Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 1486

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01046 дугаар шийдвэртэй, С.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Өндөр настны тэтгэвэрт гарахад олгох 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 5 910 722 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Буянжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Отгон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Бямбасүрэн би 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Автобусны 1 баазад жолоочоор ажилд орж, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б-82 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гартлаа тасралтгүй 5 жил 10 сар ажилласан. Энэ байгууллагад ажилласан надад өндөр насны тэтгэвэрт гарахад өгдөг тэтгэмжийг олгохгүй хохироож байна. Иймд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Автобус нэг ОНӨААТҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн хороотой байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар өндөр насны тэтгэвэрт гарахад авах байсан 6 сарын тэтгэмжээс 1 182 144 төгрөг авсан тул 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 5 910 722 төгрөг гаргуулана.

Байгууллагын зүгээс хамтын гэрээг мөрдөхгүй гэдгийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хэлсэн. Нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сард тэтгэвэрт гарсан. Учир нь байгууллагаас хамтын гэрээний талаар маргаантай байгаа тул хөөн хэцэлцэх хугацаа яригдахгүй, сэргэнэ гэж үзэж байна. 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн хөдөлмөрийн маргаан зохицуулах газраас зөвлөмж ирсэн. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, хамтын гэрээг хүчингүй болгосон гэж хэлээгүй, энэ 2 байгууллагын дунд нэхэмжлэгч хохирох ёсгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. С.Бямбасүрэн тус нэгтгэлийн 1 дүгээр баазад 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар тушаалаар жолоочоор ажилд орж, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны Б/82 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/204 тоот тушаалаар байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж буюу 1 182 144 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ мөрдлөгө болгон ажилладаггүй бөгөөд хамтын гэрээ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоол, уг тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/778 дугаар захирамжаар Автобус-1 НӨҮГ, Автобус-3 НӨҮГ, Цахилгаан тээвэр НӨҮГ-ыг татан буулгах захирамж гаргаж, үүний дагуу дээрх НӨҮГ-ууд эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буугдсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасан нөхцөл, журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээг татан буугдах хугацааны туршид дагаж мөрдөнө, Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр сарын 14.2 дахь хэсэгт заасан аж ахуйн нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг тухайн байгууллагад хоёр, түүнээс дээш үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь тохиролцож, хамтарсан төлөөлөгчид томилон захиргаа, эзэдтэй хамтын нэг гэрээ байгуулна гэх заалтыг үндэслэн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь дотроо 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэл, 2 дугаар баазын Үйлдвэрчний эвлэл, 3 дугаар баазын Үйлдвэрчний эвлэл, Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэл гэсэн 4 Үйлдвэрчний эвлэл үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь дагаж мөрдөх боломжгүй.

Хариуцагчийн татгалзаж байгаа 2 дахь үндэслэл бол хөөн хэлэлцэх хугацаа. Захирлын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны Б/82 тоот тушаалаар ажлаас чөлөөлөөд мөн оны 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/204 тоот тушаалаар нэг сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж болох 1,182,144 төгрөг олгоод дансанд нь 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн. Ажилтан ажлаас чөлөөлөгдөөд тэтгэмж авах шаардах эрх үүсэх байтал ажлаас чөлөөлөгдөөд 1 жил 9 сар тэтгэмжээ аваад 1 жил 8 сарын дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдлоо маргаан шийдвэрлэх байгууллагад гаргахаар зохицуулсан. 2015 оны 03 дугаар сард нэхэмжлэгч Үйлдвэрчний Эвлэлийн Хороонд өргөдөл бичиж өгсөн баримт байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хугацааг сэргээлгэх талаар нотлох баримт байдаггүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар С.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй, Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох өндөр настны тэтгэвэрт гарахад олгох 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 5 910 722 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс хойш 3 сарын дотор гомдол гаргаагүй, хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байх тул хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Хуульд заасан дээрх хугацаа тоологдож эхлээгүй байсан. Байгууллага өөрчлөн байгуулагдсаны улмаас хамтын гэрээг хэвээр мөрдөх асуудал маргаантай байхад уг гэрээний дагуу олгогдох тэтгэмжийн асуудал мөн л маргаантай байх үед хэзээ үлдэгдэл тэтгэмжийг өгөх эсэх асуудлыг нэхэмжлэгч мэдэх боломжгүй.

Нийслэлийн хөдөлмөрийн маргааны шуурхай зохицуулах хороо нь нэхэмжлэгчийн өргөдлийг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шийдвэрлэсэнд нэхэмжлэгч буруугүй бөгөөд уг хороо шүүхийн өмнөх шатанд маргааныг шийдвэрлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор байгуулагдсан Засгийн газрын дэргэдэх гурван талын төлөөллөөс бүрдсэн байгууллага юм. Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны бүрэлдэхүүнд ажил олгогчийн төлөөлөгч ажилладаг бөгөөд уг өргөдлийг авч ажил олгогчдоо хандах хууль зүйн үндэслэл байхгүй.

Байгууллага тухайн ажилчдын тэтгэмжийг олгохгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгааг шүүх анхаарч үзэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч С.Бямбасүрэн нь хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарахад дутуу олгогдсон 5 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 5 910 722 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч С.Бямбасүрэн 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Автоуснэг ОНӨҮГ-т нийтийн тээврийн жолоочийн ажилд орж, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ /дээрх байгууллагын эрх залгамжилсан/-ын захирлын Б-82 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарах үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж, 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр түүний нэрийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх3, 4-8/

 

Шүүх, нэхэмжлэгч С.Бямбасүрэн тус байгууллагад 5 жил 10 сар ажилласан нь ажил олгогчоос ажилтны төлөөлөл болох Үйлдвэрчний эвлэлийн хороотой тохиролцон байгуулсан хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгох байтал 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг дутуу олгосныг үндэслэлгүй гэж хариуцагчийг буруутгасан. Харин нэхэмжлэгчийн хувьд энэ тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах зохицуулалтай нийцэхгүй талаар хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь байгууллагын дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороонд 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өргөдөл гаргасан, энэ хугацаанд хамтын гэрээний маргаан үүссэн байсан учир хөөн хэлэлцэх хугацаа хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж тайлбарлах боловч тус хороо энэ төрлийн маргаан шийдвэрлэх эрх бүхий байгууллага биш бөгөөд дээрх хугацаагаар тооцсон ч шүүхэд мэдүүлэх хуулиар тусгайлан зохицуулсан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01046 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                                Т.ТУЯА