Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 1485

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Алтан тариа” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01036 дугаар шийдвэртэй, “Алтан тариа” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Ганзоригт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Амгалантөгс, Н.Энхцэцэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Алтан тариа” ХХК нь ТУЗ-ийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10 тоот тогтоолоор ажилтнуудын ажлын үр дүн, удаан жил ажилласан байдал зэргийг харгалзан 8 хүнд өөрийн нэр дээр бүртгэлтэй орон сууцыг олгохоор шийдвэрлэсэн. Уг тогтоолын дагуу захирлын 2007 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 256 дугаар тушаалаар “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” хийж, худалдахыг Маркетинг худалдааны хэлтсийн дарга Г.Ганзориг, Санхүүгийн хэлтсийн дарга О.Амгалантөгс нарт зөвшөөрсөн. Нэр бүхий 8 иргэний хоёрдугаарт нь Ү-2205004078 улсын бүртгэлд бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 7Б байрын 25 тоот орон сууцыг Г.Ганзоригт 19 000 000 төгрөгөөр, төлбөрийг зээл хэлбэрээр төлүүлэхээр 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ, үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар 2007 оны 12 дугаар сарын 01-ний өдөр барьцааны гэрээ байгуулсан. Г.Ганзориг нь 2013 он хүртэл зээлийг төлөөгүй.

Гэтэл 2013 оны 05 дугаар сарын 13-нд Г.Ганзориг нь ямар нэгэн хүсэлт гаргахгүйгээр ажлаа хаяж явсан тул 05 дугаар сарын 21-нд ажлаас халах тушаалыг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Г.Ганзоригийн зээлийн болон барьцааны гэрээнд зурсан гарын үсгийг шинжлүүлсэн боловч гарын үсэг нь биш гэсэн дүгнэлт гарсан. Хариуцагч орон сууцны үнийг төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, дээр дурдсан орон сууцыг “Алтан тариа” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Ганзориг нь 1993 оноос П.Цэнгүүнтэй тухайн үед хувиараа эрхлэх аж ахуй байх үеэс нь хамтран ажилласан. Ингээд 2013 оны 4 сар хүртэл “Алтан Тариа” ХХК болон захирал П.Цэнгүүнтэй 20 гаруй жил хамт ажиллаж, түүний даалгаж байсан ажил үүргийг үнэнчээр биелүүлж, үр бүтээлтэй ажиллаж, олон арван төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж, нэр төртэй ажиллаж ирсэн. Ингэж ажилласныг урамшуулж “Алтан Тариа” ХХК 2002 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Орон сууц худалдах худалдан авах гэрээ”-гээр иргэн Т.Батсүрэнгээс дээрх 3 өрөө орон сууцыг 19 000 000 төгрөгөөр худалдан авч өгсөн. Энэ цагаас хойш Г.Ганзориг гэр бүлийн хамт амьдарсан.

Нэгэнт компаний удирдлагын шийдвэр тул орон сууцны өмчлөх эрхийг 2003 оны 02 дугаар сарын 25-нд “Алтан тариа” ХХК-ийн нэр дээр бүртгүүлсэн. Орон сууц нь компанийн үл хөдлөх хөрөнгөд бүртгэлтэй болохоор үл хөдлөх хөрөнгийн татвар жил бүр төлж үр ашиггүй зардал гарч байна гэж гэсэн учир өмчлөх эрхийг 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр Г.Ганзоригт шилжүүлсэн.

“Алтан тариа” ХХК нь Г.Ганзоригийн төрсөн эгч Г.Ганчимэгийн “Дөрвөн гангууд” ХХК-ийн нэр дээр хий данс нээлгэж их хэмжээний мөнгө шилжүүлж авч ашиглаж байсан. Үүнийхээ төлбөрт байраа өгсөн гэдэг. Гэрээгээр бол 2007 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлбөрийг төлж дуусгахаар тохирсон, төлбөр тооцоо дууссан учраас 2007 оны 11 дугаар сарын 07-нд Г.Ганзориг өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан. Үүнээс хойш түүнийг ажлаас халагдахад маргаан үүсээгүй.

Нэхэмжлэгч 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээ”, мөн 2007 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Барьцааны гэрээ” зэргийг байгуулсан мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Хариуцагч Г.Ганзориг өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн тул нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.2, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Ганзоригтой байгуулсан 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 07_02 тоот “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г цуцалж, улсын бүртгэлийн Ү-2205004078 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 7Б байрны 25 тоот 3 өрөө сууцыг өмчлөлдөө шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн “Алтан тариа” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хариуцагч Г.Ганзоригийн төрсөн эгч Г.Ганчимэг нь гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд мэдүүлгийг өөр нотлох баримтаар нотлогдоогүй байхад үндэслэлтэй гэж дүгнэснийг хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч “Алтан тариа” ХХК нь хариуцагч Г.Ганзоригт холбогдуулан 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээг цуцалж, орон сууц өмчлөх эрхээ шилжүүлэн авах, улсын бүртгэлд бүртгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2002 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Г.Ганзориг нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 7 дугаар байрны 25 тоот 40 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг “Алтан тариа” ХХК-иас 19 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгчийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 88 тоот албан бичигт заасны дагуу өмчлөгчөөр бүртгэгдэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. Дээрх үйл баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч “Алтан тариа” ХХК нь орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн орон сууцны өмчлөх эрхийг буцаан авах тухай шаардлага гаргасан гэж үзнэ. /хх 53, 84/

 

Үл хөдлөх эд хөрөнгө хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох талаар Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Г.Ганзориг 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт “Алтан тариа” ХХК-иас 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүргүүлсэн 88 дугаартай албан бичигт үндэслэсэн байх бөгөөд уг бүртгэл хийгдсэнээр тухайн компанийн өмчлөх эрх дуусгавар болсныг анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх 20, 84, 88/  

 

Ийнхүү талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрээний дагуу шилжүүлсэнтэй холбоотой маргаан үүссэн учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байх зохицуулалт хамаарах юм.

 

Нэхэмжлэгч “Алтан тариа” ХХК шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасныг эрхээ зөрчигдсөн талаар гомдол гаргах хуулиар тусгайлан зохицуулсан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл болно. Хэргийн баримтаар дээрх хугацааг түр зогсох болон тасалдсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн, гэрч Г.Ганчимэг нь өөрийн дансаар мөнгө шилжүүлж байсны хариу төлбөр болгож уг орон сууцыг шилжүүлсэн гэх агуулгаар мэдүүлэг өгсөн боловч үүнийг зохигчдын хооронд өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлээс татгалзаж, улмаар үр дагаврыг арилгуулах энэхүү нэхэмжлэлийн шууд үндэслэлд хамааруулан үнэлэх боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                        ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                                Т.ТУЯА