 324, 2018 оны 11дүгээр сарын 7-ны өдрийн 297 дугаар тушаалуудыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан төрийн албан хаагчийн баталгааг алдагдуулсан, хууль бус захиргааны акт хэмээн үзэж, хүчингүй болгуулахаар, хариуцагч “...Н.Б нь Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1.2-т заасан “Хөдөлмөрийн хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах, 5.2.1-д заасан Үндсэн хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм зааврыг чанд баримтлах үүргээ биелүүлээгүй тул удаа дараа арга хэмжээ авхуулсан” гэж  маргаж байна.

Шүүх хэргийн оролцогчдоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

1. “ЭХЯТНБД-ын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 324 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Эрчим хүчний Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 236 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Бг “онцгой шаардлагатай үед ажлын байраа хүндэтгэн үзэх шалтгангүйгээр орхин хаяж яван төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн” гэж сануулах, мөн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 324 дүгээр тушаалаар “ажлын цагаар удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүй явсан, ажлын цаг ашиглалтын зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр албан тушаалын цалингийн хэмжээг 20 хувиар 3 сар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч Н.Б нь “...дээрх тушаалуудыг хариуцагч шүүхэд гаргаж өгсөнтэй танилцсан, надад албан ёсоор гардуулж өгөөгүй...” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн мөн шүүх хуралдаанд “...би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс албан ёсны ээлжийн амралтаа авсан. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр надад сануулах арга хэмжээ авсан. Энэ талаар би тухайн үеийн сайд болон Төрийн захиргаа удирдлагын газрын даргад мэдэгдсэн. Намайг ажлын байраа орхиж явсан гэж арга хэмжээ авсан. Би хуульд заасны дагуу ээлжийн амралтаа авах эрхтэй байсан. Мөн төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуульд зааснаар сонгуулийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Намайг ээлжийн амралтаа аваад ирэхэд ажлаа хаяад явсан гээд хариуцлага тооцсон. Тийм учраас би тушаалыг зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зураагүй. 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай ахмад багшийн эрүүл мэнд муудсан тул Төрийн нарийн бичгийн даргаасаа амаар 2 хоногийн чөлөө аваад хөдөө явсан. Намайг буцаад ирэхэд арга хэмжээ авсан. Би Төрийн нарийн бичгийн даргадаа хэлээд явсан...” гэсэн тайлбараас үзэхэд дээрх тушаал гарсаныг нэхэмжлэгч мэдсэн боловч хүлээн авахаас татгалзаж гарын үсэг зураагүй болох нь мөн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 297 дугаар тушаалыг  мэйл хаягаар мэдэгдсэн болох нь тогтоогдож байна. 

Төрийн албаны тухай хуулийн /2002оны/ 26 дугаар зүйлийн 26.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж зааснаас үзэхэд ЭХЯТНБД тус яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргад сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтан байх бөгөөд нэхэмжлэгч 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл дээрх сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудтай маргаагүй байна.

Улмаар нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн /2002оны/ 26 дугаар зүйлийн 26.8-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллагад эсхүл шүүхэд гаргаж болно”, Төрийн захиргааны албан хаагчид  сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны  байгууллагад гомдол гаргах журмын 9-д “сахилгын шийтгэл хүлээсэн төрийн захиргааны албан хаагч  уг шийтгэлийг үндэслэлгүй буюу буруу ногдуулсан гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэнээс хойш 1 сарын дотор харъяалах дээд шатны төрийн байгууллагад бичгээр гаргана” гэж заасныг зөрчжээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлагын хангах боломжгүй гэж үзлээ.

           2. “ЭХЯТНБД-ын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 297 дугаар тушаал үндэслэлгүй тул хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: ЭХЯТНБД-ын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” 297 дугаар тушаалаар тус яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Бг “сахилгын шийтгэлтэй хугацаанд дахин сахилгын зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт зааснаар төрийн албанаас халах шийтгэл ногдуулжээ.

Хэргийн оролцогч талууд Н.Бг 2006 оноос хойш Эрчим хүчний яаманд  ажилласан, төрд 20 гаруй жил ажилласан гэдэгтэй маргадаггүй болно.

Мөн тушаалын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалт нь “төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”-аар заасан сахилгын шийтгэл бөгөөд энэхүү шийтгэлийг ногдуулахдаа мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, үйл ажиллагаандаа хориглох зүйлүүдийг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзахаар байна.

Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн /2002оны/ 27 дугаар зүйлийн 27.2-т заасан нэмэлт баталгаагаар хангагдаж, 27 дугаар зүйлийн 27.2.1-т “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх”-аар хуульчилжээ.

        Тэгвэл ЭХЯТНБД-ын 2018 оны 297 дугаар тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ “...сахилгын шийтгэлтэй хугацаанд дахин сахилгын зөрчил гаргасан” гэжээ.

Шүүхээс дахин гаргасан гэх зөрчлийн талаар холбогдох нотлох баримтуудыг судлаж үзэхэд нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод заасан  ажил үүргээ үр дүнгийн гэрээнд заасныг дагуу хийж гүйцэтгэж байсан болох нь 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээ “A” буюу “маш сайн” гэсэн үнэлгээгээр тогтоогдож байна.

Мөн ЭХЯТНБД 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 297 дугаар тушаалаар Н.Бг албан тушаалаас халсан мөртлөө 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Гадаадад томилолтоор ажиллуулах тухай” 287 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотод 2018 оны 11 дүгээр сарын 13-16 өдрүүдэд болох “хурал”-д оролцуулахаар томилон явуулсан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр ажлаас халагдсан хүн 2018 оны 11 дүгээр сарын 13-16 хооронд албан томилолтоор явсан болж таарч байна. 

Хариуцагч “...2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаал нь Н.Бг ажлын байрандаа байгаагүй цаг ашиглалт хангалтгүй гэсэн үндэслэлээр гарсан...” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар шүүхээс шаардсан Н.Бгийн давтан гаргасан гэх зөрчлийг хэрхэн тогтоож, шалган шийдвэрлэсэн, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг эрх зөрчигдсөн этгээдэд хэрхэн мэдэгдсэн талаарх баримтыг ирүүлээгүй мөн нэхэмжлэгч “...би нэг ч өдөр ажил таслаж байгаагүй, эгч өвдсөн тул хоцрох шалтгаан байгаа талаар сайдад хэлж байсан. Яамны шуурхай хурлаас 1 минут хоцорсон гэсэн шалтгаанаар арга хэмжээ авсан...” гэсэн тайлбарыг няцаагаагүй болно.

Мөн хариуцагч байгууллагаас захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан “сонсох”, мөн хуулийн 43 дугаар зүйлд заасан “мэдэгдэх” ажиллагааг хуульд заасан хүрээнд үйлдээгүй, гаргасан захиргааны акт нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан “хуульд үндэслэх” 4.2.5-д заасан “...бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх” гэсэн зарчимд нийцээгүй байна.

Шүүхээс нэхэмжлэгчийг “нэг минут хоцорсон” гэх шалтгаанаар сахилгын шийтгэлтэй хугацаанд дахин зөрчил гаргасан гэж үзэж, “...сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан авах шаардлаггүй, Н.Бд сахлгын шийтгэл ногдуулахдаа  Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1.2-т заасан “Хөдөлмөрийн хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах, 5.2.1-д заасан “Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж сөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах гэснийг зөрчсөн тул арга хэмжээ авсан” гэсэн хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.      

Нэгэнт шүүхээс нэхэмжлэгчийн “ЭХЯТНБД-ын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 297 дугаар тушаал үндэслэлгүй тул хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин олгуулахыг даалгаж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Н.Бгийн ажилгүй байсан хугацаа буюу 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,526,402 /таван сая таван зуун хорин зургаан мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож нэхэмжлэгч Н.Бд олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг ЭХЯТНБДд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

                     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1. 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1,  26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Н.Бгийн нэхэмжлэлээр ЭХЯТНБДд  холбогдуулан гаргаснаар “ЭХЯТНБД-ын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 297 дугаар тушаал үндэслэлгүй тул хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг ЭХЯТНБДд даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ЭХЯТНБД-ын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 324 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Б-ийн ажилгүй байсан хугацаа буюу 2018 оны 11 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 5,526,402 /таван сая таван зуун хорин зургаан мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, нэхэмжлэгч Н.Бд олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

        ШҮҮГЧ                                Д.ЧАНЦАЛНЯМ