Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2023/0452

 

         

 

 

 

 

 

 

 

 

 

 

                      Г.М нэхэмжлэлтэй

       захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Г.М

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Г.М

Хариуцагч Төрийн албаны зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага:

Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 632 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 8-ны  өдрийн 415 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2023/0272/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.М Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 632 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 8-ны  өдрийн 415 дугаар шийдвэрээр: 

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.3, 44 дүгээр зүйлийн 44.1, 65 дугаар зүйлийн 65.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.М гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 632 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Г.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд

3.1.“...Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 5/12 тоот захирамжаар Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны бүтэц, орон тоог баталсан бөгөөд дурдвал дараах орон тоотой байсан. Албаны дарга буюу улсын ахлах байцаагч 1, ахлах аудитор 1, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн эрхтэй дотоод аудитор 2, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй дотоод аудитор 2, дотоод аудитор 1, архив бичиг хэрэг 1, жолооч 1, нийт 9 орон тоо байх ёстойгоос намайг тус албанд шилжин очиход албаны дарга буюу улсын ахлах байцаагч ажлаасаа халагдсан, ахлах аудитор нь бас ажлаасаа гарсан. Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн эрхтэй дотоод аудитор 2 хүн байхаас 1 хүн нь 2020 онд тэтгэвэрт гарч, 7 албан хаагч ажиллаж байсан бөгөөд тус албаны дарга О.А батлагдсан орон тоо, төсөвтөө багтаан томилсон.

Гэвч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1/229 дугаар албан бичгээр Хөвсгөл аймгийн Засаг даргад "Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй, дотоод аудиторын тоог нэмэгдүүлэх хүсэлт гаргаж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1/1885 дугаар албан бичгээр "Танай байгууллагаас ирүүлсэн орон тоо нэмэх хүсэлтийг хүлээн авч судаллаа. Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны батлагдсан төсөвт багтаан санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй дотоод аудиторын орон тоог нэгээр нэмэгдүүлэхийг зөвшөөрөв" гэсэн хариуг бүрэн нягталж шалгалгүй, сул орон тоо гараагүй байхад ажилд томилсон гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11, 12-т “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоолын эсрэг маргасан захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 531 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Г.М Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны "дотоод аудитор"-ын албан тушаалд буюу тухайн үед сул орон тоо гараагүй албан тушаалд томилгоо хийж, улмаар дараа өдөр буюу 9 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын Б/39 дүгээр захирамжаар Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон” гэх эрх зүйн дүгнэлтийг нэгэнт хийсэн гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 531 дүгээр шийдвэрээр Г.М Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны "дотоод аудитор"-ын албан тушаалд сул орон тоо гараагүй байхад томилгоо хийсэн гэх эрх зүйн дүгнэлтийг шүүх хийсэн гэж үзэхгүй байна.

3.2.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх тухайд.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж заасан.

Мэдүүлэг нь хувь хүний нууцад хамаардаг бөгөөд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг тухайн байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтан буюу "ЭБАТ" хариуцдаг. Гэтэл дээрх албан тушаалтнуудын үүргээ хэрэгжүүлээгүйгээс болж миний эрх ашиг сонирхол хөндөж байгаад гомдолтой байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “албан тушаалтан нийтийн албыг өөрийн хувийн ашиг сонирхлын өмнө төлөөлөхийг хориглоно” хэмээн заасан байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 20-д “нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн аливаа этгээд нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргах хуулиар хүлээсэн үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн энэ үүргээ биелүүлээгүй үйл баримтыг "өөрөө томилох эрх бүхий албан тушаалтан болсон байсан" гэх үндэслэлээр зөвтгөх боломжгүй, мөн нэхэмжлэгч нь тухайн цаг үед буюу 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан О.А өөрийн томилогдохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ хүлээлгэн өгөх боломжтой байсан гэж үзнэ” гэсэн нь ойлгомжгүй.

Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 632 дугаар тогтоолоор Г.М Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитораар 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн томилсон Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/09 дугаартай тушаалыг хүчингүй болгож, биелэлтийг ирүүлэхийг Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад үүрэг болгосон.

Гэвч миний бие одоо Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Иймээс Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 632 дугаар тогтоолыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байна. Нөгөөтээгүүр Г.М Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитораар томилсон аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/09 дугаар тушаал нь эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон акт болно.

Захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл нь эрх зүйн үйлчлэлтэй буюу дуусаагүй акт байх ёстой. Учир нь эрх зүйн үйлчлэлтэй актыг л хүчингүй болгохоос бус, эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон актыг хүчингүй болгох тухай ойлголт байх боломжгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай нийцсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

 

            Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

1.“…Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б/52 дугаар тушаалаар тус аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны бүтцийг нийт 9 орон тоотой байхаар баталсан, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн шилжин томилогдсон дотоод аудиторын орон тоонд тухайн үед сул орон тоо гараагүй буюу 1 хүн ажиллаж байсан, түүнчлэн мөн өдрийн 1/29 дүгээр албан хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын мөн өдрийн 1/1885 дугаар албан бичгээр “…батлагдсан төсөвт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй дотоод аудиторын орон тоог нэгээр нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн…” зэрэг үйл баримтын талаар нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 531 дүгээр шийдвэрээр дүгнэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон …үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу энэ талаар дахин дүгнэх шаардлагагүй.

 

Өөрөөр хэлбэл батлагдсан орон тоо 9 байсан хэдий ч дээрх байдлаар энэхүү орон тоог төсөвтөө багатаан нэгээр нэмэгдүүлэхийг эрх бүхий этгээдээс нэгэнт зөвшөөрсөн энэ тохиолдолд “…шилжин очиж байгаа байгууллагад тухайн албан тушаалын сул орон тоо гараагүй байхад шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Гэхдээ шүүхийн дээрх шийдвэрт сул орон тоо гараагүй албан тушаалд томилгоо хийсэн гэх үндэслэлд “…орон тоог нэгээр нэмэгдүүлснийг, түүнчлэн өөр албан тушаалд томилогдсоныг тус тус мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хяналт шалгалтыг бүрэн явуулаагүй…” гэж дүгнэн тухайн үеийн маргаан бүхий акт болох Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 278 дугаар тогтоолын нэхэмжлэгч Г.M холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн, түүнээс орон тоо нэмэгдүүлээгүй, сул орон тоо гараагүй байсан нь тогтоогдсон тохиолдолд түдгэлзүүлж шийдвэрлэх бус харин ч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжтой байсан.

 

Гэтэл анхан шатны шүүхээс одоогийн 632 дугаар тогтоолыг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасантай нийцсэн гэж дүгнэхдээ “…сул орон тоо гараагүй албан тушаалд томилгоо хийсэн талаар эрх зүйн дүгнэлт нэгэнт хийгдсэн…” гэж шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлажээ.

 

2.Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/549 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасныг үндэслэн тус газрын харьяа Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Г.М тус аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны мэдэлд шилжүүлсэн, тус албаны даргын мөн сарын 20-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар удирдлага хоорондын зөвшилцөл, өөрийнх нь хүсэлтийг харгалзан дотоод аудитораар томилж, улмаар аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/39 дүгээр захирамжаар Санхүүгийн хяналт аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.А үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г.М түр орлон гүйцэтгэгчээр томилсныг хуулийн дээрх зохицуулалттай зөрчилдсөн гэж үзэхгүй.

 

Учир нь нэхэмжлэгчийг шилжүүлсэн харилцаа хуулийн хүрээнд буюу түүнтэй тохиролцсон байгаагаас гадна Хөвсгөл аймгийн Засаг даргаас Татварын ерөнхий газрын даргад хандаж 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1/1823 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтдээ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалын сул орон тоо гарсантай холбогдуулан Г.М шилжүүлэн ажиллуулах саналаа илэрхийлсэн, өөрөөр хэлбэл удирдлага хооронд харилцан тохиролцсоноор Төрийн албаны тухай хуулийн 44.1-д заасан шаардлага бүрэн хангагдсан гэж үзнэ.

 

Харин “сул орон тоо” байсан эсэх тухайд баталсан бүтцэд нэг орон тоог төсөвтөө багтаан нэмэхийг зөвшөөрсөн, мөн энэ талаарх үйл баримтыг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул “…сул орон тоо байхгүй байхад Г.М шилжүүлэн томилсон нь хуульд нийцээгүй…” гэх тайлбар үндэслэлгүй юм.

 

3.Цаг хугацааны хувьд Г.М нь 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитораар томилогдож, үүнээс нэг хоногийн дараа буюу 21-ний өдрийн аймгийн Засаг даргын Б/39 дүгээр захирамжаар тус албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ.

 

Гэтэл маргаан бүхий акт нь дээрх шийдвэрүүдийн зөвхөн эхний буюу Б/09 дүгээр тушаалтай холбоотой, иймд Төрийн албаны зөвлөлийн тогтоолын дагуу энэхүү тушаалыг хүчингүй болгох үүрэг бүхий этгээд нь нэхэмжлэгч Г.М өөрөө байна. Учир нь 632 дугаар тогтоолын 2 дахь заалтаар Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгож, биелэлтийг 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргад үүрэг болгожээ. 

 

Анх Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоолоор Г.М эрхэлж байгаа буюу аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон аймгийн Засаг даргын 2021 оны Б/39 дүгээр захирамжийг хүчингүй болгохыг эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон, гэвч шүүхийн 2022 оны 531 дүгээр шийдвэрээр энэхүү тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг дахин шинээр акт гаргатал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч шийдвэрийг биелүүлж гарсан гэх Төрийн албаны зөвлөлийн маргаан бүхий тогтоолоор аймгийн Засаг даргын захирамжийг бус харин өмнөх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2021 оны Б/09 дүгээр тушаал хууль зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгохыг ийнхүү даалгасан байна.

 

Бодит байдалд нэхэмжлэгч дотоод аудитораар бус албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байхад өмнөх тушаалыг хүчингүй болгуулахаар хугацаатай үүрэг өгөх нь ач холбогдолгүй, мөн хэрэгжих боломжгүй юм.

 

4.Авлигатай тэмцэх газрын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 05/3577, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/5406, 05/5407 дугаар албан бичгүүдээс үзэхэд Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Г.М хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хянуулсан, харин өмнөх албан тушаал болох дотоод аудитораар томилох үед ийнхүү хянуулаагүй гэж үзэх, эсхүл үүнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

 

Учир нь дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж заасан.

 

Юутай ч нэхэмжлэгчээс хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө гаргаж өгсөн болох нь Авлигатай тэмцэх газрын мөн өдрийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай” 05/3577 дугаар албан бичгээр тогтоогдох бөгөөд харин чухам аль албан тушаалд томилуулахаар мэдүүлгийг хянуулахаар хүргүүлсэн болох нь нэхэмжлэгчээс үл хамаарна.

 

5.Түүнчлэн Г.М дотоод аудитораар томилсон тушаалын үйлчлэл түүнийг Засаг даргын захирамжаар албаны даргын албан үүргийг тухайн албан тушаалын тусгай шалгалтыг зарлагдах хүртэлх хугацаанд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоноор дуусгавар болсон байгааг хариуцагч шийдвэр гаргахдаа анхаарсангүй.

 

Эцэст нь Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн Хяналт шалгалтын тайланд “нэхэмжлэгч Г.М аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны төрийн захиргааны албан хаагчид тавих ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байна” гэж үзсэнийг тэмдэглэв.

 

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 415 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасныг баримтлан Г.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 632 дугаар тогтоолыг хүчингүй болгон, нэхэмжлэгч Г.М давж заалдах гомдлыг хангасугай.

2. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БААТАРХҮҮ

 

    ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

    ШҮҮГЧ                                                    Э.ЛХАГВАСҮРЭН